Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   01 сарын 28, 2018

7 хоногийн тойм: Давосын уулзалт + 175 жилийн ял + Оскарт нэр дэвшигчид

Дэлхий дахинд

Жил бүрийн 1-р сард явагддаг Дэлхийн Эдийн Засгийн Форум Швейцарийн Давос хотноо явагдаж, өндөрлөлөө. Дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхэмүүдийн нэг дор нэгтгэж, хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй том асуудлуудыг хөндөн, олон оролцогч талуудын байр суурийг сонсож, шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх боломж олгодгоороо Давосын чуулган онцгойд тооцогддог. Энэ жил "Хуваагдсан дэлхийд нэгдмэл ирээдүйг бүтээх нь" сэдвийн дор явагдсан уг арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди, Германы төрийн тэргүүн А.Меркел тэргүүтэй 2500 гаруй лидерүүд оролцлоо.

Арга хэмжээний нээлтийн илтгэлийг дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгийг тэргүүлж буй Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди тавьсан. Тэрээр хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй хамгийн том гурван асуудлыг терроризм, уур амьсгалын өөрчлөлт болон даяарчлалын эсрэг сэтгэлгээ хэмээн тодорхойлж, өөрийн орны ирээдүйн төлөв байдал, төлөвлөгөөг танилцуулав. Энэ жилийн үндсэн панел ОУВС-ийн тэргүүн К.Лагард, Норвегийн ерөнхий сайд Э.Солберг зэрэг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн байсан нь мөн анхаарал татахуйц байв. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн биеэр Давост хүрэлцэн ирж, хаалтын илтгэлийг хийсэн бөгөөд "Америк нэгдүгээрт" бодлогоо танилцуулж, сонгуулиас хойш 7 триллион доллар зах зээлд нь нэмэгдэж төвлөрснийг онцолжээ.

Энэ жилийн хамгийн эрэлттэй сэдэв нь эмэгтэйчүүдийн манлайлал, боловсрол болон дүрвэгсдийн асуудал байсан ч блокчэйн, криптовалютын сэдэв хүн болгоны ярианы үндсэн чиглэл байлаа. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын ирмэг дэх хүний нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлууд, шинэ технологийн боломжууд, хиймэл оюуны хөгжил зэргийг технологийн салбарын лидерүүд бүгд хөндөж байлаа.

Давос 2018-д Монгол улсаас засгийн газрыг төлөөлөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгийн гишүүн А.Ургамал нар оролцжээ.

WEF: Давосын хамгийн том мэдээнүүд
Fortune: Давосоос онцлох 7 зүйл

Д.Трамп Давост анх удаа!

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Цахилгаан машины технологи хөгжүүлэгч Тесла үүсгэн байгуулагч Элон Масктай шинэ гэрээ байгуулснаа мэдэгдлээ. Гэрээний дагуу өнөө цагийн хамгийн шилдэг энтрепренүүдийн нэгт тооцогдох Элон Маск ирэх арван жилд компаниаасаа ямар ч цалин, урамшуулал хүртэхгүй. Харин компанийн үнэлгээг 650 тэрбум долларт хүргэж чадвал 70 тэрбум долларын урамшуулал авахаар тохирчээ. Энэ нь өнөөгийн зах зээлийн үнэлгээг ирэх 10 жилд 10 дахин нэмэгдүүлэх ёстой гэсэн үг. Сонирхуулахад 10 жилийн турш жил бүр хувьцааны үнэлгээгээ 27 хувиар өсгөсөн амжилтыг Америкийн Domino's Pizza, Amazon, Priceline, Netflix гэсэн компаниуд л үзүүлж байжээ.

HBR: Элон Маскийн цалингийн багцын талаар

Дэлхийн хамгийн хүчирхэг худалдааны сүлжээ Walmart Японы Rakuten-тэй хамтран тус улсад онлайн хүнсний худалдаа, хүргэлтийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэх болсноо зарлалаа. Стратегийн түншлэлийн хүрээнд Rakuten-ий эзэмшдэг цахим ном уншигч Kobo-г Walmart-ийн сүлжээгээр борлуулах юм.

Techcrunch: Walmart Rakuten-тэй нийлэн Amazon-ий эсрэг

Хятадын ухаалаг утасны зах зээлийн борлуулалт сүүлийн 10 жилд анх удаа буурсан дүн гарлаа. 2017 онд нийт 459 сая ширхэг утас худалдаалагдсан нь өнгөрсөн оныхоос 4 хувиар буурсан гэсэн үг. Huawei зөвхөн 4-р улиралд нийт 24 сая ширхэг утас зарснаараа бүх үйлдвэрлэгчдийг тэргүүлсэн бол оны сүүлээр гарсан iPhone X болон iPhone 8-ийн ачаар Apple 4-р байрт жагсчээ.

Walmart Amazon-той ганцаараа өрсөлдөхийг хүссэнгүй

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Видео стриминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2017 оны 4-р улиралд 8 сая шинэ хэрэглэгчтэй болсноо зарлаж, зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбумыг анх удаа давлаа. Эдгээр хэрэглэгчдийн 80 хувь нь олон улсын зах зээлд харьяалагдах бөгөөд 3 тэрбум долларын борлуулалттай ажилласан гэнэ. 2018 онд зөвхөн оригинал контент бүтээхэд 8 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж буй Netflix энэ өсөлтөө ирэх жилүүдэд ч хадгална гэдэгтээ итгэлтэй байна.

CNN: Netflix 100 тэрбумтнуудын клубт элслээ

Ямар ч шимтгэлгүйгээр хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох боломжийг олгодог Robinhood үйл ажиллагаагаа криптовалютын салбар руу өргөжүүлж байгаагаа зарлалаа. Тэд хэрэглэгчдийг 16 төрлийн криптовалютын арилжаанд нэмэлт шимтгэлгүйгээр оролцох боломжийг олгоно гэнэ. Өнгөрсөн жил л гэхэд Coinbase 1.5-4 хувийн шимтгэлээрээ 1 тэрбум долларын борлуулалт хийсэн тооцоо гарсан билээ.

Японы хамгийн том крипто арилжааны бирж Coincheck хакеруудын халдлагад өртөж, 400 сая доллартай тэнцэх хэмжээний койн алдсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Хакерууд 500 сая ширхэг NEM-ийг хулгайлсан ажээ. Coincheck түр хугацаанд бүх төрлийн арилжаагаа зогсоогоод байна.

Google Play 2017 оны 4-р улиралд нийт 19 тэрбум удаагийн таталт хүлээн авснаараа дээд амжилт тогтоолоо. Таталтын дийлэнх хэсгийг тоглоом, банк санхүү болон онлайн худалдааны апп-ууд эзэлжээ. Энэ нь iOS-тэй харьцуулахад 145 хувиар илүү үзүүлэлт болж байгаа юм.

Фэйсбүүк хэрэглэгчийн ID карт шалгах технологи хөгжүүлэгч confirm.io-г худалдан авч байгаагаа зарлалаа. Тэд аккоунтаа түгжсэн, нэвтэрч чадахгүй байгаа хэрэглэгчдээ иргэний үнэмлэхээ уншуулан түгжээг тайлах боломжийг олгох учиртай юм.

Нетфликс - 100 тэрбум!

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналд зүй ёсоор тооцогдох Оскарын наадам энэ жилийн нэр дэвшигчдээ зарлалаа. Алдарт найруулагч Г.дел Торогийн бүтээл "The Shape of Water" нийт 13 төрөлд нэр дэвшиж бүх киног тэргүүллээ. Араас нь анх удаа шилдэг найруулагчийн шагналд өрсөлдөх болсон К.Ноланы "Dunkirk" 8 төрөлд, Алтан бөмбөрцгийн ялагч "Three Billboards Outside Ebbing, Missouri" 7 төрөлд нэр дэвшсэнээрээ удаалжээ. Netflix-ийн Mudbound шилдэг баримтат киноны төрөлд нэр дэвшсэн нь анх удаа стриминг платформын бүтээл Оскарт өрсөлдөх болсон нь байлаа. Алдарт хөгжмийн зохиолч Жон Уильямс 25 дахь удаагаа, домогт жүжигчин Мерил Стрип 21 дэх удаагаа Оскарын шагналд өрсөлдөнө. 90 дэх удаагийн Оскарын наадмын шагнал гардуулах ёслол 3-р сарын 4-нд явагдах юм.

Vox: Оскарын нэр дэвшүүлэлтийн ялагчид ба ялагдагчид
Variety: Оскарын ялагчдыг таамаглахуй

Өнгөрсөн онд дэлгэцнээ гарсан La La Land киногоороо Оскарын наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн Дамиен Шазелл Apple-тай хамтран телевизийн цуврал бүтээх гэрээ байгуулсан гэнэ. Киноны нэр, төрөл, гарах хугацаа тодорхойгүй байгаа ч Д.Шазелл өөрөө зохиолыг нь бичиж, найруулах ажээ. Оригинал контентуудад ихээхэн анхаарах болсон Apple үүнээс гадна хэд хэдэн шинэ бүтээлүүдээ зарлаад байгаа билээ.

Алдарт реппер 50 Cent биткойны саятан болсон нь ил боллоо. Тэрээр 2014 онд гаргасан Animal Ambition цомгоо биткойноор борлуулахыг зөвшөөрч, тухайн үедээ 700 орчим биткойн цуглуулсан тухай мэдээ гарч байсан юм. Тэгвэл тэрээр эдгээр биткойноо мартаж орхисон байснаа санаж, улмаар 8 сая доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй болсон байна. Сонирхуулахад, 50 Cent 2015 онд дампуурлаа зарлаж, 23 сая долларын өрөө 5 жилийн хугацаанд төлөх гэрээг байгуулсан ч өнгөрсөн жил өрөө төлж дууссан тухайгаа зарласан билээ.

9 кино оны шилдэг бүтээлийн төрөлд өрсөлдөнө!

Гимнастикийн эмч 175 жилийн ял авлаа

Америкийн спортын түүхэнд хараар бичигдэх үйл явдал эцэслэгдэж, АНУ-ын гимнастикийн шигшээгийн эмч Ларри Нассер 175 жилийн хорих ялаар шийтгэгдлээ. 10 гаруй жилийн турш Америкийн олимпийн шигшээ багийн эмчээр ажиллаж байх хугацаандаа эмэгтэй тамирчдад бэлгийн хүчирхийлэл үйлдэж, дарамт учруулж байсан нь илчлэгдсэн нь түүнийг ийм ял авахад хүргэлээ. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн спорт гимнастикийн төрөлд ноёрхож буй АНУ-ын багийн бараг бүх тамирчид, олимпийн аваргууд хүртэл түүний эсрэг мэдүүлэг өгсөн нь энэ үйл явдлыг олны анхаарлын төвд ороход хүргэсэн юм. Өнөө цагийн хамгийн шилдэг тамирчид С.Байлс, А.Райсман, Г.Дуглас тэргүүтэй 150 гаруй эмэгтэйчүүд түүний эсрэг мэдүүлэг өгчээ.

"Би танд үхлийн ял оноож байна. Энэ ялыг танд оноох болсон минь миний ихэд нэр төрийн хэрэг байгааг онцолъё. Би таныг энэ нийгэмд ямар ч орох зайгүй болгож, гадуур нэг ч алхам алхуулахыг хүсэхгүй байна." хэмээн ял оноосон шүүгч Р.Акуилина хэлсэн юм. Л.Нассер өнгөрсөн оны зун хүүхдийн хүчирхийллийн улмаас шүүхээс 60 жил хоригдох ял аваад байжээ. Тэрээр багийн эмчийн хувиар залуу охидыг айлгаж дарамтлан, өөрийн хүслээ хангаж байсан нь илэрсэн нь энэ. Түүний хохирогчдын нэг сэтгэл зүйн дарамтаасаа гарч чадахгүй байсаар амиа хорлосон нь харамсалтай.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Америкийн гимнастикийн холбоо болон түүний ажиллаж байсан Мичиганы их сургуулийн удирдлагууд бүгд албан тушаалаа хүлээлгэн өгч, олон нийтээс уучлал хүссэн байна.

BBC: Л.Нассерийн хохирогчдын мэдүүлгээс
Time: Л.Нассерт 175 жилийн ял оноолоо

Л.Нассерын 20 жилийн турш үйлдсэн жигшүүрт хэрэг эцэс болов

Алдалгүй унших арван мэдээ

BBC: Цөлөгдсөн лидер Каталаныг удирдах уу?
CNN: Кабулын халдлагад дор хаяж 95 хүн амь үрэгдэв
NHL: NHL-ийн бүх оддын тоглолт эхэллээ
Vox: Грэмми наадмын өмнө
Techcrunch: АНУ-д хэвлэмэл номын борлуулалт 1,9 хувиар өсчээ
Olympic: Пёнчан 2018-д Монголын 2 тамирчин оролцоно
Rolling Stones: Элтон Жон сүүлчийн аялан тоглолтоо хийнэ
NYTimes: К.Возниаки анхны их дуулгын түрүүгээ хүртэв
Recode: Твиттер шинэ борлуулалтын сувгаа танилцууллаа
Nature: Хятад академик бүтээлийн тоогоороо АНУ-г гүйцэв

14222   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.