Төгөлдөр хуурын зөөлөн эгшиг, сэтгэлд дотнохон шивнэх үгс бол тэдний нэрийн хуудас. Тэд бол Монголын амьд хөгжмийн ертөнцийн өнгийг сүүлийн арван жилийн турш тодорхойлж, олонд хүрсэн хит бүтээлүүдээрээ түүчээлж яваа хамтлаг. Уран бүтээл бүрээс нь чанар амтагдаж, дуу болгоноос нь сэтгэл мэдрэгддэг онцлог ч бас тэднийх. Үе үеийн залуусын хүсэл мөрөөдөл, итгэл тэмүүлэл, урам зоригийн охь болсон дуунуудыг тэд төрүүлэн гаргадаг. Энэ хамтлаг бол A-Sound. Шинэ дуу, шинэ тоглолт, шинэ цомгийнхоо тухай сонирхолтой яриа өрнүүлсэн энэ ярилцлагаар тэдэнтэй өөр өнцгөөс, өөр өнгөөр танилцацгаая. 

Байршил: Улаанбаатар, Монгол
Байгуулагдсан он: 2006
Бүрэлдэхүүн: Ц.Тэмүүлэн /дуучин/, Т.Пүрэвсүх /төгөлдөр хуур болон даралтат хөгжим/, Д.Мөнхболд /аргил гитар/, Ю.Батпүрэв /бөмбөр/, Б.Чойжилсүрэн /гитар/
Та бүхний ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Тасралтгүй эрэл хайгуул
Сошиал хуудсууд: A-Sound /фэйсбүүк/

Зүүн гар талаас: Б.Чойжилсүрэн, Т.Пүрэвсүх, Ц.Тэмүүлэн, Д.Мөнхболд

ТА БҮХНИЙ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ? Уран бүтээлийн гол зарчим юу вэ?

Т.Пүрэвсүх: Манай хамтлагийн Тэмүүлэн, Мөнхболд 2 маань дууны үг болон аяа зохиодог юм. Бусад нь нийлж ерөнхий хөгжмийн найруулга дээр ажилладаг. Ер нь бол аялгуун дээр, аль хөгжмийг, ямар дуугаралтыг сонгох вэ гэдэг дээр нэлээн их анхаарлаа хандуулж, хугацаа авдаг юм шиг санагддаг. Их харьцуулалт хийдэг.

Бид өмнө хийж байснаасаа эсвэл тогтсон арга барилаас өөр ондоо ая, дуугаралтыг хэрхэн гаргах вэ гэдэг дээр их ажиллана. Жижиг ч хамаагүй шинэчлэлийг хөгжим бүртээ шингээхийг хүсдэг. Яадаг ч байсан өмнөхөөсөө шат ахьсан л байх ёстой. A-Sound гэдэг нэр маань хүртэл ийм л учиртай. А буюу хамгийн эхний үсгийг сонгож, хамгийн сайн, шилдэг аялгууг бүтээнэ гэсэн утга агуулдаг.

Ц.Тэмүүлэн:
Уран бүтээлийн хувьд бид хүмүүст сайн чанартай хөгжим хүргэхээс гадна өөрсдөдөө таалагдсан, өөрсдийн сэтгэл зүрхэнд хүрсэн дууг хийхийг эрхэмлэдэг. Хөгжмөөрөө, дуугаараа илэрхийлэхийг хүсэж байгаа зүйлсээ үнэхээр гаргаж байгаа эсэх л бидний хувьд чухал. Анхны цомог дээрээ бол бид асар их оролдлогын дараагаар их олон өнгө төрхийг агуулсан дуунуудыг гаргаж байлаа. Тэр үед яг ийм чиглэлээр цааш явна гэсэн гарц байгаагүй байх. Харин цаг хугацааны туршид хамтлагийн ажилдаа, эсвэл бусад төслүүд дээр ажиллаж байх үедээ илүү чадваржиж, туршлагажин, өөрсдийн чиглэлээ тодорхойлж байна.

Т.П: Манай хамтлагийнхан бүгд тус тусдаа хөгжимтэй холбоотой олон төслүүд дээр ажилладаг онцлогтой. Тэмүүлэн маань өөрөө бүх хөгжмөө найруулж, аялгууг нь зохиогоод цомог гаргасан. Мөнхболд маань жүжиг, киноны хөгжим дээр ажиллаж байна. Чойжоо ч гэсэн бие даасан 2 цомогтой, өөрийн өнгө төрхөөрөө ялгарсан бүтээлүүд бусад артистуудтай хамтран гаргадаг. Би хувьдаа мөн "Арга билэг" хамтлагтай ажиллаж, жазз, сонгодог гээд өөр өөр жанрын хөгжим дээр уран бүтээл тууриваад явж байна. Энэ бүх туршлагууд нийлж л A-Sound-ийг бүтээж байна даа.

хамгийн их ашигладаг аппликэйшн, програм, ажлын хэрэгслээсээ нэрлэнэ үү?

Д.Мөнхболд: Apple-ийн Logic, Cubase гэсэн програмууд дээр хөгжмийн найруулга болон бичлэгээ хийдэг. Дэлхийд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа цөөхөн хэдэн програмуудын нэг л дээ. Хар зургаа гаргах, өөрсдийн зохиосон дуугаа бусад хамтарч байгаа хүмүүстээ танилцуулж, хамтарч ажиллахад их тохиромжтой.

Ц.Т: Сошиал хуудсуудаас Фэйсбүүкийг л их хэрэглэж байна. Олон нийттэй харьцаж, мэдээлэл түгээхээс гадна хамтлаг дотроо мэдээлэл солилцохдоо хэрэглэнэ. Youtube, iMusic-ийг их ашиглана. Мөн Voice Recorder их ашигладаг. Манайхнаас Чойжоо л Инстаграм их идэвхтэй хэрэглэдэг байх.

ажлын өрөө, бэлтгэлийн байраа дүрсэлнэ үү?

хамгийн гаргууд сайн хийдэг зүйлс тань юу вэ? ГИШҮҮН ТУС БҮР ХӨГЖМИЙН ҮҮРЭГ РОЛИОС ГАДНА ЯМАР АЖЛУУДЫГ ХАРИУЦДАГ ВЭ?

Т.П: Хамтлаг доторх шийдвэр гаргалтуудаа бол бөөнөөрөө ярилцаж, хэлэлцэж л хийдэг. Мэдээж ахлагчийн үүрэг чухал. Гэхдээ ихэнх зүйл дээр багаараа сууж, ажлаа хуваарилж аваад хийдэг юм. Бид өөр өөрсдийнхөө хийж байгаа зүйл дээрээ л хамгийн сайн нь байхыг хичээж, өөрсдийгөө хөгжүүлж явна даа.

цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Т.П: Утсаар ярих, сошиалаар харьцаад ажлуудаа явуулах л хамгийн их цаг хэмнэж байх шиг байна. Тэрнээс хурдан шийдэл байхгүй л байх шиг байна. Мэдээж хийдэг ажил маань аудио контент бүтээх учраас замдаа явах ч юм уу хүн хүлээж байхдаа байнга уран бүтээлийн эрэл хайгуул хийж байдаг.

Ц.Т:
Гэнэт орж ирсэн санаа, аялгуунуудаа гар утасныхаа Voice Recorder ашиглаад, аль болох хурдан барьж бичиж авдаг шүү.

хийх ажлын жагсаалтаа хэн, юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Д.М: Бичиг цаастай холбоотой гол ажлуудыг манай Пүрэвсүх хариуцдаг. Фэйсбүүкийн дундын чат дээрээ мэдээллээ хуваалцдаг. Хийж байгаа зүйлсээ, санаануудаа ч тэнд ярилцана. Хамтлагийн жилийн төлөвлөгөө бол харин цаасан самбар дээр ерөнхий, том зургаараа гарчихсан байдаг юм.

хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Б.Ч: Урлагийн салбарт байх нь өөрөө их гоё л доо. Өөрсдөө ч таашаал авна, хүмүүст ч баяр баясгалан бэлэглэнэ. Нэг гэм нь, баяр наадмуудаар өөрсдөө баярлах боломж олддоггүй нь л юм даа. Ид баярын үеэр ажиллаад л явж байдаг. Мөн зах зээл багатай нь бэрхшээл болдог. Өөр зах зээл хөгжсөн улсад биш юм аа гэхэд ядаж хүн ам 10-15 сая байсан бол уран бүтээлийн чанар, цензур ч огт өөр түвшинд байх байсан гэж боддог юм.

Д.М: Бид бусад ажил мэргэжлийн хүмүүсээс арай өөр амьдралын хэв маягтай. Заримдаа ажлын цаг арай урт ч юм шиг санагддаг шүү. Бичлэгтэй үед үүр цайтал суух нь энгийн үзэгдэл. Тоглолтууд ихэвчлэн шөнө, орой л дуусдаг.

та бүхэн яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Т.П: Бид 2-р сарын 14-нд уламжлал болгон зохион байгуулдаг тоглолтынхоо бэлтгэл ажилд орчихсон байна. 8 дахь удаагаа хийх гэж байгаа тоглолтын маань онцлог нь дан өөрсдийн дуугаа дуулах нь гэж хэлж болно. Шинэ уран бүтээлүүдээсээ хүргэнэ. Мөн зөвхөн тайзан дээр гарч тоглохоос гадна тоглолтоо хүмүүст илүү шинэлэг байдлаар төлөвлөх, хүмүүст хүргэх, шинэ хэв маяг, уур амьсгалыг бүрдүүлэх тал дээр нэлээн анхаарч, олон ажил зэрэгцүүлээд л явж байна. Тиймээс ч тоглолтын зохион байгуулалтыг Монгол Контентийн залууст даатган хамтран ажиллаж байгаа. Энэ нь бидэнд зөвхөн зөвхөн уран бүтээлээ чанартай хүргэхэд гол анхаарлаа хандуулах боломжийг илүүтэй олгож байна.

Энэ жилдээ ямар ч байсан шинэ цомог гаргана гээд төлөвлөчихсөн байгаа шүү /инээв/

та бүхэн ямар хөгжим сонсдог вэ? Хамгийн дуртай а-sound-ийн дуу?

Б.Ч: Тал талаас гоё гэсэн дуунуудаа цуглуулаад л сонсчихдог. Сүүлийн үед Япон дуунууд их сонсож байна. Миний хувьд A-Sound-ийн дуунуудаас "Нуугдах салхи"-ийг нэрлэе.

Д.М: Намайг амьд хөгжимд дуртай болгосон, гол хамтлаг маань Oasis. Өөрсдийн дуунуудаасаа Sometimes I Get-ийг онцолъё. Хүмүүс нэг их мэддэггүй байж мэднэ, төдийлэн тоглох боломж олдоод байдаггүй л юм.

Ц.Т: Би илүү классик юманд дуртай хүн. Шинэ гэхээсээ илүү явж байгаад л хуучин, классик дуунууд руу оччихсон байдаг юм. Гитар тоглож сурч байхад хамгийн их нөлөөлсөн хамтлагууд бол Radiohead, Coldplay, Keane. Эдгээр хамтлагууд л намайг амьд хөгжимд уруу татсан, дуртай болгосон. Хамтлагийхаа дуунуудаас бас л Sometimes I Get-ийг нэрлэе дээ. Яг тайзан дээр бол "30 жил хамт байхсан"-ийг тоглох дуртай.

Т.П: Бид үргэлж л шинийг эрэлхийлж, янз бүрийн л хөгжим туршиж, сонсож байдаг. Гэхдээ зарим үед зүгээр л гоё хөгжим сонсоё гэвэл Оросын хөгжмийн зохиолч Александр Скрябины хөгжмийг тавьчихдаг юм. Хамтлагийнхаа дуунуудаас Hey There-д хамгийн дуртай.

Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Т.П: Би хамтлагийнхаа ажлаас гадуур 4Goodness гэж хөгжмийн сургууль ажиллуулдаг юм. Тийм учраас ихэвчлэн мэргэжилтэйгээ холбоотой онолын номууд л уншиж байна. Уран зохиолоос гэвэл "Очир огтлогч"-ийг сүүлд уншсан.

Б.Ч: Ном бараг дуустал нь уншиж байгаагүй байж мэднэ. Ихэнхдээ таллаад л байдаг юм. Одоо бол "Зүүд бол цорын ганц бодит зүйл"-ийг эхлүүлчихсэн явж байна даа.

Ц.Т: Нэг их ном уншаад байдаггүй л дээ. Сүүлийн үед харин хүүхдийн ном л уншдаг болоод байгаа. Бяцхан Мүүк гэж үлгэр уншсан юм байна шүү /инээмсэглэв/

Д.М: Хамгийн сүүлд Б.Лхагвасүрэн гуайн шүлгийн цуглуулга "Зовсон сүү"-г уншсан. Их хүчтэй мэдрэмжүүдийг авсан шүү.

та бүхэн хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Т.П: Би л хамгийн эртэч нь байх. Өглөө 7:30 гээд л босчихдог.

Б.Ч: Би харин өглөө 7:30 гэхэд ямар ч байсан сэрүүн байж чадна шүү. /инээлдэв/

Та бүхнийг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Ц.Т: Бөөнөөрөө ойрхон кофе шопд л сууж байхаар олно байх даа. Хамтлагаараа цуглахаараа кофе уугаад л, буу халж суух дуртай. Бид бас хөлбөмбөгт их дуртай. Амралтын өдөр бол хөлбөмбөг үзээд л хэвтчихнэ. Бүр "Баянбүрд FC" гээд хөлбөмбөгийн баг бий. Урлагийн салбарынхны хооронд болсон тэмцээнд ороод түрүүлж байлаа.

та бүхэн хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Т.П: Хийж байгаа уран бүтээл маань ямар сэтгэгдэл төрүүлж, ямар мэдрэмж мэдрүүлж байна гэдгээс их эрч хүч авдаг.

Д.М
: Зүгээр л эргэн тойрноо ажиглахад өрнөж байгаа энгийн үйл явдлууд л их санаа өгдөг. Уран бүтээлийнхээ хэд хэдэн санааг түгжрээн дунд зам дагуух энгийн харилцаанаас олж байсан юм байна шүү.

Б.Ч: Би урам зориг гэдэг зүйлийг энд тэндээс хайгаад байдаггүй, хайхыг хүсдэггүй. Өөрийнхөө мэдрэмжиндээ найдаж, итгэдэг учраас тухайн үеийнхээ нөхцөл байдалд тааруулан уран бүтээлээ туурвидаг.

Ц.Т: Шинэ дууны санаа их сонин сонин байдлаар орж ирдэг юм. Зүгээр л гитараа бариад ганц нэг ая оролдож байхад санаа төрнө. Гоё часхийсэн кино үзээд урам зориг авна. Зүүдэндээ хүртэл дуу бичиж байлаа. "Бүжигчин" гээд дуугаа зүүдэлж байхдаа зүүдэндээ зохиосон. Хүн ихэнх зүүдээ өглөө сэрээд л мартчихдаг бол би яагаад ч юм тэгээгүй. Шууд босоод л, нөгөө өрөө лүүгээ ороод утсан дээрээ бичиж авч байсан санагдана.

танай хамтлагт өгч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Д.М: Зөвлөгөө гэхээс илүү бидний карьерт хамгийн хүчтэй нөлөөлсөн үйл явдлыг онцлох нь тохиромжтой байх. Анхны дуугаа гаргаж, тэр маань хүмүүст овоо хүрсэн нь л биднийг хамтлаг болоод цаашаа явж болох нь гэсэн итгэлийг төрүүлсэн. Үнэндээ бид анх нийлэхдээ дуу хийе гэсэн огт бодолгүй байсан юм. Хамтарч бар, цэнгээний газруудаар л тоглочихъё, жаахан мөнгө хийе, амьдралаа залгуулъя л гэсэн зорилготой байсан. Яг тэр үед санамсаргүй тохиолдлоор хэдэн хүмүүс кино хийж байгаа, киноны дуу хэрэгтэй байна гэхэд нь бичлэгэнд орсон юм. Хэдий тэр кино нь бүтэлгүйтэж, олон нийтэд цацагдаагүй ч бид чанартай бичлэгтэй дуутайгаа хоцорсон. Түүнийгээ ФМ-д өгчихсөн нь их сайн хүмүүст хүрсэн. Автобусанд явж байхад ФМ-ээр бидний дуу цацагдаж, хүмүүс тэрийг нь амандаа аялахыг харах ямар мэдрэмж гэж бодож байна? Яг л кинон дээр гардаг шиг хөөрч, догдолж, баярлаж байлаа. Энэ бүхэн л биднийг цаашаа явах хүчийг өгсөн гэж боддог доо.

Т.П: Тэр дуу нь "Шал Дэмий" шүү дээ. /инээмсэглэв/

залуу Хамтлагуудад хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Д.М: Уран бүтээлээ тууштай хийхэд золиос гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна. Авьяастай, чадвартай залуус их гарч ирж байна. Гоё дуутай хамтлагууд ч их байна. Гэхдээ цойлж, цоорч гарч ирэхгүй байгаагийн шалтгаан ерөөс энэ л байх гэж боддог. Ихэнх залуу хамтлагууд маань уран бүтээлдээ 100 хувь анхаарал хандуулдаггүй, зав чөлөөгөөрөө л тоглоод байдаг юм шиг. Зөв буруу гэж шүүхэд хэцүү байх, бодит нөхцөл байдал төвөгтэй байгаа нь үнэн. Гэхдээ тууштай, золиос гаргахгүйгээр дараагийн юмыг ярих хэцүү л байх.

Бид ч гэсэн асар их золиос гаргаж, энэ бүхэн л бидний чин шугам мөн юм байна гэж итгээд л явж байна. Тэмүүлэн маань л гэхэд сургуулиа завсарлаад л хамтлаг дээрээ ирж байлаа.

Т.П: Хамтлагийн хамгийн хэцүү нь өөр өөр үзэл бодолтой хүмүүсийг нэг дор удаан хугацаанд нэг зорилгын төлөө нэгтгэх шүү дээ. Тохироо нь бүрдэхгүй байх шиг байна. Сахилга бат их чухал байдаг юм шиг санагддаг шүү.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Т.П: Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийг санал болгоё. Сонирхолтой санагдаад байдаг юм.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.