Би хэрхэн ажилладаг вэ?   12 сарын 13, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? - Market Road Films-ийн үүсгэн байгуулагч, Эммигийн шагналт кино найруулагч Тони Гербер

"Улаанбаатар" олон улсын кино наадмын үеэр киноны нэгэн нэртэй уран бүтээлч Монголд ирсэн нь найруулагч, продюсер, кино зохиолч Тони Гербер. АНУ-ын телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал Эммиг хүртсэн энэ эрхмийн "Full Battle Rattle" баримтат кино, "Side Streets" уран сайхны кинонууд томоохон кино наадмуудын дэлгэцнээ гарч, өндөр амжилт үзүүлж байсан юм. Тэрээр өөрийн эхнэр, Пулитцерийн шагналыг жүжгийн төрөлд хоёронтоо хүртсэн анхны эмэгтэй зохиолч Линн Ноттажийн хамт үүсгэн байгуулсан "Market Road Films" продакшн компаниараа дамжуулан томоохон телевизүүдийн баримтат кинон дээр голчлон ажилладаг. Тухайлбал, CNN сувгийн Мишэл Обамагийн тухай өгүүлсэн We Will Rise болон The Notorious Mr. Bout зэрэг баримтат кинонуудад найруулагчаар ажиллаж байжээ. Тони Герберийг АНУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрөгч 10-р сард соёлын элчээр урьсан билээ.

Байршил: Нью Йорк, Брүүклин
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Market Road Films-ийн үүсгэн байгуулагч, найруулагч, продюсер, кино зохиолч
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг лаптоп: Macbook Pro 15'
Сошиал хуудсууд: @MarketRoadFilms (Твиттер), Tony Gerber (IMDB)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Миний хувьд та санаануудаа хэрхэн олдог вэ гэсэн асуулт гэж ойлгогдож байна. Товчхондоо би санааг биш, санаа намайг олдог. Судалгаа, эрэл хайгуул их хийдэг болохоор миний дотор байнга 5-6 санаа эргэлдэж л байдаг юм. Мөн өөр өөр төслүүд дээр нэг зэрэг ажилладаг нь бас онцлог тал байж магад. Аливааг бүтээхийн тулд байнга л эргэн тойрны юмс үзэгдлийг ажиглаж, сонсож, мэдэрч байхыг эрмэлздэг. Надад ажиллах тогтсон систем гэж үгүй. Олон төсөл дээр зэрэг явж байдаг учраас ер нь дуусгах хугацаандаа хавчигдаж ажилладаг. Бүтээлч биш байгаа үедээ би нэлээн стресстдэг.

Би хориод насны 5 залуутай хамт ажилладаг юм. Манай ажлын орчин нэлээд өвөрмөц, урлагийн хэв маягтай (artsy) шүү. Би багаар ажиллах, багаараа бүтээлч байх дуртай. ТВ-д зориулж бүтээл хийхийн тулд үргэлж л юмсын гүн рүү орж ажиллах ёстой байдаг. Тиймээс байнга бүтээлч байхын тулд, ажлаасаа залхахгүй байхын тулд бүх л боломжит зүйлсийг хийдэг. Бас дутуу дулимаг хийгдсэн ажилд дургүй.

Ажлын өдрийн хувьд бол өдөр бүр л өөр. Заримдаа ч тогтсон ажлын өдөртэй байх юм сан гэж хүсдэг л юм (инээв).

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Бүтээлүүдээ, видеогоо хуваалцах, үйлчлүүлэгчдэдээ харуулахын тулд Vimeo-г ашигладаг. Premiere зэрэг Adobe-ийн програмууд байна. Видео засахдаа Avid, дууны найруулга хийхдээ Protools-ийг ашиглана. Твиттер, Инстаграм хуудастай. Фэйсбүүк бий ч нэг их идэвхтэй биш.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Судалгаа хийхдээ Гүүгл-ийг нэлээн их ашиглана. Хэрвээ ажлын хэрэгслүүдээ эрэмбэлэх ёстой бол Гүүгл-ийг хамгийн түрүүнд тавина шүү. Цаг ч их хэмнэж өгдөг.

Ажил руугаа дугуйтай явж бас цаг хэмнэдэг юм байна. Би бас гайгүй хурдан уншигч гэж болно. Өдөрт зуу зуун имэйл авдаг болохоор гялс гүйлгэж уншихгүй бол болохгүй. 20 настай чадварлаг залуустай ажиллах нь надад их тус болдог. Миний тун ч их стрессдэж хийдэг ажлуудыг тэд хурууны үзүүрээрээ шахуу болгочихдог.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би тийм ч зохион байгуулалт сайтай хүн биш. Гартаа тааралдсан зүйл дээрээ, бүр салфеткан дээр хүртэл юм тэмдэглэнэ, тэрийгээ тэгээд байнга энд тэнд гээж орхино. Одоогоор Apple-ийн Calendar, Notes гэсэн аппуудыг ашиглаж тэмдэглэл хийж байгаа. Ер нь би хийх ажлуудаа бүртгэх, тэмдэглэл хөтлөх энэ дадал, системээ сайжруулах л ёстой байгаад байгаа юм.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би өөрийгөө бусадтай ярилцахдаа сайн гэж бодож байна. Магадгүй миний хамгийн гол чадвар байх. Бас олон зүйлийг холбож харьцуулж бодоод түвэгтэй асуудалд шийдэл олохдоо муугүй гэж эхнэр маань хэлдэг юм.

Бас гэртээ ойр зуур юм засаж сэлбэж чадна. Үүндээ ч дуртай. Орчин цагт ховор чадвар биз. Ингэж л эхнэртээ тус хүргэхгүй бол намайг амбаардаад гаргана шүү дээ (инээв). Бас хүүгээ ч ийм ажлын дөртэй болгохыг хүсдэг. Гэхдээ хараа муутай, нүдний шилтэй мужаан байх хэцүү.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Их л аялдаг даа. Би өөрөө ч аялахад, адал явдалд дуртай. Дэлхий ертөнцийг жуулчны нүдээр биш, тухайн газар ажиллаж амьдарч буй хүний нүдээр харж, тэр ажиглалтаа үзэгчдэд хүргэхийг хичээдэг.

Хэцүү нь урт хугацаагаар гэрээсээ хол байдаг. Одоо 20 настай охин маань балчир байхдаа, намайг Японд нэлээн удаан байж байгаад ирэхэд танихгүй уйлж байж билээ. Энэ бол ажлынхаа төлөө гаргаж буй миний золиос юм даа. Өнөөг хүртэл 20 гаруй оронд очжээ.

2010 онд анх Монголд ирж байлаа. "Forbidden Tomb of Genghis Khan" киног National Geographic-ийн уран бүтээлчидтэй хамтран хийсэн. Тэр үед олон хүнтэй уулзаж, танилцаж, сайхан нөхөрлөж эхэлсэн дээ. Барууны кино бүтээгчид Энэтхэг рүү явж кинонууд бүтээж, тэндхийн уран бүтээлчдийг хөгжүүлж чанаржуулсан байдаг. Тэрэн шиг бид "Forbidden Tomb of Genghis Khan" киног бүтээхдээ ийм хамтын ажиллагааг бас бодож ажилласан. Хамтын ажиллагаа гэдэг маш чухал. Өчигдөр орой би "Чингисийн хүүхдүүд" киног үзсэн. Монгол уран бүтээлчид өндөр чанартай бүтээл хийдэг болжээ гэж баярлаж сууна.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Аав хүү хоёрын тухай нэг кинон дээр ажиллаж байна. Аав нь Африк дахь сайн дурын цэргийн хүчний лидер. Хүү нь харин гадаадад хүчирхийлэл үйлдсэн гэгдэн цаазлуулах болсон анхны америк иргэн. Ийм ээдрээтэй, таагүй харилцааны тухай, Бостонд төрж, Флоридад өссөн хүү яаж яваад иймдээ тулдаг билээ гэдэг талаар өгүүлнэ. Уг бүтээлээрээ дамжуулж залуу эрчүүдэд энэ хорвоод эр хүн байна гэж ямар амаргүй болохыг харуулахыг зорьж байгаа юм.

Монгол эмэгтэйчүүд харин маш хүчирхэг юм. Энд АНУ-ын элчин сайдын яамнаас л гэхэд надтай олон эмэгтэй харилцаж байна. Эмэгтэйчүүд ийм чадварлаг, хүчирхэг байхад, 8 настай хүүхдийн аавын хувьд би улам хариуцлагатай байх ёстой. Бас нийгэм маань ч энэ тал дээр улам ахих учиртай.

Би өнөөдөр энд киноны мэргэжилтэн, соёлын элчийн хувиар ирсэн. Кино бизнесийн талаар, киног хэрхэн хийх туршлагаасаа хуваалцаж байна. Монгол бол киноны арвин баялаг түүх, соёлтой орон. Гэвч Монголын кино бизнест нөөцийн дутуудал тодорхой хугацаанд нөлөөлж ирсэн нь нууц биш. Намайг 2010 онд ирэхэд энэ салбар дөнгөж л хөгжиж эхэлж байсан. Одоо л харин монголчууд өөрсдийн түүхээ өөрсдөө өгүүлж эхэлж байх шиг байна. "Чингисийн хүүхдүүд" бол үүний нэг жишээ.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Хориод настнууд манай ажил дээр DJ хийдэг. Хуучны хип хопоос эхлээд орчин цагийн хип хоп хүртэл сонсоно шүү дээ. Кендрик Ламар, Chance the Rapper-д дуртай. Заримдаа Нэйл Даймондын дуунууд, Pulp Fiction киноны хөгжим гээд л төрөл бүрийн л хөгжим тавьчихдаг. Talking Head, Rolling Stones -оо сонсох дуртай. Бас The Arrival киноны хөгжмийг бичсэн Макс Риктерийн хөгжмүүд таалагддаг. Ер нь шинэ, шинэлэг хөгжимд дуртай юм байна.

Хөгжим гэснээс "Forbidden Tomb of Genghis Khan" кинонд орчуулагчаар ажиллаж байсан залуу Нью Йоркд ирээд манай дээр дадлага хийж байсан. Одоо Magnolian нэрээр хөгжим зохиодог болсон байна лээ. Маш бүтээлч залуу шүү.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Би олон ном эхлүүлдэг ч тэр болгон дуусгадаггүй. Анхаарал маань удаан үргэлжилдэггүй юм л даа. Тийм болохоор бас аудио ном нэлээн сонсоно. Томас Жефферсоны эдлэнд боол байсан, түүний сэтгэлтэй бүсгүй Салли Хэммингсийн түүхийг өгүүлсэн номыг одоо сонсож байгаа. Эхнэр маань үүнтэй холбоотой зохиол бичиж байгаа юм. Цагаан арьст эрэгтэй, хар арьст эмэгтэй хоёрын хайр, тэдний бурангуй нийгэм, дэглэмээс зугтсан түүх. Ийм түүхийг яаж хүүрнэх, хэн хүүрнэх нь чухал.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Өөрийгөө нээлттэй хүн гэж тааж байна. Гэхдээ үнэн чанартаа бол би дотогшоогоо буюу интроверт.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Хэцүү асуулт байна. "Би ядарч байна" гэдэг бол миний хамгийн их хэлдэг үг. Би орой театрт тоглох үзэх, шоу үзэх дуртай болохоор оройтож унтдаг. Тэгээд өглөө дасгал хийх гэж 5.30-д босдог. Илүү унтахаас хэзээ ч татгалзахгүй.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би ажлынхаа талаар бодохгүй байж чаддаггүй. Хэрвээ сэтгэлийг минь хөдөлгөдөг ажил байхгүй сэн бол би үхэх биз.

Хүү маань сагс тоглох, далайн эрэг явах дуртай. Тэгэхээр хүүгийнхээ тоглолтыг үзэж, хамт зугаалдаг. Мөн ном уншина, сонсоно. Амралтын өдрүүдэд гэрийн ажил хийгээд ч байж байх үе байна.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Эхнэрээсээ. Эхнэр маань Пулитцерийн шагналыг хоёронтоо хүртсэн цорын ганц эмэгтэй зохиолч. Тэр үнэхээр алдартай шүү. Түүний дэргэд байхаар заримдаа ажлаа сайн хийж, илүү сайжрах ёстой хариуцлага, дарамтыг тодорхой хэмжээгээр мэдэрдэг л юм. Гэхдээ эхнэр маань маш даруу төлөв хүн л дээ. Урдах ажлаа л чимээгүй хийсээр алдарт хүрсэн. Түүнийгээ хэрхэн өсөж дэвжиж өдий зэрэгт хүрэхийг харсан минь миний авсан хамгийн том бэлэг гэж боддог.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Саяхан сонссон нэгэн зөвлөгөөг давтъя. "Уурлах үедээ ч нүдээрээ инээмсэглэ. Уур бухимдлаа харуулах нь хүссэн үр дүнг авчрахгүй. Тэгэхээр шударга бус зүйлийн талаар ярьж байсан ч инээмсэглэх нь чухал."

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Охиноо харахаар энэ дэлхийд өөрийн орон зайгаа олох гэж их стресстэж буй нь мэдрэгддэг. Дэлхий ертөнц өдгөө үнэхээр толгой эргэм газар болжээ. Гэхдээ аз жаргалтай байх, бусдад эелдэг тусч байх нь биднээс өөрсдөөс маань л хамаарна шүү дээ. Юу чамайг жаргалтай байлгадаг, амьдралаас юу хүсэж байгаагаа ямар нэг хэмжээгээр мэдэрч ойлгож байхад л сэтгэл ханамжтай амьдралыг та бий болгож чадна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

"Титаник", "Аватар" зэрэг киноны найруулагч Жэймс Камерун. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагийн өдөр түүнтэй ажиллах завшаан гарсан юм. Бид Rolex-д зориулан реклам бүтээсэн. Тэр Трампыг сонгуулахгүй гэж маш их хичээж ажилласан шүү. Ер нь түүний бүтээлүүд цаагуураа улс төрийн үзэл санаа илэрхийлж байдаг. Түүн шиг уран бүтээлч өнөө цагт тун ч хэрэгтэй байна. Тэр дэлхий яаж эргэдгийг, юу нь болохгүй байгааг сайн ойлгодог хүн. Үнэхээр урам зориг авмаар. Бас Мишэл Обаматай ярилцах боломж олддог бол гайхалтай хариултууд хэлэх байх. Түүний тухай өгүүлсэн, миний найруулсан We Will Rise баримтат киног үзээрэй гэж санал болгох байна.


Гэрэл зургийг Х.Хантүшиг

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

16147   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor