Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   12 сарын 30, 2017

2017 оны онцлох номууд

Шинэ жилийн тусгай цуврал маань номоор үргэлжилж байна. Энэ удаа бид номын хорхойтон зочдыг урьж, энэ жил хамгийн их таалагдсан, сэтгэлд нь хүрсэн номуудыг нэрлүүллээ. Өнгөрч буй жилийн хугацаанд бид 40 гаруй номыг тоймлосон билээ. Мөн Unlock Podcast-ийг хамтран танилцуулж эхэлсэн нь уншигч, сонсогчдын талархлыг хүлээж буй. Ирэх онд бид номын ертөнцөд гарсан сонирхолтой, мэдүүштэй номуудыг үргэлжлүүлэн хүргэхийн зэрэгцээ редакцийн гишүүдийн оролцоотой шинэ номуудыг өргөн барих болно.

The Vanishing American Adult + A Legacy of Spies + Economics Rules

Бичсэн: Г. Түвшинзаяа (Колумбын их сургуулийн магистрант - АНУ)

Ben Sasse - The Vanishing American Adult
Ерөөсөө баруунд нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг хамгийн гярхай, хамгийн өвөрмөцөөр ажиглаж чаддаг хүмүүс нь консервативчууд байдаг. Америкийн Сенатын гишүүн Бэн Сассийн "The Vanishing American Adult" бол энэ жил миний уншсан хамгийн их зүйл бодогдуулсан ном байлаа. Америкийн өсвөр үеийнхэн ээж аав, эмээ өвөөгийнхөө үетэй харьцуулахад биеэ даан амьдрах чадвараа алдаж, нийгмийнхээ үнэт зүйлсээсээ хэрхэн холдож байгааг Сенатч Сасс номондоо харуулаад үүнийг хэрхэн өөрчлөх талаар өөрийн санаануудаа дурджээ.

Америк хэдий хол боловч бидэнтэй л адил залуу үеийнхээ хүмүүжилд санаа зовцгоодог бололтой. Тэдний сайн тал нь гэвэл санаа зовохоосоо гадна асуудлыг шийдэх арга замуудыг хэдийн хайгаад эхэлсэн байна. Харин бидний давуу тал гэвэл тэдний алдаа амжилтаас суралцаад цаг, хүч хөдөлмөрөө хэмнэх боломж. Сенатч Сассийн хэлж буйгаар шинэ үеийн бид илүү сахилга баттай байж, хэрэглэгч байхаасаа илүү үйлдвэрлэгч болж, нийгмийнхээ үнэт зүйлсийг тогтоон барьж буй ном судрыг идэвхтэй судлах ёстой аж.

John le Carré – A Legacy of Spies
Жон лэ Каррэ нэг ярилцлагтаа зохиол бүтээлдээ барагтай бол тэмдэг нэр ашигладаггүй тухайгаа ярьж байсан юм. Зохиолынх нь өгүүлбэр бүр товч, тодорхой, оновчтой. Илүү үг бүү хэл илүү цэг тэмдэг ч олдохгүй. Орчин үеийн үргэлжилсэн үгийн мастер гэж цоллодог нь лав тохиолдлын хэрэг биш байх. Түүний зохиолуудыг уншиж байгаад л бараг албан бичиг хөтлөлтөө сайжруулчихмаар.

Зохиолч энэ жил 24 дэх буюу өөрийнх нь хэлснээр сүүлчийн номоо өлгийдөж авсан нь A Legacy of Spies хэмээх бүтээл. Үйл явдал нь тэртээ 1963 онд хэвлэгдэхдээ лэ Каррэг алдаршуулсан The Spy Who Came in from the Cold-ийн одоо үед болж буй үргэлжлэл. “Аливаа нийгмийг ойлгохын тулд тагнуулын албыг нь харах хэрэгтэй” гэсэн лэ Каррэгийн үг байдаг. Британийн тагнуулын албын тухай энэ зохиолоор нь дамжуулаад тэдний гадаад дотоод бодлого, тэр ч бүү хэл Брэкситийн чухал ойлголтыг олоод авмаар. Лэ Каррэ өнгөрсөн онд өөрийнхөө намтрыг хэвлүүлэхдээ энэ бол миний хамгийн сүүлийн ном гэж хэлсэн юм гэнэ лээ. Харин аз болж тэр нь худал болж таарсан. Сайн тагнуулчийн үг шиг энэ удаагийнх нь мөн худал байх болтугай.

Dani Rodrik - Economics Rules (2015)
Оюутан болохоосоо өмнө би энэ номыг уншсан ч болоосой. Эдийн засагч Дани Родрик олон нийт, тэр ч бүү хэл эрдэмтэн судлаачид өөрсдөө хүртэл эдийн засгийн шинжлэх ухааны талаар өрөөсгөл ойлголттой явдгийг анзаараад энэхүү номоо бичжээ. Эдийн засагчид чухам юуг хэлж мэддэг, юуг хэлж чаддаггүй талаар цэгцтэй ойлголтыг Родрик номондоо өгөхийг оролдсон байна. Родрикийн гол санаа нь гэвэл эдийн засгийн шинжлэх ухааныг бид нийгмийг ойлгож харах математик загваруудын цуглуулга гэж харах учиртай. Нэг том загварт бүхнийг багтаах гэсэн аль эсвэл нэг загварыг бүх нөхцөл байдалд ашиглах гэсэн туйлшрал нь эдийн засагчдийн хамгийн том алдаа аж. Иймд сайн эдийн засагч гэдэг тулгарч байгаа асуудал бүрийн онцлог чанарыг ойлгоод тухай бүрт нь тохирсон эдийн засгийн загварыг гаргаж ирж чаддаг хүнийг хэлнэ.

Монголчууд бид 2017 онд чамгүй олон эдийн засгийн асуудалд анхаарлаа хандуулжээ. Нэг хэсэг маань гадны эдийн засагчид хэлсэн учраас зөвлөгөөг нь үг дуугүй дага гэж ярьж байхад нөгөө хэсэг маань муйхраар хэлсэн бүгдийг нь үгүйсгэдэг болж. Хэрэгжүүлж буй бодлогын алдаа оноог цаг хугацаа харуулах боловч хэлэлцүүлэгт өөрсдийн санаа бодлоо нэмэрлэж буй ард иргэд эдийн засагчид хэрхэн асуудлыг харж юуг мэддэг, юуг мэддэггүй талаар системтэй ойлголттой болох нь чухал юм аа.

SHOE DOG + NUDGE

Бичсэн: Б.Тэгшбаяр (Unlock Podcast-ийг санаачлагч)

Unlock Podcast маань 2017 оны 6 сард анхны дугаараа танилцуулснаас хойш нийтдээ 22 дугаараар 20 номыг сонсогчдодоо хүргэсэн билээ. Эдгээр 20 номоос ажил мэргэжилдээ хэрэглэж болох мэдлэг мэдээлэл, өдѳр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж болох шинэ санаануудыг олж авсан байх гэдэгт итгэж байна.

Эдгээр 20 номын дотроос, бидний зүгээс "Shoe Dog", "Nudge" номуудыг онцолж байна. Подкастын #2-д нийтлэгдсэн "Shoe Dog" нь Nike-ийн үндэслэн байгуулагч Фил Найатын өмнө нь хэвлэл мэдээлэлд ил болгож байгаагүй, Nike-ийг үүсгэн байгуулсан түүх юм. Дѳнгѳж хорин хэдэн наснаасаанаа гутлын борлуулалтын бизнес эхлүүлж, улмаар өдгөө дэлхий даяар хүн бүрийн мэдэх Nike брэндийг хэрхэн үүсгэн байгуулсан тухайгаа нүдэнд харагдтал бичсэн бүтээл. Намтар хэлбэрийн бусад номоос ялгаатай нь зохиогч зѳвхѳн болж ѳнгѳрсѳн үйл явдлуудыг биш, тухайн үед тѳрсѳн сэтгэгдэл, санаа бодол, хэрхэн шийдвэр гаргасан зэргээ уншигчидад ѳѳрийн биеэр мэдэртэл нь өгүүлсэн байдаг.

Дараагийн онцлох ном бол подкастын #21-д нийтлэгдсэн "Nudge". 2017 оны эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналын эзний бичсэн энэхүү ном нь эдийн засгийн ухааны шинэхэн салбар болох сэтгэл зүйн эдийн засгийг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарласан бүтээл юм. Эдийн засгийн ном боловч хувь хүн, албан байгууллага, тѳрийн бодлогод ч гэсэн хэрэглэж, бүлэг хүмүүсийг илүү оновчтой шийдвэр гаргадаг болоход ашиглаж болно. Гол санаа нь “сонголтын архетиктур” хэмээх ойлголтыг ашиглан зѳѳлѳн ёворсноор (nudge) хувь хүн ѳѳрийн болоод эргэн тойрны хүмүүсийнхээ сонголтыг сайжруулах боломжтойг тайлбарлана. Аль ч салбарын ажил мэргэжилтэй хүн санаа авахаар олон жишээ байгаа учир, хэрвээ унших завгүй байвал Unlock подкастаас хүлээн авч сонсоорой.

МОНГОЛ ХЭЛЭЭР ГАРСАН ЗАРИМ БҮТЭЭЛҮҮД

Бичсэн: Я.Баяраа (СУИС-ийн багш, "Тойм" сэтгүүлийн тоймч)

"Хөх илдний очис" роман - Б.Наминчимэд
Зохиолч Б.Наминчимэдийн“Агуу эрин” цувралын эхний боть болох “Хөх илдний очис” роман монголчуудын түүхээ хүүрнэх эрхи товчисийн уламжлалт аргыг шинэ мэдлэг, хэллэгээр тэтгэсэн жинтэй бүтээл болжээ. Орчин үед монгол хүн агуу түүхээ өөрийнхөөрөө ийм өндөр төвшинд бичиж чадсан тохиолдол С.Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх”-ээс хойш гараагүй билээ. Хэдийгээр романы үндсэн хоёр хэсэг хоорондоо уялдаа муутай санагдав ч энэ нь цаашид олон ботиор үргэлжлэх орчин үеийн туульс гэдгийг санахад илүүдэхгүй.

"Сэнтий түшсэн хатад" - Ч.Содбилэг
Монголын эзэнт гүрний хатад болон Алтан ургийн 8 гүнжийн намтрыгөгүүлсэн “Сэнтий түшсэн хатад” номыг судлаач Ч.Содбилэг асар их судалгаанд тулгуурлан бичсэн нь анзаарагдана. Чингэхдээ түүх, уран сайхны харьцааг маш сайн тааруулсан, хөнгөн атлаа баялаг хэл найруулгаар бичсэн нь номын үнэ цэнийг улам бүр нэмж буй юм. Хэдхэн жилийн өмнө 20 хүрээгүй хүүхэд Юань улсын түүхийн тухай ном бичлээ гэж шуугиулж байсан Ч.Содбилэг гэдэг хүү хэрхэн эрийн цээнд хүрч, бичиж буйг та энэ номноос уншина. Сүүлийн үед ихэд яригдах болсон миллениалуудын монгол дахь тод жишээ нь энэ судлаач.

Милан Кундера "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" роман - Орчуулагч Ж.Тэгшзаяа
Милан Кундерагийн эл романаас постмодерн уран зохиол гэж чухам юуг хэлээд буйг манай уншигчид ойлгож авсан болов уу. Романд нийгмийг хамарсан зөрчил, гэр бүлийн харилцаанд тулгуурлаж, хүмүүсийн секст хандах хандлагын зөрүүг ашиглан егөөтэй хэл найруулгаар хүний мөн чанар, оршихуйн гарцгүй түгжигдмэл байдлыг онгилон үзүүлдэг. Хүн оршин байхад хамгийн чухал нь юу вэ? Хүнд хүнээс нь илүү юу хэрэгтэй вэ? Энэ романыг уншвал та өөрөөсөө энэ мэтчилэн олон эш мухаргүй асуулт асуух нь магад. Хариултыг нь мэдсээр байж, хариултыг дөнгөж саяхан уншчихсан байж тэр шүү дээ. Миний бие романы редактороор ажилласны хувьд романы егөөтэй, яруу хэл найруулгыг орчуулагч монгол хэлнээ тунамжилттай буулгасныг энд тэмдэглэх нь зүй.

Ролан Барт "Зохиогчийн үхэл" - Орчуулагч Ж.Отгонбаяр
Өрнө дахинд хэдийнэ сонгодог болсон семиотикч Ролан Бартын гол бүтээлүүдээс монгол хэлнээ анх цогцоор бууж байна. “Жиком пресс”хэвлэлийн газар дэргэдээ ашгийн бус гэмээр нэгэн бүтэцтэй болсон нь “Утга зохиолын судлал шинжлэл” цувралын редакц юм. Энэ редакциас гаргаж буй XV дахь бүтээл нь “Зохиогчийн үхэл” ном юм.

“Лонхонд байсан шүлгүүд” - Яруу найрагч Б. Батзаяа
Б.Батзаяагийн анхны шүлгүүдийг яруу найрагч Б.Эрдэнэсолонго, “Исакава Такубокуг санагдуулам” хэмээн үнэлсэн нь бий. Нээрээ л амьдралын эл долоос яруу сайхныг эрсэн аястай богино шүлгүүд байсан. Тэр үеэс хойш 10 гаруй жил өнгөрч, Б.Батзаяа хэмээх шүлэг яруу гунигийн эрэлчин, агшны сэтгэгдлээ биежүүлэн илэрхийлдэг эхлэн бичигч биш, яруу найргийг өөртөө нээсэн, шүлэг болгондоо хэлбэр нээсэн хүчирхэг шүлэгч болсон нь энэ номноос харагдана. Л.Өлзийтөгсийн “Ганцаардлын дасгал”-аас хойш ийм цогц, сул шүлэггүй яруу найргийн ном уншаагүй юм шиг надад санагдсан.

ГОО САЙХНЫ ХУВЬСАЛ + САЙН БҮСГҮЙН ХАЙР

Бичсэн: Болушка (Trends.mn-ийн үүсгэн байгуулагч)

Эрэгтэй нь эмэгтэйгээ сонгодог уу? Эмэгтэй нь эрэгтэйгээ сонгодог уу? Хэн нь ч сонгодог бай сонголтод юу нөлөөлдөг вэ? Бидний өдөр тутмын амьдралд найз нөхөдтэйгээ буу халж суухад гарч ирдэг эдгээр мөнхийн асуултад хамгийн тоймтой, үндэслэлтэй хариулт хэлж үлдээсэн нь мэдээж Чарльз Дарвин. “Хамгийн хүчтэй нь ч биш, хамгийн ухаантай нь ч биш хэн өөрчлөлтөд дасан зохицож чадсан нь амьд үлддэг” хэмээх алдарт үгийг хэлж үлдээсэн нэрт эрдэмтэн амьтад шалгарч үлдэхийн төлөө биш ердөө л гоо сайхныг сонгодог, энэ сонголтыг хийх эрх мэдэл эмэгчинд байдаг гэсэн санаа дэвшүүлсэн бас нэг ном хэвлүүлснийг хүмүүс бид төдийлөн мэдэхгүй өдий хүрсэн гэж болно. Эрчүүд давамгайлж асан шинжлэх ухааны ертөнцөд энэ санаа таалагдаагүй юм уу, байгалийн шалгарал, дасан зохицох, сайн үр удам үлдээхийн төлөөх зөнгөөр сексийн харилцааг тайлбарлах үзэл давамгайлсаар 21-р зуунтай золгожээ. Харин биологич Ричард Прамын “Гоо сайхны хувьсал” номд түүний мартагдсан санааг сэргээж, хүмүүс бидний хувьсал, харилцаанд “гоо сайхан” ба эмэгтэйчүүдийн сонголт санаснаас их үүрэг гүйцэтгэж ирснийг баримт, судалгаатай өгүүлснийг энэ номоос уншаарай. Уншиж дуусаад та суут Достоевскийн “Гоо сайхан/гоозүй ертөнцийг аварна” хэмээх алдарт үгийг шинэ гэрэлд харж ч мэднэ.

2017 онд монгол хэлээр хэвлэгдсэн уран зохиолын бүтээлүүдээс Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Канадын зохиолч Элис Манрогийн “Сайн бүсгүйн хайр” номыг санал болгож байна. Энэ ном тус хэвлэлийн газраас орчин үеийн утга зохиолын сод бүтээлүүдээс сорчлон гаргасан “Утга зохиол” цувралд багтсан. Ер нь “Утга зохиол” цувралын 9 номыг бүгдийг нь аваад “уучихад” гэмгүй. Нэн түрүүнд гарт барихад хөнгөн, цүнхлээд уншиж явахад авсаархан, бусад улсад метронд уншаад явдаг ном шиг хэвлэсэн нь тун дажгүй. Миний хувьд “Сайн бүсгүйн хайр” номыг уншиж дуусаад ингэж жиргэсэн юм.

Сайн уран зохиол гэдэг аливааг хязгаарт тулгаж үзүүлээд тэр хязгаараас туйлын энгийн үнэнийг харах боломж өгдөг юм шиг санагддаг. Анхны болзоо, романс, цэцэг, дарс... Нялуун үг нэгийг ч бичээгүй энэ зохиолын сүүлийн хуудаснаас та эмэгтэй хүний хайраас авсан хязгаар нэгийг олж үзнэ, тэгээд зүрх рүү чинь нударч байгаам шиг оргих вий. Акутагава, Шекспир, Маркез гэх мэт алдарт зохиолчид магад хүйс нь саад болоод харж чадаагүй эмэгтэй хүнээс л гарах жөтөө, бас эмэгтэй хүнээс л гарах хайрыг Элис Манро тулдаа буулгаа юу даа гэж бодогдсоныг нуух юун.

АНГЕЛА МЕРКЕЛЬ + ТОМ ДЭВТЭР

Бичсэн: Б.Аригун /Боловсрол ТВ-ийн сэтгүүлч, хөтлөгч/

Энэ жил уншсан номууд дундаасаа Штефан Корнэлиүсийн бичсэн "Ангела Меркель" хэмээх номыг уншихыг санал болгож байна. Европ тивийг атгандаа багтааж байгаа Их Канцлерийн ертөнцийг үзэх үзлээр дамжуулж эмэгтэй хүний эрчүүдтэй өрсөлдөх чадвар, давуу болон сул талууд, алсын хараа, гурван нүүдлийн цаадахыг урьдчилан тооцоолж хөдлөх зэрэг нь ямар хурц ухаан болохыг тайлбарлан өгүүлнэ. Мөн бидний яриад байдаг хатан ухаан гэдэг амьдрал дээр хэрхэн хэрэгждэгийг, улс төрийн тогтсон суурь хандлага үзэл суртал гэдэг хэр чухал үнэ цэн шингэсэн байдгийг энэ ном үг үсэг өгүүлбэр бүртээ шингээсэн сайхан бүтээл болжээ.

Агота Кристофийн "Том дэвтэр" дуу алдмаар гоё роман байлаа. Дэндүү этгээд зоригтой үйл явдлуудаас нь гадна зохиолчийн бичлэгийн онцлог өгүүлж буй зүйлээ бүр ямар ч нэмэлт хачир элдэв чимэглэлгүй шууд илэрхийлсэн нь онцгой. Швейцарын зохиолч, яруу найрагч Агота Кристофийг нэр алдарт хүргэж дэлхийтэй мэндчилэх боломж олгосон энэхүү 3 боть роман буюу The Notebook, The Proof , The Third Lie хэмээх романууд бол өөр романуудтай харьцуулашгүй этгээд бас онцгой үнэр таашаал мэдрэмжийг авах роман юм. Хэдийгээр эхний хэдэн хуудас тайван амгалан голын эргээр алхаж буй мэт мэдрэмжийг төрүүлэх ч унших тусам гүн далайд шумбах мэт гүн гүнзгийн хүчтэй огцом үйл явдлуудаар дүүрэн аялалаар аялуулна. Зохиолын үйл явдал зохиолчийн бага насныхаа хэсэгхэн үеийг өнгөрөөсөн Австри-Унгарын хил дээрх Костад болж буй дайны хүнд хэцүү цагт өрнөнө. Гол дүр болох хоёр ихэр хөвгүүдийн сэтгэлзүйн өрнөлөөр зохиолын үйл явдал хөврөх бөгөөд та эхний ботийг уншихад л дараагийн 2 ботийг уншихгүй байхын аргагүй асуулт эргэлзээтэй үлдэж бүлэг бүрээс бүр ихийг суралцана гэдэгт итгэлтэй байна

Хүндэт Ижавэлэ буюу Феминизмийг тунхаглах 15 алхам

Бичсэн: Ц.Алигэрмаа (Тайпэй их сургуулийн магистрант - Тайван)

Фэминизмийг хүмүүс “эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгмийн тэгш эрхийн хамгаалах, түүнийг бий болгоход чиглэгдсэн үзэл санаа болон хөдөлгөөнүүдийн нийлбэр цогц” хэмээн өрөөсгөл боддог. 2017 онд гарсан зуу зуун хуудастай мянга мянган номноос онцолж буй ном бол фэминизмийг нуршихгүйгээр, маш ойлгомжтой тайлбарласан Нигерийн зохиолч Чимаманда Нгози Адичигийн ''Хүндэт Ижавэлэ буюу Феминизмийг тунхаглах 15 алхам'' юм. 63-хан хуудастай эл ном 2017 оны 3 сард хэвлэгдсэнээсээ хойш аль хэдийн олон хэлнээ орчуулагдан бэстсэллэр болж чадсан нь дэлхий нийтээрээ даяаршиж буйг, фэминизмийн талаар мэдэхийг хүмүүсийг эрмэлзэж байгааг харуулж байна. Номын аялал охиноо хэрхэн феминист, тэгш эрхийг эрхэмлэсэн хүн болгон өсгөх вэ хэмээн асуусан найзынхаа асуултанд хариу эрснээр эхэлсэн бөгөөд хариу захиа хэлбэрээр бичигдсэн. Өдөр тутамдаа хэрэгжүүлж болох 15 зөвлөгөөг эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу хэн ч уншихад нэн ойлгомжтой төдийгүй, маш товч тодорхой байхаар зорьж бичсэн нь хуудас бүрээс харагдана. Энэ номыг манай залуус, ирээдүйн ээж аавууд ч мөн амтархан уншаасай гэж хүсэж байна.

2017 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент танд дараах хуваарийн дагуу хүрнэ:

12.25: Оны онцлох гарааны бизнесүүд
12.26: Оны онцлох аппликэйшнүүд
12.27: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.28: Атаархлын жагсаалт - Оны онцлох нийтлэлүүд
12.29: Оны онцлох кинонууд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд

Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.

51215   4


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.