Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   12 сарын 19, 2017

2018 онд "шинэ хүн" болоход туслах 5 апп

Шинэ жилийн зорилтуудаа тодорхойлох өдрүүд эхэлсэнтэй холбоотойгоор бид өнөөдөр, хүмүүсийн гарч буй шинэ ондоо хамгийн ихээр хэрэгжүүлэхийг хүсдэг 5 зорилт, тэдгээрийг биелүүлэхэд туслах аппуудыг танилцуулж байна. Өнгөрсөн жилийн хувьд, эрүүл чийрэг байх буюу жингээ хасах (62,776,640 хайлт), ажил, амьдралдаа эмх цэгцтэй дадлыг дэвшүүлэх (33,230,420), илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах (18,970,210), шинэ зүйл суралцаж, шинэ хобби, сонирхолтой болох (17,438,670), мөнгөндөө арвич хямгач хандаж, хуримтлалтай болох (15,905,290) гэсэн зорилтууд топ 5-д шалгарч байжээ.

1. эРҮҮЛ ЧИЙРЭГ БАЙХ БУЮУ ЖИНГЭЭ ХАСАХ - MYFITNESSPAL

2017 онд шинэ жилийн зорилттой холбоотойгоор Google-ийн хайлтыг тэргүүлсэн сэдэв бол эрүүл чийрэг байх буюу жингээ хасах тухай байв. Олон хүмүүсийн толгойны өвчин болсон энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилготой 2.8 сая гаруй апп байдаг. Тэгвэл эдгээрээс бид MyFitnessPal хэмээх, таны өдрийн турш идсэн хоолны калори болон хийсэн дасгалын хэр их калори шатааж байгааг бүртгэдэг апп-ийг онцолъё. Иймэрхүү төрлийн аппууд элбэг мэт санагдаж болох ч MyFitnessPal нь бусад аппуудыг бодвол хоол, дасгалын сан нь баялаг юм. Бараг байхгүй дээ гэж бодож байсан хоолыг хайхад хүртэл тэдэн калори гээд гараад ирэх жишээтэй. Мөн дасгалын хувьд ч ялгаагүй йог, спиннинг, кардиогийн хөдөлгөөн бүрийг хэдэн калори шатаахыг нь оруулж өгсөн байдаг.

Гэхдээ зөвхөн энэ функцийг ашиглаад зогсохгүй бусад апптай холбож ашиглавал илүү үр дүнтэй. Жишээ нь, хөдөлгөөнийг тооцдог Moves, Run Keeper, Samsung Health, Gyroscope зэрэгтэй давхар ажиллуулах юм бол өдрийн алхсан буюу гүйсэн зайг автоматаар тооцож, таны хэдэн калори шатаасныг олж авсан калоритай харьцуулан боддог тул өдрийг эрүүл өнгөрөөсөн эсэхээ харах боломжтой.

Татах: iOS, Android

Холбоотой:
Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх 4 апп
Апп тойм: Gyroscope - Амьдралын хэмнэлээ дурандацгаая

2. Ажил, амьдралдаа эмх цэгцтэй дадлыг хэвшүүлэх

Ажил, амьдралаа эмх цэгцэнд оруулж, төлөвлөгөөтэй явах нь олон хүний эн тэргүүнд тавьдаг зорилт. Энэ удаа та бүхний хувьд олонтаа сонссон байж мэдэх Evernote-ийг дахин онцолъё. Эмх цэгцтэй байхад төлөвлөлтөөс гадна бичиг баримт, нууц үг, хэрэгтэй тоонууд, элдэв зураг гэх мэт олон зүйлсийг цэгцэнд оруулах даалгавар багтана. Evernote танд хийх зүйлсийн жагсаалт гаргах, вэбээр хэсэж явахдаа таарсан хэрэгтэй зүйлсээ нэг товч дараад хадгалах, янз бүрийн баримт бичиг оруулах, ангилах, бусадтай хуваалцах гэх мэт тоо томшгүй олон гайхалтай боломжийг олгодог билээ.

Гэхдээ олон функцтай учраас тэр болгон хүмүүс тултал нь ашиглаж чадахгүй байх нь элбэг. Олон хүмүүсийн бичсэн сэтгэгдлээс харж байхад, үнэхээр сайн ашиглаж чадвал яаж Evernote-гүйгээр өмнө нь амьдарч байсан юм бол гэж бодохоор амьдрал цэгцэрдэг байна. Мөн Evernote-ийн хөгжүүлэгчдээс хамтад нь ашиглавал зохих аппуудыг гаргасан байдаг бөгөөд үүнд Scannable буюу нэрийн хуудас, баримт бичиг зэргийг өндөр чанартайгаар скан хийж Evernote руу автоматаар хадгалах апп, мөн зурган дээр юм тэмдэглэж бичээд бусадтай хуваалцахад зориулсан Skitch апп зэрэг багтана.

Татах: iOS, Android

Холбоотой:
Апп тойм: Evernote - Таны цахим санах ой
Ажил төлөвлөлтийн хамгийн сайн 5 апп-ийг харьцуулах нь

3. илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах

Шинжлэх ухаан, технологийн хамтын хүчээр бүтээгдсэн олон апп бидний амьдралыг хөнгөвчилж байдаг. Үүний нэг хэсэг нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд тулгуурласан илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахад туслах аппууд билээ. Стресс, бухимдал, гуниж гутарсан өдрүүд хүн бүрт л тохиолддог. Ийм үеүүдэд ашиглавал зохих эхний апп бол Calm юм. Анхаарал төвлөрөхгүй байгаа, хангалттай нойр аваагүй, сандарч хямарсан зэрэг үеүүдэд зориулсан бясалгалын болон тайвшрахад туслах богинохон хичээлүүд, зааварчилгаатай. Илүү гүн бясалгал хийе гэж бодож байвал харин HeadSpace танд тусална. Эхний 10 хичээл нь үнэгүй бөгөөд цааш үргэлжлүүлэхийг хүсвэл 12.99$ төлөх юм.

Эдгээрээс гадна тухайн өдөр хэрхэн өнгөрсөн талаар богинохон тэмдэглэл бичиж дүгнэхэд туслах Gratitude Journal-ийг дурдъя. Өдөр бүр танаас "Өнөөдөр таныг юу инээлгэсэн бэ?" гэх мэт асуултыг асуух бөгөөд та үүнд хариулахад л хангалттай. Тийм болохоор хэдэн сар, хэдэн жилийн дараа амьдралдаа инээмсэглэсэн мөчүүдээ, өнгөрсөн өдрүүдийг хэрхэн давж туулснаа та харах боломжтой юм.

Татах: iOS, Android

Холбоотой: Апп тойм: Headspace - Өдөр бүр 10 минутыг өөртөө

4. шинийг суралцах

Нэг л хэвийн амьдралдаа өөрчлөлт оруулж, шинэ сонирхол, хоббитой болж, шинийг сурах зорилтод тань, хаанаас ч бай, үнэ төлбөргүйгээр дэлхийн шилдэг их сургуулиудын хичээлийг үзэх боломжтой EdX, Coursera болон олон сэдвээр олон түвшний хичээл санал болгох KhanAcademy зэргийг зөвлөе. Шинэ семестер удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан олон хичээл EdX, Coursera дээр нээгдэх нь гарцаагүй. Чанартай боловсролыг энэ гурван сувгаас олж аваарай.

Мөн хүмүүсийн дунд шинээр сурахыг хамгийн их хүсдэг зүйлсийн нэг нь гадаад хэл байдаг учраас Duolingo-г дурдах ёстой. Англи хэлээр дамжуулан өөр шинэ хэлүүдийг сурах боломжтой ч богинохон хичээлүүд нь хялбар, үр дүнтэйгээрээ алдартай. Харин англи хэлийг сурах гэж байгаа бол дараах нийтлэлийг уншаад үзээрэй.

Апп тойм: Англи хэлээ сайжруулахад туслах 5 апп

Холбоотой: Мэдүүштэй вэб: Edx.org - Дэлхийн боловсролыг гэрээсээ

5. МӨНГӨӨ ХУРИМТЛУУЛАХ

Мөнгөний хэрэглээгээ хялбар хянах арга бол энэ төрлийн апп ашиглах явдал. Энэ чиглэлийн шилдэг аппуудад Монголын банкуудтай холбогдож ажиллах боломж байдаггүй ч гэсэн өөрийн орлого, зарлагыг хянаад явах боломжтой зөндөө аппууд бий.

Эдгээрээс Money Lover-ийг санал болгоё. Өдөр тутмын орлого зарлагаа та оруулж, мөн тухайн сард хэр их мөнгө үрэх хязгаараа тогтоож өгөх боломжтой бөгөөд хязгаараас давсан тохиолдолд сануулга өгөх зэргээр ажиллана. Мөн өөрийн мөнгөний хэрэглээг сар, жилээр нь график болгон харах боломжтой. Жишээ нь, мөнгөө юунд үрснээ ангилаад явдаг тул өнгөрсөн сарын турш хэр их мөнгийг хоол, унаа, хувь хүний хөгжилдөө зарцуулсныг харж болно.

Татах: iOS, Android

Холбоотой: АПП ТОЙМ: SPENDING 2 - МӨНГӨӨ ХЭМНЭ ЭЭ ХӨ

Шинэ жилийн зорилттай холбоотой хамгийн том асуудал бол тууштай тэмцэлгүй дундаас нь хаях явдал байдаг. Үүнээс сэргийлэхэд туслах, хэрэгтэй дадлуудыг хэвшүүлэхэд туслах аппуудын талаар дараах нийтлэлийг уншаад үзээрэй.

Апп тойм: Хэрэгтэй дадлуудыг өөриймшүүлэхэд туслах 5 апп

65947   1


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.