Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   12 сарын 08, 2017

Филармонийг дахин нээхүй: Их өв, ирээдүйн тэмүүлэл огтлолцох цагаар

Соёлын Төв Өргөөний зүүн хойно байрлах Монгол Улсын Филармони хэмээх байгууллагад 180 гаруй хөгжимчид, уран бүтээлчид, арын албаныхан харьяалагддаг. Энэ хамт олон дэлхийн сонгодог бүтээлүүдийг тайзнаа амилуулж, монгол үзэгчдийн оюуны цангааг тайлсаар 45 намрыг үджээ. Монголын сор болсон уран бүтээлчид чухам энд уран бүтээлээ туурвиж, дэлхийн хөг аялгууг үе үеийн сонсогчид эндээс л сонордсон билээ. Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн 45 жилийн ойд энэхүү нийтлэлээ зориулав.

Нэрийг нь ч оноож нэрлэж үл чадах олон төрлийн хөгжим энд тэндгүй дуугарна. Уншигч танд Филармонийн хөгжимчдийн бэлтгэлийн үеийн уур амьсгалыг мэдрүүлэхийг бид хүслээ.

нийгмийг гэгээрүүлэх их үйлсийн эрэлд

Гаднаас ирсэн зочид, найзууддаа хамгийн түрүүнд санал болгодог нандин газар надад бий. Итгэлийг маань алдаж байгаагүй, урам хугалж байгаагүй Улсын Филармонийн хаалгыг татаад ороход нэг л дотно мэдрэмж өгдөг юм. Хөгжим гэдэг хүмүүсийг холбогч, ямар ч хил хязгааргүй хэл болохоор хаанаас ирсэн хэний ч сэтгэлийг хөдөлгөж, хөглөж чаддаг хүнч энд нуугддаг.

Улсын Филармони дотроо Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга болоод
"Баян Монгол" жазз хөгжмийн хамтлаг-чуулгыг багтаасан өнөр гэр бүл. Монголд лав ийм өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хөгжмийн байгууллага байхгүй. Бүх насныханд таарах, таалагдах уран бүтээл энд л мэндэлдэг билээ.

"Анх 1972 онд Симфони найрал хөгжмийн суурин дээр УАДБЧ-ын дэргэдэх "Соёл Эрдэнэ" поп дуу хөгжмийн хамтлаг, Монголын Радиогийн дэргэдэх "Баян Монгол" эстрад чуулгыг нэгтгэн Улсын Филармонийг байгуулж байлаа. 1992 онд "Морин хуурын чуулга" анх байгуулагдаж манай эгнээнд нэгдсэнээс хойш аль хэдийн 25 жил өнгөрчээ. Уран бүтээлчдийн нэг дээвэр дор нэгтгэж, нэг бодлогоор зангидах бодлого энэ шийдвэрийн ард байсан" хэмээн Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн хэлэв. Ц.Намсрайжав, Д.Ухнаа нарын дараагаар энэ байгууллагын гурав дахь даргаар ажиллаж буй Ч.Даваасүрэн 2001 оноос хойш энэ том гэр бүлийг тэргүүлж байна. Ийм л тогтвортой засаглал энэ байгууллагын уран бүтээлийн залгамж халаа, тогтвортой үйл ажиллагааг хангадаг байх.

Энэ байгууллагын түүхийг Монгол Улсын Ардын Жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжаваас салгаж ойлгох бололцоогүй. Симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулагч түүний нөр хичээл зүтгэлийн ачаар Монголын сонсогчид алдарт Л.Бетховен, В.Моцарт, И.Бах, П.Чайковский зэрэг алдартнуудтай танилцсан. Монголын хөгжмийн ертөнцийн цуут төлөөлөгчид, түүх тодорхойлогчид болох С.Гончигсумлаа, Л.Мөрдөрж, Э.Чойдог, Н.Жанцанноров, З.Хангал, Б.Шарав нарын бүтээлүүд чухам энэ тайзнаа хамгийн түрүүнд эгшиглэсэн билээ. Тэдний бүтээл агуу удирдаачид, авьяаслаг хөгжимчдийн хөгөөр амилж, үе үеийн үзэгчдэд хүрч, чухам энэ тайзнаас аялгуулан дуурссан юм.

"Сонгодог хөгжим гэдэг угаас нийгмийг гэгээрүүлэх эрхэм үүргийг хүлээдэг гэж боддог. Байгуулагдсан цагаасаа л бид үүнийг ухамсарлаж, олон нийтэд ойлгуулах, сурталчлах, таниулах ажлыг хийсээр ирлээ. Үзэгчгүй, хөрөнгөгүй, хөгжимчингүй хүнд хэцүү үе байсан, гэхдээ тэр бүгд ард хоцорч, илүү гэгээлэг, илүү сайн цаг ирсэн гэж бид найдаж байна" хэмээн Ч.Даваасүрэн дарга хэлсэн юм. Ялангуяа шилжилтийн үе таарсан 1990 оноос 2015 он хүртэл Улсын Филармонийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажилласан Н.Бүтэнбаярын урын сангийн бодлогыг сонгодог утгаар нь хадгалж, оркестрийн бүрэлдэхүүнийг тараалгүй үлдээж чадсан гавьяаг онцлохгүй байхын аргагүй.

Түүний хэлснээр Монгол улс сонгодог хөгжмийн хөгжлөөрөө дэлхийн түвшинд, Азидаа бол бүр тэргүүн эгнээнд жагсаж яваа гэнэ. Энэ жил тус хамт олон үүсгэн байгуулагч Ц.Намсрайжавын мэндэлсний 90 жилийн ой, Симфони найрал хөгжим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой, Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлж, тухай бүрт нь зориулсан онцгой арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулан завгүй ажилласаар байна.

Улсын Филармонийн хөгжимчдийн бүрэлдэхүүн 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 2 дахин өргөжжээ. Үзэгчдийн тоо түүнээс ч илүү нэмэгдсэн нь тодорхой.

Хөгжим бидэнд цаг хугацаагаар аялах боломжийг өгдөг гэж би боддог. 500 жилийн өмнөх хүмүүсийн юу хүсэж, мөрөөдөж байсан талаар, 300 жилийн өмнөх соёлт нийгэм юу руу тэмүүлж, хэрхэн хөгжиж байсныг чухам хөгжим бидэнд мэдрүүлнэ. Бид орон зай, цаг хугацаанаас үл хамааран, хэл соёлын ялгааг үл ажран, хөгжим гэдэг нэг л хэлээр ойлголцдог, амьсгалдаг.

Нийтлэлийн гарчгаа ч би чухам үүнийг бодож "Филармонийг дахин нээхүй" хэмээн оноосон юм. Надад энд тавигдсан тоглолт бүрийг алдалгүй үзэж, түүнээс төрсөн санал сэтгэгдлээ блогтоо хуваалцдаг байсан үе бий. Тэндээс урам зориг, шинэ сэдэл олж, улам эрч хүчээр цэнэглэгдэж, онгодоо хөглөдөг байсан. Гэвч яагаад ч юм зорьж үзэх завдал гарахгүй, очих завшаан олдохгүй нэлээн удчихжээ. Энэ нийтлэлээ бичих далимаар хуучны танил шиг санагдах энэ өргөөнөө ахин ороход эгээл жаахан хүүхэд шиг бүх зүйл нь шинэ мэт санагдаж, яг л шинээр уншиж буй номын хуудас шиг санагдсан тул ийм гарчиг өгөв.

Дахин нээхдээ би энэ байгууллага, энэ хамт олны үе үеийн хамт олноор ахин нэг бахархав. Бүтэн үеийг, түүнээс ч өмнөх үеийг соён гэгээрүүлсэн, хөгжмийн боловсрол олгоход гүйцэтгэсэн үлэмж хувь нэмэртэй нь хэн ч маргахгүй. Бүтэн үеийг, түүнээс ч өмнөх үеийг дэлхийтэй зэрэгцүүлж, нийгмийг нэг шат дэвшин алхахад түшсэн гол хөдөлгүүрийн нэг байсан гэдгийг ч үгүйсгэж чадашгүй. Бүтэн үеийг, түүнээс ч өмнөх үеийг таван арваны турш гэгэлзүүлж, догдлуулж, баярлуулан хөөргөж, басхүү бодолд автуулж, санаашруулсан их хүч өөр хаана ч байхгүй ч гэж хэлж болох байх.

Нийгмийг гэгээрүүлэх их үйлсийн эзэд гэхэд дэндүү даруу, дэндүү энгийн ч юм шиг. Нөлөөлөл, хувь нэмрийг нь бодохоор төлөөлүүлэх үгс дэндүү дутуу юм шиг.

Ардын, сонгодог, жазз хөгжим энд тэндгүй эгшиглэнэ. Гурван өөр ертөнцөд, гурван өөр орчинд зэрэг зорчих мэт мэдрэмж төрнө.

оюун санааг манлайлах алсын хараа

Яагаад ч юм Филармонийн төв танхимд орж ирэхээр "ид шидийн" оронд хүрээд ирчихсэн мэт сэтгэгдэл төрдөг юм. Дэндүү тансаг дуугаралтанд нь мансуурч, өөрөөсөө ч харамлам аязаар нь төсөөллийн, мөрөөдлийн ертөнцөөрөө зорчдог болохоор тэр байж мэднэ. Тухалж суухаараа яг л хүүхэд шиг баярлаж хөөрөн, аз жаргалд умбах шиг. Тэгснээ гэнэтхэн уйтгар гуниг төрөөд явчихна. Заримдаа жигтэйхэн догдолж, хааяадаа учиргүй харуусна. Хүн гэдэг амьтанд төрдөг, мэдрэгддэг сайнтай-муутай бүх л төрлийн мэдрэмжийн амтыг энд амталдаг болохоор тэр байх. Энэ л хөгжмийн бидэнд өгдөг хамгийн гайхалтай бэлэг нь биз.

"Манай хөгжимчдийн чадвар, чансаа хаана ч гологдохгүй. Дэлхийд тэргүүлэгч Орос школоор сурсан болохоор тэр байх. Гадаадын алдартай удирдаачид ирчихээд манайхныг магтах учраа олохгүй байсаар явдаг даа" гэж Ч.Даваасүрэн дарга өгүүлэв. Удирдах хугацаандаа бүрэлдэхүүнээ өргөжүүлж, чанарын хувьд шат ахиулж чадсан түүний гол зорилго өдгөө Филармонийг өөрийн гэсэн байртай болгоход чиглэжээ. Дэлхийн хамаг л том тайзыг чимж тоглодог оркестр гэртээ ирэхээрээ бөөнөөрөө багтдаггүй, зориулалтын бус, түрээсийн байшинд үйл ажиллагаа явуулдаг гэхээр хүн бараг итгэхгүй биз. Энэ зун тайзаа өргөтгөж, арайхийн бүрэн бүрэлдэхүүнээрээ хөгжмөө хүргэх боломжтой болсон гэнэ.

"Анх мини кино театрын зориулалтаар баригдсан газарт л улсын маань филармони ажиллаж байна. Хөгжмөө бид микрофон ашиглан өсгөж байж үзэгчдэдээ хүргэдэг. Хэчнээн сайн микрофон байгаад яг амьд дуугаралтыг хүргэж чаддаггүй юм л даа. Бидэнд сайн хөгжимчид байна, сайныг хийх хүсэл тэмүүлэл, боломж нь байна. Ганцхан үүсээд буй доголдол энэ л байна" хэмээн тэр хэлсэн юм. Өөрсдийн тайзнаа ойн тоглолтоо хийж чадахгүй байгааг нь харахад гунигтай санагдав. Нийтээрээ уриалга гаргаад бөөнөөрөө хөдлөөд үзвэл, олны хүчээр, хөгжимд элэгтэй том байгууллагуудаараа түшүүлээд байр савны асуудлаа шийдэж ч болохоор л бодогдоно. Гадны орнуудад ийм жишиг олон байдаг юм билээ. Тэгэхээр дараагийн тэмдэглэлт ойн баярын хамгийн том бэлэг нь өөрсдийнх нь байр байх болов уу гэж итгэнэ.

Морин хуурын чуулгын цохивор хөгжимчин Г.Гантулга "Оршихуй...Цагаан уул" үзэсгэлэнгээ байгууллагынхаа давхар давхар ойд зориулан гаргасан нь үзэгчдийн талархлыг ихэд хүлээсэн билээ. Түүнийг хөгжим сонирхогчид үндэсний хөгжмийн "Арга Билэг" хамтлагийн ахлагч гэдгээр нь андахгүй.

"Япончууд морин хуурын аялгууг сонсоод зогсож чадалгүй цурхиртал уйлахыг, америкууд аадар бороо асгарч байгаа мэт зогсолтгүй алга ташилтаар урамшуулж, европчууд дахин ганцхан ая тоглохыг хүсэж цалгисан их урам өгөхийг мэдрэх ямар гайхалтай гэж санана" хэмээн бидэнд цохивор хөгжимчин Г.Гантулга ярив. Г.Гантулга Хөгжим Бүжгийн Коллежийн 3-р курсийн оюутан байхаасаа өдийг хүртэл 19 жилийн турш Улсын Филармонид харьяалагдаж буй. Тэрээр Морин Хуурын Чуулгын хамтаар дэлхийн 30 гаруй орноор аялж, үндэсний хөгжмийн гайхамшгаа танилцуулж явснаа нэр төрийн хэрэг хэмээн үздэг аж.

"Жилээс жилд үзэгчдийн маань хөгжмийн боловсрол, тоглолтын үеэр биеэ авч явах соёл сайжирсаар байгаа гэж боддог. Чанга чанга шивнэлдэх, дунд нь утсаар ярих, идэх юмныхаа уутыг дуугаргах нь түгээмэл тохиолддог үйлдэл байсан үе бий. Гэтэл одоо хэзээ алга таших вэ гэдгийг мэддэг үзэгчид аль хэдийн бэлтгэгджээ" хэмээн үргэлжлүүлэв. Улсын Филармониос үзэгчдийн соёл, боловсролыг нэмэгдүүлэх тал дээр олон төрлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг бөгөөд олон байгууллага үүнд нь нэгдэн, өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байна.

"Бид сүүлийн 2 жилд цэвэр үзэгчдээ бэлдэх, боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр 6 төсөл хэрэгжүүлжээ. Залууст зориулсан "Их хотын хэмнэл", гэр бүлийнхэнд чиглэсэн "Бид нэг гэр бүл" гээд дурдаж болно. Алдартнуудаа таниулах, уран бүтээлчдээ алдаршуулах, бүтээлээ түгээх тал дээр сошиал болон ТВ-ийн контент бэлтгэн, цогцоор олон нийтэд хүргэхэд анхааран ажиллаж байна" хэмээн тус байгууллагын маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Г.Алтан-Од хэлсэн юм. Түүний алба 4 ой давхацсан, уран бүтээлийн олз омог дүүрэн энэ жилийн эцсийн том арга хэмжээндээ бэлтгэн ихэд хичээнгүй ажиллаж байгаа юм.

Ерөөс сүүлийн жилүүдэд Филармонийн хамт олон шинэлэг, шинийг эрэлхийлсэн эвентүүдээрээ, түүн доторх агуулгаараа урлагийн салбараа манлайлж байгаа гэхэд буруудахгүй. Дэлхийн алдартай киноны хөгжмөөр дагнасан Cinema Night-ийг үзээгүй, ядаж үзье гэж зориогүй хүн цөөхөн байх. Классик хөгжмийг ардын зэмсэг рүү хөрвүүлсэн Playing Love тоглолт ч үзэгчдийн хүлээн байж үздэг арга хэмжээ нэгэнт болж чаджээ. Тоглолтын өмнөх бэлтгэл, завсарлагын үеэрх бүтээлч арга хэмжээнүүд нь ч өндөр стандарт тогтоосон гэж хэлж болно. Үүнээс гадна үнэнч фенүүдтэй, доргиож, бишрүүлж чаддаг брэнд арга хэмжээнүүд тэдэнд олон бий.

"Гурван чуулга маань нийлээд жилд 500 гаруй тоглолт хийж байна. Манай заал хоосон суудалтай байна гэж байхаа больсон шүү дээ" хэмээн Ч.Даваасүрэн дарга хэлээд зөөлөн инээмсэглэв.

"Бид нийгмийн оюун санааг манлайлна" гэсэн товчхон хэрнээ агуулга дүүрэн уриа нь санаанаас огт гарсангүй. Дараагийн жилүүдэд улам гайхалтай бүтээлүүд, улам чанартай зохиомжууд, илүү шинэлэг бөгөөд илүү хүртээмжтэй төслүүд энэ хамт олноос гарна гэсэн хүлээлт аргагүй үүсэв. Хүн төрөлхтний хамтдаа бүтээсэн магадгүй хамгийн том баялаг, хамгийн агуу өвийг бидэнд дамжуулах, үзэгчдэдээ хүргэх ийм байгууллага итгэл зориг дүүрэн ажилласаар буйд талархах сэтгэгдэл бас төрлөө. Шинэ санаачилга, дэврүүн хүслээр дүүрэн залуучууд голдуу тэдний баг улам чанаржиж, чадваржсаар байгаа нь энэ итгэлийг маань улам баталгаажуулав.

Филармонийг дахин нээхдээ би тэдний хүсэл тэмүүллийг, урам зоригийг, алсын харааг хамтад нь мэдэрч, олж харлаа. Оюуны цангаа гэдэг хамгийн тарчлаантай, бас зовлонтой мэдрэмж байдаг гэдэг. Түүнийг тайлна гэдэг харин хамгийн энэрэнгүй, магадгүй хамгийн бахархалтай ажил ч байж мэднэ...

төгсгөлийн оронд

Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр явагдсан нэгэн "халуухан" хэлэлцүүлгийн үеэр сонгодог урлаг, сонгодог хөгжмийн талаар тун сонирхолтой яриа өрнөсөн нь миний анхаарлыг учиргүй их татаж билээ. Уул нь хэлэлцүүлгийн сэдэв нь хиймэл оюун ухаан, ирээдүйн ажлын байр байсан бөгөөд оролцогчид нь MIT, Стэнфордын тэргүүлэх судлаачид, IBM, Google-ийн тэргүүлэх захирлууд байсан юм. Гэтэл яриа ид өрнөхийн цагт роботууд одоогийн бидний мэдэх ажлын байрны ихэнхийг булааж авах тухай, цаашлаад ажилгүй болсон хүмүүст зориулж "эх орны хишиг" гэдэгтэй тун төстэй "Universal Basic Income" гэж нэрлэгдэх халамжийн мөнгө тараах боломжтой тухай санаануудаар үргэлжлэх нь тэр. Хийх ажилгүй, зорих тэмүүлэлгүй болсон хүн төрөлхтөн тэр UBI-аар чинь яах билээ, бараг мөхөл рүү нь улам хурдлуулах хэрэгсэл бус уу гэсэн асуултыг тэр үед нэгэн зочин тавьсан юм. Колоничлогчид уугуул иргэдээ халамжаар "согтоож" дарсан түүх нь робот, хүний харьцаан дээр давтагдах тухай яриа заалыг айдаст автуулж орхисон. Чухам тэр үед хүн бүрийн итгэлийг сэргээсэн, өнөөдрийн энэ нийтлэлийн гол амин санаа нь болсон хариулт гарсан билээ.

"Хүн тэр орлогоо, цаанаас зүгээр л олгогдож буй мөнгөө урлагт, хөгжимд зарцуулах учиртай. Дуртай хөгжимдөө, дуртай уран зурагтаа, дуртай номондоо хэрэглэнэ. Учир нь сонгодог урлаг, сонгодог хөгжим гэдэг зүйл хүнийг хүнээр нь хадгалдаг, улам хөгжүүлдэг, урагш чирдэг гол хүчин зүйл шүү дээ. Хүн төрөлхтнийг аврах гарц нь магадгүй урлаг байх."

Үнэхээр үгүй гэж үү? Заал тэр чигээрээ аниргүй болж, нэг их бодолд автах шиг санагдсан сан.

Улсын Филармони хэмээх их айлтай миний холбогдсон түүх урт. Бага ангидаа төгөлдөр хуурын дамжаанд суралцдаг үеэлүүдийнхээ тайлан тоглолтыг үзэх гэж анх зочлоод, дараа нь бөөнөөрөө ресторан орж, амттай нь аргагүй хоол идэж байснаа санадаг юм. Дараа нь авга эгч маань тэнд ажиллах болж, "арын хаалгаар" хамаг тоглолтыг нь алгасахгүй үздэг болсон. Тэр үедээ бүх л төслүүд, тоглолтуудынх нь анхны үзэгч, сонсогч болж байсандаа их баярладаг. Хожим эхнэрийн маань өвөө энэ байгууллагыг үүсгэн байгуулагч Ц.Намсрайжав гэдгийг мэдээд их хувь гэж хүлээн авсан юм. Тиймдээ ч энэ нийтлэлийг заавал бичнэ гэж зүтгэсээр ийн буулгаж байгаа минь учиртай.

Монгол Улсын Филармонийн 45 жилийн ойн баярын концерт цорын ганц удаа 12-р сарын 15-нд Соёлын Төв Өргөөнд тоглогдоно. Симфони найрал хөгжим, Морин Хуурын Чуулга, Баян Монгол чуулгынхан бүгд нэгэн тайзнаа гарч, хамгийн шилэгдмэл бүтээлүүдээ үзэгчдэд хүргэх болно. Ирэх онд шууруулаад гарах их эрч хүч бэлэглэж чадах энэ тоглолтыг хүн бүрт санал болгоё. Магадгүй миний хамгийн итгэлтэйгээр заавал очоорой, хэзээ ч харамсахгүй шүү, чанарт нь эргэлзэх хэрэггүй гэж бардам хэлэх ганц эвент ч байж мэднэ. Тэнд уулзацгаая.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Фэйсбүүк эвент

Дугаарт оролцсон:

Гэрэл зургийг: Х.Хантүшиг
Хөдөлгөөнт зургийг: О.Бүтэд

13696   4


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.