Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   12 сарын 17, 2017

7 хоногийн тойм: Диснейн 52 тэрбумын наймаа + Хиймэл оюун ухааны илрүүлсэн гараг + Оны онцлох үг: Youthquake

Дисней медиа ертөнцийн хамгийн том худалдан авалтыг хийлээ

Медиа ертөнцийн хамгийн том тоглогчид нэгдэж, дэлхийн хамгийн хүчирхэг, өргөн хүрээтэй группыг үүсгэлээ. Дисней энэ долоо хоногийн эхээр домгт медиа могул Роберт Мюрдокоос 21st Century Fox-ийг 52,4 тэрбум доллараар худалдан авч байгаагаа зарласан нь энэ. Гэрээний дагуу Дисней тэдний кино, телевизийн студиэс гадна FX, National Geographic, Европын томоохон кабелийн сүлжээ Sky, Азийн зах зээлийн тэргүүлэх медиа компани Star зэргийг нь эзэмших болж буй. Үүнээс илүү чухал нь Avatar, Aliens, The Simpsons, X-Files зэрэг аль хэдийн дэлхийн үзэгчдийн хайрыг татсан франчайз контентууд Диснейтэй нэгдэж байгаа нь хэмээн экспертүүд үзэж байгаа. Саяхан Нетфликсээс контентуудаа татахаа зарласан Дисней тэдний гол өрсөлдөгч Hulu-ийн дийлэнх хувьцааг мөн эзэмших болж байгаа нь анхаарал татаж байна. Hulu-ийн тусламжтайгаар тэд стриминг зах зээл дээр байр сууриа баталгаажуулж, шинэ бизнес моделиор залуу хэрэглэгчид рүү чиглэх боломжтой юм. Мөн Диснейн эзэмшдэг Марвелын ертөнцөд Fantastic Four, X-Men нэгдэх боломжтой болсон нь олон фенүүдэд хүлээлт дагуулсан мэдээ болсон юм. Диснейн одоогийн CEO Боб Айгер 2021 он хүртэл гэрээгээ сунгаж, энэхүү гэрээг эцэслэх болсон. Тэрээр ирэх онд ажлаа хүлээлгэн өгөхөөр зэхэж байгаа мэдээ гараад байсан юм.

Гэхдээ шударга өрсөлдөөний журмын дагуу нэг компани нэг л үндэсний хэмжээнд цацагддаг ТВ эзэмших боломжтой байдаг учир ABC-г эзэмшиж буй Дисней Р.Мюрдокоос Fox-ийг худалдан авах боломжгүй. Шинээр байгуулагдах компани нь Fox News, Fox Business News, Fox Sports зэрэг сувгууд болон NFL-ийг шууд дамжуулах эрхийг хадгалах бөгөөд 22 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа аж. Диснейн удирдах зөвлөлд суудалтай болж буй Р.Мюрдок угаас мэдээний сувагтаа илүү анхаарал хандуулах сонирхолтой гэдгээ мэдэгдэж байсан учир өөрийн сувгаа илүү өргөтгөх тал дээр анхаарах бололтой.

Энэхүү гэрээ 100 тэрбум долларын өртгөөр явагдсан AOL болон Time Warner-ийн нэгдлийн дараах медиа салбарын түүхэн дэх хамгийн том хэлэлцээрт тооцогдож байгаа. Гэхдээ хууль сахиулагчид энэхүү наймааг явагдах эсэхийг бүрэн зөвшөөрч, шилжилт хөдөлгөөн явагдан дуусах хүртэл дор хаяж 18 сарын хугацаа шаардлагатай ажээ.

Vox: Яагаад Диснейн шинэ худалдан авалтаас бид айх ёстой вэ?
QZ: Дисней-Fox-ийн шинэ нэгдэл хэрхэн медиа зах зээлийг өөрчлөх вэ?

19 жилийн The Simpsons энэхүү наймааг "зөгнөж" байсан гэвэл та итгэх үү?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

АНУ-ийн Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос 2015 онд батласан Net Neutrality буюу интернетийн төвийг сахих журмыг хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа. Энэ журмын дагуу аливаа интернетийн үйлчилгээ үзүүлэгч цахим ертөнц дэх ямар нэгэн контент, вебсайтыг хориглох, хязгаарлах, хурд өөрчлөх зэргээр нөлөөлөх эрхгүй байсан юм. Гэсэн ч Трампын засаг захиргаа уг журмыг цуцалж байна. Ингэснээр тэд цахим ертөнц дэх хүчирхийлэл, шашины үзэл суртал зэргийг ухуулсан контент, сайтыг хянах, нийгмийн аюулгүй байдлыг хангах боломжтой хэмээн үзэж буй. Уг шийдвэрийг хэд хэдэн олон нийтийн байгууллага эсэргүүцэж, дээд шүүхэд гомдол гаргана хэмээн мэдэгджээ. Тэд ихээхэн хэмжээний дата "иддэг" Netflix-ийн хурдыг хязгаарлах эсвэл NBC-г эзэмшдэг Comcast гол өрсөлдөгч Fox News-ийг блоклох боломжтой болж байна хэмээн айж байгаа юм.

Al Jazeera: Net Neutrality гэж юу вэ? Яагаад чухал гэж?

Хятадын цахилгаан машины технологи хөгжүүлэгч NIO үүсгэн байгуулагдснаасаа хойш 3 жилийн дараа анхны машинаа зах зээлд гаргалаа. Нэг цэнэглэлтээр 500 км зайг туулах боломжтой, 100 км/цагийн хурдыг 4,4 секундэд авч чадах ES8 загварын машин нь 67 мянган долларын үнэтэйгээр борлогдоно. Энэ нь Теслагаас бараг 2 дахин хямдхан гэсэн үг билээ. NIO Тенсент тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 1 тэрбум долларыг босгоод байгаа билээ.

Bloomberg: Хятадын NIO цахилгаан машины зах зээлд тэсрэлт хийлээ

Google хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн төвөө Хятад улсад нээж байгаагаа зарлалаа. Азид анх удаа нээж буй энэ төвөөрөө тэд жилээс жилд тэлж буй AI технологи хөгжүүлэлтийн өрсөлдөөнд байр сууриа баталгаажуулж чадна хэмээн тэд үзэж байгаа ажээ. Хэдий Google-ийн голлох бүтээгдэхүүнүүд Хятадад хориглогддог хэдий ч тэд "шинжлэх ухаанд ямар нэгэн хаалт, хил хязгаар гэж байх ёсгүй" хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Хүн бүрт хялбар байдлаар вебсайт хийх боломжийг олгодог Squarespace 1,7 тэрбум долларын үнэлгээтэйгээр 200 сая долларыг босголоо. 14 жилийн өмнө байгуулагдсан Squarespace өнгөрсөн жил 300 сая долларын борлуулалт хийсэн ч Wix тэргүүтэй шинэ өрсөлдөгчдөдөө зах зээлийн зарим хэсгээ алдаад байгаа юм.

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Samsung ирэх 2-р сард Galaxy S9 загварын шинэ утсаа танилцуулна гэнэ. Уул нь Samsung өмнөх утаснуудаа 3-р сард танилцуулан, 4-р сард худалдаанд гаргадаг байсан. Гэхдээ тэд энэ жилийн CES арга хэмжээгээр илүү хурдтай, илүү сайн камертай шинэ утасныхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл гаргах магадлалтай ажээ.

Хятад брэнд Теслатай өрсөлдөхийг хүсэж байна

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

20-р зууны утга зохиолын ертөнцийн хамгийн том төлөөлөгчдийн нэг Габриел Гарсиа Маркезийн аж, амьдралыг харуулсан 27 мянган гэрэл зураг, бичиг бүхий архив олон нийтэд нээлттэй боллоо. Техасын Их Сургууль түүний 10 гаруй номын эх бичиг, 2000 гаруй тэмдэглэлийн дэвтэр бүхий бичиг баримтыг 2014 онд худалдан авсан бөгөөд ийн онлайн архивыг нь үнэ төлбөргүйгээр ил болгож байна.

Ransom Center: Маркезийн амьдралтай танилц

Францын далайчин Франсуа Габар өөрийн дарвуулт завиараа дэлхийг 42 өдөр 16 цаг 40 минут 35 секундэд бүтэн тойрч дээд амжилтыг тогтоолоо. Өмнөх рекордыг 6 өдрөөр ахиулсан тэрээр 11-р сарын 4-нд замдаа гарсан бөгөөд Ла Маншийн хоолойн ойролцоо барианд оржээ.

ND: Дэлхийг 42 өдөрт

Британийн хунтайж Харригийн хурим 2018 оны 5-р сарын 19-нд товлогдсныг албан ёсоор зарлалаа. Тэрээр өнгөрсөн сард Америкийн жүжигчин Меган Марклтай сүй тавьснаа ил болгоод байсан. Сонирхолтой нь хатан хааны гэр бүлийн хуримын ёслол үргэлж ажлын өдөр явагддаг байсан уламжлал энэ удаа тасарч бямба гарагт баярлах болж байна. Уг өдөр Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын тэмцээний шигшээ тоглолт мөн давхцаж байгаа ажээ.

Саудын Араб улс 35 жилийн дараа ард иргэдээ кино театр луу чөлөөтэй явахыг зөвшөөрснөө зарлалаа. 1979 оноос эхлэн үзэл сурталд нийцээгүй кинонуудыг хааж, улмаар театруудыг хориглож эхлэсэн тус улс зөвхөн онцгой тохиолдолд урилгатай зочдод зарим киног ихээхэн шүүлтүүртэйгээр гаргадаг байсан. 2018 оноос эхлэн эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрснийг зарласан Саудын Арабд ийн соёл, нийгмийн амьдралын их өөрчлөлтийн давлагаа эхэлж байна.

Bon Jovi болон Dire Straits тэргүүтэй хамтлагууд 2018 оны Rock And Roll-ийн алдрын танхимд элсэх болсон байна. Ирэх жилийн ёслолын ажиллагаа 2-р сарын 14-нд явагдах юм. Сонирхуулахад хамтлаг, дуучид анхны цомгоо гаргаснаас хойш 25 жилийн дараа амьд хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй танхимд элсэх боломжтой болдог ажээ. Энэ жил анх удаа нэр дэвшсэн Radiohead хангалттай санал авч чадаагүй ажээ.

42 өдөрт дэлхийг тойрсон Габарын амжилтыг онгоцны GPS-ийг шалгасны дараа баталгаажуулна

Хиймэл оюун ГАРАГ НЭЭВ

NASA болон Google-ийн судлаачид хамтран сансар судлалын ертөнцөд ихээхэн нөлөө үзүүлэхүйц нээлт хийснээ зарлалаа. Энэ бол машин сургалт ашиглан хиймэл оюун ухаан гараг нээсэн явдал юм. Тэд Google-ийн хиймэл оюун ухааныг ашиглан, 2500 гэрлийн жилийн зайд орших Kepler 90 нэртэй нарны аймгийн 8 дахь гарагийг илрүүлснээ зарлалаа. Үүний өмнө нарыг тойрон 8 гараг эргэдгээрээ хамгийн олон гарагийг агуулсан нарны аймагт тооцогддог байсан юм. Хиймэл оюун 2009 оноос хойш эхлэн 2500 гаруй гарагийг илрүүлээд буй Kepler-ийн цуглуулсан датаг ашиглан анализ хийж байгаа билээ.

Kepler 90i нэртэй уг гараг 14 хоногт нараа тойрдог бөгөөд 425 градусын халуунтай гэнэ. Үүнээс гадна тэд Kepler 80 нарны аймгаас дэлхийтэй ижил хэмжээтэй 6 дахь гарагийг мөн олжээ. Өмнө анзаарагдаагүй, орхигдсон мэдээллүүд дээрээс цаашид илүү нарийвчлал сайтайгаар мэдээлэл гаргах боломжтой хэмээн эрдэмтэд үзэж байна. Хүн төрөлхтний мөнхийн хүсэл харийн амьдралыг олох зорилгод хүрэх их аяныг ихээхэн хурдасгах ач холбогдолтой хэмээн энэхүү үйл явдлыг тэд тайлбарлаж байгаа билээ.

"Гарагийн ангууч" хэмээгддэг Kepler телескоп одоогоор хөдөлгөөн, гэрэл зэрэг мэдээллүүд дээрээс үндэслэн 150 мянга гаруй оддын мэдээллийг цуглуулаад байгаа бөгөөд хиймэл оюун энэхүү датанаас шинэ мэдээлэл хайж, өөрийнхөө чадварыг улам сайжруулах зорилготой байгаа.

NASA: Хиймэл оюун ухаан шинэ гараг илрүүллээ
NYTimes: AI-ийн илрүүлсэн анхны гараг


Хиймэл оюун ухаан биднийг улам бүр гайхашруулсаар

Оны үг: Youthquake

Дэлхийн хамгийн алдартай англи хэлний толь бичиг Oxford Dictionary жил бүр зарладаг "оны үг"-ээ танилцууллаа. 2017 оны хамгийн онцлох үгээр Youthquake тодорсон байна. 1963-71 оны хооронд Vogue сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан Диана Вреландын анх томъёолсон энэ үг нь "залуусын манлайллаар нийгэм, улс төр болон соёлын ертөнцөд бий болж буй өөрчлөлтийн давлагаа" гэсэн утгыг агуулдаг. Youth буюу залуус, earthquake буюу газар хөдлөлт гэсэн үгсийн нийлмэл энэ үг нь энэ оны турш өрнөсөн улс төрийн ертөнц дэх залуучуудын идэвхийг илэрхийлнэ хэмээн зохион байгуулагчид мэдэгджээ.

2017 оны Их Британийн парламентийн сонгуульд ерөнхий сайд Тереза Мэй томоохон ялалтыг хүлээж байсан ч санасандаа хүрч чадаагүйн гол шалтгаан нь залуус ихээрээ саналаа өгсөн нь байсан. Миллениалс голцуу сонгогчид олон төрлийн шинэлэг хэлбэрийн кампанит ажилд оролцож, маш идэвхтэйгээр дуу хоолойгоо нэгтгэж улмаар Ж.Корбины тэргүүлсэн консерватив нам нэмэлт суудлыг авч чадсан юм. Энэ байдал Шинэ Зеландад өрнөсөн сонгуульд ч давтагдаж, залуусын ачаар 37 настай Ж.Ардерн хэмээх бүсгүй ерөнхий сайдаар сонгогдсон билээ.

Энэ жилийн онцлох үгийн жагсаалтанд "antifa," "broflake," "newsjacking," "white fragility," "gorpcore," "kompromat," "Milkshake Duck," болон "unicorn" зэрэг үгс багтжээ.

Өнгөрсөн жилийн онцлох үгээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг илэрхийлэх "post truth" тодорч байсан юм.

BBC: Youthquake - 2017 оны үг!
Oxford: 2017 оны онцлох үгийн жагсаалт

Залуусын улс төрийн идэвх Европт нөлөөлөв. Дэлхийд харин яах бол?

Алдалгүй унших арван мэдээ

RT: Хятадын адал явдал эрэлхийлэгч 62 давхраас осолдож амиа алджээ
Techcrunch: VEVO-ийн CEO ажлаа өгнө
QZ: Стефен Хавкингийн харийн амьдрал олох мөрөөдөл бүтэлгүйтсээр
Billboard: Тэйлор Свифтийн фенүүдэд зориулсан шинэ апп гарлаа
Futurism: Хиймэл оюун ухаан "хүүхдээ" бүтээжээ
BBC: Канадын хамгийн баян хосын нууцлаг үхэл
Recode: Яагаад Фэйсбүүк сошиал медиа эрүүл мэндэд муу гэв?
The Verge: Фэйсбүүк Snooze шинэ нэмэлтээ гаргажээ
NYTimes: Пентагоны UFO-г судлах тусгай хөтөлбөр ил боллоо
CNN: Пакистаны сүмд дэлбэрэлт болов

15799   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.