Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   02 сарын 02, 2018

"Super Bowl"-ийн түүхэн дэх хамгийн шилдэг 10 сурталчилгаа

Америк хөлбөмбөгийн улирлын хамгийн сүүлчийн тулаан буюу "Супер Боул"-ын төлөөх тоглолт 80-аад оны үеэс эхлэн зөвхөн спортын талбарт бус реклам бүтээгчдээр дамжуулан бизнесийн ертөнцийнхний дайн болон хувирсан юм. Өдгөө 30 секундын реклам цацах өртөг нь 5 сая доллар болон өсөөд буй энэ тулааныг зөвхөн Америкт 111 сая хүн шууд үзсэн гэдэг. Холливудын одод, спортын алдартнууд, дэлхийн шүтээнүүд тоглосон сурталчилгаа тухайн жилийнхээ өнгийг тодорхойлж, борлуулалт болон нэр хүндэд шууд нөлөөлдөг гэдэг. Ирэх даваа гарагт болох гэж буй 2018 оны Супер Боулын өмнө тус тоглолтын үеэр цацагдаж байсан бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 сурталчилгааг та бүхэнд хүргэж байна. 

Apple - 1984

Стив Жобс, Ридли Скотт, Ж.Орвеллийн хослол Супер Боулыг тэр чигт нь өөрчилж чадсан юм. Макинтош компьютерийг танилцуулсан энэ реклам тэр чигээрээ урлагийн бүтээл, харьцуулалт-төсөөллүүд бүхий гайхалтай шийдлээр дүүрэн.

volkswagen - the force

Супер Боулын түүхэн дэх хамгийн олон шэйр авсан реклам. Оддын дайны ая, хувцас, сэдэв ч нөлөөлсөн нь гарцаагүй. Гэхдээ хүүхэд бүрийн гэгээхэн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн энэ рекламын энгийн шийдэл хүн бүрийн сэтгэлийг татаж чадсан юм.

budweiser - puppy love

Budweiser магадгүй Супер Боулын хамгийн дотно, дулаахан сурталчилгааг бүтээгчид байх. Тэдний ээлжит амьтдын ертөнцийг нээсэн сурталчилгаа хамгийн жигтэй нөхөрлөлийн тухай өгүүлдэг.

levi's - crazy legs

Levi's-ийн энэ реклам жинхэнэ утгаараа нэг үеийг шуугиулж, соёлын давлагааг үүсгэж чадсан. Бүр сошиал медиагийн эринээс ч өмнө шүү дээ. Утгаараа вайрал видео.

coca cola - hey kid, catch!

Кока Колагүйгээр энэ жагсаалтыг төсөөлөхийн аргагүй. 1979 оны энэ реклам одоо ч бүх цаг үеийн хамгийн шилдэг сурталчилгааны нэгт тооцогддог. Питтсбургийн алдарт тоглочг Ж.Грин, бяцхан хүү 2-ын түүх энгийн хэрнээ сэтгэлд тод хадгалагдах дүр зургийг үлдээжээ.

avocados from mexico - secret society

Өнгөрсөн жилийн хамгийн шилдэг сурталчилгаа. Аль хэдийн ам дамжин яригдсаар домог мэт болчихсон энэ сурталчилгаа хүн төрөлхтний хамгийн нууцлаг, хачин жигтэй түүхүүдийг багтааснаараа онцлогтой.

Mcdonald's - The showdown

NBA-ийн бүх цаг үеийн шилдгүүдэд тооцогдох Ларри Бирд, Майкл Жорданыг нэг рекламанд тоглуулж, "илжигдүүлэх" санаа McDonald's-аас л гарах байх. Үр дүн нь ойлгомжтой, мэдээж супер! Харин хэн нь ялсан бол?

Fedex - cast away

Онгоц нь сүйрч эзэнгүй аралд хаягдсан ч 5 жилийн турш даалгавраа мартаагүй Fedex-ийн ажилтны түүх. Хүргэлтээ хийгээд илгээмж дотор нь юу байсныг сонсоод үзүүлэх залуугийн сэтгэл хөдлөл. Гайхалтай реклам.

Snickers - Betty white

Өлссөн үедээ та өөрийгөө гээчихдэггүй гэж үү? Сникерсийн энэ реклам маш сонирхолтой байдлаар бүтээгдэхүүнээ сурталчилж, хөгжөөнтэй дүрслэлийг үзүүлж чадсан билээ.

pepsi - your cheating heart

Кока Кола хүргэгч залуугийн Пепси уух гэсэн хүсэл хэрхэн бүтэлгүйтсэн тухай бичлэг. Өрсөлдөгч рүүгээ шууд дайралт хийсэн энэ үйлдэл нь ихээхэн эрсдэлтэй байсан ч Пепси маш том амжилт, рекламны шинэ үеийг танилцуулсан юм.

52 дахь удаагийн Супер Боул Улаанбаатарын цагаар 2-р сарын 5-нд Миннесотагийн U.S Bank цэнгэлдэхэд Филадельфи Иглс болон Нью Инглэнд Патриотс багуудын хооронд өрнөнө.

20537   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.