Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   12 сарын 10, 2017

7 хоногийн тойм: Аниргүйг эвдэгсэд + Оросгүй Олимп + Биткойны тэрбумтнууд

төрийн шагналыг түүхчдэд олгов

2017 оны Төрийн шагналыг түүхийн салбарын шилдэг судлаачдад олгох шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж, шагналыг гардуулан өглөө. Тэрээр түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх”, "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлүүдэд төрийн шагнал олгосон нь энэ юм.. Монгол Улсын Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг нь үнэлж түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар, Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас 5 төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг перс, англи, монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаар сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн, соёл судлаач Цэрэндоржийн Санчир нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Өнөөдөр: Д.Өлзийбаатар: Эзэнт гүрнээ хагалан бутаргасан монголчууд бид одоо ч эв эеэ олоогүй л байна
Ikon: Ц.Санчир: Тэд ирэх амьдралдаа Монгол нутагтаа адуу ч болтугай болж төрөх юмсан даа гэдэг...

Түүхчдэд олгосон энэхүү шийдвэрийг нүдээ оллоо хэмээн олон нийт талархаж байна

Time сэтгүүлийн оны шилдэг тодров

Дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг Time-аас жил бүр тодруулдаг "Оны Хүн"-ээр бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг тэмцэлд оролцогсод нэрлэгдлээ. "Аниргүйг эвдэгсэд" хэмээн тус сэтгүүлийн газраас тодорхойлсон эдгээр бүсгүйчүүд олон жилийн турш бугшсан, дарагдсан хэргүүдийг зоригтойгоор сөхөж, сошиал медиагийн хүчтэй давлагааг үүсгэн дэлхий дахиныг цочроосон билээ. #MeToo хэмээх хаштагаар эхлүүлсэн уг хөдөлгөөнд ийм дарамт, хүчирхийллийг амссан олон бүсгүйчүүд нэгдэж, улмаар сая сая хандалтаараа нийгэмд хүчтэй мессежийг өгч чадсан юм. Холливуд, Цахиурын хөндий, Уолл Стрит тэр чигээрээ энэ өөрчлөлтийн доргиог мэдэрч, салбарын лидерүүд, гүйцэтгэх захирлуудын хэрэг ил гарав. Time сэтгүүл тухайн жилд дэлхий дахины нийгмийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн онцлох эрхэмүүдийг тодруулсаар 90 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй. Өнгөрсөн жилийн оны хүнээр нэрлэгдсэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп болон БНХАУ-ын удирдагч Ши Жинпин нар жагсаалтын дараагийн байрт бичигджээ.

Time: Аниргүйг эвдэгсдийг хэрхэн "Оны Хүн"-ээр тодруулсан бэ?
CNN: #MeToo хөдөлгөөн хэрхэн нийгмийн өөрчлөлтийг авчрав?

Time сэтгүүлийн энэ шийдвэр дэлхий даяарх олон эмэгтэйчүүдийн хувьд жинхэнэ ялалт байв

ОХУ-г олимпод оролцохыг хориглолоо

Олон Улсын Олимпийн Хорооны гүйцэтгэх зөвлөлөөс спортын их гүрэн ОХУ-ын шигшээ багийг 2018 оны өвлийн олимпийн наадамд оролцохыг бүрэн хориглолоо. ОУОХ-оос тус улсыг тамирчдаа системчилсэн төлөвлөгөөний дагуу допинг буюу амжилт ахиулах бэлдмэлээр хангаж, уг хэргээ зохион байгуулалттайгаар нууцласан хэмээн буруутгаж байгаа юм. Шийдвэрийн дагуу ОХУ-ын ямар ч албаны хүн олимпийн наадамд оролцох эрхгүй болсон бөгөөд шигшээ багийн өмсгөл, төрийн далбааг ч хорих гэнэ. Гэхдээ ОУОХ-оос допинг хэрэглээгүй, хэрэглэж байгаагүй цэвэр тамирчдыг Пёнчанд оролцохыг зөвшөөрөх ч эх орныхоо нэрийн өмнөөс бус олимпийн далбаан дор тэмцээн уралдаанд оролцохыг шаардаж байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ шийдвэрийг хүндэлж, цэвэр тамирчдаа олимпод оролцоход ямар нэгэн саад тавихгүй хэмээн мэдэгджээ. Зарим эх сурвалжууд тус улсыг Токио 2020 наадмыг хүртэл бойкотлох шийдвэр гаргаж магад хэмээн санаа зовниж байсан билээ. 2018 оны Өвлийн олимпийн наадам БНСУ-ын Пёнчан хотноо 2-р сарын 9-нд эхэлнэ.

Olympic: ОУОХ-оос ОХУ-ыг Олимпийн наадамд оролцохыг хориглов
Forbes: ОХУ-г хорих нь зөв шийдвэр, гэхдээ баярлах зүйл огтхон ч биш!

2014 оны өвлийн наадмыг Сочид хүлээн авсан ОХУ ирэх жилийн наадмыг өнжинө!

технологийн ертөнцийн эргэн тойронд

Цахим мөнгөн тэмдэгт Биткойн ихээхэн "адал явдалтай" долоо хоногийг өнгөрүүллээ. Нэг биткойны үнэлгээ бүх цаг үеийн дээд амжилт болох 19 мянган долларт хүрснээ 20 хувиар унаж, 15 мянга руу буусан нь ердөө нэг онцлох мэдээ нь байв. Зах зээлийн үнэлгээ нь 270 тэрбум долларт хүрээд буй биткойноос төрсөн анхны тэрбумтан нь Марк Зукербергийг Фэйсбүүкийн санааг хулгайлсан хэмээн буруутгаж байсан ах дүү Винклевосс нар байсан нь сонирхолтой. Тэд Зукербергийг шүүхэд ялж, нөхөн төлбөрт авсан хөрөнгөөсөө биткойнд 11 сая долларын хөрөнгө оруулсан нь ийм амжилтыг авчрав. Үүний дараа биткойн олборлолтын цахим сайт NiceHash хакеруудын халдлагад өртөж, 66 сая долларын үнэлгээ бүхий биткойныг алдсан нь олон хүнийг сандаргав.

Telegraph: Винклевоссынхон хэрхэн биткойны тэрбумтнууд болов?

Фэйсбүүк 13-аас доош насны хүүхдүүдэд зориулсан чат апп болох Messenger Kids-ийг зарлалаа. Фэйсбүүкийн дотоод журмын дагуу тус платформыг 13-аас дээш насныхан л зөвхөн ашиглахыг зөвшөөрдөг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ аккоунтыг удирдах боломжтой бөгөөд илүү хөгжилтэй бас сонирхолтой стикерүүд, видео дуудлага хийх нэмэлтүүд энд агуулагджээ.

Facebook: Messenger Kids-ийг танилцуулах нь

Apple хөгжмийн стриминг үйлчилгээний зах зээл дэх байр сууриа улам бататгах зорилгын хүрээнд дуу танигч апп Shazam-ийг худалдаж авч байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Apple 1999 онд анх үүсгэн байгуулагдсан Shazam-ийн төлөө 400 орчим сая долларыг төлж байгаа аж. Сонирхуулахад, энэ зах зээлд Apple-ийн гол өрсөлдөгчид тооцогдож буй Spotify өдгөө 140 сая хэрэглэгчтэй байгаа нь Apple Music-ээс даруй 4 дахин өндөр тоо билээ.

Тэгвэл Spotify Хятадын зах зээлийн лидер Tencent Music-тэй гэрээ байгуулж Apple-д хариу өгөв. Шинэ гэрээ ёсоор 2 компани бие биеийнхээ 10 хүртэлх хувийн хувьцааг худалдан авах бөгөөд контент, үйлчилгээ, дата хуваалцах талууд дээр хамтран ажиллах ажээ. Tencent Music-ийг одоогоор 450 сая хүн хэрэглэдэг гэнэ.

SoftBank хоол хүргэлтийн үйлчилгээний тэргүүлэх стартапуудын нэг DoorDash-д 300 сая долларын хөрөнгө оруулалт хийхэд ойрхон байгаа гэнэ. DoorDash Америкийн топ 100 рестораны 51-тэй нь хамтарч, хоолыг нь хүргэдэг бөгөөд 2017 оны 6-р сард 720 сая доллараар үнэлэгдэж байсан билээ.

Фэйсбүүк 6-12 насны хэрэглэгчдийг мессенжертээ татаж, ирээдүйн сууриа баталгаажуулахыг хүсэж байна

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Дуудлага худалдаагаар 450 сая долларын үнэ хүрч, дэлхийн хамгийн үнэтэй уран зурагт тооцогдох болсон бүтээлийн шинэ эзэн ил гарсан байна. Леонардо Да Винчигийн "Дэлхийг Аврагч" хэмээх нэртэй уг бүтээлийг Абу Даби хотын засаг захиргаа худалдан авч, өнгөрсөн сард нээгдсэн "Шинэ Лувр"-таа тавих болсон гэнэ. Лувр Абу Даби нэртэй уг музей 8 жилийн турш 1 тэрбум долларын өртгөөр боссон бөгөөд 600 гаруй бүтээлтэйгээр үйл ажиллагаа явуулж буй. Сонирхуулахад тэд ориг Луврийн нэр болон зарим бүтээлийг зээлдэж байгаа учир жил бүр ихээхэн хэмжээний төлбөр төлж байгаа ажээ.

Game of Thrones-ийн хамгийн сүүлийн буюу 8-р улирал 2019 он хүртэл нээлтээ хийхгүй гэнэ. Үүнийг киноны гол дүрийн жүжигчдийн нэг Санса Старкийн дүрийг бүтээж буй Софи Тюрнер батласан байна. Ердөө 6 ангитайгаар бүтээгдэж буй сүүлийн улиралд анги бүр нь 80 минутын буюу бүрэн хэмжээний киноны урттайгаар цацагдах ажээ.

Дисней, Пиксарын энэ жилийн хамгийн найдлага тавьж буй бүтээл Coco 3 дахь долоо хоногтоо дараалан бокс оффисийг тэргүүллээ. Тэд 19 сая долларын орлого олсноороо Justice League болон Wonder-ийн урд бичигджээ. Ирэх долоо хоногт нээлтээ хийх Star Wars: The Last Jedi-тэй холбоотойгоор ихэнх топ компаниуд киноны нээлтээ хойшлуулаад байгаа билээ.

Стив Жобстой хамтран iPhone, iPod зэрэг салбартаа хувьсгал хийсэн бүтээгдэхүүний гол дизайныг гаргасан домогт Жонни Айв Apple-д эргэн ирлээ. Тэрээр 2015 онд Ерөнхий дизайнер албан тушаалд томилогдож, өдөр тутмын ажлаасаа хөндийрсөн учир түүнийг "зодог тайлж" байгаа хэрэг хэмээн мэргэжилтнүүд үзэж байсан юм.

Шинэ цагийн хамгийн бүтээлч музейд тавтай морил! Лувр Абу Дабид 450 сая долларын үнэтэй шинэ үзмэр нэмэгдэнэ.

алдалгүй унших арван мэдээ

Variety: "Алтан бөмбөрцөг" наадамд хэн хэн нэр дэвших вэ?
Recode: Yahoo болон Mozilla-ийн хооронд шүүхийн маргаан дэгдэв
Techcrunch: NVidia 2999 долларын үнэтэй график картаа танилцууллаа
CNN: Ирак ISIS-ийг дарсан гэдгээ тунхаглалаа
Deadline: Dina оны шилдэг баримтат киногоор нэрлэгдэв
BBC: Лего Хятадад ялалт байгуулав
Daily Mail: К.Роналду Ballon d'Or шагналыг 5 дахиа хүртлээ
Bloomberg: Битконы 40 хувийг эзэмшдэг 1000 хүнтэй танилц
Ikon: Говь, Гоёо хоёрын нэгдэл
Wired: Дэлхийг харийн халдлагаас хамгаалдаг эрдэмтний эгэлгүй түүх

16029   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.