Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 05, 2018

2018 онд стрессээ удирдаж өөдрөг амьдрахад туслах 6 зөвлөгөө

Хэрвээ та сүүлийн үед жижиг зүйл дээр ч гэсэн бухимдаж стрессдэж, түүнийгээ дагаад ажил урагшлахгүй байгаа мэт санагдаж байна уу? Ажил, хичээл, гэр бүл гээд олон зүйл дээр анхаарлаа хандуулмаар байвч нэг л амжиж өгөхгүй байна уу? Тэгэхдээ санаа зоволтгүй. Дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь яг тантай ижил асуудалтай байгаа. Нэг ёсондоо бараг л хүн бүрт тохиолддог асуудал юм. Олон асуудлыг зохицуулж стрессийг удирдаж сурсан нь амжилтад хүрсэн хүмүүсийн нийтлэг чадвар юм. 50,000 удаа амжилтгүй туршилт хийсэн Томас Эдисон стрессээ зохицуулж тууштай байж чадаагүй бол түүний гайхалтай зарим нээлт хийгдэх байсан нь эргэлзээтэй. Ингээд олон үг нуршилгүй шинэ ондоо стрессээ удирдаж өөдрөг, өндөр бүтээмжтэй ажиллахад туслах дараах хэдэн аргыг санал болгоё.

1. 5 минутын өглөөний бясалгал хийх

Таны өдөр стресстэй эхлэх үндэс бол өглөө сэрэнгүүтээ утсаа шалгаж, эсвэл гэнэт яаран босох юм. Бид танд сэрдэг цагаасаа 5 минутын өмнө босоод, тавхан минутын бяцхан дасгал хийгээд үзэхийг санал болгож байна. Бясалгал гэхээр хүмүүс олон цаг зарцуулах хэцүү зүйл мэтээр төсөөлдөг. Гэхдээ үнэндээ бол маш энгийн зүйлээс л эхэлдэг билээ. Та өөрт эвтэйхэн ямар нэг байрлал аваад нүдээ анин өөртөө энгийн үг хэлж, түүнийгээ төсөөлөн бодох гээд хичээгээрэй.

Жишээ нь зүгээр л “Өглөө бол бэлэг. Энэ бэлгийг би хамгийн сайнаар ашиглана. Би бүх ажлаа амжуулж чадна” гэж өөртөө хэлж болох юм. Тэгээд бүх ажлаа амжуулчихаад аяга кофе ууж байна гэж төсөөл. Заавал дагаж мөрдөх дүрэм журам гэж байхгүй. Харин энэ үг таны сэтгэлээс гарч байхад л хангалттай. Тэгээд болж өгвөл нарны гэрэл, салхийг мэдрэхийг хичээгээрэй. Өөртөө сайхан үг хэлж, нарны гэрэл, салхийг мэдэрч шинэ өглөөг угтах нь өөртөө хийж буй сэтгэл зүйн фитнесс юм. Энэ дасгалыг тогтмол хийснээр өдөр бүрийн үнэ цэнийг мэдэрч цаг заваа хэмнэж, өөртөө итгэх итгэл ч мөн адил нэмэгдэнэ.

2. Хийх ажлын жагсаалтаа цаасан дээр бичих

Та магадгүй ухаалаг утас байхад заавал цаасан дээр бичих ямар хэрэгтэй юм гэж бодож магадгүй. Гэхдээ хүний барих, хүртэх мэдрэхүй ч мөн адил тархи руу мэдээлэл явуулдаг билээ. Таныг цаасаа шалган, ажлаа дарах буюу базаж хаяхад тархинд тухайн ажлыг хийж дууслаа гэсэн мэдээлэл очиж сэтгэл баярлах, урамших хариу үйлдэл хүчтэй мэдрэгддэг. Ингэснээр ажлын бүтээмж нэмэгдэх ба хийж байгаа ажилдаа эергээр хандах боломж олдоно. Хэдийгээр цаасан хэрэглээ хуучирсан байж болох ч давуу тал олонтой шүү.

3. Нэгэн хэвийн байдлаас татгалзаж, шинэ зүйл турш 

Гэр, ажил, фитнесс, гэр гэх мэт байнгын давтагддаг үйлдлүүдээ өөрчлөөд үзээрэй. Ихэнх хүмүүс нэгэн хэвийн байдлаас болж стрессдэх нь бий. Хэрвээ та ямар нэг шалтгаангүйгээр уурлаж, бухимдах болсон бол энэ аргыг туршаад үзээрэй. Жишээ нь өглөө бүр явдаг замаасаа өөр замаар явах, шинэ зоогийн газраар үйлчлүүлж, шинэ танилтай болох гэх мэт. Ажиллах орчноо байнга өөрчилж шинийг туршиж, бүтээлчээр сэтгэхийг зорих нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, уур бухимдлаас сэргийлнэ.

4. хийх ажлаа эртнээс, нарийн төлөвлөх

Бид хэзээ ч ажлаа бүтэхгүй байгаасай, олон юм давхцаасай гэж боддоггүй шүү дээ. Энэ бүхэн төлөвлөгөөгүйгээс л үүдэж бий болдог. Олон ажил давхцах үед л бид уурлаж бухимддаг. Ажлаа төлөвлөх, цагаа тооцоолох олон арга бий. Аз болоход технологийн дэвшлийн ачаар бидэнд үүнийг гүйцэлдүүлж, өмнөөс маань ажиллаж өгдөг олон апп гарсан байна Тиймээс танд энэ жил ажлаа төлөвлөхөд туслах ямар нэгэн апп-ийг мэргэжлийн түвшинд, тогтмол ашиглаж сурахыг санал болгоё. Эндээс энэ төрлийн апп-уудын давуу болон сул талуудыг харьцуулж уншаарай.

5. бусадтай ярилцаж, санаа бодлоо хуваалц

Бусадтай өөрийн бодол санааг хуваалцсанаар таны бодол илүү цэгцтэй болно. Энэ нь таны сэтгэл санаанд эергээр нөлөөлөөд зогсохгүй ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байна. Та уншсан, мэдсэн зүйлсээ илүү баяжуулж, шинэ өнгө, шинэ санаа нэмэн өргөжүүлэхийг хүсвэл тэр талаараа аль болох олон хүнтэй уулзан ярилцаж, мэдээлэл солилцох хэрэгтэй. Хүмүүсийн гарааны нөхцөл, үзэл бодол, уншсан мэдсэн зүйлс бүгд өөр шүү дээ.

6. өдөрт хийх ажлаа эрэмбэлж, түүндээ яг таг төвлөрөх

Хийх ажил дундаасаа хамгийн чухлыг нь сонгож аваад тэр ажилдаа төвлөрч ажиллаад гараасаа гаргаж хэвшвэл өдөр бүхэн үр бүтээмжтэй байна. Нэг ажлаа амжуулсны дараа багахан хэмжээний амралт аваад дараагийн ажилдаа төвлөрөх мэтээр ажлыг чухал, яаралтайгаар ангилаад төвлөрч ажиллан амжуулах нь илүү эмх цэгцтэй бөгөөд үр дүнтэй арга юм. Энэ аргын бас нэгэн чухал хэсэг нь өдрийн төгсгөлд хийх ажлын дүгнэлт. Та тухайн өдөрт амжуулсан ажил болон дуусаагүй ажлаа дүгнэж, маргаашийн ажлаа ангилан төлөвлөхийг хэвшил болгоорой. Учир нь өдрийг өөдрөг, үр дүнтэй өнгөрөөхөд өглөөнөөс гадна өдрийн төгсгөл ч мөн адил чухал байдаг билээ.

Нийтлэлийг бичсэн: Б.ЦАЦРАЛ

51786   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.