Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   12 сарын 24, 2017

7 хоногийн тойм: Америкийн ичгүүрт ялагдал + Элон Маскийн сансрын шоу + Биткойны түүхэн уналт

Даян дэлхийн эргэн тойронд

НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн улс санал нэгтэйгээр БНАСАУ-д тавьсан хоригийг чангатгах шийдвэрт хүрлээ. Уг шийдвэрийн дагуу НҮБ-ийн гишүүн орнуудад ажиллаж буй тус улсын иргэд 24 сарын дотор эх нутагтаа буцах ёстой болж байгаагаас гадна зарим түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн экспортлохыг хориглож байна. Мөн тус улсад нийлүүлэх түүхий нефтийн хэмжээг 4 сая баррелиар хязгаарлах болсноо зарлажээ. Уг шийдвэрийг БНАСАУ-ын талаас "дайнд өдөөн хатгасан увайгүй үйлдэл" хэмээн тодорхойлж, илт дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.

BBC: Хойд Солонгосын хямралыг 300 үгэнд

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын гаргасан Израйлын нийслэлийг Иерусалем мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа нүүлгэх болсон шийдвэрийг эсэргүүцсэн тогтоолыг НҮБ гаргалаа. Аюулгүй зөвлөлийн 14 гишүүн орон уг асуудалд хориг тавьсны дараагаар НҮБ-ийн ерөнхий ассемблейн тусгай чуулган хуралдсан нь энэ. Санал хураалтад оролцсон 172 орны 128 нь АНУ-ын эсрэг санал өгсөн бөгөөд Монгол тэргүүтэй 21 улс санал хураалтад оролцсонгүй. Ерөнхийлөгч Трамп санал хураалтын өмнө эсрэг санал өгсөн улсуудад үзүүлэх тусламжаа зогсооно хэмээн сүрдүүлж, НҮБ-д суугаа төлөөлөгч Н.Хэйли НҮБ-ийн гол санхүүжүүлэгч нь АНУ гэдгийг мартаж болохгүй, бид энэ өдрийг мартахгүй хэмээн анхааруулсан нь үр дүнд хүрсэнгүй.

CNN: Улс орнууд хэрхэн саналаа өгсөн бэ?

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныи ерөнхийлөгчийн сонгуульд В.Путины эсрэг өрсөлдөх болзлоо хангасан хэмээн мэдэгдлээ. Тэрээр өөрт нь шаардлагатай байсан нэр дэвшүүлэх хүсэлт бүхий 500 хүний гарын үсгийг цуглуулсан учир ирэх 3-р сард болох сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаа гэнэ. 2011, 12 онд олон нийтийг хамарсан жагсаал хийж, улмаар хүчиний байгууллагуудад баригдан шалгагдаж, Путины хамгийн хүчтэй эсэргүүцэгч байсаар ирсэн тэрээр 4 дэх удаагаа сонгогдохоор зэхэж буй өрсөлдөгчөө "муу ерөнхийлөгч" хэмээн тодорхойлжээ.

Биткойны ханш өнгөрсөн баасан гарагт 30 гаруй хувиар буурч, олон нийтийг цочроолоо. Энэ жил супер өсөлт үзүүлж, олны анхаарлын төвд ороод байсан энэхүү цахим мөнгөн тэмдэгтийн ханш 19 мянган доллар даваад байсан ч зарим улсын төв банкнаас гаргасан анхааруулга, шинэ жилийн баярын арилжаа, litecoin-ий үүсгэн байгуулагч бүх биткойноо зарсан мэдээ зэргээс хамааран үнэ нь 15,530 доллар болтлоо буурчээ.

Bloomberg: Биткойны хамгийн том уналтын эргэн тойронд

АНУ-аас холбоотнууд нь хүртэл нүүр бууруулав. Тэд НҮБ-ийг орхих болов уу?

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Google-ийн толгой компани Alphabet-ийн захирлуудын зөвлөлийн дарга Эрик Шмидт үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарлалаа. 2001 оноос хойш Google-тэй холбогдож, хамгийн оргил өсөлтийн үед нь CEO-оор нь ажиллан, стартапын хэмжээнээс дэлхийн технологийн тэргүүлэгч болгоход гол хувь нэмэр оруулсан тэрээр удирдах зөвлөлд суудлаа хадгалж үлдэн, "зөвлөх" гэсэн статустайгаар ажиллах гэнэ. 13 тэрбум долларын хөрөнгөтэй Шмидт сүүлийн жилүүдэд өөрийн сангийн үйл ажиллагаанд анхаарал хандуулах болсон юм. Google тун удахгүй түүний орлогчийг зарлах төлөвтэй байна.

БНСУ-ын хамгийн том фирмүүдийн нэг Lotte-ийн 95 настай үүсгэн байгуулагч Шин Кюк Хог татвараас зайлсхийж, мөнгө угаасан хэргээр 4 жил хорих ялыг оноолоо. Түүний залгамжлагч, хүү Шин Дон Бинг 20 сар, охин Шин Ён Жа 2 жил хоригдох ялаар шийтгэгджээ. Тэднийг дор хаяж 119 сая доллартай тэнцэх хөрөнгийг хууль бусаар шамшигдуулсан хэмээн буруутгагдаж байгаа ажээ.

Европын Холбооны дээд шүүхээс Uber-ийг тээврийн компани хэмээн үзлээ. Ингэснээр тэд тус холбооны 28 улсад үйл ажиллагаа явуулахдаа ихээхэн төвөгтэй, шаардлага өндөртэй стандартуудыг мөрдөх ёстой болж байна. Үүний өмнө тэд өөрсдийгөө жолооч болон зорчигчдийг холбодог цахим платформ хэмээн тодорхойлж байсан билээ. Энэхүү шийдвэр Airbnb, Delivoo зэрэг өөр салбарын ижил төстэй стартапуудад ч хүнд цохилт болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

2016 онд машин борлуулалтаараа тэргүүлсэн Toyota 2020 оны эхэн гэхэд дор хаяж 10 загварын цахилгаан машин зах зээлд нийлүүлнэ гэдгээ танилцууллаа. Тэд 2030 он гэхэд жил бүр цахилгаан эх үүсвэр бүхий 5,5 сая машиныг борлуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Цахилгаан машины технологи хөгжүүлэлтээр Volkswagen, GM-ийн ард яваа гэж өөрсдийгөө үзэж буй Toyota Mazda болон Denso-той нийлэн баттерейн технологи хөгжүүлэгч шинэ компани байгуулснаа мэдэгдээд байгаа билээ.

Lotte-ийн үүсгэн байгуулагч "зөнөх" өвчинтэй хэмээн оношлогдсон учир ялаа гэрийн хорионд өнгөрүүлэх бололтой.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Apple зарим хуучин загварын iPhone утасны үйл ажиллагааг санаатайгаар удаашруулдаг гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тэд энэхүү шийдвэрээ хэрэглэгчдээ хамгаалах үүднээс гаргасан гэж тайлбарласан бөгөөд үүнээс өмнө баттерей муудсаны улмаас утас гэнэт унтрах, систем гацах зэрэг хүндрэлүүд гардаг байсан гэнэ. Хэрэглэгчид системээ шинэчилсний дараагаар утасных нь үйл ажиллагаа удааширч байгаа талаар гомдол тасрахгүй гардаг байсан. Тэгвэл Apple энэхүү асуудлыг баттерейгаа сольж, сайжруулснаар шийдэж болно хэмээн зөвлөж байгаа аж.

VOX: Apple санаатайгаар утсаа удааршуулдаг гэнэ. Гэхдээ яагаад?

Фэйсбүүк дэлхийн хөгжмийн салбарын хамгийн нөлөөтэй, чухал тоглогчдын нэг Universal-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр Фэйсбүүк болон Инстаграмын хэрэглэгчид Universal-ийн эзэмшиж буй дуу хөгжмөөс өөрийн хуудсандаа оруулах, ашиглах эрхтэй болж байгаа гэсэн үг. Энэхүү гэрээг байгуулснаар тэд ирээдүйд Youtube-ийн гол өрсөлдөгч болох магадлал өндөр болж байгаа гэсэн үг билээ.

Өнгөрсөн сард Ричард Брэнсоны Virgin-д худалдагдсан Hyperloop хурдны рекордоо шинэчлэн тогтоолоо. Тээврийн хэрэгслийн шинэ эрин үеийг эхлүүлэх учиртай гэгдэж буй Hyperloop 387 км/цагийн хурдыг бүртгүүлсэн нь өмнөх амжилтаа 80 км/цагаар ахиулсан хэрэг болжээ. Гэхдээ онолын хувьд тэд энэхүү хурдаа 3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэнэ.

Фэйсбүүк царай таних технологио шинэ түвшинд ахиулж, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах зорилготой шинэ нэмэлт гаргаснаа танилцууллаа. Ингэснээр таны зургийг tag хийлгүйгээр хэн нэгэн фэйсбүүкт оруулбал тэр нь танд сонордуулга маягаар мэдэгдэх боломжтой болж байгаа аж.

Таны зургийг өөр хэн нэгэн нууцаар ашиглах боломжгүй боллоо. Фэйсбүүк танд туслах болно!

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Элон Маскийн удирддаг SpaceX энэ жилийн 18 дахь пуужингаа амжилттай хөөргөж, дээд амжилт тогтоолоо. Ахин ашиглагддаг, зардал багатай сансрын технологи хөгжүүлж буй SpaceX 2017 оны сүүлийн хөөргөлтийн үедээ гэрлийн эффект ашигласан нь Холливудын иргэдэд "сансрын биет" мэт харагдсан нь сошиал медиаг шуугиулав. 21 тэрбум доллараар үнэлэгдэж буй SpaceX ирэх жил 30 пуужин хөөргөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

The Verge: SpaceX-ийн шоу хэрхэн олныг гайхашруулав?

Америкийн миссийг шалгаруулдаг албан ёсны онцгой эрхтэй байгууллага Miss America Organization-ий CEO С.Хаскелл болон ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга нар нь дотоодын имэйл алдагдсан хэргээс болон ажлаа хүлээлгэн өгч байна. The Huffington Post өнгөрөгч долоо хоногт тус байгууллагын удирдлагууд өөрсдийн тодруулсан миссүүдтэй холбоотой зохисгүй үг, хандлага бүхий цахим шууданг солилцож байсныг ил гаргасан билээ.

The Huffington Post: МAO-ийн лидерүүд миссүүдийнхээ талаар юу гэж бодож байв?
Дисней-Лукас Филмийн хамтын бүтээл Оддын дайн цувралын шинэ анги "Last Jedi" эхний долоо хоногтоо дотоодын зах зээлээсээ 296 сая долларын орлого олж, бокс оффисийг тасархай тэргүүллээ. Энэ үзүүлэлтээрээ тэд бүх цаг үед Jurassic Park-ийг гүйцэн 2-р байрт бичигдэж эхэллээ. 2 жилийн өмнө Star Wars: The Force Awakens эхний долоо хоногтоо 390 сая долларыг олж, рекорд тогтоож байв. Дэлхий даяар тэдний орлого 650 сая долларт хүрэн, ашиг орлогоороо бүх цаг үеийн жагсаалтын 129-р байрт бичигдэж эхэлжээ.

Дээрэмчдийн бүлэглэлийн адал явдлыг өгүүлдэг Стивен Содербергийн алдарт цуврал Ocean шинэ ангиар эргэн ирлээ. Анхны цуврал Ocean's Eleven гарснаас 11 жилийн дараа буюу ирэх 6-р сард гарах Ocean's Eight анхны трэйлэрээ энэ долоо хоногт цацав. Уг цувралын найруулагчаар The Hunger Games-ийн Гари Росс ажилласан бөгөөд С.Баллок, К.Бланчетт, Рианна, А.Хаттэвэй, М.Калинг зэрэг нэрт эмэгтэй жүжигчид оролцон тоглох ажээ.

Угаас ёжтой жиргээгээрээ алдартай Э.Маск Хойд Солонгосоос хөөргөсөн харийн биет хэмээн бичээд амжив!

Алдалгүй унших арван мэдээ

The Verge: Э.Сноудений бүтээсэн шинэ апп-тай танилц!
CNN: Трампын эхний жил Ойрх Дорнодыг хэрхэн өөрчлөв?
Yahoo: Венус Уильямс авто осолд буруугүй гэдэг нь тогтоогдов
BBC: Чингис Хааны нутгийн орчин цагийн бүсгүй
Variety: Maroon 5-ийн продюсер таалал төгсөв
Football Tribe: Эл Классикод Барселона ялалт байгуулав
Techcrunch: SoftBank-ийн гайхалтай жилийг эргэн дурсахуй
Guardian: Каталаны сонгуульд салан тусгаарлагчид ялимгүй ялалт байгуулав
Монцаме: Д.Сумъяа "Бөртэ Чоно 2017"-ийн шилдгийн шилдэг тамирчнаар тодров
Vox: Трампын татварын шинэчлэлийн ялагчид ба ялагдагчид

19715   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.