Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   01 сарын 15, 2018

Онцлох бизнес: Chinggis Chess Club - Ирээдүйн аваргуудыг бэлдэнэ

Шинэ оны эхэнд шатрын шинэхэн клуб үүд хаалгаа нээгээд байна. 2014 онд АНУ-д байгуулагдаж байсан "Чингис" шатрын клуб Улаанбаатар хотноо албан ёсоор нээгдэж байгаа нь энэ юм. Ирээдүйн дэлхийн аваргыг бэлдэх том зорилготой тус клуб шатрын сургалт ба VIP Lounge гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж. Ингээд оюуны спортын "хаан" шатрыг Монголдоо хурдацтай хөгжүүлэхээр зүтгэж яваа тус клубийн үүсгэн байгуулагч Б.Баяраатай ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: "Чингис" шатрын клуб
Хаяг: River Garden 314 - 105
Үйл ажиллагааны чиглэл: Шатрын сургалт, клуб
Үүсгэн байгуулагдсан: 2014 он
Үүсгэн байгуулагч: Б.Баяраа
Ажилтны тоо: 5
Фэйсбүүк: Chinggis Chess Club

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХЭРХЭН ОЛСОН БЭ?

Би 1996 онд Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийг шатрын багш мэргэжлээр төгсөөд түүнээс хойш олон жил гадаадад ажиллаж амьдарсан хүн. Солонгос, Англи, Америкт байлаа. Миний хүү шатар тоглож эхэлснээс үүдэн шатрын ертөнцөд эргээд идэвхтэй байх болсон. Хүү маань АНУ-д байхдаа 4 удаа АНУ-ын аварга болсон юм. Улмаар тэнд хийдэг бизнес маань амжилттай явж байсан тул би 2014 онд "Чингис" шатрын клубийг үүсгэн байгуулж, өөрийн зардлаар өндөр зэрэглэлийн гурван ч тэмцээн зохиосон. Тамирчдын дундаж рейтинг нь 2500 байсан гэхээр тун чансаатай тэмцээнүүд байсан гэсэн үг. "Чингис" хэмээх өндөр хүндэтгэлт нэрээр нэрлэсэн клубээс зохион байгуулж буй учир энэ нэрийг, улсынхаа нэрийг бодох хэрэгтэй. Тэмцээнд манай их мастер Ц.Батчулуун, олон улсын мастер О.Ганболд, Ц.Энхбат зэрэг шатарчид, мөн олон улсын өндөр чансаатай мастерууд оролцож байлаа. Дэлхийн өсвөрийн аварга, 15 насандаа их мастер болсон Жерффри Шионг бас ирж тоглож байсан.

Ингээд өнгөрсөн жил Монголдоо эргэн ирж, тэнд байгуулсан клубээ Монголдоо шилжүүлэн Монголын шатарчдыг шинэ түвшинд гарахад тусалъя гэж шийдсэн дээ.

САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Клуб байгуулахад хөрөнгө мөнгө мэдээж багагүй орно. Одоогийн энэ байраа хямдралтай, бага хүүтэй зээлээр худалдаж авахад Номингийн Энхбаяр захирал, Хүрэлхүү захирал зэрэг хүмүүс үнэтэй туслалцаа үзүүлснийг энэ далимд дурдмаар байна. Шатарчид маань ч их дэмжиж байна.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Хэд хэдэн зүйлийг хэлж болно.
Нэн түрүүнд олон жилийн туршлага. Би олон орны хүүхдүүдтэй ажиллаж үзсэн, орон орны сургалтын системтэй танилцсан. Шатрын клубийн хамгийн гол зүйл бол мэдээж сургалтын систем. Хүүхэдтэй ажиллах арга барил гэдэг нэн чухал. Статистикч аав маань нэг удаа хэлж байсан юм: "Бага ангийн багш нарын хүүхдүүд хичээл ном, ажил амьдралдаа амжилт үзүүлэх нь их байдаг" гэж. Ухаан нь хүүхдүүдтэй харилцаж сурсан хүмүүс л тэдний өсөлт хөгжилтөд томоохон нөлөө үзүүлдэг байна. Тэгэхээр энэ тал дээр манайх сайн гэж итгэлтэй хэлж чадна.

Мөн багш нар, гадаад харилцаагаа дурдах ёстой. Монголын номер нэг шатарчин Ц.Батчулуун манайд багшаар ажиллаж байна. Өнгөрсөн намар Гүржийн их мастер Изориа ирж хичээл зааж байлаа. Ер нь гадаадын сайн багш нарыг байнга ирүүлэх тал дээр анхаарч явах юм.

За тэгээд зай талбай, орчны хувьд саруулхан, тохилог байлгах талаас нь ихэд анхаарч байна.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Надад 25 жилийн төлөвлөгөө байна. 25 жилийн дараа монгол хүн шатрын дэлхийн аварга болоосой гэж мөрөөддөг, энэ мөрөөдлөө бодит биелэл болгохын төлөө явна. Ер нь том мөрөөдөх дуртай хүн.

Үүнд хүрэхийн тулд шат дараатай алхмуудыг хийх ёстой. Эхний алхам болоох клубээ байгуулчихлаа. Одоо клубээ шилдэг тамирчидтай, Монголын шилдэг клуб болгохын төлөө ажиллана. Өөр бодсон санасан зүйлс ч их байгаа шүү.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Багийн тоглолт гэж хэлнэ. Шатар хэдий ганцаарчилсан спорт мэт боловч тамирчид өсөж дэвжихэд багийн тоглолт хэрэгтэй байдаг. Олон хүний хамтын ажиллагааны дүнд л амжилт ирнэ. Манай клубийн хувьд миний эхнэр намайг маш их ойлгож дэмждэг. Бас дүү маань манай менежрээр сайн ажиллаж байна. Бас шатрын хүрээллийнхэн ч дэмжиж байгаа.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бид энэ сард нээлтээ хийгээд, эхний хүүхдүүдээ бүртгэн сургалтаа эхлүүлээд явж байна. Хүүхдүүд, дүү нараа оюуны энэ гайхалтай спортоор хичээллүүлж, сэтгэлгээг нь задалъя гэвэл та бүхэн манайд хандаарай.

Мөн бид байрныхаа тохижилтыг үргэлжлүүлэн хийж байна. Бид дээд давхраа VIP Lounge болгох юм. Топ тамирчид, шатарчид сонирхогчид ирж амарч тухлангаа шатар нүүх орчныг бүрдүүлнэ. Энэ Lounge маань гишүүнчлэлтэй байх юм.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

CPS буюу Coach (дасгалжуулагч), Parents (эцэг эх), Students (сурагчид) гэж ярьдаг. Энэ бол шатрын сургалтын системийн тулгын гурван чулуу. Энэ гурван тоглогч хоорондоо нягт холбоотой, ойлголцолтой байж хүүхдүүд амжилтад хүрнэ. Ингэж системтэйгээр хүүхдүүдэд бэлдэхэд бид анхаарна.

Миний хувьд мэргэжлээрээ ажиллах шиг сайхан юм байдаггүйг сүүлийн үед ойлгож байна. Үр хүүхэд, найз нөхөд гээд олон зүйлээрээ би шатартай холбогдсон. Хүний нутагт 15 жил үр бүтээлтэй ажиллаад эх орондоо ирж, хүүхдүүдийн хүмүүжилд том нөлөө үзүүлж чадах ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байгаа.

Мэдээж шинэ ажил эхлүүлэхэд асуудлууд гарна. Гэхдээ асуудал бэрхшээлээс ухарна гэж байхгүй. Бэрхшээл бол давахын тулд л байдаг биз дээ.

Тус клубийн лого нь нас хүйс, гарал угсаа, арьс өнгө харгалзахгүй дэлхийн тавцанд өрсөлдье гэсэн утгатай аж.

ТА ШАТРНЫ АНХАН ШАТНЫ СОНИРХОГЧДОД НЭГ ЗӨВЛӨГӨӨ ХЭЛНЭ ҮҮ?

Системтэйгээр л ур чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй гэж зөвлөе. Багшаа зөв сонгохоос эхэлнэ. Олон хүнтэй, олон багштай уулзаж ярилцаж байгаад сонгох нь зүйтэй.

30575   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.