Мэдүүштэй   12 сарын 07, 2017

Өндөр амжилтанд хүрсэн компаниудын эхэн үеийн сонирхолтой түүхүүд

Хөрөнгө мөнгө шавхагдах, хэрэглэгчид олж анзаарахгүй байх гэх мэт төрөл бүрийн л асуудал шинэ компаниудад тохиолддог. Харин хол явах учиртай компаниуд тэдгээрийг яаж ийгээд давж гардаг билээ. Үүсгэн байгуулагчид, анхны ажилтнууд нь hustle хийн, өөрөөр хэлбэл хурдан хугацаанд сүйхээ самбаа гарган асуудлыг шийдэж байсан түүхүүдээс өнөөдөр заримыг нь онцолъё.

1. AIRBNB ХӨРӨНГӨ БОСГОХЫН ТУЛД ЭРДЭНЭШИШ ХИЙЖ ЗАРЖ БАЙВ

Аялагч, жуулчдад байр түрээслэх, түрээслүүлэх чиглэлд дэлхийд тэргүүлж буй Airbnb өдгөө 31 тэрбум доллараар үнэлэгдэж буй. Гэхдээ тэдний бизнесийн гараа тийм ч дардан байсангүй, хөрөнгө оруулагчид эргэлзэнгүй ханддаг байжээ. Үе үе томоохон арга хэмжээг тохиолдуулан мөнгө олж байсан ч бусад үед орлого тааруу, үүсгэн байгуулагчид нь хамаг мөнгөө шавхжээ. Нэг удаа бүр мөнгөгүй болсон үедээ mтэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх мөнгө олохоор шийдэн эрдэнэ шиш хийж зарсан байна.

Сонгуулийн халуурал ид явж байсан тул тэд нэлээд их хэмжээний эрдэнэшиш худалдаж аваад Обама, МакКайн хоёрын зурагтай савтай эрдэнэшиш хийж, түүнийгээ "limited edition" буюу цөөн тоогоор худалдаанд гарсан хэмээн сурталчлах замаар амжилт олсон байна. Нэг нь 40 долларын үнэтэй энэ эрдэнэшишийг 2 сарын дотор гэхэд л 800 ширхгийг борлуулж чадсан бөгөөд 30,000 долларын орлоготой ажиллажээ. Хожим дуулах нь ээ, хамгийн их орлогыг Обамагийн бүтээгдэхүүн авчирсан бөгөөд харин МакКайны эрдэнэшишийг тэд өөрсдөө иддэг байсан гэнэ.

Obama's O хэмээх энэхүү эрдэнэшиш нь "Өөрчлөлтийн өглөөний цай" уриатайгаар худалдаалагдаж байв.

2. Warby parker-ийн үүсгэн байгуулагчид сургуулийн автобус түрээслэн америкаар аялж байжээ

Хямд үнэтэй сайн хийцийн нүдний шилээрээ алдартай Warby Parker нь өдгөө жилд 100 сая гаруй долларын орлого олдог. Анх үүсгэн байгуулагчдын нэг Дэйв явган аялалд явж байхдаа өөрийн 700 долларын шилийг алдаж, шинэ шил авах мөнгөгүй байснаас Warby Parker-ийг бодож олж байжээ.

Бизнесийн эхэн үедээ тэд хэвлэл мэдээллийн анхаарлыг татахын тулд хуучин сургуулийн шар автобус худалдаж аваад дотор нь "The Warby Parker Class Trip" хэмээх жижиг дэлгүүр ажиллуулж АНУ-аар хөндлөн гулд аялсан байна. Тэдний ихэнх үйлчлүүлэгчид амнаас ам дамжсан ярианы үр дүнд ирж байсан тул хүн бүртэй сайхан харьцаж, сэтгэгдэл үлдээхийг нэн чухалчилж байсан аж. Ийнхүү автобуснаас гараагаа эхэлсэн Warby Parker өнгөрсөн 7 жилийн турш 1 сая гаруй нүдний шилийг борлуулсан байна.

Warby Parker-ийн ашиглаж байсан сургуулийн автобус

3. PAYpal-ИЙн үүсгэн байгуулагчид ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ мөнгө тарааж байжээ

Онлайн төлбөрийн системийн үйлчилгээ PayPal-аар дамжуулж нэг өдөрт л гэхэд 315.3 сая доллар эргэлддэг. Энэ өндөрлөгт хүрэхэд үүсгэн байгуулагчид олон арга ашиглаж байсан ч түүнээс хамгийн онцлох нь мөнгө тараасан явдал юм.

Анх тэд бүртгүүлсэн хүн бүрт 10 доллар тарааж байсан бөгөөд найзуудыгаа давхар авчирбал бүр ч илүү мөнгө өгч байжээ. Хүн татахын тулд хийсэн энэ алхам нь хэдий маш их алдагдал авчирсан ч PayPal жилийн дотор 1 сая гаруй хэрэглэгчтэй болсон гэхээр магадгүй үр дүнгээ өгсөн биз ээ.

Энэхүү санааны ард байсан гол байсан хүмүүсийн нэг болох хамтран үүсгэн байгуулагч Петр Тиэл

4. the muse-ийн үүсгэн байгуулагчид хэтэрхий их имэйл явуулснаасаа болж gmail-д блоклуулж байжээ

Карьерийн зөвлөгөө, ажлын байрны нэгдсэн вэбсайт болох The Muse нь Facebook, McKinsey & Co. зэрэг томоохон компаниудын ажилтан хайдаг сүлжээнүүдийн нэг болсон ч анхандаа олон хүндрэлтэй тулгарч байсан юм. Хамтран байгуулагчдын нэг Катрин "Бидэнд анх бизнесээ эхлүүлэхэд ямар ч мөнгө байгаагүй учраас би өөрийн таньдаг хүмүүс рүүгээ имэйл бичиж, тэднээс бизнесийг маань бусдад түгээж өгөөч хүссэн" хэмээн дурсаж байна. Тэрээр бүх танилынхаа имэйл хаягийг нэг Excel-ийн хүснэгтэд оруулаад эхнээс нь имэйлдэж эхэлсэн аж. Даанч төд удалгүй Gmail-ээс түүнийг spam хаяг байна хэмээн андуурч имэйл хаягийг нь блоклосон явдал тохиолджээ.

Түүний бизнесээ амжилтанд хүргэх гэсэн оролдлогууд үүгээр дуусаагүй бөгөөд анх вэйсайтаа нээгээд удаагүй байхдаа 10 доллар ч хүрэхгүй такстай 150 хүний нээлтийн үдэшлэгийг зохион байгуулж, ажилтан бүрийнхээ цалинг өөрийн хувийн данснаас гаргадаг байсан аж.

Нью-Йоркын гарааны бизнесийн сургууль дээр Катрин өөрийнхөө бүтэлгүйтлийн тухай ярьж байгаа нь

5. salesforce-ийн үүсгэн байгуулагч хүн татахын ТУЛД Солиотой ҮЙЛДЛҮҮДИЙГ ХИЙДЭГ

Форбесоос гаргасан "шинийг санаачлагч" компаниудын жагсаалтыг тэргүүлэгч Salesforce-ийн үүсгэн байгуулагч Марк нь "солиотой" гэмээр маркетингийн аргуудаараа алдартай нэгэн билээ. Тэрээр хамгийн том өрсөлдөгчийнхөө хурлыг бусниулахын тулд хүмүүс хөлслөн тухайн хурлын үеэр өөрийнх нь гаргасан бүтээгдэхүүний тухай хүн бүрийг 45 минутын илтгэл тавьж, бусдад танилцуулахыг даалгажээ.

Өөр нэг жишээ дурдахад, Oracle Conference-ийн үеэр яриа хийх байснаа гэнэт цуцлан хажуугийн ресторанд нь хүмүүсийг дуудан тэнд өөрийн хүссэн яриагаа хийж байсан аж. Мөн Далай ламын зурагтай "Гэгээрэлд хүрэхэд ямар ч програм байхгүй" хэмээх постерийг тарааснаараа хэрэгт орсон тохиолдол ч бий. Түүний "солиотой" үйлдлүүд эдгээрт хязгаарлагдахгүй бөгөөд 90,000 гаруй зочинтой асар том хэмжээний үдэшлэгүүдийг тогтмол зохион байгуулж, Metallica, MC Hammer зэрэг одод, Ричард Брэнсон, Тони Роббинс зэрэг лидерүүдийг урьж авчирдаг аж.

SalesForce-ийн үүсгэн байгуулагч Марк Бениофф


Эх сурвалж: Business Insider

11710   0


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.