Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Бизнес Зөвлөгөө   05 сарын 21, 2018

Хөгжлийн банкны ирээдүйг тольдох цахим шинэчлэл

Өнөөгийн технологийн эринд хамгийн хурдацтай өөрчлөгдөж буй салбар бол яах аргагүй банк, санхүү. Тав тух, аюулгүй байдал, найрсаг үйлчилгээ зэрэг нь нэгэн үе хэрэглэгчдийг татах гол хүчин зүйлс болж байсан бол өдгөө нэгэнт салбарын стандарт болж, хэрэгцээнд тулгуурласан шинэлэг үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох болжээ. 

Энэ удаагийн "Бизнес зөвлөгөө" буландаа бид Монгол Улсын Хөгжлийн Банкны хэрэгжүүлж буй технологид суурилсан шинэчлэлүүдийг та бүхэнд онцлон хүргэж байна. 

Тус банкны үйл ажиллагаатай биечлэн танилцах боломж олдож, хийж хэрэгжүүлэхээр зорьж буй ажлуудынх нь зах зухаас сонирхож мэдсэний дараа салбарын хөгжлийг ахиулах, айсуй ирээдүйг тольдох боломж олгосон алхмуудыг хийжээ гэх сэтгэгдэл хүчтэй төрсөн тул нийтлэлээ ингэж нэрийдсэн билээ.

илүү хялбар үйлчилгээ

Юуны түрүүнд нийтлэл уншигчдаас нэг зүйлийг тодруулж асууя. Банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй энэ олон банкуудаас Хөгжлийн банк юугаараа ялгаатай вэ? Төв банк буюу Монголбанкаас ялгаатай юу, эсвэл ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч нь үү? Хариулт янз бүр байгаа байх.

Ерөнхийдөө арилжааны банкуудаас ялгаатай нь Монгол улсыг хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг томоор санхүүжүүлэх үүрэг хүлээдэг, тусдаа бие даасан хуулийн зохицуулалттай банк бол Хөгжлийн банк юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард шинэчлэгдсэн хуульд нийцүүлэн шинэ менежментийн багийн хамгийн түрүүнд хэрэгжүүлж буй ажил нь зээлийн хүсэлтийг цахимаар хүлээн авах болсон явдал аж.

Энэ бол тус банкны хуулийн шалгуурыг хангаж буй бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн өмнө Хөгжлийн банкны зээлийн цахим бүртгэлийн систем өдөр бүр 24 ЦАГ нээлттэй болсон гэсэн үг. Хамгийн гол нь хуульд заасан шалгуурыг хангасан байх гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй. Энд нэг зүйлийг онцлоход, өмнөх хуулиар хэн дуртай нь Хөгжлийн банкинд зээл, санхүүжилтийн хүсэлт өгөх эрх хязгаарлагдмал, зөвхөн Засгийн газар, УИХ-аас баталсан тогтоолын дагуу зээл олгодог байсан гэнэ. Харин шинэчилсэн хуулиар энэ байдал өөрчлөгдөж МУХБ бие даан шаардлага хангасан аль ч аж ахуйн нэгжид зээл олгох боломжтой болсон нь ихээхэн дэвшилттэй, хүртээмжтэй болж, тэр хэрээрээ улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах төсөлтэй үндэсний компаниудад том боломж олгох болжээ.

“Төслийн бичиг баримтууд хангалтгүй боловсруулагдсанаас болж олон удаа ирж буцдаг, цаг алддаг асуудлыг зээлийн цахим бүртгэлийн үйлчилгээ бүрэн шийдэж байгаа. Нөгөө талдаа манай байгууллага цаасгүй хэрэглээг дэмжсэн байгаль экологид ээлтэй технологи нэвтрүүлж байна. Түүнчлэн таны төсөл, хөтөлбөр санхүүжилтийн шаардлага хангаж байгаа эсэхийг маш хурдан судлуулж мэдээд хангаагүй тохиолдолд нэмэн сайжруулах, зөвөлгөө авах эсвэл цаг алдалгүй өөр банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт хүсэх гээд олон олон боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа" хэмээн тус банкны Зээлийн үйл ажиллагаа хариуцсан захирал Л.Мягмаржав тайлбарласан юм.

Үнэхээр ч арилжааны банкуудаас хүү багатай, урт хугацаатай, санхүүжилтийн хэмжээ их гэдгээрээ ялгардаг Хөгжлийн банкнаас санхүүжилт авахын тулд техник эдийн засгийн үндэслэлээ нарийн боловсруулж, түүндээ улс орны нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөг сайтар тооцохоос эхлээд бичиг баримтын баталгаажуулалт хүртэл олон шаардлагыг хангасан байх ёстой байдаг ажээ.

Харин одоо санхүүжилт хүссэн, шаардлага хангасан хэрэглэгчид өөрсдийн бүртгэлийг үүсгэн, эдгээр шалгуур, шаардлагуудыг хангаж байгаа эсэхээ цахим систем дэх асуултуудад хариулах явцдаа ойлгож, шуурхай хариулт авах боломжтой болжээ.

Санхүүжилтийн хүсэлт гаргахаар шийдсэн хэрэглэгчид материалаа бүрдүүлэх, илгээсэн мэдээллээ шинэчлэх, шууд онлайнаар банктайгаа харилцан, дутуу болон нэмэлт хэрэгцээт мэдээллүүдийг банкан дээр ирэх шаардлагагүйгээр илгээх боломжтой болсон нь олзуурхууштай.

BI Intelligence-ийн судалгаанаас үзэхэд уламжлалт банкны харилцагчдын 60 хувь нь, миллениалуудын 81 хувь нь цахим хэлбэрээр банкны үйлчилгээг авахыг илүүд үздэг гэнэ. Дижитал шилжилтийн нөлөөгөөр банкууд зөвхөн мөнгө удирдах, гүйлгээ хийх, мэдээлэл авахаас гадна зээлийн болон бусад хүсэлт, үйлдлүүдийг гар утаснаасаа хийх боломжийг хэрэглэгчдэд олгож эхлээд байгаа юм. Финтек стартапуудын олноор нэвтэрч, шинэлэг үйлчилгээ санал болгож буй энэ чиглэлд Хөгжлийн банк аль хэдийн нэг алхам хийж чадсан нь тодорхой байв.

ИЛҮҮ ИЛ ТОД шийдвэр гаргалт

Ил тод, нээлттэй байдлыг хангах нь энэхүү цахим шилжилтийн хамгийн гол зорилгуудын нэг байв. Олон нийтийн дунд зээл олголттой холбоотой хардлага, цуу яриа их байдаг учраас энэ асуудлыг нэг тийш нь цэгцлэх шаардлага байжээ. Одоо хэрэглэгчид зөвхөн өөрийн илгээсэн хүсэлтээс гадна өөр бусад зээлийн хүсэлтүүдийн явцын талаар товч мэдээллийг харах боломжтой. Гэхдээ мэдээж харилцагчийн нууцлалыг хуулийн дагуу хангасан байх тул танай байгууллагын нэр, төслийн агуулга зэрэг гол мэдээллүүдийг бусад хэрэглэгчид харж чадахгүй. Харин хэрэглэгч өөрийн илгээсэн хүсэлтийн судалгаа аль шатанд явж байгаа болон шийдвэр гарсан хугацаа зэрэг мэдээллүүдийг харах боломжтой болгожээ. Ингэснээр зээлийн хүсэлтийг шалгаж, судалж буй банкны ажилтнуудын ажлын явцад харилцагчийн зүгээс хяналт тавих боломж үүслээ гэсэн үг юм.

Ерөөс цахим шинэчлэлийн гол тулгууруудын нэг нь ил тод байдал байдаг. Цахим банк ашиглаж буй нийт хэрэглэгчдийн 92 хувь нь бүх үйлдэл, түүх, мэдээлэл хүлээн авах суваг нь ил тод, нээлттэй байдаг учир тогтмол хэрэглэдэг тухайгаа DEW-ийн судалгаанд дурдсан байдаг. Үүнтэй зэрэгцээд хөндөгддөг аюулгүй байдлын асуудлыг тэд уг технологийг хөгжүүлэгч, Монголын санхүүгийн технологийн салбарын хамгийн том тоглогчдын нэг Grape City-ийн NES програмаар дамжуулан бүрэн шийдэж байгаа гэж хэлж болно. Бүх үйлдэл болон мэдээлэл солилцоо нь банкны дотоод сүлжээнд хийгддэг учир мэдээлэл алдагдах, гадны этгээд халдах боломжийг бууруулсан байна.

Илүү хурдан зээл гаргалт

Энэхүү шинэчлэлийн хамгийн гол давуу тал нь зээлийн хүсэлт илгээх явцыг хурдасгах, бүртгэлжүүлэх явдал аж. Одоогоор уг үйлчилгээ идэвхжсэн 11-р сараас хойш 100 гаруй компани бүртгүүлж, 50 гаруй хүсэлт ирээд байгаа аж. Тухайн байгууллагын илгээсэн материал хуульд нийцэж, шалгуур, шаардлагуудыг хангасан эсэхийг хурдан хугацаанд хянуулж, цаашид судалгааны ямар шатанд яваагаа мэдэх боломж нь харилцагчид цаг хугацаа хэмнэхээс авахуулаад ажил хэргээ төлөвлөхөд нэмэр тустай хэмээн Л.Мягмаржав бидэнд ярьсан юм.

Банкууд технологид суурилсан үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр олон дэвшлийг авчирдгийн нэг жишээ нь хурд билээ. Гүйлгээ хийх, данс шалгах зэрэг энгийн үйлдлүүд дэлхий даяар нийт хэрэглэгчдийн сая сая цагийг өдөр тутам хэмнэдэг. Бэлэн мөнгөний гүйлгээ хийх гэж дараалалд зогсох хэрэггүй болсонтой адил одоо та зээлийн материалаа бүрдүүлчихээд хаалга шагайж, цаг алдан суух шаардлагагүй болж байгаа нь талархууштай.

Технологийн хөгжил бидний амьдралыг улам бүр хялбарчилж, хурдан урагшлуулж буйн нэг илрэл нь тус банкны энэ шинэ үйлчилгээ тул улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах төсөл хэрэгжүүлэхээр санаа шулуудсан хэн бүхнийг сонирхоосой, энэ боломжийг ашиглаасай хэмээн бид зөвлөж байна.

Хөгжлийн банкны энэхүү шинэчлэлийн алхаанд арилжааны банкууд ч ойрын үед хөл нийлүүлж, хэрэглээний болон бизнесийн зээлийн үйлчилгээндээ улам хөгжүүлэн нэвтрүүлэх нь дамжиггүй биз ээ. Энэ үйлчилгээ цаг хэмнэж, илүү ил тод, нээлттэй шийдвэр гаргалтаараа та бидний ажлыг хөнгөвчилж, үр бүтээмжийг нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

14852   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.