Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   12 сарын 11, 2017

"Эрдэм хакатон 2017"-оос төрсөн онцлох санаанууд

Өнгөрөгч 11.27-12.1-ний хооронд БСШУСЯ, Шинжлэх Ухааны Академи, МУИС-ийн Бизнес сургууль хамтран "Эрдэмтэн энтрепренер" хөтөлбөрийн хүрээнд “Эрдэм Хакатон-2017” сургалт, тэмцээнийг зохион байгуулсан билээ. Шинжлэх ухаан, бизнесийн салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг ментор, шүүгчээр оролцуулсан тус хакатонд 40 судлаач 20 санаа ирүүлснээс 11 санааг нь сонгон, таван өдрийн турш бизнес төлөвлөгөөгөө илүү нарийн хөгжүүлэх боломжийг олгож, эцэст нь байр эзлүүлжээ. Зөвхөн судлаачид оролцсоноороо онцлогтой энэ хакатоноос төрсөн, хүнс, эрүүл мэнд, гэр ахуй, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх шинэлэг, бүтээлч санаануудыг онцолъё.

ЦАГААН ЗАРАМ

Монголд загасны аж ахуй, үйлдвэрлэлтэй болох боломж бий гэнэ. Хакатоны тэргүүн байранд шалгарсан Цагаан зарам баг судалгаан дээр үндэслэн дотоодын хэрэгцээг хангах загасны тос, витамин тэжээлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой гэсэн санааг дэвшүүлсэн юм. Тэд загасны тосны үнэ өртгийг импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байхаар тооцоолж, Улаагчны хар нуурын загасыг хууль бусаар агнахын оронд зүй зохистойгоор үржүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож худалдаалах ажээ. Загасны тос нь дархлаа, мэдрэл, зүрх судасны үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, тархи, нүдний бүтцийн үйл ажиллагааг хэвийн хангахад чухал үүрэгтэй юм.

ҮНСЭН ҮРЭЛ

Та үнсийг хэнд ч хэрэггүй, зүгээр л хог хаягдал гэж бодож байна уу? Тоосжилт, орчны бохирдлыг үүсгэдэг хаягдал үнсээр бохир усыг цэвэрлэх эко монгол шийдэл гаргах боломжтой гэнэ. Тэдний санаачилсан технологийн ажиллах зарчим нь үнсийг тусгай технологиор үрэл болгон хэлбэржүүлээд, цэвэрлэх байгууламжуудад элсний оронд ашиглах юм. Үнсэн үрлийн технологи нь хаягдал түүхий эд ашигладаг, үйлдвэрлэлийн өртөг бага, байгальд ээлтэй, ер нь илүү үр дүнтэй шийдэл гэдгийг тэд онцолж байсан.

ШИДЭТ ХАЛУУН РАШААН

Улсын хэмжээнд 16 рашаан сувилалд жилд 40 гаруй мянган хүн эмчлүүлдэг бөгөөд нэг удаа рашаанд явахдаа дунджаар 200-350 мянган төгрөг зарцуулдаг байна. Харин та заавал амралт сувилалд явж, өндөр зардал гаргахгүйгээр, гэрийнхээ баннанд халуун рашаанд хэвтэх боломжтой бол ямар вэ? Япон, Хятад, Францад ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч, Монгол хүний онцлогт тохирох эрдэм шинжилгээний судалгаан дээр үндэслэсэн, эх орны бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг тус багийхан санал болгосон юм. Энэхүү бүтээгдэхүүн нь рашааны элементийг агуулсан усанд уусгаж хэрэглэх нунтаг бодис бөгөөд бие сэтгэлийг тайвшруулах, бодисын солилцоог сайжруулах, дархлааг дэмжих, харшил, чихрийн шижин, судасны хатуурлыг эмчилдэг үйлчилгээтэйгээрээ онцлогтой.

УРГА

БНХАУ-д бүх газар нутаг үржил шимгүй болж, элдэв төрлийн химийн гаралтай бордоо, хөрсөнд агуулагдах азот (N), хүнд металын хэмжээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2 дахин хэтэрч, цагаан будаанд агуулагдаж буй кадьми /Cd/-ийн хэмжээ гамшигт хүрээд байгаа тухай Ургагийнхан онцоллоо. Эрүүл хөрс-эрүүл хүнс уриатай тэд улаан буудайн хаягдал түүхий эдээр 100% органик Монгол бордоог үйлдвэрлэх боломжтойг шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэн өгүүлсэн юм. Энэхүү санаагаа бизнес болгож чадвал ирэх 5-10 жилд нийт импортын бордоог бүрэн орлохоор зорилт тавьжээ.

AIREE

Улаанбаатрын тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй гамшгийн хэмжээнд хүрсэн утаа. Гадаад орчны утаанаас шалтгаалан, агаар сэлгэх нөхцөлгүй байгаа нь дотоод орчны агаарын бохирдлыг ч мөн гамшгийн хэмжээнд аваачсан гэдгийг Airee багийнхан онцолж байна. Тэдний санал болгосноор бичил биетэн замгаар гэрлийн болон нүүрстөрөгчийн давхар ислээс хүчилтөрөгч үүсгэн тасалгааны агаарыг цэвэршүүлэх боломжтой аж. Мөн том биомасс үүсгэхийн тулд AIREE fresh нь микро түвшний ижил төрлийн эсийг өсгөх боломжтой бөгөөд ингэснээр илүү их хүчилтөрөгч гаргаж авах чадвартай болох юм байна. Хэрвээ үүнийг хэрэглэвэл гэр доторх агаарын чанар сайжирч, эрүүл мэндээ хамгаалах, мөнгө санхүүгээ хэмнэх боломж бүрдэх юм.

14162   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.