Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   12 сарын 23, 2017

"20 настай өөртөө өгөх зөвлөгөө" номын тухай

Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй хүмүүст шинэ оныг шинэ номтой угтах боломжийг олгон, Balj & Purev паблишингаас нэгэн сонирхолтой номыг монгол хэлнээ хөрвүүлэн гаргажээ. Стэнфордын хамгийн бүтээлч багш нарын нэг гэгддэг, Стэнфордын инженерийн сургуулийн энтрепренершипийн төв болсон тус сургуулийн технологийн венчур хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Тина Сийлиг оюутнууддаа хүргэдэг онц сонирхолтой түүх, урам зориг хайрлах зөвлөгөөнүүдийг "Хорин настай өөртөө өгөх зөвлөгөө" номдоо нэгтгэжээ. Та энэхүү номоос харилцааны, сэтгэлгээний, карьерын, бизнесийн олон сонирхолтой зөвлөгөө, жишээнүүдийг унших болно. Та бүхэн энэ номыг сонирхож байвал маргааш ням гарагт болох номын нээлтэд хүрэлцэн ирээрэй. 

НОМЫН ХЭСГЭЭС

Нэгдүгээр бүлэг. Нэгийг авбал хоёр үнэгүй

Таван долларыг хоёр цагийн дотор хэрхэн өсгөх вэ? Энэ бол миний Стэнфордын их сургуульд заадаг хичээлийнхээ хүрээнд оюутнууддаа өгсөн даалгавар. Би тус бүрд нь таван доллар хийсэн дугтуйг даалгаварт оролцох 14 багт тарааж, хэрхэн гүйцэлдүүлэхээ хүссэн хугацаагаараа бодож төлөвлөөрэй гэв. Оюутнууд дугтуйг нээсэн л бол хоёр цагийн дотор мөнгөө аль болох өсгөх ёстой. Даалгавар лхагва гаригийн үдээс хойш эхэлж, ням гаригийн орой гэхэд дууссан байна. Дээрх хугацааны дотор хэзээ ч болзолт хоёр цагийг сонгон авч, мөнгөө өсгөх даалгавраа эхлүүлэх нь тэдний сонголт. Багууд хийсэн ажлын тайлангаа ням гаригийн орой илгээж, даалгавраа хэрхэн гүйцэтгэснээ даваа гаригийн хичээл дээр гурван минутын хугацаанд танилцуулах ёстой. Оюутнуудын хувьд энэ даалгавар боломжийг олж харах, хэвшмэл сэтгэлгээнд баригдалгүй шинийг сэдэх, хязгаарлагдмал нөөц баялгийг бүрэн ашиглах, аливаад бүтээлчээр хандаж, энтрепренер шиг сэтгэх завшаан болдог юм.

Хэрэв танд ийм даалгавар өгвөл та юу хийх байсан бэ? Хүмүүсээс ингэж асуух бүрд хэн нэгэн нь “Лас Вегас яв”, “Сугалаанд азаа үз” хэмээн шаагилдан инээд наргиа болгох нь элбэг. Ийм хүмүүс том хонжвор хожих өчүүхэн бага магадлалын төлөө эрсдэлтэй алхам хийх гэдэг. Хоёр дахь түгээмэл хариулт нь таван доллараар хэрэгцээт эд зүйлээ худалдан авч гудамжинд машин угаах, эсвэл нимбэгийн ундаа зарах. Ийм ажил нь хоёр цагийн дотор цөөн хэдэн доллар нэмж олох хүсэлтэй хүмүүсийн хувьд бол муугүй санаа. Гэхдээ ихэнх оюутан маань ийм түгээмэл сонголтод баригдалгүй өвөрмөц санаа бодож олдог. Тэд уламжлалт ойлголтыг өөрчлөх завшааныг бүрэн ашиглаж, аль болох их үнэ цэн бүтээхийн төлөө ер бусын боломжуудыг олж нээсэн байдаг.

Тэд яаж боломжийг олсон бэ? Багууд таван доллараа огт үрэлгүйгээр мөнгөө өсгөж чадсанд гол учир нь байлаа. Тэд мөнгөнд анхаарлаа төвлөрүүлбэл асуудлыг өргөн хүрээнд харах боломжгүй болно гэдгийг ойлгосон байв. Ийм асуудлыг таван долларт хязгаарлалгүй том хүрээнд авч үзэхээр шийджээ. Тэгвэл оргүй хоосноос хэрхэн мөнгө олох вэ? Оюутнууд өөрт нь тулгарсан эсвэл өрөөл бусдад тохиолддог, төдийлөн анзаарагддаггүй асуудлуудын шийдлийг олохын тулд аливааг ажиглах чадвараа авьяас билигтэйгээ хослуулж, бүтээлч сэтгэлгээгээ ашигласан байв. Ийм асуудлууд төвөгтэй ч тэр бүр хүмүүсийн санаанд ороод байдаггүй билээ. Асуудлуудыг олж харж, ухаалаг гарц олохоор хичээсний эцэст даалгаврын ялагч багууд 600 гаруй ам.долларын ашиг хийж, дунджаар баг бүр таван долларын хөрөнгө оруулалтыг 40 дахин өсгөжээ. Олон баг эхлэх хөрөнгөө огт хэрэглээгүйгээс үзвэл санхүүгийн хувьд хязгааргүй үр өгөөжтэй байжээ гэж хэлж болохоор.

Тэгвэл оюутнууд юу хийсэн бол? Баг бүр өөр хоорондоо адилгүй шинэ зүйлс сэджээ. Нэг баг сургуулиудын хотхонд түгээмэл тохиолддог асуудлыг олсон байв. Бямба гаригийн орой хотхон доторх томоохон ресторануудаар үйлчлүүлэх гэсэн хүмүүс залхмаар урт дараалалд зогсох хэрэгтэй болдог. Ийм урт дараалалд зогсох хүсэлгүй байгаа хүмүүст туслахаар багийн гишүүд хоёр хэсэгт хуваагдаж, хэд хэдэн ресторанд урьдчилан ширээ захиалжээ. Ийнхүү бямба гараг болоход нэг ширээний захиалгын эрхийг хорь хүртэлх доллараар үнэлж, урт дараалалд зогсохыг хүсэхгүй байгаа хүмүүст худалдсан байв.

Тэр үдэш оюутнууд хэд хэдэн сонирхолтой зүйл ажигласнаа хуваалцлаа. Нэгдүгээрт, ресторанаар үйлчлүүлэгчид ихэвчлэн залуу эмэгтэйтэй харилцах дуртай байсан тул эмэгтэй оюутнууд ширээний захиалга зарах ажлыг эрчүүдээс илү хийж байв. Иймээс тэд төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, эрчүүд сургуулийн хотхон доторх ресторануудад ширээ захиалах ажлыг, харин бүсгүйчүүд захиалгаа зарах ажлыг хийжээ. Хоёрдугаарт, тэдний энэ санаа ширээ бэлэн болсныг жижиг дуут дохиолол ашиглаж мэдэгддэг ресторанд илүү тохиромжтой байсан аж. Дуут дохиоллыг солилцох нь мөнгө төлснийхөө хариуд биет зүйл авч буй мэт мэдрэмж төрүүлж байсан тул үйлчлүүлэгчид шинэ дуут дохиоллын төлөө мөнгө төлөхөөс гадна хуучин дохиоллоо солилцохдоо дуртай байв. Оюутнууд ч үйлчлүүлэгчдээс авсан хуучин дохиоллоо дараа нь зарж, нэмэлт орлого олсон байна.

Өөр нэг баг тун энгийн арга олжээ. Тэд оюутны төвийн өмнө булан засаж оюутнуудын унадаг дугуйны хийг үнэгүй хэмжиж өгөхөөр шийдэв. Үүнийхээ дараа тэд харин хий нь багассан дугуйтай оюутанд газар дээр нь дугуйг нь хийлж өгөх үйлчилгээ санал болгосон байна. Анхандаа тэдэнд сургуулиас холгүйхэн байдаг шатахуун түгээх станцад очоод хийлгүүлчхэж болох байсан нөхдөө ашиглаж байгаа мэт санагдаж байж. Гэвч хэдхэн хүнд үйлчилсний дараа дугуйтай оюутнуудад энэ үйлчилгээ ихэд таалагдаж байгаа нь мэдэгджээ. Ийнхүү тэдний "Дугуй хийлэх нь амархан. Бас тийм ч хол явахгүйгээр үнэгүй хийлгэчхэж болох зүйлийг хийчихлээ дээ" гэсэн бодол нь хоромхон зуурт арилж, бусдад хэрэгтэй үйлчилгээг сургуулийн хотхон дотор үзүүлж байгаагаа ойлгожээ. Ажлаа эхэлснээс цагийн дараа тэд үйлчлүүлэгчдээс төлбөр бус хандив авах аргыг сонгож, орлогоо нэмэгдүүлэв. Оюутнуудад үнэгүй үйлчилгээ үзүүлсний хариуд авсан хандив төлбөрөөс хавь илүү орлого оруулсан байна. Зоогийн газарт захиалга хийсэн багийн адилаар даалгаврын явцад хийсэн тэдний туршилт амжилттай болжээ. Тэд худалдан авагчийн хүсэлтэд нийцэх багахан өөрчлөлт хийсний ачаар өөрсдийн стратегиа амжилттай хэрэгжүүлж чадсан байлаа.

Энэ хоёр баг хэдэн зуун ам.доллар олж, бусад оюутнаас зохих үнэлэлт хүртсэн ч хамгийн их мөнгө олсон нь бас биш ээ. Тэдний өрсөлдөгч багийнхан боломжийг тэс өөрөөр харж, улмаар бүр 650 доллар олж дөнгөв. Тэд таван доллар болон даалгаврыг хийж гүйцэтгэх хоёр цагийн хугацааг чухалд тооцсонгүй. Харин даваа гарагт хийх гурван минутын танилцуулгыг хамгийн үнэ цэнтэйд тооцож, ангийнх нь оюутнуудыг ажилд авахыг хүссэн компанид худалдсан байв. Өмнөх долоо хоногт нь хийсэн даалгавраа танилцуулах байсан цагаа ашиглан өөрсдийн тус компанид зориулан бүтээсэн сурталчилгааг үзүүлэх нь үнэхээр ухаалам алхам байлаа. Тэд бусад оюутны анзаараагүй, эзнээ хүлээж байсан хамгийн үнэ цэнтэй боломжийг олж харсан юм ...

Тус номын нээлт маргааш буюу 12 сарын 24-ний 15 цагаас Интерном дэлгүүрийн төв салбарт болно. Нээлтийн үеэр ном 20%-ийн хямдралтай үнээр худалдаалагдах юм.

Фэйсбүүк эвент: https://www.facebook.com/events/317545785395383/

40895   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.