Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   02 сарын 04, 2018

7 хоногийн тойм: "Супер" Сар + Бруно "Марс" + "Усгүй" Дэлхий

Ковер зургийн тайлбар: Супер + Хөх + Цуст сар

Дэлхий дахинд

Супер, цуст, хөх гэсэн тодотголууд бүхий сарны бүтэн хиртэлт өнгөрсөн долоо хоногт тохиолоо. Хөх сар гэдэг нь тухайн хуанлийн сард 2 дахь удаагаа тохиож буй хиртэлтийг хэлдэг. Энэ 1-р сарын тухайд хамгийн эхний бөгөөд сүүлийн өдөр тэргэл сар мандсан нь энэ. Харин супер гэдэг нь сар манай дэлхийн тойрог замтай хамгийн ойрхон цэгт ирж, үлэмж хэмжээтэйгээр тод гэрэлтдэг үзэгдлийг нэрлэдэг аж. Тэгвэл цуст гэдэг нь дэлхий нар болон сарны яг дунд орох үед дэлхийн агаар мандлаас ойсон гэрэл нарны гэрлийн нөлөөгөөр улаан туяатай харагдах үзэгдлийг хэлдэг.

Гурван онцгой үзэгдэл зэрэг тохиосон сарны бүтэн хиртэлт нь Ази тивийн зүүн хэсгээс Америкийн баруун эрэг хүртэл үзэгджээ. Хамгийн сүүлд 1866 онд л ийм гурван үзэгдэл давхацсан гэдэг утгаараа хүний амьдралд ганц тохиолдох үйл явдал хэмээн мэргэжилтнүүд энэ хиртэлтийг онцолж байлаа.

Time: Супер сарны шилдэг зургууд

Өмнөд Африкийн хамгийн том хотуудын нэг Кэйп Тоун усны хямралд орсноо зарлаж, ард иргэдийн усны хэрэглээнд хязгаарлалт тавих болсноо мэдэгдлээ. Хотын захиргаанаас усны төвийн шугам сүлжээг бүрэн хааж, зөвхөн зөвшөөрөгдсөн цэгүүдээс ус хуваарилах гэнэ. Ингэснээр иргэд 2-р сарын 1-ээс эхлэн өдөрт 50 литр ус л хэрэглэх боломжтой болж байна. Хотын дарга иргэдийг хамгийн ихдээ 90 секунд л шүршүүрт орохыг уриалж, дахин боловсруулсан усаар жорлонгийн асуудлаа шийдэхийг хүсэж байгаа аж.

4 сая хүнтэй тус хот уур амьсгалын өөрчлөлт болон зогсолтгүй нэмэгдсээр буй шилжих хөдөлгөөний улмаас ийм асуудалд орсноо хүлээн зөвшөөрсөн юм. "Хэрвээ усны зохисгүй хэрэглээгээ багасгахыг уриалж чадахгүй бол хүч хэрэглэхээс өөр арга байхгүй" хэмээн хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Судлаачдын тооцоогоор 4-р сарын 12 гэхэд тус хотын усны нөөц бүрэн дуусах бөгөөд "Тэг өдөр" ирнэ хэмээн анхааруулжээ.

NYTimes: Кэйп Тоун усны хямралд орлоо

Иргэд өдөр бүрийн 50 литр усныхаа төлөө урт дараалал үүсгэн зогсож буй нь

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Apple-ийн түүхэн дэх анхны 1 триллион долларын үнэлгээтэй компани болох мөрөөдөл багахан хугацаагаар хойшлох нь тодорхой боллоо. Энэ нь тэдний санхүүгийн тайлан Wall Street-ийн хүлээлтэд хүрээгүйтэй холбоотой. Тэд 77 сая ширхэг iPhone борлуулсан нь таамаглалаас 3 саяар дутсан гэсэн үг. Гэхдээ 88,3 тэрбум долларын борлуулалтын орлоготой ажилласан тэдний хувьцааны үнэлгээ 3 хувиар өсч, өдгөө 860 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа юм.

Techcrunch: Apple-ийн санхүүгийн тайлангийн эргэн тойронд

Samsung 2017 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээ ил болгон, дэлхийн хамгийн том чип бүтээгч компани болсноо албан ёсоор зарлалаа. Энэ нь 1992 оноос хойш энэ салбарт борлуулалтаар тэргүүлсэн Intel-ийн 25 жилийн ноёрхолыг давж байгаа гэсэн үг. Samsung-ийн чип үйлдвэрлэлийн салбар өнгөрсөн жил 69 тэрбум долларын борлуулалт хийсэн нь Intel-ийн орлогоос даруй 7 тэрбум орчмоор илүү гэсэн үг болжээ.

Bloomberg: Самсунг чип үйлдвэрлэлийн салбарт Интелийг гүйцэв

Фэйсбүүк 1,4 тэрбум хэрэглэгчтэй болсноо зарлав. Гэхдээ тэдний идэвхтэй хэрэглэгч Америк болон Канадын бүст анх удаа буурсан нь анхаарал татлаа. Фэйсбүүк контентийн бодлого, нүүр хуудасны алгоритмдаа өөрчлөлт оруулснаар өдөрт 50 сая минутыг алдаж байгаагаа М.Зукерберг хүлээн зөвшөөрөв. Энэ нь нэг хэрэглэгчийн Фэйсбүүкт өнгөрүүлэх хугацаа дунджаар 2,14 минутаар багассан гэсэн үг. Харин Whatsapp 1,5 тэрбум хэрэглэгчтэй болж, өдөр бүр 60 тэрбум мессеж солилцож байгаа нь онцгой мэдээ байлаа.

Тэгвэл Amazon зөвхөн 4-р улиралд 1,9 тэрбум долларын цэвэр орлоготой ажилласнаа зарлаж, шинжээчдийн таамаглалыг бараг 2 дахин нугалсан амжилтыг үзүүллээ. 2017 оны нийт цэвэр орлого нь 3 тэрбум байсан гэдгээс тэд өнгөрсөн баярын улирлаар ямар амжилттай ажилласан нь харагдана. Prime-ийн хэрэглэгчид нь 5 тэрбум удаа захиалга өгч, AWS-ийн борлуулалт 5 тэрбум долларт хүрснээр тэдний зах зээлийн үнэлгээ 670 тэрбум долларт хүрчээ.

Японы хамгийн том пүүсүүдийн нэг Sony шинэ CEO-той болох гэж байна. Компанийн гүйцэтгэх захирал К.Хирай 4-р сарын 1-ээс ажлаа CFO К.Иошида хүлээлгэн өгөх болсноо мэдэгдэв. 2012 оноос Sony-г удирдаж буй К.Хирай компанийн бүтцэд өөрчлөлт оруулж, зардлаа багасган, PS4 зэрэг тодорхой бүтээгдэхүүнүүдэд анхаарлаа хандуулан, амжилттай ажилласан билээ.

20-р зууны хамгийн нөлөө бүхий энтрепренерүүдийн нэг, IKEA-ийн үүсгэн байгуулагч Ингвард Кампард 91 насандаа таалал төгслөө. Түүний 17 насандаа байгуулсан IKEA өдгөө 400 дэлгүүр, 62 тэрбум долларын жилийн борлуулалттай аварга том эзэнт гүрэн болсон юм. Тэрээр хамгийн хямд зардлаар гэр ахуйн энгийн хэрнээ чамин шийдэлтэй тавилгуудын үйлдвэрлэх болсон нь салбарыг тэр чигт нь өөрчилж, дэлхийн гэр ахуйн загварыг чиг хандлагад онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэгддэг билээ. Bloomberg-ийн тооцоогоор түүний нийт хөрөнгө 58 тэрбум доллар байсан бөгөөд дэлхийн 8 дахь баян хүнд тооцогдож байв.

Кампардын эргэлзээ шуугиан дүүрэн гэхдээ бадрангуй түүх үе үеийн залуусыг урам зоригоор тэтгэх болно

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Биткойны үнэ зогсолтгүй унаж, зах зээлийн эргэлзээ улам нэмэгдсээр буй энэ цаг мөчид Фэйсбүүк сурталчилгааны бодлогодоо өөрчлөлт оруулж, биткойн, криптотой холбоотой аливаа рекламыг хориглож байгаагаа зарлалаа. Тэд ийм төрлийн сурталчилгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хууран мэхлэх магадлалтай хэмээн үзсэн нь энэ аж.

Япон болон зарим зүүн өмнөд Азийн улсуудад ихээр хэрэглэгддэг чат апп Line криптовалютын зах зээлд хөл тавих болсноо мэдэгдлээ. 200 сая орчим хэрэглэгчтэй тэд апп дотор стикер болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах үйлдлийг криптогоор шийдэх боломжтой гэж үзэж байгаа аж. Үүнээс өмнө Telegram, Kik, Status зэрэг чат апп-ууд ICO хийхээ мэдэгдээд байгаа билээ.

Airbus өөрсдийн хөгжүүлж буй нисдэг таксигаа анх удаа амжилттай туршлаа. 1 минут орчим үргэлжилсэн туршилтын нислэгийн үеэр Vahana нэртэй уг онгоц 5 метр орчим өндөрт хөөрсөн ажээ.

Snapchat-ийн 2016 онд худалдан авсан Bitmoji 1,9 септиллион /септиллион = 10-ийн 24 зэрэг/ аватарыг үүсгэх боломжтой болсноо зарлалаа. Хэрэглэгчид 50 үсний өнгө, 40 арьсны өнгө, 50 үсний өнгө болон бусад сонголтуудаас өөрийн дүрсээ буюу аватараа сонгох боломжтой ажээ.

Инстаграм хэрэглэгчид хоорондоо видео дуудлага хийдэг нэмэлт туршиж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Хэрэглэгчид DM бичих цэсийг ашиглан шууд холбогдох боломж нь тэдний зах зээлийг улам тэлэх боломжтой гэж тэд үзэж байгаа. Гэхдээ энэ мэдээллийг албан ёсоор Инстаграмаас батлаагүй байгаа юм.

Vahana нисдэг такси 2020 оноос эхлэн хэрэглээнд нэвтрэх зорилготой

Грэмми 2018-ын эргэн тойронд

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг Грэмми 2018 өнгөрч буй долоо хоногт явагдлаа. 60 дахь удаагийн Грэммид хамгийн тод гялалзсан од нь Бруно Марс байв. Тэрээр шилдэг цомог, шилдэг дуу зэрэг нийт 6 шагналд нэр дэвшин, бүгдэд нь ялалт байгуулжээ. Бруно Марсын 24К Magic цомог оны шилдгээр нэрлэгдэж, That is What I Like дуу нь өнгөрсөн зуны хит Despacito-г илүүрхэв.

Харин реп хөгжмийн төрлийн бүх шагналыг хүртэж, шилдэг хөгжмийн видео төрөлд давамгайлсан Кендрик Ламар нийт 5 шагналын эзэн болов. Нийт 8 төрөлд нэр дэвшиж буй уран бүтээлчдийг тэргүүлсэн Jay Z нэг ч шагнал авч чадсангүй. Шилдэг шинэ уран бүтээлчээр А.Кара нэрлэгдсэн бол Эд Шираны Divide шилдэг поп цомог болжээ.

#MeToo хөдөлгөөнийг дэмжиж энэ наадамд ирсэн эмэгтэй уран бүтээлчид цагаан сарнай, цагаан хувцсаар ижилссэн нь мөн олны анхаарлыг татав. Тэр дундаа Kesha-ийн үзүүлсэн үзүүлбэр зөвхөн энэ оны төдийгүй Грэммигийн бүх цаг үеийн хамгийн шилдэгт тооцогдохуйц байлаа. Гэвч топ шагналуудаас ердөө ганцхан нь буюу шилдэг шинэ уран бүтээлчийн шагнал л эмэгтэй хүнд очсон гэдгийг тодотгоё.

Пёнчаны олимпоос зөрүүлэн уламжлалт өдрөөсөө урагшлан зохион байгуулагдсан энэ жилийн наадмыг телевизээр 19 сая хүн шууд үзсэн нь өнгөрсөн жилийнхээс даруй 24 хувиар буурсан үзүүлэлт байсан нь сонирхолтой.

Billboard: Бруно Марсын түүхэн үдшийн тухай
Vox: Грэмми 2018-ын бүх ялагчид

Өдгөө 33 настай Бруно Марс Грэммигийн цуглуулгын тоогоо 11 болгон нэмэгдүүллээ

Рожер Федерерийн бахдам амжилт

Теннисийн ертөнцийн хамгийн том дөрвөн их дуулга тэмцээний нэг Австралийн нээлттэй тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өдгөө 36 настай Рожер Федерер түрүүлж, 20 дахь их дуулгын цомоо хүртэв. Тэрээр сүүлийн 12 сард 3 дахь удаагаа их дуулгад түрүүлж байгаа нь энэ. 1972 онд алдарт К.Розвал 38 настайдаа Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж байснаас хойшхи хамгийн "хөгшин" их дуулгын аварга нь мөн тэр болжээ. Федерер К.Розвалыг өөрийн үлгэр дууриал авдаг тамирчдын нэг хэмээн дурсаж байсан удаатай.

Федерер финалд чансааны 6-д бичигдсэн Мариан Силичийг 6:2, 6:7, 6:3, 3:6, 6:1-ийн харьцаатайгаар буулган авсан юм. 20 дахь цомоо хүртсэний дараагаар сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй, нулимсаа унаган зогсох Швейцарь маэстрог дэлхий нийт шүтэн бахдав.

Рожер Федерер 6 дахь удаагаа энэ тэмцээнд түрүүлж байгаа. Тэрээр түүхэн дэх дээд амжилт болсон 20 түрүүнийхээ 8-ыг нь Уимблдоноос хүртэж байв. 2012 оноос хойш 5 жилийн турш их дуулгад түрүүлж чадаагүй байсан тэр өнгөрсөн жил Австралид түрүүлж, эргэн ирсэн гэдгээ сүр дуулиантайгаар тунхаглаж чадсан билээ. Ташрамд дуулгахад, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Данийн теннисчин К.Возниаки түрүүлсэн билээ. Энэ жилийн тэмцээний шагналын сан өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 10 хувиар нэмэгдэж, 44 сая америк доллар болсон байлаа.

Eurosport: Рожер Федерерийн сэргэн мандалт
ATP: Федерерийн бүтээсэн түүх

Алдалгүй унших арван мэдээ

CNN: Трамп эргэн ирэх үү?
Techcrunch: Фэйсбүүк Google-ийн AR хэлстийн даргыг урвуулжээ
Yahoo: Нэгдсэн Солонгосын хоккейн баг эхний тоглолтоо хийв
The Verge: Ума Турман #MeToo хөдөлгөөнд нэгдлээ
ABC: 4400 настай эртний булш олджээ
NME: House of Cards шинэ жүжигчидтэй болно
BBC: Хятад АНУ-ыг "хүйтэн дайны сэтгэлзүй"-ээсээ салахыг уриалав
SBNation: Супер Боул 2018-ын өмнө
Recode: Snapchat апп дотроо худалдаа хийхийг хүсэж байна
Ikon: Говь ХК 1,7 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

15644   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.