Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   12 сарын 16, 2017

Unlock Podcast #22: "How Not to Die" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Дээгий хоёр уншигчдын хүсэлтээр Нью Йорк Таймсын бестселлер "How Not to Die" номын тухай ярилцлаа. Энэ бол эмч, хоол тэжээлийн мэргэжилтэн, NutritionFacts.org сайтын үүсгэн байгуулагч Майкл Грегерийн "Хэрхэн өвчин эмгэггүй урт наслах вэ" гэсэн асуултад хариу өгсөн ном юм. Ингээд хүний эрүүл мэндэд хамгийн хортой нөлөөг үзүүлдэг буруу хооллолтоо хэрхэн зөв болгох тухай сонсож мэдэцгээе.

НОМЫН ТУХАЙ

Энэхүү номын зохиогч Майкл Грегер бол зөв хооллолтын талаар олон арван жил судалсан хүн. Бага байхад нь түүний эмээ өвчнөөс болж найдваргүй гэгдэн эмнэлгээс тэргэнцэртэй гарсан ч зөв хооллолтын сургалтад суусны ачаар эрүүлжин босож, эмч нар хийгээд эргэн тойрны хүмүүсээ гайхашруулсан гэдэг. Энэ л үеэс эмч болохоор шийдсэн Грегер их сургуулиа сонгохдоо хоол тэжээлийн талаар хамгийн олон цаг заахыг нь хүртэл сонгож, энэ сэдвээр хичээлээ үзэхийн зэрэгцээ сайн дураар шамдан судлах болжээ. Улмаар тэр салбартаа танигдсан шилдэг мэргэжилтэн болж, олон жилийн судалгаанууддаа үндэслэн эрүүл хооллолтын талаар нийтлэл, видео тавьдаг NutritionFacts.org сайтыг үүсгэн байгуулсан нь ихэд алдаршжээ.

Энэ сэдвээр энд тэнд лекц, яриа их хийдэг тэрээр сүүлдээ хэтэрхий олон урилгад дарагдах болсон тул ерөөс ном бичье гэж шийдсэн нь "How Not to Die" болон цогцолсон байна. Энэхүү номын эхний хэсэгт зохиогч хүмүүсийг хамгийн олноор үхэлд хүргэдэг 15 аюулт өвчин шалтгаан нь ямар ямар хүнс байдаг тухай өгүүлсэн бол хоёрдугаар хэсэгт бүх л өвчнөөс сэргийлэх, цаашлаад тэдгээрийг анагаах чадалтай, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшүүштэй 12 гол хүнсийг нарийвчлан тайлбарлажээ.

Энэ ном арвин баялаг судалгаанд суурилсан болохыг ашигласан материалын 148 хуудас сурвалж нь илтгэнэ. Олон арван өвчин, хүнсний зүйлийн тухай өгүүлдэг учраас нэр томьёоны хувьд ч, урт зузааны хувьд ч уншихад тийм амар биш. Аз болоход, бидний амьдралын хамгийн чухал зүйлийн тухай өгүүлсэн энэ номын агуулгыг та өнөөдрийн подкастаас сонсох боломжтой. Хамгийн эрүүл хооллолттой Япон улсад ажиллаж амьдардаг хөтлөгч хоёр маань бас номыг уншаад зарим зөвлөгөөг нь хэрхэн туршсанаа ч ярих болно. Ингээд өөрсдийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл хооллодог болох эхний алхмаа хийж, Дээрхийн Гэгээн Далай Ламын сайшаасан энэ номтой танилцацгаая.

ПОДКАСТ СОНСОХ

iTunes дээр Unlock Podcast-ийг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

16118   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.