Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   02 сарын 05, 2018

Онцлох бизнес: Шигүдэри сүүн сархад - Идээний дээдийг дотооддоо

Монгол түмний их баяр Цагаан сар дөхөж буйтай холбоотойгоор бид өнөөдөр Монголын анхны “шимийн архи” Шигүдэриг онцолж байна. Нийслэлийн хүн амыг цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилго бүхий байгуулагдсан "ГУМ" компани 2004 оноос нүүдэлчин Монголын өв соёлыг дэлхийд таниулах зорилгоор шимийн архи нэрэх уламжлалт арга ухааныг орчин үеийн технологитой хослуулан Шигүдэри сүүн шимийн архийг үйлдвэрлэж эхэлжээ. Монгол эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд бүтээгдсэн, амт чанар, савлагаа зэрэг бүх л талаараа орчин цагийн стандартад нийцсэн, идээний дээд, үндэсний бүтээгдэхүүнийг та бүхэнд танилцуулъя.


Бизнесийн нэр:
ГУМ ХХК, Шигүдэри брэнд
Хаяг: Баянгол дүүрэг, 19-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, ГУМ ХХК-ийн байр
Үйл ажиллагааны чиглэл: Органик сүү сүүн бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан он: 1994 он
Компанийн захирал: Ц. Ганзориг (2016 оноос захирал хийж байгаа)
Ажилтны тоо: 18
Сошиал хуудас: Шигүдэри (фэйсбүүк), www.gum.mn

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ? 

2003 онд би Америкийн баруун эрэгт саки архийг япон архины үйлдвэр дээр очиж амталж үзсэн юм. Үйлдвэр дээр хийгдэж буй процессийг хараад би нэг зүйлийг ухаарсан. 85 настай япон өвөө хүний нутагт жижиг хэмжээний, 11 хүнтэй сакины үйлдвэр нээчихсэн маш өндөр борлуулалттай байхад бид одоо болтол өв уламжилж авсан шимийн архиа өндөр технологи руу нэвтрүүлж амжаагүй, одоо хүртэл бид үндэсний бүтээгдэхүүн, идээний дээж ч болголгүй үнэ цэнийг нь алдагдуулсныг ойлгосон. Японы Саке, Солонгосын Сөжү, Хятадын Байжиоү зэрэг сархдыг өв уламжлал, хоолны соёлтойгоо хослуулж хэрэглэх соёл бүрдсэн, тийм ч учраас дэлхий дахинд өндөр борлуулалттай байдаг юм байна. Тэгээд шимийн архийг л хийх ёстой юм байна, хийхдээ сүүний үйлдвэр хийх ёстой юм байна гэж бодсон. Сүүнээс архийг гаргаж авдаг ганцхан технологи Монголд байдаг. Ийм үнэ цэнтэй, уламжлагдаж ирсэн соёлыг бид өөрсдөө зөв хэрэглээ болгож хойч үедээ үлдээх нь чухал.

БРЭНДИЙН НэрийН утга?

Шигүдэри гэдэг нь хуучин монгол бичгээр шүүдэр гэсэн утгатай. Шүүдэр гэж нэр өгсөн шалтгаан нь байгаль эх өөрөө “нэрэлт” юм. Эхийн ачийг хариулахыг шүүдрийн дуслаар цай чанахаар бэлгэддэг. Үүнтэй дүйцэхүйцээр шүүдрийн дусал газар дэлхийд шингэн өвс ногоог дэмжиж ургуулдаг. Энэ өвс ногоо малын бүхэл бүтэн биеэр шүүгдээд сүү гаргаж байгаа юм. Энэ сүүгээр бид яг л байгаль эхийн тэр нэрэлт шиг, сүүнээсээ шимийн архийг гаргаж авч байна. Шимийн архи дусал дуслаараа гардаг учраас бид шүүдэр буюу шигүдэри гэж нэрлэхээр болсон.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ? 

Эхлэлтийн хөрөнгө оруулалтаа санаагаа танилцуулаад, тодорхой хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр хувь хүмүүсээс босгосон. Цаашид мөн үйл ажиллагаанд нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон учраас ББСБ-аас зээл авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Шигүдэри шимийн архи олон онцлогтой. Ихэнх архийг хүнсний ногоо, жимсний бүтээгдэхүүнээс гаргадаг бол манай архи амьтны гаралтай сүүнээс гаралтай. Ингэж хийдэг технологи дэлхийд бараг байхгүй. Энэхүү бүтээгдэхүүн Италийн виноны адил дархлаа сайжруулдаг. Тийм ч учраас шимийн архийг уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэдэг байсан. Энэ мэт уламжлалт эмчилгээний ач холбогдол нь шинжлэх ухааны үндсэн дээр батлагдаагүй хэдий ч бага насны хүүхэд халуурахад арьсны нимгэн хэсгүүдийг шимийн архиар бүлээсгэн арчиж даралтыг буулгах гэх мэтээр төрөл бүрийн өвчин эмгэгийг илааршуулж, биеийг тэжээхэд эм болгон хэрэглэсээр ирсэн.

Өнөө үед дэлхий улсуудад зөөлөн градустай архи хэрэглэхийг эрмэлздэг хандлагатай болсон байна. Архи хэтрүүлж хэрэглэснээс болоод элэгний өвчин гамшгийн хэмжээнд хүрч байна. Тийм ч учраас манай бүтээгдэхүүн зөв хэрэглээг дэмжинэ.

Энэ бүтээгдэхүүнийг гаргахын тулд бид археологийн, түүхийн, сүүний технологийн зэрэг олон зөвлөх, доктор профессортой хамтран шимийн архийн түүх, хэрэглээ болоод савлагааны судалгаа хийсэн. Судлаад үзэхэд Хүннүгийн үеэс шимийн архи байсан юм билээ. Бид шилний савлагааг 1.5 литрээр тооцсон. Монголчууд урьдын цагт архийг 2 литрийн гуулин данханд хийж халаах буюу хүйтнээр нь хэрэглэдэг байсантай дөхүүлсэн савлагаа юм.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Органик үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч байж, дэлхийн зах зээлд органик сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх үйлдвэрлэгч компани болохыг зорино. Оюуны өмчөөр баталгаажсан “Шигүдэри” хэмээх нэртэй бүтээгдэхүүнээ Японы Саке, Солонгосын Сөжү, Хятадын Байжиоү зэрэг сархад шиг дэлхийд танигдсан, олон улсын шаардлагад нийцсэн үндэсний бренд бүтээгдэхүүн болгохыг хичээх болно.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ? 

Монгол үндэстний өвөрмөц өв соёл, уламжлалт хэрэглээг сэргээн дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлж, орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэн түгээх нь бидний үнэт зүйлс юм.

 ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ

Жижиг дунд үйлдвэрүүдэд хүндрэл бэрхшээл олон гардаг. Үндэсний бренд гэдэг утгаараа уг нь дотооддоо бүх зүйлээ үйлдвэрлэвэл зүгээр. Гэвч савлагаа, тоног төхөөрөмж зэргээс эхлээд гаднаас хамааралтай зүйлс бий. Үүн дээр үндэсний үйлдвэрлэл хийх гэж буй зүтгэж буй компаниудаа зарим татварын хөнгөлөлтөөр дэмждэг бол эдийн засагт их л эерэг нөлөө үзүүлэх байх даа гэж боддог шүү. Мөн энэ далимд гаднын бүтээгдэхүүн гэхээсээ үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж, дэмжиж буй залуу үеийхний эерэг хандлагад талархмаар байна.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? 

Монгол түмний маань хамгийн халуун дотно баяр Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулаад бид үйлдвэрлэл дээрээ анхаарч, аль болох олон айлын баярын ширээг шимийн архиар чимэхээр шаргуу ажиллаж байна. Онлайнаар захиалгаа өгчихөд л бид хүргээд өгөх боломжтойг энэ далимд дурдъя.

Түүнчлэн 2018 оны 4-р улирал гэхэд олон улсын стандартаар баталгаажсан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл буюу ISO 22000 стандартыг бүрэн хэрэгжүүлж бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлохоор зорьж байна. Эхлээд Өвөр Монгол, дараагаар нь Хятад, Япон, Солонгос руу экспортлох зорилготой байна.

ХЭРЭГЛЭГЧДЭЭС ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ИРДЭГ САНАЛ, СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Үндэсний өв уламжлалыг шингээсэн гэдэг утгаараа хэрэглэгчдийн сэтгэгдэл эерэг байдаг. Савлагааны хувьд жижиг болгохыг хэрэглэгчид маань санал болгосон. 2019 онд бид жижиг савлагааг нэвтрүүлж зорилтот зах зээлдээ хүрэхийг бодож байна. Одоо урт хугацааны процессын дүнд 10 литр тарагнаас 1.5 литр архи гарч байгаа. Бүтээгдэхүүн бэлэн болгоход бүхэл бүтэн 15 хоног болдог. Ихэнх сэтгэгдлийг харахад үнэтэй байна гэдэг ч нөгөө талаас үнэ хүргэ, үндэсний үйлдвэрлэлээ дэмж, үнэ цэнтэй болго гэсэн сэтгэгдлүүд ч түгээмэл ирдэг.

ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Монгол улсдаа үндэсний брендийг бий болгохыг хүссэн хүмүүст зөндөө боломж байна. Хэзээ ч, хэзээ ч битгий бууж өг. Ямар ч үед оролдоод л байх хэрэгтэй. Дотооддоо олон үйлдвэр бий болгох боломж байна. Залуучууд эх орондоо болоод гадаадад сурч мэдсэн мэдлэг, туршлагаараа дамжуулан Монголын үндэсний бараа бүтээгдэхүүн, брендийг дэлхийн түвшинд гаргах боломж байна. Хамгийн гол нь тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй.

Нийтлэлийг Н.Халиунаа
Гэрэл зургийг Ц.Нармандах

25707   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.