Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 26, 2018

Ирээдүйд итгэх итгэлийг тань дахин сэргээх 11 технологи

Технологийн хөгжил бидний төсөөлж байгаагаас ч илүү хурдтай, илүү дэвшилттэйгээр урагшилсаар. Санаанд оромгүй нээлтүүд, боломжгүйд тооцогдож байсан үйл явдлууд, итгэхэд ч бэрх ололтууд өдөр тутам сонсогдсоор. Ирээдүйг тодорхойлох, бидний амьдрах нийгмийг өөрчлөх технологийн эхэн үед бид оршин байна. Бүх гутранги үзлээсээ сал, айдсаа хойш тавь, болохгүй зүйлсийг март. Өнөөдрийн танилцуулах арван нэгэн технологи таны ирээдүйд итгэх итгэлийг дахин сэргээн бадраана гэдэгт бид итгэлтэй байна. 

1. ЖОЛООЧГҮЙ МАШИН

Одоогоор зах зээлд нэвтэрсэн байгаа жолоочгүй машин нь олон талаараа жолоочтой машинаас илүү бөгөөд 3-5 жилийн дараа улам аюулгүй болж олон нийтийн хэрэглээ болох нь баттай юм.

ДЭМБ-ын тооцоолж буйгаар жил бүр 1.25 сая хүн машины ослоор амиа алддаг байна. Үүний тал нь машинд мөргүүлсэн дугуйчид, явган болон мотоциклтой хүмүүс байдаг аж. Түүнчлэн 15-29 настай хүмүүсийн тэргүүлэх нас баралтын шалтгаан нь машин юм. Тэгвэл жолоочгүй машины технологи үүнийг өөрчлөхийг хүсэж байна.

20-р зууны их хотын амьдралын хэв маягийг машин өөрчилсөнтэй адил 21-р зууны дэлхийг ч мөн жолоочгүй машин өөрчлөх нь гарцаагүй. Ихэнх хотуудад нийт талбайн 20-30 хувийг авто машины зогсоол эзэлдэг бөгөөд 95 хувьд нь машин зогссон байдаг. Харин жолоочгүй машин нь ухаалаг утасны аппликейшн ашиглан бараг байнга үйлчилгээнд байх төлөвтэй ба ингэснээр зогсоолын хэрэгцээг хамаагүй багасгах юм. Машинууд хоорондоо холбогдон түгжрээ, осол зэргээс сэргийлэх чадвартай болж хүмүүс ч машин барих цагаа ажил, боловсрол гэх мэт зүйлд зарцуулах боломжтой болно.

2. СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ

Эрчим хүчний хэрэглээг багасган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх оролдлого ээлж дараалан бүтэлгүйтсээр. Аз болоход эрдэмтэн судлаачид, инженерүүд болон энтрепренерүүдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах улам хялбар бөгөөд хямд болсоор байна.

Жишээлбэл, сүүлийн жилүүдэд гарсан технологийн дэвшлийн ачаар нарны эрчим хүчний үүсгүүр 1977 онтой харьцуулахад 99.5 хувиар буурсан. Тун удахгүй нарны эрчим хүч чулуужсан түлшнээс (нүүрс) илүү өртөг багатай болох нь лавтай. Мөн салхины эрчим хүчний үнэ одоогийн байдлаар хамгийн хямд дээрээ ирсэн бөгөөд өнгөрсөн 10 жилд АНУ-д шинээр бий болсон эрчим хүчний үүсгүүрийн гуравны нэгийг эзлэж байна.

ОНЦЛОХ ЖИШЭЭ: Теслагийн гаргасан жимээр

Ирээдүйтэйгээ хөл нийлүүлэн алхдаг зарим байгууллагууд аль хэдийн үүнээс суралцан дэвшиж байна. Теслагийн хувьд өндөр хүчин чадалтай, боломжийн үнэтэй цахилгаан машиныг үйлдвэрлэж цэнэглэх цэгүүдийг ч дэлхий даяар байрлуулж байгаа аж. Тэд иргэдэд машинаа гэрээсээ цэнэглэх боломж олгож, дээврээсээ эрчим хүч цуглуулан хувийн хэрэглээгээ хангахыг санал болгож байна.

Мөн сэргээгдэх эрчим хүч байгалд хор хохиролтой бусад эрчим хүчний эх үүсвэрийг халах цаг улам ойртож байгааг харуулсан нэг жишээ бол Японд шатахуун түгээх станцаас илүү цахилгаан цэнэглэгч станцуудын тоо давсан явдал юм. Германы хувьд ч мөн адил сэргээгдэх эрчим хүчийг маш ихээр ашигладаг бөгөөд заримдаа хэрэглэдэгээсээ ч илүүг үйлдвэрлэдэг байна.

3. VR/AR

Саяхнаас л өргөн хэрэглээний комьютерүүд виртуал болон augmented reality-г төвөггүй мэдрэх хүчин чадалтай болсон билээ. Facebook, Google, Apple болон Amazon гэх мэт томоохон компаниуд VR, AR-ыг улам бодит, хэрэглэхэд хялбар, хямдхан болгохын төлөө хэдэн тэрбумаар нь хөрөнгө оруулсаар байгаа юм.

VR болон AR-ыг зөвхөн тоглоом тоглоход ашиглана гэж зарим хүмүүс андуурах нь бий. Бид түүнийг тоглоомонд хязгаарлалгүй олон зүйлд ашиглах бололцоотой ба үүний нэг жишээ нь "Iron Man" дээр гардаг шиг 3D обьектыг хүссэнээрээ хөдөлгөх юм. Эсвэл "Kingsman: Secret Service" дээрх шиг дэлхийн хаана ч байгаа хүмүүстэй нэг дор уулзахад ашиглаж болно. Хэдэн арван жилийн турш уран зөгнөлт кино фенүүдийн мөрөөдөл болсон VR болон AR нь амьдрал дээр биелэлээ олоход хэдхэн жил л дутуу байгаа юм.

4. ДРОН БА НИСДЭГ МАШИН

GPS нь анх цэрэг армийн онцгой технологи байсан хэдий ч одоо такси барих, зүг чиг зааварчлахаас авхуулаад Pokemon Go тоглоход хүртэл ашиглагдаж байна. Үүнтэй адил дронууд ч мөн цэрэг армиас гаралтай бөгөөд олон нийтийн дунд хэрэглээ нь улам л өсөн нэмэгдэж байгаа билээ.

Жишээ нь, дроныг гүүр, цахилгааны шон гэх мэт барилга байгууламжийг хянахад ашиглахын сацуу байгалын гамшигт нэрвэгдсэн газруудыг шалгах, хууль бус ан агнууртай тэмцэхэд хэрэглэж байгаа нь түүний ямар өндөр ач холбогдолтой болохыг батлаж харуулсаар байгаа билээ. Технологийн ертөнцийн гигантууд болох Amazon, Google нарын хувьд гэр ахуйн барааг тээвэрлэхийн тулд дрон үйлдвэрлэж байна.

Zipline хэмээх стартап нь дроноор дамжуулан замгүй бөглүү нутгуудад эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн тусламжийг үзүүлдэг аж. Үүнийг дагаад нисдэг машины стартапууд ч ихсээд байгаа бөгөөд үүний хоёрт нь л гэхэд Google-ын хамтран үүсгэн байгуулагч Larry Page хөрөнгө оруулжээ. Нисдэг машин нь дронтой адил технологиор хийгдэх хэдий ч хүн тээвэрлэхүйц том багтаамжтай байх юм. Материал, батерэй, програм хангамжийн салбарт гарсан дэвшлээс шалтгаалан өнөөгийн онгоц, нисдэг тэргийг бодвол хамаагүй хямд төсөр байх ажээ.

5. ХИЙМЭЛ ОЮУН

Сүүлийн жилүүдэд хүчээ авсан технологи бол яалт ч үгүй хиймэл оюун ухаан юм. Комьютер тооцооллын хүчин чадал улам нэмэгдэж, асар их хэмжээний датаг боловсруулах чадвартай болсноос шалтгаалан хиймэл оюун ухаан нь өдгөө бараг бүхий л салбарт ашиглагдах боломжтой.

Фото зургийн салбарт л гэхэд хиймэл оюун ухааны "artistic style transfer" хэмээх техникийг ашиглан сонгосон зураачийн хэв маягт хувиргаж болдог. Google өөрсдийн дата төвүүдийн эрчим хүчний системийг хянах хиймэл оюун ухааны технологийг бүтээн жил бүр хэдэн сая долларыг хэмнэж байна. Аж үйлдвэрийн хувьсгал нэг төрлийн биеийн хүчний ажлыг дахин дахин хийх шаардлагагүй болгосон бол хиймэл оюун ухаан нь нэг төрлийн оюуны ажлыг дахин дахин хийх хэрэгцээгүй болгох учиртай.

"Go Board тоглоомон дээр хүнийг ялж чадах комьютер бий болтол магадгүй 100 жил эсвэл түүнээс ч удаан хугацаа шаардлагатай"
-
Нью-Йорк Таймс сонин, 1997 он

"Go Board тоглоомны мастер Google-ын зохион бүтээсэн комьютер програмд хожигдлоо"
-
Нью-Йорк Таймс сонин, 2016 он

ОНЦЛОХ СЭДЭВ: Хиймэл оюун хүнийг ажилгүй болгох уу?

Гэхдээ зарим хүмүүс хиймэл оюун ухаан нь олон хүмүүсийн ажлыг байрыг үгүй хийнэ хэмээн эмээж байгаа нь нууц биш билээ. Өнгөрсөн түүхийг эргүүлж сөхвөл шинэ технологиуд олон ажлын байрыг халж байсан ч үргэлж шинэ ажлын байрыг бий болгож байсан юм. Хувийн комьютерууд өргөн хэрэглээ болоход бичээч нарын эрэлт огцом буурсан ч эргээд график дизайнер гэсэн шинэ мэргэжлийг бий болгосон. Мэдээж шинэ ажлын байр бий болно гэдгийг төсөөлөх одоо байгаа ажлын байрнууд халагдахыг таамаглахаас хэцүү. Өнөөдөр бидний эргэн тойронд буй апп хөгжүүлэгчид, дрон нисгэгчид болон сошиал медиа маркетеруудын тухай арван жилийн өмнө нь л гэхэд хэн ч мэддэггүй байлаа шүү дээ.

6. ХАЛААСНЫ СУПЕР КОМПЬЮТЕР

2020 он гэхэд дэлхий дээрх насанд хүрэгчдийн 80 хувь нь интернэтэд холбогдсон ухаалаг утастай болох аж. Өнөөдрийн бидний өдөр тутамд ашиглах утаснуудын нэг iPhone 6 л гэхэд 2 тэрбум хүлээн авагчтай буюу 1995 оны Intel Premium компьютертэй харьцуулахад даруй 625 дахин илүү хүчин чадалтай байгаа юм. Хэсэгхэн хугацааны өмнө зөвхөн элит бүлгийнхний авах боломжтой байсан зүйлсийг интернэтэд холбогдсон ухаалаг утас хүн бүрт өгч байна.

"Яг одоо Африкийн алслагдсан овгийн гар утастай нэг хүн л 25 жилийн өмнөх АНУ-ын ерөнхийлөгчөөс илүү харилцаа, холбооны технологийг эзэмшиж байна. Хэрвээ утаснаасаа Google орж чадаж байгаа бол 15 жилийн өмнөх АНУ-ын ерөнхийлөгчийн олж авах боломжтойгоос илүү мэдээлэл түүний гарт төвлөрч байна гэсэн үг."
- Питр Диамандайс

7. КРИПТОВАЛЮТ БА БЛОКЧЭЙН

Протоколууд нь интернэтийн ус дамжуулах хоолой л гэсэн үг юм. Өнөөдрийн бидний ашиглаж буй ихэнх протокол нь хэдэн арван жилийн өмнөх засгийн газар, академиудын бүтээгдэхүүн юм. Түүнээс хойш энэ салбарын ихэнх анхаарал сошиал сүлжээ болон мессеж апп-ууд хөгжүүлэхэд чиглэн протокол хөгжүүлэлт нэг ёсондоо зогссон аж.

Харин сүүлийн үед хүчээ ихэд авсан криптовалют болон блокчэйн технологиуд нь энэ байдлыг өөрчилж интернэт протоколуудын хувьд шинэ бизнес моделийг бий болгоод байгаа юм. Үүнийг дагаад блокчэйнд суурилсан шинэ протоколууд нь асар их хөрөнгийг өөртөө татаж байна.

Одоо ч олны ярианы гол сэдэв хэвээр байгаа криптовалютын их давлагаа бол блокчэйн технологийн ердөө л өнгөцхөн хэсэг нь, ганцхан боломж. Тоглоом дөнгөж эхэлж байна.

8. ЧАНАРТАЙ ЦАХИМ БОЛОВСРОЛ

Их сургууль, коллежийн үнэ жил ирэх тусам тэнгэрт хадаж байгаа хэдий ч ухаалаг утастай хэн бүр ямар ч сэдвийн хүрээнд үнэгүй хийгээд өдрөөс өдөрт чанаржиж буй онлайн боловсрол олгох контентийг үзэх боломжтой болжээ.

Британника хэмээх нэвтэрхий толь 1400$-ын үнэтэй байсан. Гэтэл одоо зүгээр утаснаасаа хэдхэн товч дараад л Wikipedia-г ашиглаж байна шүү дээ. Хуучин код бичиж сурахын тулд заавал сургуульд явах аль эсвэл ном худалдаж авах шаардлагатай байсан бол одоо 40 сая гаруй программистуудын нэгдэл болсон Stack Overflow ороод л хүссэн асуудлынхаа хариултыг олж чадаж байна. Youtube л гэхэд топ их сургуулиуд, багш мэргэжилтэн нарын бэлтгэсэн сая сая лекц, зааварчилсан бичлэгээр дүүрэн билээ.

Онлайн боловсролын чанар нь цаг ямагт улам хурдацтай сайжирч байгаа юм. MIT л гэхэд өнгөрсөн 15 жилийн турш 2000 гаруй хичээлийн лекц, материалуудыг бүгдийг нь бичиж хадгалж авсан аж.

9. ИЛҮҮ ТЭЖЭЭЛЛЭГ, ЧАНАРТАЙ ХООЛ ХҮНС

Зөвхөн хагас кг үхрийн мах боловсруулахын тулд бид 6809 литр усыг ашигладаг гэвэл та итгэх үү? Бидний амьдралын нөхцөл, эрүүл мэнд улам бүр сайжирч, хүн амын тоо хурдацтай өсөх хэрээр хэрэглээ ч даах хэмжээнээс давах тийш хандаж буй нь нууц биш.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр сүүлийн жилүүдэд хоол хүнсний шинэ техник, технологиуд ихээхэн бий болж байна. Энтрепренерүүд уламжлалт хоол хүнсийг орлох илүү байгалд ээлтэй, шим тэжээл ихтэй цоо шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгосоор байгаа юм. Эдгээрийн зарим нь олны дунд аюултай хэмээн бишгүй хэлмэгддэг генийн өөрчлөлтийн үр дүнд бүтээгдсэн. Pew байгууллагаас гаргасан судалгааны үр дүнд эрдэмтэн судлаачдын 88 хувь нь генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг ямар нэгэн аюулгүй хэмээн дүгнэсэн байна.

Хүнсний үйлдвэрлэлтэй холбоотой өөр нэгэн сайхан мэдээ бол тариаланг заавал гадаа хийх шаардлагагүй болсон явдал юм. Нарны эрчим хүч, мэдрэгч, гэрэл, автоматчилал, хиймэл оюун ухааны салбарт гарсан олон гайхалтай амжилтуудын үр дүнд дотор тариалан эрхлэх шинэ сонголт үүсжээ. Уламжлалт тариалантай харьцуулахад дотор тариалан эрхлэх нь даруй 10 дахин бага ус, газар ашигладаг. Цаг агаараас хамааралгүй тул жилд хэдэн ч удаа ургац авах боломжтой гэнэ шүү.

Онцлох жишээ: Impossible Foods - Боломжгүйгээс хүнс гаргах нь

Impossible Foods хэмээх стартап нь махтай адил амттай, үзэмжтэй хэдий ч яг үнэндээ ургамлаас гаргаж авсан махыг бүтээжээ. Тэдний бургер энгийн бургерээс 95 хувиар бага газар, 74 хувиар бага ус ашигладгаас гадна 87 хувиар бага хүлэмжийн хийж ялгаруулдаг аж. Бусад стартапууд ч гэсэн өргөн хэрэглээний сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэргийг орлох ургамлын хүнсэн дээр ажиллаж байна. Soylent хэмээх стартап нь инженерийн дэвшилтэт технологийг ашиглан зохион бүтээсэн орц бүхий хоол орлох бүтээгдэхүүн гаргадаг ба илүү хямд, эрүүл мэндэд сайнаас гадна байгальд хавьгүй ээлтэй ажээ.

10. АНАГААХ УХААН

Компьютер нь анагаах ухааны салбарт судалгаа, бүртгэлийн ажлаас өөр онц үүрэггүй гэж тооцдог байсан үе саяхан. Харин одоо компьютерийн хүчин чадлыг эм тариатай хослуулж салбарын томоохон нээлтүүд хийгдэж байна. 15-хан жилийн өмнө хүний геномын дарааллыг тогтоох нь 3 тэрбум долларын өртөгтэй байсан бол өдгөө 1000 доллар болтлоо буурч, цаашид ч үргэлжлэн буурах төлөвтэй байна. Ойрын ирээдүйд генийн дарааллыг тогтоох нь анагаахын шинжлэх ухааны салшгүй нэг хэсэг болох биз ээ.

Генийн дараалал тогтоосны үр дүнд гаргаж авсан асар их хэмжээний датаг янз бүрийн чадвартай програм ашиглан анализ хийж байна. Жишээлбэл, нэг програм л гэхэд хүний цусны сорьцыг ашиглан хорт хавдрын эрт илрүүлдэг аж. Магадгүй ирээдүйд хувь хүн бүрт хамгийн тохиромжтой эмчилгээний аргыг нь ч зааварчилдаг болох байх. Компьютер нь мөн аливаа өвчин эмгэгийг оношилж илрүүлэхдээ гарамгай болж байна. Саяхан л гэхэд эмч нарын илрүүлж чадаагүй маш ховор өвчинг хиймэл оюун ухааны систем 20 сая гаруй хорт хавдарын архивыг шүүн давтагдаж буй шинжүүд дээр тулгуурлан оношилсон байна.

ОНЦЛОХ ЖИШЭЭ: Open Bionics - Төгс төгөлдрийн төлөө

Open Bionics бол технологийг ашиглан хүн төрөлхтний хамгийн сул тал болох хөгжлийн бэрхшээлийг үгүй хийх зорилготой стартап. Тэд 3D принтер ашиглан хиймэл гар, хөл угсрах технологийг хөгжүүлэгч юм. Доорх бичлэгнээс та гарын дээд хэсгийн булчингаа ашиглан хиймэл гараа удирдаж буй охиныг харж болно.

Ирээдүйд хүлээх өөр нэгэн зүйл бол тархинаас машин руу шууд мэдээлэл дамжуулдаг болж эгшин зуурт бодлоороо хиймэл гар, хөлөө удирдах боломж билээ. Элон Маск хүртэл хүний дурсамжийг компьютер луу хуулах боломжийг эрэлхийлж, шинэ стартапаа эхлүүлээд удаагүй байна.

11. САНСРЫН ШИНЭ ЭРИН ҮЕ

1950-иад оноос эхлэлтэй сансрын шинжлэх ухааны ихэнх хөрөнгө оруулалт засгийн газраас орж ирдэг. Харамсалтай нь жилээс жилд энэ мөнгө багасаж байгаа бөгөөд 1960-иад NASA-ын төсөв улсын нийт төсвийн 4.5 хувийг эзэлдэг байсан бол одоо 0.5 хувь болтлоо буурсан байна.

Сайн мэдээ нь тэрхүү орон зайг хувийн сансрын компаниуд нөхөж байгаа явдал юм. Эдгээр нь пуужин хөөргөхөөс эхлүүлээд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, хиймэл дагуулын холбоо, шинээр гарч ирж буй сансрын ашигт малтмал олборлолт гэх мэт төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хамгийн амжилттай яваа нь дахин ашиглагддаг пуужингийн технологийг амжилттай туршиж, хөөргөсөн Элон Маскийн SpaceX компани билээ.

Онцлох жишээ: Planetary Resources - Шинэ баялгийн эрэлд

Planetary Resources бол астеройдоос элдэв ашиг малтмалын олборлолт хийдэг салбартаа анхдагч компани юм. Хэрвээ энэхүү олборлолтын үйл явц амжилттай болбол сансар судлалд шинэ хуудас нээж, хүн төрөлхтөний хувьд шинэ “gold rush”-ыг бий болгох нь гарцаагүй. Хэдийгээр өмнөх түүхийг эргэн харахад эдгээр нь хэтрүүлсэн олборлолтонд хүргэж болох ч нөгөө талаараа энэ чиглэлийн шинэ технологи, дэд бүтцэд асар их хөрөнгө татах юм.

29357   0


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.