Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   12 сарын 12, 2017

Апп тойм: Pushbullet - Цахим төхөөрөмжүүдээ нэг дороос удирд

Гар утас, компьютер, лаптоп, таблет гэх мэт олон төрлийн электрон төхөөрөмж нь бидний амьдралыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлдэг. Гэхдээ зөв зүйтэй, замбараатай ашиглахгүй бол хүссэн үр дүнд байнга хүрнэ гэж үгүй. Жишээ нь, гэртээ очоод ажлаа хийх гэтэл хэрэгтэй файлаа ажлын компьютер дээрээ үлдээсэн байх, эсвэл утсыг чинь өөр хүн оролдож байх хооронд ирсэн сонордуулгыг (notification) олж харахгүй байх гэх мэт. Тэгвэл эдгээр асуудлыг мартаж, бүх электрон төхөөрөмжөө "нэг мэт" ашиглах боломжийг олгодог Pushbullet апп-ийг өнөөдөр танилцуулья.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Олон цахим төхөөрөмж идэвхтэй ашигладаг, хурдтай ажиллах ёстой болдог, мэдээллээс хоцрохгүй байх эрмэлздэг хүмүүс ашиглавал нэн тохиромжтой.

Гар утас, таблет дээрээ апп-ийг суулгаж, харин компьютерээс Chrome, Firefox, Opera зэрэг вэб хөтчийн нэмэлтийг, эсвэл Windows хувилбарыг нь суулгаад л ашиглаж болно. Тэгээд фэйсбүүк юм уу гүүгл хаягаа холбоод л бүх электрон төхөөрөмжөө удирдаад эхэлнэ дээ.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Ижил зорилготой зарим аппууд хэрэглэж эхлэхийн тулд тусдаа аккаунт нээхийг хүсдэг нь ядаргаатай санагддаг байсан тул Pushbullet-ийн энэ давуу байдал нь их таалагдлаа. Компьютер дээрээс та холбогдсон бүх төхөөрөмжийг харах боломжтой бөгөөд өөрийн хүссэнээрээ тэдгээрийг нэрлэж болно. Жишээ нь: My phone гэх мэт.

Утасны сонордуулгаа компьютертойгоо шууд холбодог нь хамгийн онцлууштай функц. Сонордуулгууд дэлгэцийн баруун доод буланд харагдах бөгөөд хэрвээ Chrome нэмэлтийг нь суулгасан бол баруун дээд булан дахь Pushbullet-ийн лого бүхий хэсэг дээр таны харж амжаагүй хэдэн сонордуулга байгааг мэдэж болно. Хэрвээ компьютерээс хараад хаавал утсан дээр энэ үйлдлийг мөн хийсэнд тооцно.

Түүнчлэн, утсандаа ирж буй мессежнүүдэд хариулах боломжтойгоос гадна Contacts дахь бүх мэдээллийг компьютерийн хувилбар руу давхар хуулдаг тул шинээр мессеж бичиж ч болох аж. Заримдаа аль нэг вэбсайтад нэвтрэхийн тулд заавал ч үгүй утсанд ирсэн кодыг оруулах шаардлага гардгийг та бүхэн мэднэ. Ийм үед утсаа нээлгүйгээр шууд баруун доод булангаас харчихаж болох нь байна.

Ингэхээр хэтэрхий олон сонордуулга хүлээж авдаг асуудал тулгарч болно. Тэгвэл тодорхой аппуудаас сонордуулга авахаа зогсоож болох юм.

Үүнээс гадна файл, холбоос шилжүүлэх функцийг нь онцлох учиртай. Миний хувьд утаснаасаа олон нийтлэл уншчихаад дараа нь ашиглахаар болбол холбоосыг нь Google Keep рүү хуулдаг байсан бол одоо утасныхаа вэб хөтчөөс шууд Pushbullet гэсэн товч дараад л компьютер руугаа илгээдэг болов.

Ямар нэг файл илгээхийг хүсвэл компьютерээс бол шууд апп-ийн дэлгэц рүү зөөхөд хангалттай. Утаснаас бол Share товчийг дараад Pushbullet гэж сонгоно.

Pushbullet нь хэрэглэхэд үнэгүй ч сарын 3.33$, жилийн 39.99$ төлөөд илүү олон функцийг нээх боломжтой. Үнэгүй хувилбарыг ашигласнаар та утаснаас ирж буй сонордуулгыг компьютерээс зөвхөн нээж харах, хаах гэсэн хоёрхон сонголттой байдаг бол үнэтэйг нь сонгосноор, жишээ нь сэрүүлгээ тэдэн минутын дараа ахин сануулах гэх мэтээр апп болгонд тохирсон шинэ сонголтуудыг авах боломжтой.

Бас universal copy-and-paste буюу компьютер дээр ямар нэгэн холбоос юм уу текст copy-дож хуулсан бол утсан дээрээ шууд Paste хийх боломжтой нь үнэхээр таалагдлаа.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Хэдийгээр файл солилцох боломж олгодог нь таалагдсан ч Google Drive, Dropbox зэргийг байнга ашигладаг хүнд нэг их сонин биш байж магадгүй. Мөн файл солилцохдоо олныг зэрэг сонгож болдоггүй нь түвэгтэйгээс гадна нийт солилцох файлын хэмжээг 25 mb гэж зааж өгсөн тул хааяа нэг ашиглагдах функц болгон хувиргажээ.

Мөн компьютерт ирж байгаа сонордуулгууд нь хэсэг хугацааны дараа автоматаар алга болдоггүй бөгөөд заавал хаах шаардлагатай. Хэрвээ хэт олноор ирвэл цуглараад л байх нь.

iOS хувилбар нь Android-ийг нь бодвол харьцангуй хязгаарлагдмал бөгөөд сонордуулгаа холбох гэх мэт боломжийг авч чадахгүй юм байна. Зөвхөн файл, текст, холбоос илгээж болно.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Утас, компьютер зэргээ нэг төхөөрөмж мэт ашиглах боломж олгодог энэ апп-д 7 оноо өгье.

Татаж авах

7751   2


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.