Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 12, 2018

Арван долоон мянган арлын орон буюу Индонези улсаас хийсэн тэмдэглэл

3 жилийн өмнө нэгэн хуралд оролцож байхдаа нэг их өнгөлөг, дэгжин гэмээр үндэсний цамцаа өмссөн нэгэн залуу "намайг Жимми гэдэг. Би 17 мянган арлын орноос ирсэн" гэж өөрийгөө танилцуулсан нь сэтгэлд тод үлджээ. Тэр үед хүн бүр л энэ том тоог сонссондоо итгэж ядан, тодруулан лавлаж байсан санагдана. Зарим нь гялс Википедиа руу орж, нягталж шалгаж байсан харагдсан. Тийм ээ, тэр залуу андуураагүй, түүний төрсөн нутаг яах аргагүй 17,504 арлаас бүрддэг, яалт ч аргагүй өнгөлөг, чамин загварын үндэсний хувцастай. Энэ бол Индонези улс.

Өнгөрсөн сарын дундуур Индонези улсаар зочлох боломж олдоход Жиммигийн хэлсэн тэр үг сэтгэлээс гаралгүй бодогдсоор байсан юм. Онгоцны маань газардах цаг дөхөх үед ихэвчлэн л "унтсаар байгаад л" буучихдаг миний бие эгээтэй л анх удаа онгоцоор нисэж байгаа аятай, өнөөх олон арлынх нь барааг олоод үзчих санаатай шагайсаар ядарч орхисон байв.

Зүүн Өмнөд Азийн хамгийн том улс Индонези хүн амын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэнэ. Нийт 260 сая гаруй иргэдийнх нь 10 саяас илүү нь эдийн засаг, улс төр, соёл, спортын төв болсон нийслэл хот Жакартадаа аж төрдөг. Дагуул хотуудаа оролцуулан тоолбол 30 сая илүү хүн амтай Жакарта дэлхийн хамгийн их хүн суурьшсан арал гэгдэх Ява дээр оршино.

Нидерландийн харьяанд 350 гаруй жил байсны эцэст 1945 онд тусгаар тогтнолоо зарласан Индонезийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй хэдий ч сүүлийн үед аялал жуулчлалын салбартаа ихээхэн ач холбогдол өгч буй нь илт. Тэд нээлттэй хаалганы бодлого баримталж, нийт 169 улсын иргэдэд визгүй зорчих эрх өгчээ. Өөрсдөөс нь их хүн амтай Хятад, өмнө нь 300 гаруй жил колоничлосон Нидерланд зэрэг 9 улсыг хил дээрээс виз авахыг шаарддаг. Харин Сири, Хойд Солонгос, Афганистан зэрэг "эрсдэлтэй" орны иргэдийг урьдчилж виз мэдүүлэхийг журамлаж өгчээ. Жинхэнэ утгаараа "нээлттэй" орон мэт.

Улсаа сурталчлах "Wonderful Indonesia" кампанит ажил дэлхийн сонсорт нэгэнт хүрчээ

Жакартад буусан даруйдаа түгжрээнд орсон нь гайхал төрүүлсэнгүй. Онгоцны буудал дээрх хүмүүсийн түгжрээ, хотын төв рүүгээ зорчих машины түгжрээ. Гэтэл тэр түгжрээ нь энэ хотын нэрийн хуудас, хүмүүсийн санадаг гол зүйл нь хэмээн санасангүй. Үнэхээр ч Улаанбаатарын түгжрээ Жакартагийн түгжрээний хажууд нялх хүүхэд мэт санагдах үе ч гарав. Онигоонд гардаг шиг түгжирч явсаар хаашаа явж байснаа мартдаг ч байх. Дэлхийн түгжрээний нийслэл гэж нэрлэгддэг Жакартад нэг жолооч жилд 22 өдрийг зөвхөн зам дээр зогсож өнгөрүүлдэг тухай нийтлэл ч үүнийг батлаад өгнө. Boston Consulting Group-ийн хийсэн судалгаагаар зогсоолын хүрэлцээгүй байдлаас болж жолоочид дунджаар 28 минутыг өдөрт зөвхөн зогсох газраа хайсаар өнгөрүүлдэг аж. Нийт иргэдийнх нь 74 хувь нь өдөрт дор хаяж нэг уулзалт, чухал арга хэмжээнээс хоцордог гэнэ. Дагуул хотод амьдардаг иргэд нь ажилдаа түгжрээнээс өмнө амжиж очих гэж шөнө 3 цагт гэрээсээ гарах нь энгийн үзэгдэл ажээ. Энд түгжрээ өглөөний 5 цагт эхэлдэг.

Ийм ч учраас зам дээрх бухимдал дээд цэгтээ хүрдэг бололтой. Манай жолоочид дэргэд нь соёлтой ч санагдах шиг. Цагдаагийн хамгаалалттай автобусанд явж байхад л дундуур жишим ч үгүй дайраад орж ирнэ. Илт цуваад төлбөр төлөөд гарах гэж байхад л урдуур чихэж орж ирээд зүтгэнэ гэх мэт. Зам дээр барилцаж авах ч энүүхэнд. Туслах зам бүр дээр цагдаа нар зогсож, зохицуулж байгаа нь ч санаандгүй хэрэг биш. Тэгэхгүй бол урсгалаараа явж байгаад таныг төв зам руу оруулна гэж байхгүй шүү. Итгэ, үнэхээр боломжгүй зүйл!

Танил дүр зураг байгаа биз?

Хамгийн гайхмаар нь 10 сая хүнтэй метрополитан хот атлаа метро байхгүй аж. Түгжрээний асуудлын шийдлийг тэнд хүн бүр мэднэ. "Метро л барьчихъя!". Гэхдээ энэ тийм ч амар асуудал биш бололтой. 1980 оноос хойш бүтэн 30 жилийн хугацаанд 25 төрлийн судалгаа хийгдэж, ард иргэдийн гол "харддаг" сэдэв нь энэ болсон байж. Гэвч өдгөө улс орондоо ихэд нэр хүндтэй ерөнхийлөгч Жоковигийн үед энэ мөрөөдөл биеллээ олж, тэд анхны метроны шугамаа 2019 онд өлгийдөн авах гэж байна. Нийт 87 км-ийн урттай метроны бүтээн байгуулалт 2025 онд бүтнээрээ дуусна.

Өдөр бүр сая сая хүн зорчдог нийтийн тээвэр нь ачааллаа дийлэхээ нэгэнт больжээ

Нийтлэлийн эхэнд дурдсан Жимми найзтайгаа ирсэн даруйдаа холбогдож, уулзах цагаа товлоод амжив. Угаас сэргэлэн, хөдөлгөөнтэй Жиммигээс тус улсын залуусын аж төрж буй байдал, мөн хийж буй ажилтай нь холбоотой сонирхолтой зүйлс сонсоно гэдэгтээ итгэлтэй байлаа. Намайг тэр буудлаас маань арав гаруйхан минут алхах зайтай KFC-д урьсан нь мөн сонирхол татлаа. Жакартад юу хийх хүсэлтэй байгааг нь сонирхоход, залуус нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг гэдгийг л мэдмээр байна гэж би урьдчилан хэлээд байсан юм. Байдаг л нэг KFC-ийн хамгийн булангийн урт ширээн 8 залуу эгнээд суучихсан дунд Жимми тодорч харагдав. Тэр намайг долоо хоног бүр уулздаг англи хэлний ярианы клубийнхээ уулзалтанд урьсан нь удалгүй тодорхой боллоо. Төрөл бүрийн чиглэлээр суралцсан, янз бүрийн ажилтай, нас насны залуус интернетээр клуб байгуулан, улмаар долоо хоног бүр тогтмол уулзаж, англи хэлнийхээ ярианы чадвараа хөгжүүлдэг гэнэ.

"Үнэндээ ахлах сургуульд англи хэл сурах боломж тийм ч сайн биш. Боловсролын чанар, хүртээмжтэй байдал сайн биш учраас залуус өөрсдөө л хичээхгүй бол болохгүй. Жакартад англи хэлтэй хүн олно гэдэг тийм амар биш шүү" гэж Жимми хэлсэн нь гайхашрал төрүүллээ. Индонези шиг "дэлхийн хот"-ын иргэдийг яагаад ч юм англи хэлээр чөлөөтэй ойлгох юм шиг санаж байснаа нуух юун. Жимми өнгөрсөн жил Simara нэртэй стартапаа байгуулжээ. Түүний стартап бизнесийн байгууллагуудад зориулсан англи хэлний курсыг онлайн болон оффлайн байдлаар санал болгодог. Хичээлийг нь дэлхийн топ сургуулиудад суралцсан, туршлагатай багш нар ордог гэнэ. "Байгууллага дээрээ цаг товлоод хичээл орчихдог учир өөрийн гэсэн байр байх шаардлагагүй, гол нь чанараа сайн хадгалж, үр дүн гаргаж байхад л хангалттай" гэж ярих түүний харилцагчид дунд Google, Unilever, Astra зэрэг танил нэрс ч харагдаж байв.

Хоёр цагийн хугацаанд үргэлжлэх нэг уулзалтын үеэр яригдахгүй сэдэв гэж үгүй. Оролцогчид зүгээр л тухайн үед төрсөн сэтгэгдэл, санаанд орсон дурсамжаасаа ярин түүндээ бусдыгаа урьдаг. Намайг очиход хамгийн сүүлд хэзээ үхтэлээ айсан тухайгаа ярьж байсан тэд уулзалтын төгсгөлд шашны туйлын зорилгын талаар мэтгэлцэж байлаа. "Өдөр тутмын амьдралдаа бид хэзээ ч шашин, хайр, сэтгэл хөдлөлийн тухай ярих боломж олддоггүй байх. Өөрсдийгөө ч ухаж, ярих завшаан бага гардаг гэж боддог. Үүнийгээ гадаад хэл дээр илэрхийлж үзэх нь бүр ч том сорил болдог шүү. Хэцүү сэдвээр ярилцах нь жинхэнэ утгаараа хэл сурч, өөрийгөө хөгжүүлж болох арга юм шиг санагддаг" гэж энэ уулзалтын санаачлагч, клубын зохицуулагч Робин хэлж байв. Үгүйсгэж чадсангүй, туршаад үзэхэд ч гэмгүй мэт санагдлаа. Ижил төрлийн клубүүд, нэгдлүүд эргэн тойрон асар их байгаа, залуусын дунд англи хэл сурах гэсэн эрмэлзэл эрс нэмэгдсэн гэдгийг тэд бүгд онцолж байв. Улс нь ч бодлогоор дэмжиж, телевизээр гарч буй гадаад кино, нэвтрүүлгүүдийг ам барьж орчуулах биш харин хадмал тексттэйгээр гаргахыг журамлаж өгсөн нь олзуурхууштай зүйл болжээ.

Урд эгнээнд, хамгийн баруун талд зогсож буй нь манай нийтлэлийн баатар Жимми

Робин их сургуулиа төгсөөд Deloitte-д 3 жил гаруй ажилласан ч өнгөрсөн жил орчноо солихоор шийдэж, байгуулагдаад удаагүй жижиг стартапд ажилд оржээ. Тэр бол дэлхийн хэмжээний топ компаниудаас өсөлтийг эрхэмлэсэн стартап компаниуд руу шилжиж байгаа сая сая индонези залуучуудын төлөөлөл. Тийм болохоор бидний яриа цааш үргэлжлэхдээ Индонезид өрнөж буй стартап хөдөлгөөний талаар болж "хадуурсан" юм. Дараагийн өдөр нь Робин бүр зориуд цаг гарган CRE8 нэртэй дундын оффисоор дагуулж явсан нь сэтгэгдэл төрүүлэв. Жакартагийн төвийн бараг байшин бүрт ийм хамтын ажиллагааг өдөөсөн, чөлөөтэй ажиллах боломжууд олгосон талбарууд байх шиг санагдлаа. CRE8 зөвхөн Индонезид 20 гаруй салбартай бөгөөд Зүүн Өмнөд Азийн бусад орнуудад байрлах дундын оффисуудтай хамтын ажиллагааны гэрээтэй учир нэг гишүүнчлэлийн картаар бусад улсуудын зарим газруудад нэвтрэх боломж олгодгоороо давуу талтай ажээ.

"Go-Jek-ийн амжилт бүтэн үеийг урам зоригоор тэтгэж байна. 2010 онд байгуулагдсан мөртлөө тэд энд Uber-ийг бут цохиж, тээврийн салбарыг тэр чигт нь өөрчилж байна шүү дээ. Тэд бол индонези залуусын баатар, чиглэх зүг нь болсон луужин" хэмээн CRE8-ийн менежер Теми хэлсэн юм. Uber, Grab шиг такси дуудахаас гадна түгжрээтэй замд жинхэнэ супер сонголт болдог мотоциклыг ч дуудаж болдгоороо Go-Jek өрсөлдөгчдөө хол хаяж байна. Өнгөрсөн жил Индонезийн стартапууд хөрөнгө оруулагчдаас нийт 2 тэрбум долларыг босгосон нь зах зээлтэй нь харьцуулахад гайхахаар тоо биш ч юм шиг. Онлайн худалдааны платформ Tokopedia нь 1.1 тэрбум долларыг татсан тухай бид өмнө нь тоймоороо онцолж байснаа ч саналаа. "Залуучууд дэлхийн хэмжээнд тэлэх тухай мөрөөдөж байна. Индонезид амжилт үзүүлэхээс гадна хөрш орнуудын маань зах зээл бидэнд тун ойрхон байна шүү дээ" гэж Робин өөрсдийнхөө давуу талыг онцлон хэллээ. Жимми, Робин хоёр хоёулаа л компаниа бүс нутгийн хэмжээнд босгохыг зорин ажиллаж байгаа нь харцнаас нь илт байлаа.

Замыг бүрэн эзлэсэн ногоон арми. Яах аргагүй хамгийн зөв сонголт!

Төгсгөлийн оронд

Жакарта хот энэ зун цар хүрээгээрээ зөвхөн Олимпийн наадмын дараа орох Азийн наадмыг зохион байгуулна. Уг наадмын бэлтгэл ажилтай танилцах нь миний гол даалгавар байсан юм. Нийт 40 спорт, 67 төрөлд 45 улсын 15 мянга гаруй хурд хүчээ сорино гэдгээрээ уг наадам түүхэнд хамгийн том хэмээн тэмдэглэгдэх учиртай. 1962 онд Азийн наадам зохиож байснаасаа хойш эдийн засгийн хувьд ихэд хүчирхэгжсэн Жакарта өмнөд Суматра арал дээр орших Палембанг хотын хамтаар энэ наадмыг хүлээн авна. 2 хот зэрэг наадмыг зохиох болсон нь ч анхны тохиолдол.

Гэхдээ эхэндээ уг наадмыг Вьетнамын Ханой хот явуулахаар эрхээ авсан юм. Гэвч санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зохион байгуулах боломжгүй болсон гэдгээ хоёр жилийн дараа зарласан Ханойг аврагч нь Жакарта байж таарав. Үнэндээ Азийн олимпийн хөдөлгөөнийг тус улс аварсан юм. Тэд ердөө 4 жилийн дотор хамгийн том наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлаа нэгэнт хангажээ. Ихэнх цогцолбор, цэнгэлдэхүүд нь бэлэн байсан нь тэдний гол давуу тал болсон ч тэд наадмын зохион байгуулалтанд зориулж 2.2 тэрбум долларыг зарцуулж байгаа юм. Нийт төсвийн ихэнх нь спортын барилга байгууламж гэхээс илүү дэд бүтцэд буюу зам, гүүр шинээр барихад зарцуулагдаж байгаа ажээ. Палембанг хот наадмын тосгонд зөвхөн цахилгаан машин л ашиглана гэдгээ мэдэгдсэн нь анхаарал татав. Сонирхуулахад, наадмын зохион байгуулах хорооны даргаар Интер Милан клубийн эзэн, тэрбумтан Эрик Тохир ажиллаж буй.

Палембанг болон Жакарта хот хоорондоо 437 км зайтай. Бас хоёр өөр арал дээр оршино. Тийм учраас онгоцоор нисэх нь хамгийн хурдан зөв сонголт. Азийн наадамд зориулан үндэсний авиа компани Garuda нь нислэгийн давтамжаа эрс нэмэгдүүлж, зорчигчид хүссэн цагтаа аялах боломжийг олгожээ. 2 хотыг 40 минутын л нислэг тусгаарлаж буй. Индонезийн хамгийн ууган хот гэдгээрээ бахархах Палембанг 2013 онд Исламын орнуудын наадмыг хүлээн авсан туршлагатай ажээ.

Уг наадамд Монгол улс 300 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй, хамгийн том багаа илгээх төлөвтэй. Манай тамирчдын гол амжилтаа үзүүлдэг жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагаас гадна хүндийг өргөлт, сагсан бөмбөгийн 3х3 зэрэг найдвар дагуулж буй спортууд бий. Амжилт үзүүлэх магадлал өндөр самбо, кураш зэрэг бөхийн төрлүүд ч энд багтсан.
4 жилийн өмнөх Инчён 2014 наадмаас 5 алт, 17 медальтай ирж байсан манай баг энэ амжилтаа ахиулах зорилготой байгаа нь ч гарцаагүй билээ.

Юутай ч Жакарта хот зочдоо хүлээн авахад бэлэн болжээ. 8-р сарын 18-нд эргээд уулзъя.

uNREAD-ИЙН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛИЙН БУСАД ДУГААРУУД

ЗАЛУУСЫН АЙСУЙ ДАВЛАГАА БУЮУ БЭЭЖИН ХОТООС ХИЙСЭН ТЭМДЭГЛЭЛ

АРАБЫН ИННОВАЦИ БУЮУ ДУБАЙ, АБУ ДАБИ ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1

АРАБЫН ИННОВАЦИ БУЮУ ДУБАЙ, АБУ ДАБИ ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #2

СТОКХОЛЬМИЙГ ЭЗЭЛСЭН МОНГОЛ СҮШИЧДИЙН АРМИ БУЮУ ШВЕДЭЭС ХИЙСЭН ТЭМДЭГЛЭЛ

ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ БУЮУ ЭСТОНИ УЛСААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1

ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ БУЮУ ЭСТОНИ УЛСААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #2

ХЯТАДЫН ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ БУЮУ БЭЭЖИН, ГУАНЖОУ, ШЭНЖЭН ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1

ХЯТАДЫН ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ БУЮУ БЭЭЖИН, ГУАНЖОУ, ШЭНЖЭН ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #2

АЯНЫ ТЭМДЭГЛЭЛ: ЯПОН ОРНЫ СТАРТАП ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР

22367   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.