Өнгөрөгч долоо хоногт дэлхий нийтийн анхаарал Давос хэмээх жижигхэн тосгон тийш чиглэж, олон улсын хамгийн том лидерүүд цуглан өнөө цагийн хамгийн гол асуудлуудын талаар хэлэлцсэн билээ. Энэхүү хуралд даян дэлхийн залуучуудыг төлөөлөн оролцож, дуу хоолойгоо дэлхийн лидерүүдэд хүргэх боломжийг Глобал Шэйпэрс нийгэмлэгийн гишүүд дунд явуулдаг шалгаруулалтаас тодорсон 50 залууд олгодог юм. Эдгээр шалгарсан шилдэг залуус дунд Монгол улсыг төлөөлөн, Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгийн гишүүн А.Ургамал багтаж, Дэлхийн Эдийн Засгийн Форумын чуулганд оролцоод иржээ. А.Ургамал бол эрүүл мэндийн салбарт дагнан үйл ажиллагаа явуулдаг "Оддарьяа" сангийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга. Тэрээр өмнө нь IOM, Азийн Сан, MTV Exit зэрэг олон улсын байгууллагуудад ажиллаж, нийгэм рүү чиглэсэн олон төслүүдийг удирдан, хэрэгжүүлж байсан туршлагатай мэргэжилтэн билээ. Хүний эрхийн активист, гурван хүүхдийн ээж, эрч хүч дүүрэн А.Ургамалтай танилцахыг урьж байна. 

Байршил: Вашингтон, АНУ
Эрхэлж буй ажил, албан тушаал: Оддарьяа сангийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone 7 Plus
Хэрэглэдэг компьютер: MacBook 15'
Сошиал хуудас: Urgamal Azat /Линкедин/, Muliaka /твиттер/

таны ажлын онцлох арга барил?

Миний хувьд ямар ч ажил хийсэн хамгийн түрүүнд бодолдоо маш нарийн детальтай зураг гаргаж үздэг. Хийх ажил маань хөрсөн дээр яаж буух нь вэ, үнэхээр хүнд хэрэгтэй байж чадах уу гэдгийг төсөөлж, мэдэрдэг. Мэдрэмжээрээ юу хийхээ шийдчихвэл яаж ийж байгаад л ард нь гардаг даа.

Мөн үргэлж сайн багтай ажилладгаа их азтай хэрэг гэж боддог. Дутуугаа гүйцээдэг, бие биенээ түшдэг багийн сайн гишүүн байхыг хичээдэг. Нэг хүн угаас бүгдийг ганцаараа хийж чадахгүй, тиймээс нэг асуудлыг олон талаас нь харж, өөр өөрсдийн мэргэшсэн зүйлээрээ түүнд хувь нэмэр оруулдаг багтай байх их чухал.

Хамгийн их ашигладаг, ашиглах дуртай апп, програм, ажлын хэрэгслүүдээсээ хуваалцана уу?

Оддарьяа сангийн гишүүд маань дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан байдгаараа онцлогтой. Тиймээс фэйсбүүк мессенжер гол мэдээлэл солилцох, холбогдох суваг маань болж байна.

Миний хувьд Note-ийг тогтмол ашигладаг. Google Drive-ийн үнэнч хэрэглэгч. Твиттер, фэйсбүүк бас идэвхтэй хэрэглэнэ.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Multitasking буюу олон ажил зэрэг амжуулах. Гал тогоогоо ажлын оффисоо гээд хэлчихэд ч буруудахгүй байх. Хоолоо хийж байхдаа чухал утасны дуудлагаа хийгээд, юмаа угааж байхдаа мэйлээ бичиж, хувцсаа индүүдэж байхдаа шийдлүүдээ боддог гэх жишээтэй.

Хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Хийх ёстой ажлуудаа заавал өөрийн гараар цаасан дээр бичдэг. Магадгүй гараараа бичдэг ганц юм нь энэ байх. Гарт таарсан ямар ч хамаагүй цаасан дээр зүгээр л хийх ёстой юмнуудаа санаад тэмдэглэж аваад дараа нь хийсэн үгүйгээ шалгачихдаг. Хугацаа ч юм уу, ямар нэгэн шинжээр нь ангилдаггүй, зарим нь энэ сардаа амжуулах, зарим нь өнөөдөртөө багтааж хийх ажлууд байна. Сүүлд, хүүхдийнхээ шалгалтын материалын ард л баахан юм биччихсэн байсан шүү. /инээв/

Та хамгийн гаргууд хийдэг зүйл?

Магадгүй том зорилго, том ажлаас айдаггүй нь миний хамгийн гол онцлог байх. Ер нь л ямар нэг аргаар болгоно, хүргэнэ, бүтээнэ л гэсэн сэтгэлзүйтэй байдаг. Өнөөдөр манай байгууллагын хувьд асар том зорилго тавиад түүнийхээ араас зүтгэнэ гээд л төлөвлөөд явж байна. Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэг маань дөнгөж байгуулагдаад удаагүй байхад Дэлхийн Эдийн Засгийн Форумыг үндэслэгч Клаус Шваб Монголд ирэх болсон юм. Энэ үеэрх оройн хүлээн авалтыг бид зохион байгуулах болж, мөнгө босгох хэрэгтэй болоход бараг л сэтгэл хөдлөлөөрөө шахуу тэр ажлыг авчихсан. Хэн ч сонсоогүй дөнгөж нэгдсэн шинэ байгууллага гэхэд олон хүнтэй уулзаж, гуйж, учирлаж байгаад хэрэгтэй мөнгөө богино хугацаанд босгож байлаа.

Хувь хүний үүднээс сөрөг юм бодохгүй, тиймэрхүү зүйлсэд автаад байдаггүй талтай. Хэдий би маш жижиг юмнаас ч урам зориг авдаг, сэтгэл хөдлөл ихтэй хүн ч гэсэн бусад сөрөг зүйлс хэчнээн том байсан ч ач холбогдол өгөлгүй, өөрийгөө шаналгахгүй байж чаддаг.

ТАНЫ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Манай сангийн хувьд өнгөрсөн жил байгуулагдсан, эрүүл мэндийн салбар дахь мэдлэг болон технологийн заагийг арилгах алсын хараатай байгууллага. Би технологи хүмүүсийн амьдралд том өөрчлөлт авчирч чадна гэдэгт итгэдэг. Тэр тусмаа эрүүл мэндийн салбарт бүр ч ихээр нөлөөлнө гэдэгт эргэлздэггүй. Тийм учир технологийг онцолж байгаа хэрэг. Өөрийн хувийн амьдралд учирсан үйл явдлууд намайг энэ салбарт орж ажиллахад хүргэсэн.

Бид байгаа нөхцөл байдлыг тэр чигээр нь боломж гэж харж байгаа. Монголын эрүүл мэндийн салбарт хийх ёстой, сайжруулах ёстой зүйл мэдээж их байгаа. Эмчилгээний арга тактик, оношилгооны үйл явц гээд л хоцрогдсон зүйлс их байгаатай хүмүүс маргахгүй байх. Үүнээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын менежмент, зохион байгуулалт оновчгүй байгаагаас ажиллаж байгаа хүмүүстээ ч тэр, үйлчлүүлж буй иргэддээ ч тэр бэрхшээл болж, бухимдлыг төрүүлж, сөрөг хандлага үүсгээд байх шиг.

Манай санд бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, салбар салбартаа мэргэшсэн хүмүүс нэгдсэн. Магадгүй үлдсэн бүх амьдралаа зорилго, алсын хараагаа ажил хэрэг болгож, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад бага ч гэсэн нэмэр болно гэж анх нийлсэн учраас бүх зүйлээ сайн төлөвлөж, тоо баримт, судалгаан дээр суурилан, дорвитойгоор эхлүүлэхээр төлөвлөж байна даа.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Миний бие өнгөрсөн долоо хоногт Швейцарийн Давос хотноо болж өнгөрсөн Дэлхийн Эдийн Засгийн Форумын чуулга уулзалтанд Глобал Шэйпэрс нийгэмлэгээ төлөөлж, оролцоод ирлээ. Дэлхий даяар нээлттэй явагдсан шалгаруулалтаас 50 залууг сонгон, энэ том арга хэмжээнд оролцуулдаг юм. Энэ нь манай Оддарьяа сангийн алсын хараа, үнэт зүйлс болон хийж төлөвлөж буй зүйлсэд итгэж, найдаж байгаагийн илрэл болсон гэж ойлгож, ихэд урамшиж байна.

Сангийн хувьд, бид ирэх 7-р сард Америкийн эмч нарын багийг 3 долоо хоногийн турш манай эмч нартай хамтран ажиллаж, үзлэг хийлгэхээр авчирч байгаа юм. Яг орчинд нь, бодит нөхцөл байдалд орсноороо мэдлэг туршлага солилцох үйл явц илүү үр ашигтай болно гэж бид үзсэн. Харин манай эмч нарын хувьд тэдний арга барил, харилцаанаас үлгэр авч, хандлага нь илүү өөрчлөгдөх байх гэж найдаж байгаа.

Мөн био-анагаах ухааны инженерийн чиглэлийн оюутнуудыг багш нартай нь авчирч, манай эмнэлгүүдийн эвдэрхий тоног төхөөрөмжүүд засварлаж мөн дахин эвдэрвэл хэрхэн засах талаар сургалт хийх юм. Үүнээс гадна Rapid Diagnostic Kit буюу ханиад хүрсэн хүүхдээс дээж аван, 2-20 секундын дотор томуугийн вирус байгаа эсэхийг тодруулж өгдөг хэрэгслийг Монголд авчирна. Антибиотикийн зохистой хэрэглээнд хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Шаардлагатай хөрөнгөө босгочихсон учир одоо бол тохиромжтой үеийг судлан, төлөвлөж байна даа.

Саяхан манай сан эмч нар өөрсдийгөө хэрхэн үнэлж байна вэ гэдэг асуулт тавин судалгаа хийсэн юм. Судалгааны тайлангаа Дэлхийн банкны төв оффисийн эрүүл мэндийн чиглэлийн судлаачидтай хамтран гаргахаар тохиролцсон байгаа.

Та өөрийн оролцсон 2018 оны дэлхийн эдийн засгийн чуулганы онцлог, уур амьсгалын талаар хуваалцана уу?

Давосын чуулганы цар хүрээ, нөлөөнийх нь талаар ярих нь илүүц байх. Энэ жилийн чуулганы сэдэв "Хуваагдмал дэлхийд нэгдмэл ирээдүйг бүтээх нь" байлаа. Илүү хүн төвтэй, гэхдээ бусад жилүүдтэй харьцуулахад хийсвэр, зөөлөн сэдэв байсан байж мэднэ. Энэ жил залуучуудын оролцоог их дэмжсэн, олон уулзалт, хэлэлцүүлгүүдэд оролцуулсан гэдгээрээ мөн онцлогтой байлаа. Өмнөх жилүүдийн шилдэг 50 оролцогчдын маань чанартай оролцоо ч үүнд нөлөөлсөн байх.

Энэ жилийн гол сэдэв нь блокчэйн, хиймэл оюун ухаан, алгоритм боловсруулах байлаа. Оролцогч бүр л энэ технологийн талаар асуулт тавьж, анхаарлаа хандуулж байгаа нь мэдэгдэж байсан. Мөн сэтгэл зүйтэй холбоотой сэдвүүд их хөндөгдсөн. Аз жаргалтай байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? Хүүхдийн тархийг хэрхэн хөгжүүлэх вэ? гэх мэт сэдвүүд хамгийн эрэлттэй нь байсан шүү.

Хамгийн гол анзаарсан зүйл бол багийн ажиллагаа байлаа. Хөгжиж буй улс орнууд их бэлтгэлтэй, өргөн хүрээнд, гол нь багаараа ажилладаг юм байна. Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуусын төлөөлөл гээд бүгд нэгэн зүг харж байна. Тэд яг ямар асуудал дэвшүүлэх, юу хүсэх, хэрхэн харилцахаа эртнээс тодорхойлж, бэлдээд, хамгийн хүчтэй, нөлөөтэй хүмүүстэй уулзалтуудаа товлож шажигнатал ажиллаад, асар их үр дүнтэй буцаж байгаатай таарлаа.

Либери улсын эрүүл мэндийн сайд нь Харвард төгссөн мундаг эмчээ дагуулж хэд хэдэн уулзалт хийгээд л, нэлээн хоцрогдчихсон байсан хамгийн том эмнэлгээ дэлхийн хэмжээний, бүрэн тоноглогдсон супер эмнэлэг болгох гэрээ байгуулчих жишээтэй.

Пакистаны мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн сайд нь PayPal-тай албан ёсны уулзалт хийж, эх орондоо нэвтрүүлэхээр тохиролцочихож байна. Дижитал технологиор мэргэшсэн нэг шэйпэр бэлтгэл ажлыг хангах, боловсон хүчнийг сургах бүх ажлыг дааж ажиллахаар болсон юм.

Ийм бүх оролцогч талуудын хамтын ажиллагаанаас Монгол улс маань ч суралцах хэрэгтэй юм шиг санагдлаа.

ТА АЛЬ САЛБАРЫН ЯМАР ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮДЭД ОРОЛЦОЖ, ХЭН ХЭНТЭЙ УУЛЗАЖ ЯРИЛЦАВ?

Эрүүл мэндийн салбарын хурлууд, хэлэлцүүлгүүдийг шилж суулаа. Ер нь бол хиймэл оюун бол эрүүл мэндийн салбарыг нэг шат ахиулах технологи гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Гэвч байгууллагууд болон хувь хүмүүс тэр технологийг хөгжүүлэхэд шаардлагатай тоон өгөгдөл, датагаа хуваалцаж чадах эсэх л гол асуудал болжээ. Хүмүүс ач тустай гэдгийг мэддэг ч датагаа хуваалцахаас цааргалдаг шүү дээ. Энийг хэрхэн нэгдмэл зорилгын төлөө хуваалцах вэ гэдэг том сорил болж байна.

Энэ салбарт технологийн үзүүлж буй нөлөөг хараад үнэхээр бахархах сэтгэл төрсөн. Өөрөө хөхний хорт хавдраар өвчлөөд эдгэсэн MIT-ийн нэгэн эмчийн хөгжүүлж буй хиймэл оюуны хэрхэн ажиллахыг үзсэн юм. Тэр өөрийнхөө 3 жилийн өмнөх зургийг үзүүлж, түүн дээрх асар жижигхэн зангилааг харуулсан. Үүнийг хиймэл оюун нь шинжлээд хавдрын аюулыг нь урьдчилан тааж байх жишээтэй. Асар их цаг хугацаа, хөрөнгө хэмнэх боломж шүү дээ. Технологийн шинэ хувьсгал бидний бодож байгаа шиг хол биш, их л ойрхон байна даа гэж бодогдсон.

Миний хувьд энэ жилийн Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нүүр царайгаар тодорсон юм. Хурлын завсарлага, эхлэл төгсгөлөөр видео маань нэлээн явж, Монгол улсаа тодорхой хэсэгт хүргэсэн гэж найдаж байна. Мөн ОУВС-ийн тэргүүн К.Лагардтай нэг хэлэлцүүлэгт сууж, шилжих хөдөлгөөн, түүнд нөлөлөөгч хүчин зүйлсийн талаар ярилцах завшаан олдсон. Мөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар дуу хоолойгоо хүчтэй хүргэдэг P&G-ийн ерөнхийлөгч К.Тастадтай уулзаж, Глобал Шэйпэрс нийгэмлэгтэй хамтран ажиллах эхлэлийг тавилцахдаа хувь нэмрээ оруулсандаа их баяртай байна.

БИЛЛ ГЭЙТСТЭЙ УУЛЗСАН ТАЛААРАА СОНИРХУУЛНА УУ?

Миний хувьд Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гэйтстэй ганцаарчлан уулзсан минь их онцгой тохиол байлаа. 50 оролцогчдоос яагаад түүнтэй уулзмаар байгаагаа илэрхийлсэн нэг өгүүлбэр бичих шалгаруулалт зарлахад би тэнцсэн. "Монголын эрүүл мэндийн шууд шийдвэрлэх асуудлыг тодорхойлж, өндөр чадавхтай, сониуч, залуу мэргэжилтнүүдтэй хамтран технологийн болон дижитал шийдэл олж, бодит үр дүнд хүрэх Оддарьяа сангийн зорилгын талаар уулзаж ярилцъя" хэмээн бичсэн маань сонгогдсон юм. Ингээд дэлхийн хамгийн хүчирхэг эрхэмүүдийн нэгтэй 20 минут нэг өрөөнд 2-уулахнаа уулзаж, ярилцах болсон доо.

Миний хувьд тодорхой асуудал, төсөл хөтөлбөр хөндөхөөс илүүтэй харилцаа үүсгэхэд анхаарсан. Монгол улс хүн ам цөөнтэй гэдгээрээ анхаарлаас гадуур өнгөрөх ёсгүй, эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудад ялгаварлал гэж байхгүй, бүгд л шийдэгдэх ёстой, тэр боломжийг эрэлхийлье гэж л ярьсан.

Өмнөх уулзалтуудаас нь түүнийг нэлээн чимээгүй, хаалттай хүн гэдгийг нь анзаарсан. Тиймээс задалж яриа өрнүүлэх их хэцүү байлаа. Гэхдээ түүнээс 15 жилийн өмнө та технологийн боломжуудыг маш зөв таамаглаж чадсан, тэгвэл ирэх 15 жилд эрүүл мэндийн асуудлыг шийдэх технологийн гарцуудыг яаж төсөөлж байна гэж асуусан маань түүнийг нээгээд өгчих шиг санагдсан. Тэр хиймэл оюуныг хамгийн чухал хүчин зүйл гэдэгт итгэдгээ ярьж, хүмүүсийг өвчнөөс урьдчилан сэргийлэх гол хэрэгсэл болон анагаах эм бэлдмэл, эмчилгээг туршихад зарцуулагддаг асар их цаг, хөрөнгийг хэмнэхэд нөлөөлнө гэж үздэгээ хэлсэн. Туслахууд нь дараагийн уулзалтыг сануулж минут бүрт хаалга нээж байсан ч бид цагаасаа хэтрүүлж, нэлээн дотно яриа өрнүүлж чадсан шүү.

Төгсгөлд нь Б.Гэйтс ямар ч тохиолдолд засгийн газартайгаа хамтран ажиллах хэрэгтэйг сануулж, Bill & Melinda Gates Foundation-ийн гүйцэтгэх захиралтайгаа танилцуулж, холбогдоорой гэж захьсан. Одоо түүний сантай хамтын ажиллагаа үүсгэх дараагийн даваа биднийг хүлээж байна даа

Ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар Хөгжим таныг Эрч хүчтэй болгодог вэ?

Яг бичиг цаас боловсруулж байхдаа бол хөгжим сонсдоггүй. Ерөнхийдөө хуучны дуунуудад дуртай. Хятадын уран зохиолд их дуртай учир хятад киноны дуунууд сонсдог. Камертон, Никитоны дуунуудгүйгээр миний амьдралыг төсөөлөхийн аргагүй байх. Чимэдцэеэ гуайн фэн.

Хамгийн сүүлд ямар ном, нийтлэл уншсан бэ? 

Давосоос буцах үедээ Форумыг үндэслэгч К.Швабын бичсэн Shaping The Fourth Industrial Revolution гэж номыг уншлаа. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын талаар бодохоор яагаад ч юм нэг л бүрхэг сэтгэгдэл төрдөг байсан юм. Гэхдээ энэ номыг уншсаны дараа бодит боломжуудыг нь ойлгож, тэр сэтгэгдэл маань огт үгүй болсон.

Технологи бол хүний амьдралыг л сайжруулах эцсийн зорилготой. Нэгэнт хүн л тэр технологийг хөгжүүлж байгаа учир сөрөг талуудыг нь ч гэсэн тооцож, зохицуулах боломжтой. Тиймээс түүнээс айлгүйгээр зоригтой урагшилж, үр шимийг нь эмээлгүй хүртэх ёстой гэсэн мессежийг авсан. Их эерэг ном байсан шүү.

Уран зохиолын ном их шимтэж уншдаг. Бронтийн эгч дүүсийн бүх номонд дуртай. Жэйн Остины улаан фэн. Маргарет Мичеллийн "Салхинд туугдагсад"-ыг 14 насандаа анх уншсанаасаа хойш одоог болтол эргүүлж хардаг. Хааяа сэтгэл тавгүй үедээ дуртай хэсгээ уншдаг.

Бусад төрлийн номуудыг шууд барьж аваад уншдаггүй. Хит болж буй номуудын талаар хамгийн сайн шүүмжлэгчдийн бичсэн тоймыг л уншчихдаг юм.

Та илүү нээлттэй хүн үү эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Их нээлттэй хүн. Хүмүүстэй хурдан хэл амаа ойлголцож, харилцаж чаддаг нь ажилд маань их тустай байдаг. Хамтрагч байх боломжтой том байгууллагуудтай холбогдож, тэдэнд хандаж "гүүр барих" ажилд маань энэ чанар маань их тусалж байгаа шүү.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Уг нь эрт босоод эрт унтахыг л хичээдэг. Цагт баригдаад байдаггүй, түүндээ ач холбогдол өгдөггүй төрлийн хүн. Сүүлийн үед сангийнхаа ажилтай холбоотойгоор нойр нэлээн алдагдсан байх. Монголтой холбогдохын тулд цагийн зөрүүнээс болж их оройтох шаардлага гардаг. Мөн хүүхдүүдээ унтуулж байж л ажилладаг учраас цагаа зохицуулах хэрэгтэй болдог доо.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Би гурван хүүхэдтэй ээж хүн. Тэгэхээр галын өрөөндөө эсвэл угаалгын өрөөнөөс л олох байх. /инээв/

Өөртөө зориулж цаг гарган, амар амгаланг олдог дадал маань хөгжим сонсоод алхах. Боломж гарвал ганцаараа алхахыг хичээдэг. Надад бясалгал шиг л үйлчилдэг гэж боддог. Мөн фитнесст тогтмол явахыг хичээдэг.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Гэр бүлийн хүнээсээ эрч хүч, үлгэр дуурайл авдаг. Ямар ч хамаагүй сэдвээр, зүгээр л цаг агаарын тухай ярилцаад л жигтэйхэн тайвширч, ажлаасаа өөрийгөө тусгаарлаж, амарч байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг дөө.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Ахлах сургуульд сурч байхад А.Поллак гэж багш Америкийн түүхийн хичээл ордог байсан юм. Тэр багш маань бидэнд "та нар юу хийж байгаагаа, ярьж байгаагаа мэдэхгүй байна, зүгээр л онлайнаар ороод хайхад л мэдчих юм шүү дээ" гэж хэлдэг байсан юм. Энэ үгс нь хожим "хийж байгаа зүйлээ маш сайн судлах" гэсэн байдлаар надад буусан санагддаг. Ямар ч ажил хийх гэж байсан түүнийхээ талаар мэдэж, судалгаатай хийх нь үр дүнд их нөлөөлдөг. Миний хувьд одоо бол эрүүл мэндийн салбартай холбоотой тоо баримтуудыг харьцуулж, ойлгож, асуудлыг мэдрэхийг л чухалчилж байна.

Мөн "дуртай юмаа олоод, түүгээрээ л хөөцөлд" гэж зөвлөгөөг онцолъё. Энд тэнд бишгүй л таардаг энэ зөвлөгөөг анх сонсоод ямар сүржин юм бэ л гэж боддог байлаа. Гэхдээ эргээд бодоход би яг одоо сангийнхаа ажлаар дуртай зүйлээ олоод, түүндээ дурлаж амьдарч байна. Хамгийн хэрэгтэй л зөвлөгөө байж.

Залуучуудад хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Өөрийнхөөрөө байхаас хэзээ ч бүү ай л гэж хэлмээр байна. Хүн болгонд таалагдаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөр, угаас л санал зөрөлдөх явдал их таарч, шүүмж их сонсоно. Тэр дотроос өөрийгөө авч үлдэх л чухал. Энэ хоорондоо зөв зарчмаа, жанжин шугамаа олох нь их чухал. Өөрийнхөөрөө байна гээд л хамаа намаагүй аашилдаг байсан үе надад бий. Гэхдээ түүнээсээ мэдлэгт суурилсан, хүсэл эрмэлзэл дээрээ үндэслэсэн жанжин шугамаа олоод барьчихсан байхад тэрэндээ үнэнч байх шиг гайхалтай зүйл гэж байхгүй, хүн өөрийгөө сорьж, сайжруулж болдог гэдгийг суралцаж мэдсэн. Өөрийн дур сонирхол, зан ааш, арга барилаасаа битгий санаа зов, битгий ай л гэж хэлье.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Ц.Оюунгэрэл эгчийг санал болгомоор байна. Яг одоо хүмүүсийн анзаардаггүй хэрнээ хамгийн анхаарал татаад буй асуудал болох "жорлонг өөрчлөх" ажлыг санаачилж, олон нийтэд чиглэсэн, иргэд төвтэй хөдөлгөөн өрнүүлж байгаа талаар нь илүүг мэдмээр байна. Хэрхэн санаагаа олж, судалгаагаа хийн, иргэдийг идэвхжүүлж байгаа талаар сонирхолтой яриа өрнүүлэх байх.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.