Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   01 сарын 23, 2018

Апп тойм: HQ Trivia - Мэдлэгээ сориод мөнгө хож!

Бид өнөөдөр та бүхэнд сүүлийн үед ихээхэн эрэлттэй буй тоглоомын апп HQ Trivia-г танилцуулж байна. Ерөнхий мэдлэгээ сорьж, олон хүмүүстэй өрсөлдөн, мөнгө хожих боломжийг олгосон энэ апп асуулт-хариулт бүхий энгийн тоглоомыг шууд стримингтэй холбосноороо үнэлэгдэж буй. Их ажлын дундуур толгойгоо сэргээнгээ цагаа хөгжилтэй өнгөрөөж, ёндоо таарч хожчихвол шагнал хүртэх тун аятайхан боломжийг тэд танд санал болгож байна. 

Яагаад тоглох хэрэгтэй вэ?

Хэрвээ та өөрийн ерөнхий мэдлэгээ сорьж, үнэлүүлэхийг хүсэж байгаа бол гарцаагүй энэ таны тоглоом. Дэлхий даяарх жинхэнэ оролцогчидтой өрсөлдөж, жинхэнэ мөнгө хожих боломжийг алдмааргүй байгаа бол заавал татаж авч туршиж үзэх тоглоом.

HQ бол интерактив тоглоомын салбарт хувьсгал хийсэн гэж үнэлэгдэж буй апп юм. Нэгэн зэрэг олон хэрэглэгчид холбогдон мэдлэгээрээ өрсөлдөнө гэсэн үг. Уг тоглоомыг нэгэн үе интернетийн сенсаци болсон Vine-ийг үүсгэн байгуулагчид бүтээжээ. Тэд апп нь Твиттерт зарагдаж, компаниа орхисны дараа хийсэн эхний апп нь HQ Trivia бөгөөд аль хэдийн 1 сая илүү хэрэглэгчтэй болсон байна. Өдөр бүр тогтсон цагтаа буюу ажлын өдрүүдэд Улаанбаатарын цагаар өглөөний 10:00-д тоглоом эхэлдэг.

Хэрвээ та бүх асуултуудад нэг ч алдалгүй амжилттай хариулж чадвал тоглоомын шагналын сангаас хамааран мөнгө хожно. Голчлон 2000 долларын шагналын сантай уг тоглоомын эцсийн шатанд 20-30 хүн голцуу үлддэг. Та долоо хоног бүрийн, бүх цаг үеийн хамгийн их мөнгө хожсон хэрэглэгчдийн жагсаалтыг үзэх боломжтой. Одоогоор хамгийн ихдээ 2143 доллар хожсон хэрэглэгчид энэ долоо хоногийн жагсаалтыг тэргүүлж байна лээ. Зарим онцгой тохиолдолд тэд шагналын сангаа 18 мянган доллар болтол нь өсгөх нь ч бий. Өөрсдөө хэзээ нэгэн цагт 1 сая долларын тоглоом хийнэ гэж мэдэгдсэн удаа ч бий. Нэг удаагийн тоглоомд хэдэн мянган тоглогчид оролцдог гэхээр өрсөлдөөн овоо гэж ойлгож болно шүү.

ямар онцлог, давуу талтай вэ?

Энэ тоглоомын дүрэм их энгийн. Танд хөнгөнөөс хүнд хүртэл чангарах 12 асуулт тавина. Та 10 секундын дотор гурван хариултаас сонгох ёстой. Зөв таавал та дараагийн шатанд үлдэнэ. Үгүй бол хасагдана. Хамгийн сүүлд үлдсэн оролцогчид шагналын мөнгөө хуваана. Шударга бас энгийн.

Тоглоомын бас нэгэн онцлог нь хөтлөгч. Тэд тоглоомыг илүү амьд, бас илүү зугаатай болгоно. Хөтлөгч асуултаа тавьж эхлэсэн цагаас эхлэн цаг тоолдог. Тэд хариултуудыг баталгаажуулж, түүнтэй холбоотой сонин хачныг нь хуваалцан, хэдэн тоглогч үлдсэнийг зарладаг. Лав л уйдаахгүй шүү.

Дүрслэл, график шийдлүүд нь тун сайн. Тоглоомын эхлэл, төгсгөл болон асуултуудын хооронд холбоосууд цөс хөөргөөд л явчихна шүү.

Асуултууд нь их чанартай. Хэчнээн эхний асуулт нь хамгийн амархан байх ёстой юм шиг хэрнээ чамгүй бодуулж, толгой ажиллуулна. Мөн их олон төрлийн асуултуудтай. Сүүлд түүх, газарзүй, кино, хөгжим, бизнес, технологи гээд нийт 20 гаруй төрлийн категоритой болсон байна лээ. Та хүсвэл өөрийн асуултуудаа илгээж, бусдыг сорьж ч болно.

Хэрвээ та өөрийнхөө найзуудыг урьж, тэр чинь эхний тоглолтоо хийвэл илүү амь авах боломжтой. Энэ нийтлэлийг уншаад татаж авахаар шийдсэн бол referral code хэсэг дээр uundaa гэж бичвэл их баярлана шүү :)

Сүүлийн үед хамт олон, найз нөхдөөрөө сууж байгаад тоглох нь газар авсан гэнэ шүү

ямар сул талтай вэ?

Интернетийн хурд нэлээн шаардана. Хэр баргийн интернет голдог шинжтэй. Хөтлөгч нь яг л шууд холбогддог учраас хамаг датагаа үрчих аюул бас бий. Тэгэхээр үнэхээр тогломоор байвал сайн wi-fi-д холбогдохыг илүүд үзээрэй.

Асуултууд нь заримдаа хэт америкжсан нь анзаарагдав. Ялангуяа сүүлийн асуултууд дээр зөвхөн уугуул хүмүүс нь мэдэх хүндхэн асуултууд ирдэг юм билээ. 50-аад оны телевизийн одууд, нутгийн иргэдийн аялга, дотоодын улс төрийн сонин хачин гээд л таахаас өөр нөхцөлд оруулах вий.

Мөн тоглоомон дундуурх чат нь их ядаргаатай. Бараг секундэд хэдэн арван мессеж ирж, хүмүүс өөрийгөө хөтлөгчөөр нэрлүүлж, онцлуулах гэж ядна. Мөн сэтгэл хөдлөлөө харамгүй илэрхийлдэг оролцогчид ч бий. Тийм учраас таныг тоглохдоо чатыг нь алга болгохыг санал болгоё.

Бас одоогоор мөнгө хожвол PayPal-аар л авах боломжтой юм билээ.

Unread-ийн үнэлгээ

Интерактив тоглоомын асар их боломжийг нээн таниулсан энэ тоглоомонд бид 8 оноо өгч байна.

Татаж авах

21668   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.