Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   12 сарын 09, 2017

Ж.Тэгшжаргалын "25" номыг уншаад төрсөн сэтгэгдэл

Өнгөрөгч лхагва гарагт Ub.Life сайтын ерөнхий эрхлэгч, Ц.Балдоржийн шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргал найзынхаа "25" нэрт номын нээлтэд очлоо. Тэгшээ зун ярьж байсан өнөө номоо хэвлүүлээд төрсөн өдрөөрөө нээж байгаа нь энэ аж. Өмнө нь нийтэлж байсан болон огт ил болгоогүй нийлсэн 25 эсээ, тэмдэглэлээ энэ номдоо оруулжээ. Номын гарчиг залуу насны утгыг бас давхар илэрхийлж буй. Манайд баримтат буюу эсээ тэмдэглэлийн ном ховор гардгийн дээр сайн мэддэг хүн маань ийм бүтээл хэвлүүлнэ гэдэг тун ч тэмдэглэлт үйл явдал байлаа. Өнөөдөр, номын нээлтэд очсон хийгээд эхний хуудсыг нь нээгээд л салж чадахгүй барин тавин уншсаар дуусгасан энэ номоос төрсөн сэтгэгдлээ хуваалцъя.

Номын нээлтэнд ирээд сая л хавтасны зургийг нь нарийн анзаарлаа. Тэгшээгийн завилж суугаад төрөл бүрийн үйлдэл хийж байгааг дээрээс нь патиардсанаар хавтсыг дүрсэлсэн байх юм. Ийм сонирхолтой, этгээд номын хавтасны зураг Монголд хараагүй юм байна. Удалгүй Тэгшээ үг хэлэх болов. "Энэ төрлийн номыг хүмүүс голдуу нас явсан хойноо бичдэг. Тэгэхдээ ихэвчлэн л хойч үедээ захьсан сургасан маягаар бичдэг. Харин би тэгэхийг хүсээгүй. Залуу цагтаа үзэж харж, мэдэрч явсан зүйлсээ мартахгүйн тулд, 'том хүн болоод' өөрийгөө шоолохгүйн тулд энэ номоо гаргасан юм" хэмээн догдлол дүүрэн өгүүлэв. Үүний дараа түүний дотнын найз, Ийгл Ньюсийн ерөнхий продюсер Ж.Хулан "Энэ номыг уншаад хүн дэврүүн сэтгэлээ дахин нээх болно" гэсэн бол өөрийг нь хэрхэн баярлуулж байсан нэг бус түүхийг Тэгшээгийн ээж нулимстай хуваалцаж, ээж хүү хоёрын эгэлгүй дотно дүр, тэрхэн эгшин тэнд хуралдсан хүмүүсийг самсааг шархируулсан юм. Нээлт гайхалтай сайхан боллоо.

Ингээд хөтөлбөрийн дараагийн хэсэг эхэлж, бүгд Cozy Club-ийг чиглэлээ. Уржнан би Тэгшээгийн "алдарт" 25 насны төрсөн өдрөөр олон хүнтэй танилцаж, шавайгаа ханатал хөгжилдсөн тул тэнд олон хүн хүлээж байгааг мэдэж байлаа. Явах замд, номынхоо хуудасны хажуу хэсгийг заавал зарим гадаад ном шиг арзгар хэлбэртэй хэвлүүлнэ зүтгэсээр Мөнхийн үсэг компаниар бараг л анх удаа тийн хэвлүүлснийг олж мэдээд хөхин баясаж, бас номдоо ямар их сэтгэл шингээснийг нь ойлгосон юм. Би гэдэг хүн үдэшлэгт очоод биеэ сул тавихаар шийдсэн тул нэгийнх нь цүнхэнд номоо хадгалуулж дараа авахаар боллоо. Улмаар өчигдөр буюу баасан гарагт номоо буцаан олж аваад уншиж эхэлсэн хэрэг. Тэгшээгийн зарим найзууд, хамтран ажиллагсад шиг өмнөх бичвэрүүдийг нь нэг бүрчлэн сайн мэдэхгүй тул, уншсан ч амархан мартчихдаг дутагдалтай болохоор "25" ном миний хувьд бүхэлдээ цоо шинэ ном байв.

Надад ч гэсэн залуу халуун насандаа юу бодож сэтгэж, ямар мэдрэмжид автдагаа ном болгон буулгавал сайхан аа гэсэн бодол төрдөг байсан ч өдөр тутмын ажил, аар саард түүртэн явсаар тэгсгээд мартах аястай явж байсан болохоор Тэгшээг ийм ном бичих нь гэж дуулаад тун чиг олзуурхан, хүлээж байсан билээ.

Номын эхний хагасыг намтарчилсан эсээнүүд гэж хэлж болохоор юм. Г.Аюурзана зохиолч нэгэнтээ "Эсээ бол бичлэгийн маш өндөр ур чадвар, зохиомжийн огцом эргэлт маневр шаарддаг ярвигтай жанр. Тиймээс ч өнөөгийн утга зохиолыг шүлэг, роман, жүжиг, эсээ гэсэн дөрөвхөн төрлөөр хуваан үзэж буй. Нөгөө гурваа бодвол, эсээ манайдаа харьцангуй шинэ, төлөвшил нь хоцрогдонгуй яваа" гэж бичсэн нь бий. Тэгшээ гэр бүл, аав ээжийнхээ тухай, хүүхэд насны дуртгал, хайртай зохиолч, дуртай хөгжмийнхөө талаар гээд өөрийн ертөнцийг уншигчдад уран гоёор нээжээ. Эдгээрийг уншихад одоогийн Тэгшээ хэрхэн бий болж нөхцөлдсөнийг, үзэл санаа нь хэрхэн төлөвшсөнийг ойлгоно. Аав ээжийнх нь хайр, ах нар нь түүнийг ийм хүүхдэрхүү араншинтай, цовоо цолгиун, дэврүүн мөрөөдөлтэй болгожээ, оюунлаг гэр бүлд төрсөн болохоор ийм сүрхий бичээч болжээ гэж бодогдсон.

Аав нь шатрын дэд мастер байсныг уншаад би тэсэлгүй чаатаар "Хөөх" гэж бичээд, ээж нь Сүхбаатар аймгаас гаралтай гэдгийг мэдсэн даруйд "Чи бас Сүхбаатарынх юм байна шүү" хэмээн тэрүүхэндээ нутгархахаа мартсангүй. Аав ээжийнх нь залуу насандаа бичилцэж явсан, хайрын сайхан захиануудыг уншаад өнөөгийн бид ер нь хайрлаж дурлалцана гэж "гурилддаг" юм биш үү гэж бодоод инээд хүрэх шиг. Магадгүй захидал бичихээ байчихсан болохоор сүүлийн үеийнхний бичгийн хэл бас муудчихсан юм болов уу гэсэн бодол ч төрөх шиг. Энэ мэтээр номыг унших явцад есөн зүйлийн бодол ургаж, зарим зүйлсийг өөртөө шинээр нээж байлаа. Намтрын хэсгүүдээс хүний амьдрал гэдэг ямар баялаг, өргөн болохыг ухаарлаа. Магадгүй номыг бичигчийн амьдрал бусдаас гоц гойд, онхи ондоо биш байж болох ч ном болон үлдэж байгаагаараа онцгойрох биз ээ.

"Хотын хөдөөд", "Би эрин" эсээнүүдийг уншаад амьдарч буй энэ цаг үе, амьдарч буй хотынхоо талаар эрхгүй нэг эргэцүүлнэ. Өөрийнхөө зургийг хаа сайгүй түгээж, бүр багаасаа л алдар нэр мөрөөдөн өсөж буй өнөөгийн "би би" эринийхний талаарх эсээнээс өөрийгөө бас тольдож суулаа. Бид хоёрын нас чацуу шахам болохоор бага насаа өнгөрүүлсэн орчин нөхцөл, цаг үеийн дурсамж танил дотно мэдрэмжийг төрүүлж, сануулж байгаа нь энэ номд дурлах нэг шалтгаан гэлтэй. "Диско" пичень мөрөөдөж, тэвэг өшиглөж, бөглөө шүүрч, гудамжинд тоглож өссөн сүүлчийн үеийнхэн бол бид гарцаагүй мөн л дөө. Бусад үеүдээс онцгойрч ялгарах гэсэндээ ч биш, гэхдээ бид яасан ч сонин, сонирхолтой цаг үед төрж өссөн юм бэ дээ гэж бодогдоод байх. Ардчилал гэдэгтэй зэрэгцэж бойжсон бид юм ховор цагт хүүхэд насаа үдэж, удалгүй интернэтийн эринтэй золгож, анхны цахимжсан үеийнхэн болсон билээ. Ахархан богино хугацаанд бид ямархан их өөрчлөлтийг туулж явна вэ. Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа бол?

Номын эхний энэ хагасыг уншихад инээж хөхөрмөөр, уйлж дуулмаар, бүр айдас төрж бие дагжмаар ч хэсгүүд гарна. Энэ л авсан мэдрэмжүүдээ яг л Тэгшээ шиг хөргөчихгүй юм сан гэхдээ яаран яаран буулгасан нь энэ.

Номын хоёрдугаарт хагасыг сурвалжилга, нийтлэлүүд эзэлжээ. Монголын сэтгүүл зүйн дээд үнэлгээ болох Ц.Балдоржийн шагналыг ердөө 23 насанд нь түүнд авчирсан "Салхи бидний хөтөлнө" цуврал нийтлэл, ӨМӨЗО-оос бэлтгэсэн “Луугийн атган дахь цаасан шувуу” цуврал сурвалжлага тэргүүтэн энд бий. 22, 23-хан насандаа яаж ингэж дүрсэлж, гярхай ажиглаж, хүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг байна аа гэж гайхшаа барав. Шинэ цагийн нүүдэлчдийн мөрөөр мөшгөсөн энэ цуврал нийтлэлүүд манай нийгмийн дүр төрхийг яг л буулгажээ. Хөдөөнөөс хотыг чиглэсэн, Монголоос гадаадыг чиглэсэн их нүүдэл, эргээд гаднаас Монголыг гэсэн элгэн халуун сэтгэл. Монголчуудын сайхан амьдаръя гэсэн хүсэл тэмүүлэл, хүлээлт, бас хүлээлтийн зөрүү, хүмүүсийн зөрчил. Надад ч гэсэн хөдөө амьдардаг хамаатан садан зөндөө бий. Хүмүүс хот руу дайжаад хөдөө мал маллахад улам л хүндрэлтэй болсон юм шиг санагддаг. Хэдэн төгрөг олчих юм сан гэх хүслээр хилийн дээс алхсан, алхах гээд материалаа өгчихсөн байгаа нь хэд хэдээрээ байна. Монголчууд бид энэ л өргөн уудам орныхоо цэг мэт өчүүхэн газар бөөнөөрөө шавчихаад, түгжрэл гэдгээр өөрсдийгөө улам тушчихаад, орлого багатай ажилдаа шогшиж, утаан дотроо хэрэлдэж суудаг нь яах ч аргагүй гуниг төрүүлдэг...
Гэлээ гээд бид өөрсдөдөө, шинэ үед найдах ёстойгоо, ирээдүйдээ итгэх хэрэгтэйг хар зөнгөөрөө л мэдэрдэг билээ.

Миний хувьд, шинэ тутам сайтыг удирдах үүрэгтэй, өөрөөр хэлбэл ахуйн ажилтай баахан зууралдаж таардаг Тэгшээ маань зорьсон үйлээ бүтээн ийм сайхан ном гаргаадахсанд цагаахан атаархаж, ном бичих сэн гэх хүслээ дахин сэдрээв.

Тэр номоо нээхдээ "Залуу насыг минь бүтээлцсэн хүн бүхэнд зориулав" гэж бичсэн байна лээ.

Залуу насыг минь бүтээлцэж буй чамд бас баярлалаа, Тэгшээ.

34632   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.