Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   02 сарын 01, 2018

Ажлын бүтээмжид хөгжим хэрхэн нөлөөлдөг вэ?

Бидний амьдралын олон хэсэгт хөгжим өөрийгөө шингээж өгсөн байдаг. Ялангуяа орчин үед оффисын ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд хөгжим нэг төрлийн ажлаасаа түр салах, түүнийг хийхэд туслах гарц болдог билээ. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд хөгжим анхаарал төвлөрөхөд саад болдог хэмээх нь ч бий. Тиймээс энэ нийтлэлээр хөгжим бидний бүтээмжид хэрхэн нөлөөлдөг талаар авч үзлээ.

1. БАЙНГА ХИЙДЭГ АЖЛУУДЫГ ХИЙХЭД ИЛҮҮ хялбарчилдаг

Хөгжмийн бүтээмжид хэрхэн нөлөөлөх нь ихэвчлэн тухайн ажлыг хийхэд хэр бүтээлч байх шаардлагатайгаас хамаардаг. Applied Ergonomics сэтгүүлээс гаргасан судалгаагаар юу хийх нь тодорхой хийгээд байнга давтагддаг ажлыг хийх үед хөгжим сонсох нь эерэг нөлөөтэй байдаг аж.

Жишээлбэл, угсралт хийдэг ажилчид хөгжим сонсох үедээ илүү жаргалтай байснаас гадна бүтээмж нь өссөн байна. Харин Тереза Люзек хэмээх профессорын сүүлд хийсэн судалгаагаар бол энэ нь хөгжмөндөө гол биш, хөгжмийн бий болгосон эерэг сэтгэл хөдлөл нь бүтээмжийг дээшлүүлж байгаа хэрэг юм хэмээжээ.

Гэхдээ бүх хөгжим нь эерэг нөлөөтэй гэж ойлгож болохгүй юм. Ялангуяа хөггүй хөгжим нь ямар ч нөлөөгүй байдаг. Хөгжмийн гол түлхүүрүүдийг ашиглан бүтээсэн дуу нь бусад төрлийн дуунуудаас бүтээмжид илүү сайнаар нөлөөлдөг нь мөн тогтоогджээ.

2. шуугиантай орчинд өөрийгөө тусгаарлах боломжийг олгодог

Ажлын оффис бүтээмжид хэрхэн нөлөөлдөг тухай олон онолууд байгаа ч түүнээс чимээ шуугиан ихтэй оффис ажилчдын бүтээмжид хэзээ ч эерэгээр нөлөөлөхгүй нь баттай биз. Профессор Тереза Лезюкийн хэлж буйгаар олон хүмүүс ажилладаг газрууд чихэвч зүүхийг зөвшөөрч харин ч дэмжих хэрэгтэй аж.

Тэрээр нэг газар ажилладаг хүмүүсийн заримд нь хөгжим сонсох боломжийг олгосон байна. Сонссон ажилчид ихэвчлэн ажлаа хурдан гүйцэтгэсний сацуу илүү сонирхолтой санааг ч бодож олсон байжээ. Энэ бүхний гол шалтгаан нь гэхдээ хөгжмийн бий болгосон эерэг сэтгэл хөдлөл аж.

Хэдийгээр нэг дор олон хүн ажиллах нь багийн тоглолтыг сайжруулах ч гэлээ заримдаа төвлөрч суухад саад болдог нь нууц биш юм. Хэрвээ тэр орчноос өөр газарлуу шилжих боломжгүй бол чихэвч магадгүй хамгийн зөв сонголт байх.

3. байгалын чимээ нь бүтээмжид хамгийн эерэгээр нөлөөлдөг

Ажил хийж байхдаа сонсдог хөгжмөөс хамгийн эерэг нөлөөтэй нь байгалын дуу чимээ байдаг аж. Ялангуяа дунд зэргийн дуугаралттай буюу хэт сул эсвэл чанга биш дуу нь бүтээмжийг дээшлүүлдэг байна. Нөгөө талаар чанга хөгжим нь таны анхаарал төвлөрөлтийг алдагдуулахаас гадна тавгүй мэдрэмж төрүүлэх нь элбэг.

Тиймээс байгалын буюу далай, бороо, амьтдын дуу чимээг дуугаралтыг нь тохируулж сонсож байгаарай.

4. үгтэй дуу нь анхаарал төвлөрөхөд саад болдог

Биеийн хүчний эсвэл төвлөрч суух шаардлагагүй ажлуудад үгтэй дуу тохиромжтой байдаг билээ. Харин анхаарлаа төвлөрүүлж суух шаардлагатай бол битгий сонгоорой.

Судалгаагаар дуу чимээ дундаас хамгийн их ажил хийхэд саад болдог нь хүмүүсийн яриа гэдэг нь тогтоогдсон байна. Учир нь хүний яриаг сонсонгуут тархи автоматаар түүнийг ойлгох гэж ажиллах ба ингэснээр анхаарал маш амархан хуваагддаг. Оффисийн ажилтнууд дунд судалгаа явуулахад тэдний 48 хувь нь жижиг сажиг яриаг ажил хийхэд хамгийн төвөгтэй санагддаг зүйл хэмээн тодорхойлжээ.

Бичих, ярих гэх мэт хэлний төрлийн ажлууд хийж байхад үгтэй дуу сонсох нь яг л тасралтгүй ярьж байгаа хүнтэй харилцан яриа өрнүүлэх гэж хичээхтэй адил юм.

Энэ талаар манай "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагын зочин венч хөрөнгө оруулагч Пол Брэгиэл ярьсныг уншигч та бүхний зарим нь санаж байгаа байх. Тэрээр бага үгтэй дуунууд сонсохын зэрэгцээ ажиллаж байх үедээ нэг дуугаа "давтах" горимоор тавьчихаад хэдэн цагаар ч хамаагүй дараалж сонсож суудаг аж.

5. танил дуу нь анхаарал төвлөрөхөд тусладаг

Өмнө нь сонсож байсан дуугаа ажил хийх үедээ сонсох нь илүү үр дүнтэй байдаг аж. Шалтгаан нь та шинэ дуу сонсох үедээ өөрийн мэдэлгүй дараа нь ямар дуу дуугарах бол хэмээн хүлээж анхаарлаа тийшээ шилжүүлдэгт оршино.

Харин сонсдог дуугаа бол угийн мэдэх учир өөрийн ажилдаа бүрэн төвлөрч суух боломжтой юм. Хэдийгээр шинэ дуу сонсох нь гоё ч гэлээ ажил хийх үедээ хойш тавьж сураарай.

Ямар төрлийн дуу сонсох вэ? 

Ихэнх хүмүүс зөвхөн нэг жанрын дууг сонсоод байдаггүй тул ажил хийж байхдаа алийг нь сонгохоо мэдэхгүй байж магадгүй. Тиймээс бид хөгжмийн хэд хэдэн жанрыг авч үзэн тэдгээр нь ямар нөлөөтэй хийгээд хаанаас олж сонсох боломжтойг багтаан бичлээ.

классик хөгжим

Яагаад сонсох вэ?

Хөгжмийн төрөл дундаас тэргүүн эгнээнд тавагддаг классик хөгжмийн хөг хийгээд үггүй байдаг нь бүтээмжийг үлэмж нэмэгдүүлдэг аж. Тийм ч учраас Ерөнхий сайд асан Р. Амаржаргалаас авхуулаад Монголын Мисс Ц. Энхжин гэх мэт "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагын олон зочдын сонголт классик хөгжим байсан биз. Гэхдээ бүх классик хөгжим нь ижил нөлөөтэй гэж ойлгож болохгүй. Жишээ нь, хүчтэй дуугаралт ихтэй Toccata & Fugue-г бодвол Für Elise нь илүү зөв сонголт болох юм.

Хаанаас сонсох вэ?

Reddit: Классик хөгжмийг дөнгөж сонирхож эхлэж байгаа юм. Юунаас эхлэн сонсох вэ?
Wikipedia: Үнэгүй сонсох боломжтой дуунууд
Spotify: Шалгалтанд зориулсан классик дуунууд

Жишээ?

Хэдийгээр интернэт тоолж барамгүй их классик хөгжмүүд байгаа хэдий ч таны ажлыг хөнгөвчлөх үүднээс бид 2 жишээг хавсаргалаа.

Электроник хөгжим

Яагаад сонсох вэ?

Нэг их чанга биш электроник хөгжим сонсох нь биднийг төвлөрөхөд тусалдаг. Нэг төрлийн аялгуу нь байнга давтагдан дээр дээрээсээ давхарлах явдал нь анхаарал төвлөрөлтөнд чухал нөлөөтэй байдаг аж.

Хаанаас сонсох вэ?

Youtube: Majestic Casual, Sophistefunk, TheSoundYouNeed
Reddit: ChillMusic, FutureBeats

Түүнчлэн BRB-ийн гүйцэтгэх захирал Ж. Энхжаргалангийн ажиллах үедээ сонсох дуртай электроник жанрын төлөөлөл DJ Hardwell-г сонсоод нэг үзээрэй.

Жишээ?

видео тоглоомын хөгжим

Яагаад сонсох вэ?

Видео тоглоомын хөгжим гэхээр хачирхалтай санагдаж болох ч энэ нь биднийг ямар нэгэн зүйл хийж байхад анхаарал сатааруулахгүй хамгийн төгс хөгжмүүдийн нэг юм. Тоглоомын хөгжүүлэгчид болон дуу зохиогчид тоглогчдын анхаарлыг алдагдуулалгүйгээр тэднийг илүү сайн тоглоход нөлөөлөх хөгжмийг бий болгохыг зорьдог. Жишээ нь, Reddit-ийн анхаарал төвлөрөхөд тусалдаг хөгжмүүд дунд SimCity-ийн дуу хамгийн алдартай сонголтуудын нэг болсон аж.

Хаанаас сонсох вэ?

Reddit: GameMusic
VGMusic.com
OverClockedRemix (Хамгийн алдартай тоглоомын дууны цуглуулга)

Жишээ?

бусад

Яагаад сонсох вэ?

Эдгээрээс гадна олон жанрын анхаарал төвлөрөхөд туслах аялгуутай дуунууд бий. Хүн бүрийн сонсдог хөгжим өөр тул заримдаа үгтэй ч гэсэн жазз, хип хоп, индие рок магадгүй илүү эерэг нөлөөтэй байж болно.

Хаанаас сонсох вэ?
Reddit: Анхаарлаа төвлөрүүлэхэд туслах дуунууд
MusicForProgramming.Net

Жишээ?

бонус: дуу сонсох дургүй бол

Магадгүй дээрх дууны сонголтууд таныг залхааж байвал байгалын мэт чимээнүүд илүү тохиромжтой байх. Огт чимээгүй орчин нь эвгүй байдаг тул бага зэргийн чимээ олгох доорх сонголтуудыг сонирхоод үзээрэй.

SimplyNoise: Бидний эргэн тойронд сонсогддог чимээнүүд үүнд багтах бөгөөд огт чимээгүй байхаас илүү сонголт байж магадгүй шүү.

RainyMood: Гадаа 30 градусын халуун нар шарж байсан ч бороо шиврэх үед ажлаа хийж байгаа мэдрэмжийг эндээс аваарай. Нэмэлт болгож хажуугаар нь зөөлөн галын дуу тавьбал бүр л тухлаж өгнө шүү дээ.

Мөн түүнчлэн манайхаар өмнө нь орж байсан байгалд дунд байгаа мэт тайван орчинд аваачих Calm.com-оор зочлоод үзээрэй.

Холбоотой: Мэдүүштэй вэб: Calm.com - Өдөр бүр өөртөө цаг гарга

38736   1


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.