7 Хоногийн Тойм   12 сарын 31, 2017

2017 оны онцлох үйл явдлууд

Он солигдох мөч хором хормоор ойртон буй энэ үед Unread оны онцлохуудыг танилцуулж буй цуврал нийтлэлийнхээ хамгийн сүүлийн дугаарыг танд өргөн барьж байна. Энэ бол 2017 оны онцлох үйл явдлууд. Бид 2017 оныг тодорхойлсон дүрүүд, үйл явдлууд, тоо баримтуудыг нэгтгэн тоймлож, та бүхэнд хүргэж байгааг хүлээн авна уу. Залуусын давлагаа эрчийг аван, аниргүйг эвдэгсэд нийгмийн нүдийг нээж, цуст халдлагууд олныг цочроосон 2017 оныг эргэн нэг харцгаая. 

2017 оны онцлох үйл явдал: Залуусын Давлагаа + Аниргүйг эвдэгсэд + цуст халдлагууд

Дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг толь бичиг Оксфорд "2017 оны онцлох үг"-ээрээ "youthquake"-ийг зарласан нь санаандгүй хэрэг биш. Залуус буюу youth + газар хөдлөлт буюу earthquake гэдэг үгсийн хослол энэ үгийг монгол хэл рүү бид "залуусын давлагаа" хэмээн буулгалаа. Бүрэн оноогүй байж мэднэ, гэхдээ гол утгыг нь агуулсан гэж найдна.

Нийгэм, улс төрийн амьдралд залуусын оролцоо, идэвх санаачилга эрс нэмэгдсэн нь энэ үгийг хит болоход гол нөлөөлсөн. Дэлхийн хамгийн "консерватив" улсад ганцхан жилийн өмнө байгуулагдсан намын 39-хэн настай тэргүүн ерөнхийлөгчөөр сонгогдов. Францын ерөнхий сайд Эманнуэл Макрон өөрийн харизма, шинэчлэгч чанараар ялгарч, Европын холбоонд дутагдаж байсан "эрч хүчийг" авчирлаа. Чухам залуусын дуу хоолой, онцгой "хачин" хөдөлгөөн, өвөрмөц арга сонгуулийн дүрмийг "эвдэж", энд тэндгүй итгэл найдвар авчрав. Австрийн төрийн тэргүүнээр 31 настай С.Курц сонгогдож, 37 настай Ж.Ардерн Шинэ Зеландын хамгийн залуу эмэгтэй ерөнхий сайд болов. Brexit-тэй холбоотой "хямралд" өртөөд буй Их Британид ерөнхий сайд Т.Мэйн хүчээ бататгах гэж зарласан сонгууль хүссэнээр нь бус, сөрөг хүчинд давуу байдалтайгаар өндөрлөсний шалтгаан нь мөн залуус.

Яг үүнтэй ижил зүйл Монгол улсад ч ажиглагдав. 2017 оны Монголд өрнөсөн хамгийн онцлох үйл явдал бол ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга ялалт байгуулсан явдал байж болох ч хамгийн анхаарал татсан зүйл нь "цагаан сонголт" хөдөлгөөн байлаа. Хамгийн бага ирцтэй сонгуульд түүхэнд анх удаа дахин санал хураалт явагдаж, нийт сонгогчдын 8.2 хувь буюу 99,494 сонгогч нэр дэвшигчдийн алийг нь ч дугуйлалгүй "цагаан сонголт" хийсэн нь өнөөгийн улс төрд иргэдийн өгч буй томоохон сануулга болов.

Аниргүйг эвдэгсэд. Тэд бол хэнээс ч түрүүлж үнэнийг өгүүлсэн анхдагчид. Тэд бол бусдын төлөө өөрсдийгөө золиослосон баатрууд. Тэд бол нийгэмд бугшсан бузар булайг дэлгэсэн зоригтнууд. Хүчирхийлэл, мөлжлөг, дарамт, шахалтын талаарх хүмүүсийн мэддэг хэр нь ил гаргаагүй нууцыг задалсан тэдний үйлс хожмоо 2017 оныг бүрэн тодорхойлж ч мэднэ.

Холливудын хамгийн хүчирхэг эрхмүүдийн нэг Харри Вэйнштейн эмэгтэй жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлж байсан тухай мэдээллээс энэ бүхэн эхлэлтэй. Албан тушаалаараа далайлган, ирээдүйн боломж, өнөөгийн нөхцөлөөр нь барьцаалан үзүүлдэг байсан түүний үйлдлүүд ил гарснаар дэлхий дахины зэвүүцлийг төрүүлэв. "Би ч бас" буюу #MeToo хөдөлгөөн сошиал орчинд хүч түрэн, ижил түүхтэй, ижил үйл явдалтай учирч байсан эмэгтэйчүүд хүчээ нэгтгэснээр олон "гэмт хэрэг" ил гарав. House of Cards-ийн К.Спэйси, Pixar-ийн үүсгэн байгуулагч Ж.Ланнистер зэрэг "томчууд"-ын бодит байдал илчлэгдэж, карьер нь бүрхэг болов. Нийгмийн ойлголт тэр чигтээ өөрчлөгдөж, илүү нээлттэй болж өөрчлөгдөв.

Үүнтэй төстэй хөдөлгөөн манай улсад #НүдээНээ нэртэйгээр тун хүчтэй өрнөсөн. Бидний дэргэд хажууханд өрнөсөөр буй хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх энэхүү хөдөлгөөнд дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд нэгдэж, төр засгийн удирдлагад шаардлага хүргүүлэн, эхнээсээ багагүй үр дүнд хүрэв. 2017 он дэлхий нийт, монгол түмэн "нүдээ нээсэн" жил байлаа.

Алан хядагчид, амиа золиослогчид, гэмт хэрэгтнүүдийн үйлдсэн халдлагууд энэ жилийг "харанхуйлж", нийгмийг айдаст автуулав. Иргэний дайн өрнөсөөр буй Сири, Афганистан, Сомалид зуугаас дээш хүний аминд хүрсэн халдлага хэд хэд гарлаа. Лондон, Барселона, Манчестер зэрэг барууны орнуудад ч гэнэтийн халдлагууд гарсан нь дэлхийг цочроов. Эдгээр халдлагуудын улмаас 70 гаруй хүн амь насаа алдаж, 500 орчим хүн гэмтэж бэртжээ.

Лас Вегаст тоглолт үзэхээр цугласан энгийн иргэд руу гал нээсэн хэрэг гарч, 59 хүн нас барж, 600 гаруй хүн шархадсан нь шоу цэнгээний нийслэлийг доргиов. Орчин цагийн Америкт болсон, хамгийн их хүний аминд хүрсэн хэрэг энэ боллоо. Эрх чөлөөний оронд цагаан арьст экстремисүүдийн хөдөлгөөн идэвхжиж, Шарлотсвилд болсон жагсаалын үеэр 4 хүн амиа алдсан хэрэг ч гарсан билээ.

Мьянмарт шашны мөргөлдөөн гарч, 600 мянга гаруй рохингя үндэстнүүд эх орноосоо дайжиж, 7000 гаруй иргэн, түүний дотор 750 орчим хүүхэд амь насаа алджээ. Дэлхий дахинд өрнөж буй эдгээр "гунигт" явдлуудыг бид "ЦУС" гэсэн үгээр базан тодорхойлов.

2017 оны онцлох ДҮР: доналд Трамп + элон Маск + софиа

Магадгүй энэ жил медиагаар хамгийн их онцлогдсон, дурдагдсан хүнийг тодруулбал ямар ч эргэлзээгүйгээр Доналд Трамп нэрлэгдэх байх. Оны эхэнд албан ёсоор тангаргаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан Трамп эхний өдрөөсөө л шуугиан тарьж эхэлсэн юм. "Хамгийн уламжлалт бус" арга барилтай ерөнхийлөгч өөрийн "донтсон" твиттерийг орхилгүй, улам ч идэвхтэй ашигласаар байсан нь бидэнд түүний үйлдэл бүрийг алдалгүй тольдох боломжийг олголоо.

Уур амьсгалын өөрчлөлтийг "худал хуурмаг" хэмээн үздэг тэр дэлхий нийт нэгдэн орсон "Парисын гэрээ"-ээс АНУ гарах болсныг мэдэгдэж, олон нийтийг цочроов. Израйлийн нийслэл бол Иерусалем хэмээн шийдвэр гаргаж, НҮБ-ийг хоёр хуваан, эцэстээ ичгүүрт ялагдал хүлээж, "шарандаа" заналхийлэл ч гаргаад амжив. БНАСАУ-тэй "үгэн дайн" эхлүүлж, цөмийн дайны аюулыг улам ойртуулсан мэт.

Цагаан ордон дахь хэд хэдэн чухал дэмжигчээ алдаж, аль хэдийн цөөнгүй хамтрагчаа солиод буй Трампыг хүндхэн жил хүлээж байна. Сонгуульд ОХУ-аас нөлөөлж, сошиал орчинд "хуурамч мэдээ" түгээсний ачаар ялалт байгуулсан гэгдэж буй Трампын нэр хүнд унаж буйн илрэл нь шат шатны сонгуульд Бүгд Найрамдахчууд ялагдал хүлээсээр байгаа явдал юм. Татвар, эрүүл мэндийн тогтолцоогоо шинэчилж, Америкийг ахин хүчирхэгжүүлэх амлалтаа биелүүлэхээр улайрч буй түүнийг дэлхий анхаарал ажигласаар.

Өнөө цагийн хамгийн цуут энтрепренерийг нэрлэ гэвэл олон хүн ямар ч эргэлзээгүй Элон Маскийг сонгох байх. Хиймэл оюун, алуурчин роботууд хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх хамгийн том аюул хэмээн зарлан тунхаглах Маск энэ жил амжилтаар, гэхдээ санаанд оромгүй олон бүтээлээр дүүрэн байв. Дахин ашиглагддаг пуужингийн технологи хөгжүүлэгч SpaceX нь энэ жил пуужингаа 18 удаа амжилттай хөөргөн дээд амжилт тогтоож, 2022 он гэхэд Ангараг гараг руу нэг сая хүнийг илгээж, эзлэх төлөвлөгөөгөө олон нийтэд ил гаргав. Түүгээр ч зогссонгүй тив хоорондын сансрын нислэг буюу BFR-ийн төлөвлөгөөгөө танилцуулж, дэлхийн хаашаа ч нэг цагийн дотор пуужингаар аялахыг санал болгож байна.

Цахилгаан машины технологи хөгжүүлэгч Тесла илүү хурдтай, илүү үр ашигтай, илүү загварлаг шинэ моделиудаа танилцуулж, бүр ачааны машинаа ч ил гаргав. Түгжрээнээс уйдсандаа хийхээр шийдсэн гэх The Boring Company нь газар доогуурх хонгил ухах ажлаа эхэллээ. Solar City нь амьдарч буй байшингийн дээврээрээ дамжуулж, цахилгаан хуримтлуулж, амьжиргаандаа ашиглахыг санал болгож, эхний захиалгуудаа аваад амжжээ. Итгэх эсэхээ өөрөө мэд, Элон Маск тархинд электрод суулгах замаар дурсамж, бодлыг компьютер уруу хуулж, холбох зорилготой Neuralink гэх компанийг ч байгуулсан билээ.

Биднийг хамгийн их алмайруулсан, бас урам зоригоор хөтөлсөн хүн нь гарцаагүй Элон Маск байв.

Софиа гэж хэн бэ гэж үү? Энэ бол иргэний үнэмлэхтэй болсон анхны робот. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын ирмэг дээр буй хүн төрөлхтөн 2017 онд хиймэл оюуны үсрэнгүй хөгжлийг мэдэрч эхэллээ. 10-р сард Саудын Арабын иргэн болсон Софиа хүнтэй чөлөөтэй ярьж, олон үйлдлийг чөлөөтэй хийж чадна. Софиагаар бид энэ жилийн технологийн ертөнцийн онцлох дүр болох "хиймэл оюун ухаан"-ыг төлөөлүүлэв.

Google-ийн хиймэл оюун "хүүхдээ" бүтээсэн нь мөн дэлхийг цочроов. Тэр өөрийн хийвэл зохих зарим даалгавруудаа шинээр бүтээсэн дагавар оюундаа даалгаж, түүнийгээ сурган, хөгжүүлж байсныг эрдэмтэд илрүүлжээ. Үүний хажууд хүмүүс ч ойлгохгүй, зөвхөн өөрсдөө л ойлгох шинэ хэл зохиосон хиймэл оюуны үйлдэл жижигхэн тоглоом ч юм шиг.

Гэхдээ илүү хурдтай, илүү ухаалаг болсоор буй хиймэл оюуны тусламжтайгаар бид олон салбарт ахиц гаргасаар байна. Одон орон судлалын салбарт хиймэл оюуны ачаар бид шинэ гараг нээж, дараагийн "дэлхий"-гээ олох аянд нэг алхам урагшлав. Тэд одоо кино зохиол бичиж, дуу зохион, биднийг дуртай тоглоомоороо ялж чадна. 2017 он хиймэл оюуны жил байлаа.

2017 оны онцлох тоо: 99,6 тэрбумын хөрөнгө + 600 тэрбумын биткойн + 450 саяын зураг 

Дэлхийн хамгийн баян 500 хүний хөрөнгө нэг триллион доллараар нэмэгдэж, 5,3 триллионд хүрлээ. WholeFoods-ийн сүлжээ дэлгүүрийг худалдан авч, Amazon-ий хамтаар итгэл төгс урагшилж буй Ж.Бэйзос хөрөнгөө 34 тэрбумаар нэмэгдүүлж, нийт 99,6 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байна.

Өнгөрсөн жил бидний анзаараагүй байсан ч энэ жил амны уншлага мэт болсон үгийг нэрлэ гэвэл "биткойн" гэж хэлэх байх. Оны эхэнд 15 тэрбумаар үнэлэгдэж байсан тус цахим мөнгөн тэмдэгтийн зах зээлийн багтаамж оны эцэст 600 тэрбумаар үнэлэгдэж байна. Сар бүр, сүүлдээ бараг өдөр бүр ханшийн рекорд тогтоох шахан буй биткойн дижитал эдийн засгийн боломж, бололцоог бидэнд захаас нь мэдрүүлэв. 2018 он ч биткойны жил байх нь гарцаагүй.

Домогт уран бүтээлч Леонардо Да Винчигийн бүтээл "Дэлхийг аврагч" нэртэй уран зураг дуудлага худалдаагаар 450,3 сая долларын үнэд хүрч зарагдан, дээд амжилт тогтоов. Худалдан авагч нь Абу Дабид нээгдэж буй, хамаг л үнэ цэнтэй, ховор нандин бүтээлүүдийг цуглуулах амбиц бүхий "Шинэ Лувр"-ын музей байжээ.

2017 оныг тодорхойлох алдаж болохгүй АРВАН НЭГЭН ЗУРАГ

Баяртай Обама, сайн уу Трамп!

Оскарын шагнал гардуулахдаа La La Land-ийг Moonlight-тай андуурч зарласны дараах заалны сэтгэл хөдлөл. Ямар ч маргаангүй Холливудын хамгийн онцлох мөч.

Каталаны тусгаар тогтнох оролдлого бүтэлгүйтэв. Хууль бус санал хураалтын дараа Каталаны лидерүүд "цөлөгдөж", зарим нь шоронд хоригдов.

Д.Сумъяа 13 минутын хүнд барилдааны эцэст Дэлхийн аварга болов! Тэрээр 2017 оны Монгол улсын шилдгийн шилдэг тамирчны "Бөртэ Чоно" цомын эзэн болсон билээ.

Солонгосын ард түмэн сарын турш тасралтгүй жагссаар авилгалд автсан гэх ерөнхийлөгчөө огцруулж, бүр шоронд хийж дөнгөв.

Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабегийн "хаанчлал" 37 жилийн дараа эцэс болж, ард иргэд төрийн эргэлт хийсэн цэргийнхэнд талархав.

Үнэмлэхүй олонх МАН засгийн газраа огцруулж, Ж.Эрдэнэбатыг У.Хүрэлсүхээр солив. Түүний бүрдүүлсэн жинхэнээсээ "мэргэжлийн засгийн газар"-аас хүлээлт их.

Түүхэнд төрөн гарсан хамгийн агуу гүйгчийн эрин дуусав. У.Болт 100 метрийн зайдаа ч түрүүлж чадсангүй.

Карибын тэнгисийн орнуудыг ээлж дараалан хуй салхи нөмөрч, тэрбум тэрбум долларын хохирол учруулав. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тэд мэдэрч эхлэв.

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple өөрийн гол бүтээгдэхүүн iPhone анх гарсны 10 жилийн ойд iPhone X-ийг танилцуулав.

К.Роналду тэргүүтэй Реал Мадрид Аваргуудын лигт дараалан түрүүлсэн орчин цагийн анхны баг боллоо!

2017 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент танд дараах хуваарийн дагуу хүрнэ:

12.25: Оны онцлох гарааны бизнесүүд
12.26: Оны онцлох аппликэйшнүүд
12.27: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.28: Атаархлын жагсаалт - Оны онцлох нийтлэлүүд
12.29: Оны онцлох кинонууд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд

Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.

17532   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.