Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   12 сарын 18, 2017

Онцлох бизнес: English Maestro - Гадаад багштай ганцаарчилсан сургалт

Та англи хэлийг сурах гэж олон жил зүдэж байна уу? Дүрмээ ягштал цээжлээд, давгүй юм уншаад байгаа хэр нь нэг л сайн ярьж чадахгүй байна уу? Тэгвэл энэ нийтлэлд анхаарлаа хандуулаарай. www.English-Maestro.mn сайт танд англи хэлээр гадаад багштай онлайнаар шууд ярилцаж, ярих чадвараа дээшлүүлэх боломжийг олгоно. Сургалтанд суух гэж түгжрэлд цаг алдах шаардлагагүй. Юу гэж бодох бол гэж хэн нэгнээс санаа зовох хэрэггүй. Багштайгаа ярих цагийг бусадтай хуваах албагүй. Өдөр цагаа, багшаа сонгоод л, хүссэн газраасаа англи хэлээ сайжруулах боломжийг тэд санал болгож байна.

Бизнесийн нэр: English Maestro
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол, Монхаус 33-р байр, 204 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Англи хэлний ярианы, гадаад багштай, ганцаарчилсан онлайн сургалт
Үүсгэн байгуулагдсан: 2013 оны 6-р сар
Үүсгэн байгуулагч: Ш.Идэрзоригт
Ажилтны тоо: 9
Вэбсайт: www.english-maestro.mn

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХЭРХЭН ОЛСОН БЭ?

Анхны үүдэл санаа бол өөрийн хэрэгцээнээс л гарсан даа. Би Орост суралцаж төгсөөд Монголдоо иртэл орос хэлний хэрэглээ бага, харин англи хэл сайтай байх хэрэгцээ их байсан. Ингээд өөрөө бие дааж англи хэлийг судалж эхэлсэн ч ярианы чадвар маань нэг л ахиж өгөхгүй байв. Тиймээс интернэтээр англи хэлээр ярилцах хүмүүсийг хайж, ярилцдаг болсон. Гэхдээ хүн хайж олох нь бас их цаг авдаг, нэг ярьсан хүнтэй дахиж ярилцах боломж багатай.

Улмаар энэ талаар судалсаар англи хэлээр ярих сонирхолтой хүмүүс хоорондоо танилцах, харилцаа үүсгэх www.lets-talk-in-english.com гэх коммунити вэбсайтыг үүсгэн байгуулсан юм. Энэ сайт маань одоо ч бий. 160 гаруй орноос 50 орчим мянган гишүүнтэй болсон байдаг. Тэр үед манай сайтад филиппин багш нар орж ирээд хичээлээ санал болгоод байдаг байсныг нь нэлээн сүүлд анзаарсан юм. Тэгээд өөрөө хичээл авч үзлээ. Филиппин багш нар дуудлага сайтай, хүлээцтэй, зөөлөн хүмүүс байсан нь их таалагдсан. Тэр үед Америк руу 6 сарын хэлний курст сурахаар явсан дүүдээ болон найз нарт нь санал болгож хэдэн хичээл үзүүлтэл тэд "Мэдсэн бол ажил, бизнесээ орхин ийм хол газар руу өндөр зардал гаргаж ирэлгүйгээр англи хэлээ сайжруулах боломжтой байж шүү дээ" гэхэд нь үнэхээр их хэрэгцээ байгааг ойлгосон гэж болно.

Ингээд туршилтын маягаар, их зардал гаргахгүйгээр сайт ажиллуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн дээ.

САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Онлайн бизнес учраас өндөр хөрөнгө оруулалт шаардаагүй. Мэдлэг, чадвар, цаг заваа л их зарцуулах шаардлагатай байсан.

Анх нэг вэб хөгжүүлэгчтэй хамтарч сайтаа ажиллуулж байсан юм. Гэвч байнга өөрчлөлт, засварууд хийх ёстой болдог ч хүнээр дамжуулж хийхэд хүндрэлтэй, ярвигтай байсан тул өөрөө код бичихийг бие дааж сураад вэбээ хөгжүүлэх болсон. Ингэж бас нэлээн зардал хэмнэж байлаа.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Гадаад багштай, ганцаарчилсан сургалт гэдгээрээ давуу талтай. Манайд 7 филиппин багш гэрээгээр ажилладаг. Филиппин нь Америкийн колони байсан, боловсролын систем, ажлын талбар нь тэр чигтээ англи хэл дээр суурилдаг учраас англи хэлний түвшин өндөр. Багш нар маань тусгай агентлагаар дамжин багшлах эрх авсан туршлагатай хүмүүс байдаг. Хэдийгээр төрөлх англи хэлтнүүдээс ялгарах зүйл багатай боловч тэднийг бодвол санал болгодог үнэ нь 3-4 дахин хямд байдаг юм. Бид англи, америк багштай байж үзсэн ч тэдний нэг цагийн хөлс нь дэндүү өндөр байгаад байдаг. Филиппин багш нарын хувьд тэднээс ур чадварын хувьд дутахгүйн дээр цагийн зөрүү байхгүй, соёлын хувьд бидэнд арай ойр дөхөм гэдгээр давуу талуудыг үүсгэдэг.

Онлайнаар учраас хүмүүс хотын түгжрээнд цаг гарздах шаардлагагүй нь бас нэг том давуу тал юм. Интернэт л байвал хүссэн газраасаа холбогдож, өөрийнхөөрөө чөлөөтэй байж, багштайгаа амьд харилцаа үүсгэж чаддаг учраас ихээхэн үр дүнтэй байдаг. Мөн шийдсэн л бол www.english-maestro.mn сайтаар бүртгүүлээд, төлбөрөө шилжүүлээд л ярианы хичээлээ хурдан эхлүүлж болно. Төлбөр шилжүүлээд, багшаа, өдөр цагаа сонгоод л гүйцээ. Цагийн хувьд тогтсон өдөр цагтай байх, эсвэл илүү уян хатан байдлаар цагаа тавьж явах гэсэн хоёр сонголттой. Хөтөлбөрийн хувьд одоогоор ерөнхий англи хэл ба бизнесийн англи хэлээр сургалт авч болно.

Хичээл 50 минутаар, сард 12 удаа буюу долоо хоногт 3 удаа ордог. Япончууд, солонгосууд, францууд, оросууд бас филиппинчүүдээс англи хэлний ярианы сургалт их авдаг юм билээ. Тэд голдуу 25 минутаар хичээл авдаг бол бид монголчуудынхаа хүсэлтэд нийцүүлэн 50 минутаар хичээл оруулдаг. Энэ нь бусад хүмүүстэй хуваадаггүй минут учраас нэг удаад хангалттай байдаг л даа.

Чанарын хувьд бид багш нартай хийсэн яриаг аудио бичлэгээр давхар авч хянаж байдаг. Мөн оюутнуудаасаа хичээл бүрийн дараа сэтгэл ханамжийн жижиг судалгаа авдаг. Байгууллагууд ажилтнуудаа сургаж байгаа бол бас ирцийн мэдээлэл, ярианы түвшин нь хэр ахиж байгаа талаарх мэдээллийг авах боломжтой.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Манай үйлчилгээг өөр хэлүүд дээр авах хүсэлтүүд ирж байна. Гэхдээ эхлээд монгол хэлний ярианы сургалтыг нэмж оруулахаар төлөвлөж байна. Гадаад хүмүүс болон гадаадад ажиллаж амьдарч буй монгол хүмүүс хүүхдүүддээ монгол хэлний хичээл авмаар байна гэж бидэнд байнга ханддагаас үүдэн ингэж шийдсэн.

Мэдээж англи хэлнийхээ сургалтыг илүү олон сонголтоор баяжуулж улам төгөлдөржүүлэх болно. Гадаад хэлийг сурах үйл явц нь өөрийгөө хүчлэлгүй, хөгжилтэй хөнгөн байдлаар суралцах чиглэл рүү улам хэлбийж байгаа. Энэ өөрчлөлтийг ч бид хөтөлбөрүүддээ шингээж явах болно.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Хэрэглэгчээ нэгдүгээрт тавьж, тэдний хүсэж буй зүйлсийг аль болох хурдан, хялбар, сонголттойгоор санал болгоход анхаардаг.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Монгол улс хурдтай хөгжихийн тулд иргэд нь англи хэлийг сайн эзэмших ёстой. Англи хэлний мэдлэг, тухайн хүний карьер хоёр шууд хамааралтай болчихсон үед бид амьдарч байна. Ийм үед манайд хамгийн сул хөгжсөн, англи хэлний ярианы чадварыг ахиулахын төлөө ажилладаг болохоор урамтай байдаг.

Гадаад багштай онлайн сургалтыг нэвтрүүлсэн анхдагч газар болохоор үйлчилгээгээ тайлбарлахад бас багагүй цаг зарцуулдаг шүү. Онлайн сургалт гэхээр бэлэн байршуулсан видео хичээлүүд гэж ойлгодог юм шиг байгаа юм. Энэ бол видео хичээл биш, гадаад багштай амьд харилцан яриа гэдгийг ойлгуулах шаардлага гардаг.

Бас онлайн үйлчилгээнд итгэх итгэлцлийн асуудал бас байсаар байгаа нь анзаарагддаг. Мөнгөө төлчихдөг, алга болчих вий гэж эмээх хандлага зарим хүмүүст байдаг. Онлайн үйлчилгээнүүд улам олшроод ирэхээр энэ хандлага аяндаа байхгүй болох биз.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж байна. Мэргэжлийн арга зүйчтэй хамтран, зөвхөн ярианы сургалтад тохируулсан хөтөлбөр боловсруулж байгаа. Сommunicative approach буюу илүү практик, бодит амьдралд тохиолддог зүйлсийг ярианы агуулгадаа оруулж өгөх болно гэсэн үг.

Мөн суралцагч нар маань мэргэжилт нэгт гадаад хүмүүстэй ярианы дадлага хиймээр байна, мэргэжлийн англи хэлээ сайжруулмаар байна гэсэн хүсэлтүүдийг ирүүлдэг. Энэ талаар судалж, энэ төрлийн сургалтыг нэмж оруулахаар ажиллаж байна.

ТАНАЙ СУРГАЛТАД СУУГААД ӨНДӨР АХИЦ ГАРГАЖ БАЙСАН ЖИШЭЭНЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Сонирхолтой тохиолдлууд олон бий. Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байхад 70 гаруй насны ах холбогдож байлаа. Тэр ах байсхийгээд л Америк явж хүүхдүүд дээрээ очдог юм байна л даа. Гэвч очих бүртээ хүүхдүүдээрээ тосуулаад, хаа ч явсан хамт явж таараад, хүүхдүүдийнхээ ажлыг алдуулаад байгаа юм шиг санагддаг байсан гэнэ. Тэгээд тэнд очоод өөрөө такси барьж хаана очихоо хэлчихдэг, гадуур гарчихдаг болъё гээд манай сургалтад сууж байсан юм. Нас дээр гарсан хүн хэрнээ өөрийгөө дайчлан суралцсан нь үнэхээр бахархмаар байсан шүү.

Бас нэг бизнесмэн ах бий. Гадаад явах, түншүүдтэйгээ уулзах болгондоо орчуулагчтай явах хэцүү байна гээд манайд 9 сар сургалтад суусан юм. Сүүлдээ орчуулагчгүй явдаг болсон, өөрийгөө ойлгуулаад, ойр зуур юм асуучихдаг болсон хэмээн баярласнаа илэрхийлж байсан.

АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЭЖ БУЙ МАНАЙ УНШИГЧДАД ТА ЗӨВЛӨГӨӨ ХЭЛЭЭЧ?

Анзаарахад, монголчууд бид хэтэрхий ичимхий, санаа зовомтгой юм. Үүнээсээ болж идэвх багатай байдаг. Багш хичээл заах гэж бараг л хэлийг нь сугалчих шахна. Яахав, энэ нь манай боловсролын системтэй холбоотой байх л даа. Гэхдээ гадаад хэлийг сайн эзэмшихийг тулд хүн маш идэвхтэй байх хэрэгтэй. Өөрийгөө задлах хэрэгтэй.

Санаа зовох, ичих асуудал бол байж болшгүй. Бид л өөрсдөөсөө ичээд байдаг болохоос төрөлх англи хэлтнүүд бол хүмүүсийн англи хэлний дуудлага, дүрмийн алдааг барагтай л бол авч хэлэлцдэггүй юм шүү дээ. Яагаад гэвэл, энэ хэлээр таван тивийн хүмүүс ярьдаг, сурах гэж хичээдэг.

Хэл сурах, ер нь суралцах үйл явц хоёр талын оролцоотойгоор явагддаг. Зарим нэг хүмүүс ганц хоёрхон сар нүдээд, эсвэл сургалтын төвд яваад компьютерийн програм уншуулж буй мэтээр амархан сурчих юм шиг төсөөлөлтэй байдаг. Гэтэл үнэндээ гадаад хэлийг сурахын тулд байнга, уйгагүй зүтгэж, бага багаар "мэрдэг" болохоос ганц том "хазаад" л сурчихна гэж байхгүй болов уу.

Эцэст нь нэг зүйлийг нэмж хэлэхэд, монголчуудынхаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хамтарч ажиллах, өөрийн хувь нэмрийг оруулах, мөрөө үлдээх сонирхолтой мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахад бэлэн гэдгээ уламжилъя.



Гэрэл зургийг Х.Хантүшиг

17186   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.