Мэдүүштэй   12 сарын 28, 2017

Kleenex Stories уралдааны шилдэг бүтээлүүд: Шинэ жилийн хамгийн дулаан дурсамж

Шинэ жилийн энэ өдрүүдэд Kleenex брэнд сошиал медиа дээр нэгэн сонирхолтой уралдааныг зарласан юм. Шинэ жилийн баяртай холбоотой, эерэг, гэгээлэг, сонирхолтой, бодит түүхээ гэрэл зургийн хамт илгээн 1,000,000 төгрөгийн эзэн болох боломжийг тэд олгосон. Улмаар хүмүүс гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрүүлсэн шинэ жил, шинэ жилийн бэлэг, гацуур мод гээд ой ухаан, сэтгэл зүрхэндээ гүн шингэсэн дурсамж дуртгалуудыг олноор илгээсэн билээ. Уралдааны дэмжигчээр ажилласан бид өнөөдөр, ирсэн нийт бүтээлүүдээс хамгийн гоёмсог таван түүхийг уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Kleenex Stories уралдаанд шинэ жилтэй холбоотой гэгээлэг, дулаан, бодит хүн орсон бодит түүхийг бүтээлчээр өгүүлэх, тэмцээнд зориулж гэрэл зураг авахуулсан байх гэсэн шалгууруудыг тавьсан. Ирүүлсэн бүтээлүүдийг Kleenex Брэнд хариуцсан менежер Э.Ариунтуяа, Kleenex брэндийн сошиал медиа хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүн, Unread.today сайтын ерөнхий редактор Д.Ганзориг, Suuder.com-ийн үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин Г.Мөнхдэлгэр нар түүхийн өгүүлэмж ба бүтээлч байдал, зургийн өнгө үзэмж, хоорондын уялдааг нь харгалзан шүүж, эцсийн дүнг гаргасан юм. Ингээд эхний байруудад шалгарсан дарааллаар таван бүтээлийг уншиж сонирхоцгооё. Бусад бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл та Kleenex брэндийн фэйсбүүк хуудсанд зочлоорой: www.facebook.com/KleenexMongolia

1. УРАЛДААНЫ ЯЛАГЧ Э.САНЧИР

“Өнгөрдөг өвлөөр юм даа, яг өдийд шинэ жилдээ бэлддэг үеэр зах дээр хөл толгой нь олдохгүй л их хүнтэй өдөр байсан юмдаг, надаас насаар ахимаг ах эгч хоёр, ач хүүгээ дагуулаад гацуур сонирхоод явж байсан юм. Шинэ жилээр баавгай болж байгаа бололтой ач хүү нь баавгайтай малгай өмсчихсөн, хошуу ам нь цантчихсан байдалтай нүдэнд хальт туссан юм. Ах эгч яахав дээ тэгээд л гацууруудын өндөр нам, саглагар сийрэг мөчир зэргийг нь сонжин нэлээд үзэж тарна, хажуугаар нь нөгөө “баавгайн толгойт” хэдэн гацуурыг маань тойрч нураахаа дөхөн гүйхэд, өвөө нь араас нь мөшгөж гүйнэ. Бараг цаг хэртэй бид хэд мунгинаж нэг гацуур сонгоод нөгөө 3 маань ч яваад өгөв өө. Нэг харсан цагаан тортой юм газар хэвтэж байх нь тэр. Би ч өнөөх гурав маань яг мартчихаж гэсээр хүн амьтнаас баавгайн толгойтой хүүхэд харсан уу гээд л гүйхээрээ нэг болж хайж өгөв өө. Хүмүүс ч гайхаад “Хүүе! Ганболд ах аа баавгайн толгойтой хүүхэд гэж хаашаа харсан юм байдаг юм бээ” гээд л хөхрөлдөж өгнө. Хагас цаг хэртэй амьсгаадаж амьсгаадаж, бараг захын нөгөө булангаас өнөөх гурваа олж харангуутаа, вокзалаас хүн тосож байгаа юм шиг л баярлаж билээ. Энэ мэтчилэн баярын өдрүүдээр зах дээр их хөгжилтэй зүйлс тохиолдож өгнө өө.

Ах нь 99 оноос хойш Нарантуул зах дээр шинэ жилийн чимэглэл, гацуур мод худалдаалж эхэлсэн бөгөөд миний зардаг бараа айл бүрд өнгө нэмж, баяр баясал авчрах зориулалттай болоод ч тэр үү надад энэ ажлаа хийхэд их сайхан байдаг. Олон жил ажилласны туршлагаар сайн чанарын, өнгө үзэмжтэй бараа оруулж ирэн, худалдан авагч нарынхаа нүүрэнд тодрох сэтгэл ханамжийг мэдрэх тэр л мөчүүд надад урам өгдөг юм уу даа. Ойр дотнынхон маань надаас энэ олон жил өдөр болгон үүрийн 5 цагт босож, дун өвлөөр бараагаа нааш нь цааш нь зөөж хураахаар хэцүү биш үү гэдэг л юм. Ажил бүхэн хүнд байхын хэрээр амьдралд илүү өгөөжөө өгдөг болохоор эхнэр бид хоёр 3 хүүхдийнхээ сайн сайхны төлөө бусдын л адилаар зүтгэж, сайхан амьдарч байна шүү дээ. Том хүү маань энэ жил их сургуульд элсэн орж, шинэ жилийн баяр дээр баяр нэмж байна.”

Түүхийн эзэн: Ганболд

Энэ түүхийн эзэн өнгөрсөн хориод жилд хэчнээн айлыг гацуур мод, баярын чимэглэлтэй болгосон бол? Олон олон айлд шинэ жилээр өнгө будаг, баяр баясал бэлэглэдэг энэ ахад өөрт нь шинэ жилийн бэлэг барьсандаа бид баяртай байгаа. Зах дээр халуунд халж хүйтэнд хөрж бараа худалдана гэдэг амар ажил биш ээ. Гэсэн ч хүнд хэцүү туулаад гардаг, ажилдаа дуртай ийм л эгэл хүмүүс бидний дунд аж төрдөг.

2. ОРОЛЦОГЧ Э.АНАНД

“Ээж болох хүртлээ шинэ жилийн баярын тухай гэгээн бодол, сэтгэл догдлол бүхэн минь нэг л дурсамжтай холбоотой байжээ. Намайг жаахан байхад бараг л намар байсан байх даа, аав маань Германааас ирэхдээ хоёр хавтгай улаан хүрэн өнгө эрээлжилсэн гоё зурагтай хайрцгийг ээжид хадгалуулсан юм байж. Удалгүй 11 сар гарч, ээж маань дүү бид хоёрт тэр хайрцгийг гаргаж өглөө. ''Өнөөдрөөс эхлэн өдөрт нэг л цонх онгойлговол 12 сарын 31 гэхэд дуусах юм, үүний дараа хүслээ шивнэвэл биелэх болно'' гэж хэлэв. Өдөрт ганцхан цонх онгойлгохоор шоколад гарч ирдэг, ард нь бүхэл зургийн өчүүхэн хэсэг харагддаг байсан ийм л энгийн том хайрцагтай шоколад боловч (chocolate advert calendar) ээжийн хэлснийг хийх л юм бол ямар нэг ид шид тохиолдох мэт итгэл төрсөн билээ.Ингээд нэг сарын турш бүх догдлол минь зөвхөн тэр хайрцагтай шоколад болж хувирсан жилийн эцэс байлаа. Яг сарын турш төсөөлснөөр минь үнэхээр л ямар нэг ид шид үйлчилж, шинэ оны нэгний өглөө хаалга түшүүлээд хүссэн бэлгийг маань ногоон даавуун торонд хийгээд тавьчихсан байж билээ.

Одоо бодоход хүсэл зорилготой байж, үүнийхээ төлөө тууштай бас тэвчээртэй байсны ид шид юм шүү гэсэн аав ээжийн хичээл байсан бололтой. Энэ хичээл миний амьдралд энгийн боловч үнэ цэнийг заасан. Нас бие гүйцээд, ухаан бодол төлөвшсөнөөс хойш, 2 жилийн өмнө үрээ гэдсэндээ тэвэрч үдсэн шинэ жилийн баяр үүнтэй яг ижилхэн санагдаж билээ. Бараг жилийн турш уяран хайлж, ид шид бүрэлдэж байгааг мэдрэн мэдсээр, өдөр бүрийг тоолон хүлээсэн үр минь ээжийнхээ гэдсэнд хоёр оны заагийг дамжсан юм. Надад шинэ оны эхлэл хамгийн сайхан санагддаг. Шинэ оноо угтах баяр жаргал нь хуучин оноо үдэх бодол дүгнэлттэй нийлээд, шинэ хуучин оны заагаар дамжин өнгөрөх нь хүнд яагаад ч юм амьдралынх нь чухал мөчүүд болж дурсагдан үлддэг.“

Түүхийн эзэн: С.Өнөржаргал

Хүүхэд нас, гацуур мод, хоног тоолон хүлээсэн өдрүүд, шинэ жилийн бэлэг, аав ээжийн ухаан. Хүүхэд байхдаа үзсэн шинэ жил магадгүй хамгийн гоё нь. Энэ бүсгүй бяцхан үрдээ томрон томортол нь шинэ жилийн гоёхон бэлгийг, мартагдашгүй дурсамжийг өгсөөр байх биз ээ.

3. ОРОЛЦОГЧ С.Абдулгалим, Г.ЦАГААН

“Өнгөрсөн жилийн 12-р сарын 31-ний өдөр миний хувьд хамгийн дурсамжтай, аз жаргалаар бялхсан өдөр байлаа. Нас жаахан явчихсан болохоор баргийн газар ажилд авдаггүй тогтож хийсэн зүйлгүй өдөр хоног өнгөрнө. За яахав дээ, хааяа даа барилгын ажил, газар тариалан гэх мэт хүнд хүчир ажил л тоотой олдоно. Олдсон хэдэн ажил нь улирлын чанартай болохоор өвөл ажилгүй, гэртээ гал хөсөө түлж эхнэр хүү хоёроо ирэхэд нь дулаан гэрт халуун хоолтой угтахаас өөр гавих зүйлгүй. Хийж бүтээсэн олигтой зүйлгүй би чинь чадахаараа л 2 эрдэнээ эд мөнгөөр биш ч хайраар дутаахгүй байхсан даа гэж бодож явдаг юм. Эхнэрийн маань тархинд хагас жилийн өмнө цус харваад ажил хийх боломжгүй бүр алхаж ч чадахгүй, тэр бүр гэрээс гараад байхгүй хүндхэн зүйл болсон. Хэдий дасгал тогтмол хийж байгаа ч үр дүн муутай, хөл нь мэдээ орохгүй хэвээрээ. Тэгээд бид хэд өвөлдөө эхнэрийн группийн мөнгөөр л амьдардаг байлаа. Гэтэл надад “ТОД” гэх хэвлэлийн газар ажилд орох боломж олдсон нь маш их азтай, амьдралд минь дэмтэй явдал байлаа. Гэхдээ шинэхэн ажилтан болохоор энэ боломжоо алдахгүйн тулд даргын хэлснээр ажиллаад ханьдаа анхаарал халамж тавьж чадахгүй байгаадаа их л гутарна. 12-р сар гарчихсан аль хэдийнээ шинэ жилийн уур амьсгал орчихжээ.

Би гэдэг хүн чинь хүүхэд байхаасаа л энэ баярт дуртай, одоо ч догдлон хүлээдэг. Шинэ жилээр ирэх жилд юу миний орон зайд биеллээ олж, ямар зүйлийг зүрх минь хүсэж байгаагаа цаасан дээр буулгаад дараа жилийнхээ энэ өдөр уншаад хүсэл минь бодит болсон байхыг харах дэндүү сайхан. Амьдралын амт энэ зүйлд л оршиж буй мэт. Дуртай баяраараа хайртай хүмүүстэйгээ өнгөрөөхийг ямар их хүсэж байсан гэж санана. Хэдий ажлаа хурдан хийгээд эрт дуусгалаа гэхэд гэр Тоосгоны үйлдвэрт болохоор 00:00 цагаас өмнө гэртээ очиж амжихгүй байх гэж бодон уламжлал болсон дараа жилийн хүслээ цаасан дээрээ бичиж бурхныхаа өмнө хадгалж орхиод өглөө гэрээсээ гарсан нь тэр. Дараа жилийн хүслээ бичих тэрхэн зуур “мэдсэн бол өмнө жилийн хүсэл дээрээ дараа жилийн шинэ оныг гэр бүлтэйгээ халуун дулаан сайхан угтана аа гэж бичих минь яав даа” гэж харамсана. Тэр өдрийн турш өнгөрсөн жилүүдийн шинэ жил ямар сайхан байсныг дурсан суусаар ажил ч олигтой хийсэн зүйлгүй үр бүтээлгүй л өдөр өнгөрлөө.

Орой 11 цагийн орчимд эхнэртэйгээ ярихад цаана нь зурагт ч дуугарсан шинжгүй нэг л чимээгүй нам гүм байх шиг. Уг нь хань минь намайг байхгүйд зурагт л үзэж ганцаардахгүй сууж байдаг юм. Ялангуяа өдийд бол шинэ жилийн нэвтрүүлэг энээ тэрээ гээд бүр л дуутай хөөртэй байх ёстой доо гэж гайхан битүүхэн санаа зовж байлаа. Ядаж байхад эхнэрийн маань дуу нэг л битүү юман дотор давхардаж сонсогдоод ч байх шиг байдал нэг л биш . Би ч “Ганц өдрийн ажил дутуу хийхэд яав л гэж. Дарга намайг халвал ч хална л биз гэр бүл минь л чухал” гэж бодсоор санаа зовон ухас хийн гартал тэр маань коридорт зогсож байдаг юм даа. Би гэж хүн алмайрч балмагдаад юу болоод байгааг ойлгох сөхөөгүй л байлаа. Эхнэр маань намайг шинэ жилд ямар их дуртайг сайн мэддэг болохоор, амьдралынх нь хамгийн том сонголт нь би болохоор, надад маш их хайртай болохоор, намайг гуниглаж байгааг мэдэрч байсан болохоор агуу их сэтгэл, зориг гарган над дээрээ ирсэн. Ингэж би 2016 оны шинэ жилийг маш том гэнэтийн бэлэгтэй, бөөн аз жаргалтайгаар угтсан юмдаа.

“Хүний нүдэнд хөгцтэй хөх хад шиг хөгшин муу хүү минь ижийнхээ нүдэнд манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан үр минь” гэдэг шиг хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй эвгүй харагддаг байж болох ч ханьдаа бол энэ шинэ жилийн, насан туршийн минь хамгийн том бэлэг нь. Бас юу гээч? Шинэ оноо гаргачхаад гэртээ харих гээд эхнэрийнхээ хувцсыг авчрахаар өлгүүр лүү очоод баярласан нулимсаа нуун сэм арчин зогсоход тэр минь араас тэврээд авахад би шинэ жилд бас түүндээ дахин дахин дурласан. Өглөө гэрээс гарахдаа бичиж үлдээсэн хүсэл “Эхнэр маань хурдан буцаж алхаж чаддаг болоосой” гэсэн минь ингээд дөнгөж шинэ он гарахтай зэрэгцэн биеллээ олсон юм. Хайр гэж ямар агуу юм бэ? Би түүнийгээ өнөөдөр өчигдрөөс илүү , маргааш өнөөдрөөс илүү хайрласаар байх болно... Шинэ жил энэ миний ХАМГИЙН ДУЛААН ДУРСАМЖ”

Хайртай хүнээ магнайг нь хагартал баярлуулъя гэвэл, сюрприз барья гэвэл шинэ жил хамгийн тохиромжтой цаг үе мөн гэдгийг энэ түүх харуулж байна. Бид чинь өдөр тутмын ажил амьдралдаа түүртээд ийм гэнэтийн бэлэг барилгүй зөндөө удчихсан байдаг шүү дээ. Хамгийн сүүлд хэзээ би гэр бүлийнхэн, найз нөхдөдөө сюрприз барилаа гээд та нэг бодоод үзээрэй.

4. ОРОЛЦОГЧ М.ЦОЛМОН

“Хуучин оны төгсгөл, шинэ оны босгон дээр өөрийн гараар хийсэн амтат бялуундаа хүслээ шивнэх гэдэг миний болон манай гэр бүлийнхний хувьд хамгийн нандин үе минь билээ. Ингээд та бүхэнд өөрийн бяцхан нууцаасаа дэлгэе…2012 он, одоогоос таван жилийн өмнө манайх гэдэг айлд шинэ хүн нэмэгдээд ам бүл тавуулаа болоод удаагүй үе. Манай гэр бүл 18мкв талбайтай нэг өрөө байранд аз жаргалтай амьдран суудаг энгийн нэгэн л гэр бүлийн нэг. Тухайн үед дөнгөж төрсөн би гэртээ хүүхдүүдээ хардаг цагаа аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэх гэж их хичээдэг байв. Шинэ хобби, шинэ соёл, шинэ найз нөхөд, шинэ ном, шинэ хоол, шинэ амттан гээд л маш олон төрлийн зүйлээр өөрийгөө хөгжүүлэн цаг үеэсээ хоцрохгүйг хичээдэг маш идэвхтэй үе маань гэж хэлж болохоор тийм л үе байлаа.

Тэр жил би гэдэг хүн шинэ оны баярын ширээний бялуугаа хийхээр шийдэв ээ. Нөхөр, хүүхдүүдтэйгээ нийлж хийсэн анхны бялуу маань маш амжилттай болж, чимэглэх асуудал гарч ирлээ. Анхных болохоор бялуугаа хэрхэн яаж чимэглэхээ мэддэггүй ээ. Бодож бодож ур чадвар бага шаардагдах зураг зурахаар шийдлээ. Юу зурахаа мэдэхгүй хэсэг бодож байгаад гэнэт л толгойд ерөөсөө мөрөөдөж явдаг хүслээ зурчихая л даа гэсэн бодол зурсхийн орж ирсэн юм. Ингээд бид ам бүл нэмсэн байсан болохоор том сайхан өөрийн гэсэн байртай болох мөрөөдлөө байшингаар дүрслэн зурцгаасан юм. Тухайн үед нөхөр бид мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ ямар хамаа байхав гээд инээлдээд бие биенийгээ шоолон инээж байсныг саяхан мэт л тод товруун санаж байна. Бидний гараа гарган урласан баярын ширээний амтат бялуу маань бэлэн болж, бүгдээрээ хүслээ шивнэн шинэ оноо аз жаргалтай сайхан угтсан юм.Хамгийн гайхалтай нь хүслээ шивнэсэн яг тэр өдрөөс хойш найман сарын дараа манайх гэдэг айл шинэ байранд орж манай гэр бүлийн мөрөөдөл биелж билээ.Үүнээс хойш жил бүрийн шинэ оноо угтах баярын бялуугаа заавал өөрсдийн гараараа урлаж, түүндээ хүслээ шивнэдэг уламжлалтай болсон юм. Мөрөөдөхөд хэзээ ч мөнгө төлөхгүй. Та бүхэн ч гэсэн мөрөөдлөө биелүүлээрэй.”

Түүхийн эзэн: М.Цолмон

Баярын бялуугүйгээр шинэ жилийг төсөөлөх аргагүй. Бялуугаа хүслээрээ чимэглэхэд тэр нь бодит биелэл болсон энэ түүх бидний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн юм. Та бүхэн ч гэсэн баярын бялуундаа хүслээ шивнээрэй. Магад тэр чинь 2018 онд биелэх буй за.

5. ОРОЛЦОГЧ П.ДОРЖПАГМА

"Өнгөрсөн оны шинэ жилээр нөхөр маань Солонгос явчихсан, би ганцаараа он гаргах гээд бага зэрэг гунигтай, хамтдаа он гаргаж байгаа хосуудад битүүхэндээ атаархан 12-р сарыг өнгөрүүлж байлаа. Тэгтэл яг 31-ний өдөр хадам аав маань над руу залгаад, манай байрны үүдэнд ирчихсэн, гараад ирээч гэж байна. Гараад очтол хадам аав маань хамгийн ганган костюм пиджакаа өмсөөд, их л гоёчихсон, 99 сарнай, оргилуун дарс бариад хайртын минь илгээсэн бэлгийг хүргэж ирсэн байлаа. Огт төсөөлөөгүй байхад ийм гоё бэлэг, бас маш их сэтгэл хүлээн авсан болохоор тэр үед баярлах, хайрлах, догдлох мэдрэмжүүд төрөөд, шинэ жилийн халуун дулаан уур амьсгалыг гэнэтхэн л мэдэрч билээ. Бэрээ баярлуулах гээд чин сэтгэлээсээ зорьж ирсэн хадам аавдаа бас маш их баярлаж билээ. Энэ жил нөхөртэйгөө хамт байгаа учраас бүр ч их дулаахан, аз жаргалтай шинэ оноо угтах байх гэж бодож байна."

Түүхийн эзэн: Э.Дөлгөөн

Тэр залуу үнэхээр мэдрэмжтэй юм гээч. Хадам аав нь ч ёстой хөөрхөн санагдсан. Шинэ жилийн баяр гэдэг хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлэхэд л хамаг утга учир нь оршдог мэт.

Он солигдох торгон агшин ойртсоор буй энэ цаг мөчид хожим эргэн дурсаад инээмсэглэх гэгээлэг дулаан дурсамжуудыг бүтээгээрэй гэж уншигч та бүхэндээ хүсье.

17632   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.