Би хэрхэн ажилладаг вэ?   01 сарын 10, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - "Х Түц" продакшны жүжигчин, "Яг түүн шиг" шоуны ялагч Төрбатын Бархүү

Өнгөрсөн жил хамгийн их дуулиан шуугиан дагуулсан уран бүтээлчдийн нэг бол яахын аргагүй жүжигчин Т.Бархүү билээ. Боловсрол ТВ-ийн “Яг түүн шиг” шоунд оролцон ямар чансаатай жүжигчин болохоо харуулж, басхүү өөрийгөө цоо шинээр нээн, дуучин гэдгээ монголчуудад таниулсан түүнийг бид, "Солиот эх" кино нь ид олны хүртээл болж буй энэ цаг мөчид ярилцлагадаа урьсан юм. Тэрээр СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөн, "Х Түц" продакшнд 2004 оноос хойш жүжигчнээр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд олон арван шоу тоглолт, 10 гаруй уран сайхны кинонд гол дүр бүтээжээ. Бид энэхүү ярилцлагаа эрч хүч, эерэг энерги цацруулсан зочныхоо гэрээс, хэдийн олны хайрыг татаад буй Сүндари охиныг нь өхөөрдөн байж бэлтгэлээ.

Байршил: Монгол, Улаанбаатар
Албан тушаал: "X Түц" продакшны гишүүн, жүжигчин, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бэлтгэлтэй, хариуцлагатай
Хэрэглэдэг гар утас: Samsung S8
Хэрэглэдэг компьютер: Sony Vaio
Сошиал хуудас: Turbat Barhuu (фэйсбүүк)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Миний уран бүтээл, амьдралдаа үргэлж эрхэмлэн санаж явдаг нэг үг байдаг. "Авьяас гэдэг бол сэтгэлийн эмзэглэл юм" гэж миний багш, доктор, профессор, найруулагч С.Сугар оюутан байхад хэлж байсан юм. Тухайн үед нэг их анзаарч, ухаж ойлгоогүй санагддаг. Харин ажил дээр гарч жил жилээр туршлагажих тусмаа энэ үгийн үнэ цэнийг улам бүр ойлгож ирж байна. Зорьсон уран бүтээлдээ чин сэтгээлээсээ хандаж, түүндээ бүх зүрх сэтгэлээ зориулан, цаг тутам бодож амьсгалж чадвал эцсийн эцэст үр дүнд хүрнэ гэсэн санаа байж.

Би ямар ч ажилд бүхнээ дайчлан бэлддэг. Нэг үе манай хамтлагт үе тэнгийн олон залуу жүжигчин байсан болохоор өрсөлдөөн ширүүн байсан. Тэр үед дүрийнхээ талаар оройдоо их бодож, ямар үг хэлбэл, яаж яривал хүмүүсийг илүү инээлгэх вэ гэдгийг олон хувилбараар бичиж буулган бэлддэг байсан. Хүмүүсийг инээлгэнэ гэдэг амархан ажил биш.

Бэлтгэл их хийсэн бол тэр нь мэдэгддэг, ямар ч гэсэн сайн үр дүн авчирдаг. Тэгэхээр бэлтгэл сайтай байх, илүү хөдөлмөрлөх ёстой гэдэг үзлээр ажилдаа ханддаг гэж хэлж болно.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Фэйсбүүкээр үнэхээр их ажил амжуулж байна. Сөрөг талууд мэдээж бий ч зохистой хэрэглэж чадвал цаг хугацааг хэмнээд байх шиг. Реклам сурталчилгааны зардлаас ч овоо нугалчихна. Мэдээж имэйл, Chrome-ийг хэрэглэнэ.

Сүүлийн үеийн утаснуудын Voice Recorder сайн хөгжсөн байна. Заримдаа завгүй үедээ реклам, шторкон дээр гарсан алдаа мэтийг утсан дээрээсээ бичлэг хийгээд засаад явуулахад телевизийн шаардлагыг хангачих нь бий.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Сайн баг бүрдүүлж, ажлуудаа хуваарилах нь ихээхэн цаг хэмнэдэг. Өмнө нь бол өөрөө л бүх ажлаа хийх гэж үздэг байлаа. Уран бүтээлээ хийгээд, сахиж суугаад хийлгэсэн рекламаа өөрийн биеэр телевиз дээр аваачиж өгөөд л, тэгснээ нэг газар очиж данс санхүүгээ тулгаад ч байх шиг. Одоо бол хүмүүст хийж чаддаг ажлыг нь даалгаж, багаар ажиллахыг илүүд үздэг болсон. Олон хүний санаа нэг хүнийхээс илүү учир цаг хэмнэнэ. "X Tүц"-ийн маань амжилттай яваагийн нэг шалтгаан нь сайн баг бүрдүүлж чадсаных гэж боддог. Туршлага мэдлэгээс илүүтэй сэтгэлтэй, зөв хүмүүсийг багтаа авах нь чухал байх.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Дэвтэр дээрээ хөтөлдөг. Энэ дэвтэрт "X Түц"-тэй холбоотой хийж байсан, хийж байгаа, хийх гэж байгаа бүх ажлуудыг дэлгэрэнгүй буулгасан байгаа. Тайзан дээр, дэлгэцэн дээр хэлж байгаа текст болгоноо, кино, жүжиг, хошин урлагийн тоглолтын номер бүрээ ангилчихсан хадгалж явдаг.

Хамгийн сүүлд "Яг түүн шиг" шоунд оролцох үедээ дуулсан дуунуудын үг бас бий. Яг энэ буланд суугаад үүр цайтал бэлддэг байлаа. Гурвуулаа бэлдэж байгаад эхлээд охин унтана, дараа нь хэсэг суугаад Одноо унтана. Тэгээд өөрөө чихэвчээрээ дуугаа сонсож, дуучны хэллэг, үгсийн өргөлт зэргийг алдалгүй дууриах гэж ихэд мэрийдэг байлаа. Хүн аливаа юманд сэтгэл зүрхээ бүрэн зориулж, хөдөлмөрлөж чадах юм бол үр дүнд хүрч чаддагийг энэ шоунаас үнэхээр мэдэрсэн шүү.

Ойр зуурын жижиг сажиг зүйлсээ бол харин гар утасныхаа Word дээр хадгалчихдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Ажлын ч бай, ар гэрийн ч бай, ямар нэг ажил хариуцаж авсан бол, түүндээ хариуцлагатай хандах гэж хичээдгээ дурдчихвал яадаг бол. Манай хамтлагийнхан зарим нэг түвэгтэй ажлыг "Бараад хариуцуулчихвал амар" гээд тоглоом шоглоом хийдэг юм.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Жүжигчин хүн гэдэг үргэлж суралцаж хөгжиж байдаг, хэзээ ч сурч дуусдаггүй онцлогтой. Төгс жүжигчин гэж энэ дэлхийн хаана ч байдаггүй гэдэг. Зарим мэргэжлийг бол бүрэн эзэмшиж болдог шүү дээ. Харин жүжигчний мэргэжил түүнтэй адилгүй. Нөгөө талаар бусад бүх мэргэжлийг эзэмшиж, дүрд нь орж тоглох боломж олддог нь мэргэжлийн маань давуу тал. Цагдаа, жолооч, эмч гээд л ямар ч хүний дүрийг бүтээж болно. Тийм л учраас жүжигчин хүнийг хүн судлаач байдаг гэж ярьдаг байх.

Мөн урлагийн хүн байнга олны хараанд байдаг учраас хариуцлагатай байх хэрэгтэй. Манай гэр бүл тэр чигээрээ урлагийнхан шүү дээ. Том охин маань, нөхөр нь бас жүжигчин. Олон хүн биднийг харж байгаа, магадгүй үлгэр дууриал авч байгаа гэдгийг ухамсарлаж, биеэ зөв авч явах ёстой. Урлагийн буян бидэнд харамгүй заяасан. Олон түмний энэ л хайрыг дааж авч явж чадвал дэндүү сайхан.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Оны өмнөхөн бид "Солиот Эх" уран сайхны киногоо нээж, үзэгчдэд хүргэлээ. Үзэгчдээс олон эерэг сэтгэгдэл хүлээн авч байгаадаа баяртай байгаа. Одоо хөдөө орон нутаг, гадаадад буй монголчуудад хэрхэн хүргэх вэ гэдэг дээр анхаарч, судалгаа хийж байна. Мөн гадагшаа фестиваль, наадмуудад оролцох боломжийг эрэлхийлж байгаа.

Одноо бид хоёрын зохиолыг нь бичиж, Одноогийн найруулагчаар нь ажилласан "Алтан Өндөг" гэдэг киноны зураг авалтын дараах ажлыг мөн эхлүүлчихсэн явж байна. Үүнийгээ ч мөн фестивалиудад сойх бодолтой. "Солиот эх"-ээс тэс өөр, адал явдалт, инээдмийн төрлийн энэ кино хавар нээлтээ хийнэ. Үүний өмнө цагаан сарын баярт зориулсан теле-жүжгийн ажил бас хүлээгдэж байгаа.

Бодсон санасан зүйлс их байна. Ойрын үед дэлгэцийн уран бүтээлдээ илүү анхаарах төлөвлөгөөтэй байгаа. Тайзны уран бүтээлийн хувьд бол арай өөр, дэвшсэн зүйл хийхийг эрэлхийлж байна. Дараагийн шоу маань өмнөхөөсөө илүү дэвшилтэт, шинэлэг байх болно.

Өмнөх ихэнх уран бүтээлүүд дээрээ сайхан залуугийн дүрийг бүтээж, бүсгүйчүүдийн сэтгэлийг татдаг байсан тэр "Солиот эх" кинонд хүйтэн цэвдэг, эрэмдэг залуугийн дүрд чадварлаг хувирч, тэс өөр Бархүүг харуулжээ.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Би уянгын хөгжимд дуртай юм билээ. Ер нь уянгын талдаа хүн юм уу даа. Харангын Лхагваа, Ариунаа, Сараа, Баярцэцэг зэрэг дуучдын дуунуудад дуртай. 10 жилдээ бол Backstreet Boys, Spice Girls-ийг сонсож өссөн. Aerosmith-ийг агуу хамтлаг гэж боддог, С.Тэйлорыг шүтдэг. "Яг түүн шиг"-ийн эцсийн шатанд дуулах боломж олдсонд их олзуурхсан шүү.

Би зохиолоороо, жүжиглэлтээрээ, ер нь бүх л зүйлээрээ дэлхийн стандартад хүрсэн мюзикл хийхийг олон жил мөрөөдсөн юм. Тийм ч учраас гадаадын мюзиклийн дуунуудыг сонсох дуртай. La La Land-ийн төгсгөлийн үзэгдлийн дуу, The Phantom of Opera-ийн гол дүрийн залуугийн гоцлол дуу бол үнэхээр гайхалтай. "Яг түүн шиг" шоунд орсноос хойш энэ мөрөөдөл маань улам дэвэрсэн. Дараагийн 2-3 жилдээ багтаад дэлгэцийн мюзикл бүтээл хийхийг зорино доо.

Сонирхуулахад, энэ жил хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун ахтайгаа хамтран ажиллахаар болж, бие даасан цомог гаргахаар зэхэж байгаа. Т.Ариунаа эгчтэй уран бүтээл хийж байгаа мэдээг бас дуулгая.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Сүүлийн үед жүжигчний уран чадварын мэргэжил, тайзан дээр биеэ авч явах гэсэн сэдэвтэй номуудыг нэлээн судалж байгаа. Онол тал руугаа гэх үү дээ. Кино, жүжиг дээр ажиллаж байхдаа байнга л судалгаа хийнэ. Сонгодог зохиолуудыг бол задлаад уншаад байвал хэзээ ч дуусашгүй.

Бид уран бүтээлийн эрэл хайгуул тогтмол хийж, том том зохиолуудаас илүү сүүлийн үеийн, төдийлөн олон хүнд хүрч амжаагүй байгаа богино хэмжээний зохиолууд, өгүүллэгүүдийг барьж авч уншихыг эрмэлзэж байна. "Солиот эх"-ийн эх зохиол гэхэд хоёр гуравхан хуудас өгүүллэг шүү дээ. Сүүлд уншсан Японы шилмэл өгүүллэгийн түүврээс сэтгэхүйн жанрын киноны нэг санаа төрсөн шүү.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Яг тулаад яривал ярихгүй юмаа ч хамаагүй ярьчихаж мэдэх хүн. Хүн гэдэг харилцааны амьтан. Би хувьдаа хүнтэй тулж уулзаагүй байж хүнийг гаднаас нь дүгнэх, бусдын үгээр үнэлж цэгнэх нь буруу гэж боддог.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Сүүлийн хоногуудад киноны нээлт, бэлтгэл ажил, гадагшаа явуулах материал бүрдүүлэх гэж бужигнасаар байгаад үүрийн 4 гэж унтаад өглөө 9-д босоод байх шиг байна. Ер нь энгийн үед бол 12-1 цагийн хооронд унтаад, өглөө 6:40-д босож, охиноо сургуульд нь хүргэж өгдөг юм. 7:40 гэхэд сургууль дээр бэлэн байхгүй бол сургууль чанга.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө уулзахыг бодно. Сэтгэл дотроо уудалж, зарим зүйл дээр зөвлөгөө авах сайхан байдаг.

Мэдээж гэр бүлдээ, охиндоо цаг гаргахыг хичээнэ. Хоёр ээж дээрээ очно. Ах дүү нартайгаа талцаж сууж байгаад хөзөр тоглоно. Харамсалтай нь тэд маань бид хоёрыг дийлдэггүй юм л даа (инээв).

Цаг зав олдвол фитнессээр хичээллэнэ. Заал авч сагс тоглоно, биллиард цохино. Ширээний теннисийг бол бүр багаасаа тоглосон. Орос мебель ширээн дээр ширээний теннис хамтдаа тоглож байсан минь ааваас минь үлдсэн тод дурсамжуудын нэг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Энэ хүүхдээс л авна даа (өвөр дээрээ суусан охин руугаа заав). Түүнийхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө л зүтгэж байна. Охиноо эрдэм номтой хүн болчихоосой гэж хүсэж байна. Хүүхэдтэй болохоор тэднийхээ төлөө улам их хичээж, улам эрч хүчтэй ажиллаж, огт өөр зорилготой болдог юм байна лээ.

Би өөрөө аавын хайрыг бага амссан болохоор охиндоо аль болох сайн аав байх юм сан гэж л хичээдэг дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Ажил хийж явахад төрөл бүрийн хандлагатай хүмүүстэй л тааралдана. Бачимдаж бухимдах үе байна. Харин нэг удаа Одноо маань хэлж байсан юм: "Бархүү, энэ бол түр зуурын л юм, үсрээд л нэг, хоёр сар хамт ажиллах юман дээр муухай сэтгэгдэл үлдээхээр үг хэлж, муудалцаад яах билээ. Тэвчээд л өнгөрье". Энэ үг ёстой л орой руу орох шиг болсон. Үнэхээр л ганц удаа амаа хамхиад өнгөрөхөд, тэвчээд гарахад биднээс унах зүйл нь юу билээ. Харин тэвчилгүй хэлсэн үгс тэр хүнд, тэр хүний гэр бүлд яаж нөлөөлөхийг бодох хэрэгтэй юм шиг санагдсан. Хүн болгон үүнийг санаж яваасай гэж боддог.

Уран бүтээлтэй холбоотой хүмүүсээс янз бүрийн л сэтгэгдэл ирдэг юм. Манайхан нэг удаа их л бухимдан "Хүмүүс яагаад ийм өөдгүй юм бэ, яагаад уран бүтээлийн ард асар их хөлс хөдөлмөр шингэсэн байдгийг ойлгодоггүй юм бол" гэцгээж байтал манай найруулагч, МУУГЗ Ч.Найдандорж "Бүх хүн ухаантай, бүх хүн бусдыг ойлгодог болчихвол энэ амьдрал юу болох билээ? Төрөл бүрийн хүмүүс байж л амьдрал утга учиртай байдаг юм биш үү" гэж хэлсэн. Нээрээ л тийм. Амьдрал гэдэг хар цагаан нь дэнсэлсэн, алагтай цоогтой байж л илүү утга учиртай байдаг байх.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Хүн байгаарай л гэж хэлмээр байна. Ямар ч мундаг боловсрол эзэмшиж, сайн сургууль төгсөөд, хүн чанаргүй хүн болчихвол хэрэг байхгүй. Тэрний оронд хүн чанартайгаа үлдсэн нь дээр байх. Хүн чанар аяндаа хүнд сайн сайхныг ялгаад өгдөг юм билээ. Нэг нэгнээ хайрлаж, түшиж явах шиг сайхан зүйл гэж үгүй.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан О.Сэргэлэн эмчийг санал болгоё. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхмийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол улсын зөвлөх эмч, профессор хүн юм билээ. Ийм л хүмүүсээ бид дэмжих ёстой гэж боддог.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

74842   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.