Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   02 сарын 03, 2018

"Муухай монгол хүн" номын хэсгээс

Сонирхолтой гарчиг бүхий энэхүү номыг Жавхлантсайханы Батболд хэмээх хуульч залуу бичжээ. Эх орон нэгтнүүдийнхээ муухай занг шүүмжилж бичсэн ийм нэртэй ном анх АНУ-д, дараа нь Япон, Хятад гээд цөөнгүй улсад гарч байсныг манай уншигчид уншиж, дуулж байсан байх. Нуугаад яах вэ, бидэнд муухай, онцгүй зан араншингууд бий. Зарим нэг нь магадгүй нүүдэлчин соёлоос улбаатай, зарим хэсэг нь саяхны, олдмол биз. Юутай ч эдгээр муухай зан улс нийгмийн маань хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Сайхан чанарууд мэдээж бий боловч сайн сайхнаа дөвийлгөж байснаас олиггүй муугаа хэлцэж мэдэлцэж байх нь өнөөгийн нөхцөлд илүү тустай биз ээ. Урьд нь бид "Бидний араншин: Гурван монгол зодолдоно" номыг танилцуулж байсан. Эдгээр номыг унших нь эргэн тойрноо шинээр харахад, хэрвээ ийм бол чухам яах ёстойг эргэцүүлэхэд хүргэнэ гэдэгт итгэнэ.

БОДРОЛ 12: ХОЦОРДОГ МОНГОЛ

Цаг барихгүй байх нь Монголд хэвийн үзэгдэл. Бүр УИХ-ын чуулган ч цагтаа эхэлдэггүй. Эхэлсэн ч гишүүд нь цагтаа бүрэн ирдэггүй.

Намайг тусгай албаны ажилтан байхад Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч орон нутагт томилолтоор ажилласан юм. Тэр үед Ерөнхийлөгчийг нэгэн сумын иргэдтэй уулзахаар очиход хурлын танхимд цугласан иргэд бухимдсан уур амьсгалтай угтаж билээ. Учрыг нь лавлаж асуувал, аймгийн удирдлага сумын иргэдийг цагтаа цуглахгүй байж мэднэ гэж хаширлаад уулзалт болох цагийг сумын удирдлагад нэг цагаар урагшлуулж мэдэгджээ. Харин сумын удирдлагаас мөн л иргэдээ цагтаа ирдэггүйг мэдэхийн дээдээр мэдэх учир аймгаас мэдэгдсэн цагаас дахин нэг цаг урагшлуулж зар түгээснийг олж мэдсэн юм.

Энэ мэтээр аливаа арга хэмжээ зарласан цагтаа эхэлдэггүйгээс оролцох, үзэх хүмүүс нь ч үүнд дасаж "...За ямар цагтаа эхлэх биш" гэж хойш суусаар уван цуван ирдэг. Харин цагтаа ирдэг хэд нь сүүлдээ бусдын жишгийг даган хоцордог болж, "...Монголчууд хэзээ цаг барьдаг байлаа даа. Монголд цагтаа эхэлдэг нэг ч зүйл үгүй" гэдэгт бат итгэдэг болдог.

Монгол хүн уулзах цагаа дандаа худал хэлж, үргэлж хоцордог. Өчигдөрхөн цаг болзчихоод маргааш нь мартчихдаг. Уулзана гэж тохиросон цагтаа гэрээсээ гардаг, уулзах цагаасаа нэг цаг орчмын дараа ирдэг. "Өө нээрээ таг мартчихсан байна", "Наанаа хүлээж байгаарай. Би одоохон очно" эсвэл "Яг гарч байна" гэсээр өдрийн талыг өнгөрөөдөг. Зарим нь утсаа салгаад таг чиг арилж өгнө.

Товлосон цагаасаа хоцорч байгаа бодит байдлаа үнэнээр нь хэзээ ч хэлдэггүй. Цагтаа ирээгүйгээ зөвтгөх хар мянган шалтаг тоочиж, өөрийгөө үргэлж өмөөрдөг. Тэгсэн атлаа "...Дарга аа, би өглөө ажлаасаа үргэлж хоцордог ч гэсэн ажлаас тарах цагаа дандаа барьдаг ш дээ..." гэдэг онигоо шиг ямар нэг үйл ажиллагаанд цагтаа ирэх нь ховор хэрнээ дуусахад бүгд зэрэг шахуу босоод хаалга руу зүтгэж шавчихдаг сонин зантай.

Монголын нэгэн улстөрийн намын дарга, барууны оронд боловсрол эзэмшсэн улстөрч хэвлэлийн хурал зарласан боловч цагтаа ирэлгүй сэтгүүлчдийг нэлээд удаан хүлээлгэжээ. Сэтгүүлчид шалтгааныг нь тодруулахаар утасдахад өнөөх эрхэм "... Би унтаж байна. Одоо босоод очвол амжихгүй. Тиймээс маргааш болъё" гэсэн гэдэг.

Дандаа ингэж худал ярьж, болзсон цагаасаа хоцордог юм уу гэхээр бас үгүй. Хэн нэгэн сайд, даргатай уулзах, эсвэл өөрт ашигтай уулзалт, үгүй бол шагнал гардаж авах гэж байгаа бол яг цагтаа, бүр цагаасаа түрүүлж ирээд зогсож байдаг. Бас билгийн тооллоор "Морин цагт ирэхгүй бол ажил үйлс чинь бүтэхгүй" шүү гэвэл цагаасаа хэзээ ч хоцрохгүй.

Саяхан манай улсад Солонгосын нэгэн эмнэлэг төлөөлөгчийн газраа нээж, нээлтийн арга хэмжээнд урих зочныхоо нэрсийг гаргажээ. Гэтэл Солонгосын талыг хариуцсан захирал нь бусдадаа өөрийгөө Монголын нэр нөлөө бүхий улстөрчтэй найз гэдгээ хэлж, түүнийг урих санал гаргахад бусад нь үг дуугүй толгой дохин бөхөлзөж, зөвшөөрч буйгаа илэрхийлжээ. Ингээд нөгөө солонгос эр ч өөрийн танил УИХ-ын гишүүнтэй холбогдон уулзах цаг авч, ирсэн зочдынхоо хамт түүний албан өрөөнд очин, эмнэлгийнхээ нээлтийн арга хэмжээнд оролцох урилга өгчээ. Эрхэм гишүүн ч урилгыг хоёр гардан авч, "Цаг зав гаргаж заавал оролцоно" гэж ам тангараг өгөөд сүйд болж. Харин маргааш нь нээлтийн арга хэмжээнд өчигдөрхөн л "Би цагтаа очно" гэх ам тангараг өргөөд байсан гишүүн ирээгүй тул урилга өгсөн солонгос эр эхэндээ "...Монгол хүн юм чинь цагаасаа хоцрох нь гарцаагүй байх" гэж өөрийгөө тайтгаруулж, бас жирийн монгол хүн биш төрийн түшээ хүн хэлсэндээ заавал хүрэх байх гэсэн итгэл найдвар тээсээр хэсэг хүлээжээ. Ийн бодсоноос хойш хэсэг хугацааны дараа солонгос эр орчуулагчаараа дамжуулан гишүүн рүү хэд хэдэн удаа залгуулсан боловч утсаа авалгүй, ямар ч тайлбар хэлэлгүй таг чиг алга болсон гэдэг.

Бид огт цаг барьдаггүй, үргэлж хоцордог хэрнээ авто зам дээр хэн нэгэн жолооч ногоон гэрлээс хоёрхон доль хоцроод хөдлөхөд л хойноос нь бусад жолооч нар дуут дохио хангинуулж яарч сандарч эхэлдэг. Үүнийг эсрэгээр нь өөрчилж, ажил хэрэгтээ ингэж хэвшүүлбэл бидэнд Америк, Герман, Англи шиг хөгжиж, амжилтын галт тэрэгнээс хоцрохгүй байх боломж бий.

"Миний эх оронд, миний Монголд муухай зүйл ганц ч байхгүй. Монгол минь гайхамшигтай сайхан орон. Сайхан эх орон Монголоо муухай мэт харагдуулдаг ганц юм байж магадгүй нь - Муухай монгол хүн. Эх оронд минь "Муухай монгол хүн" ганц ч бүү байгаасай гэж би дотроо өдөр бүр залбирдаг аа."
Д.Урианхай

30539   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.