Апп Тойм   12 сарын 05, 2017

Апп тойм: Хэрэгцээт монгол аппууд #2

Энэ удаагийн нийтлэлээр бид тэр болгон олны хараанд өртөж амжаагүй ч хэрэгцээ өндөртэй дөрвөн монгол апп-ийг багцлан оруулж байна. Тэр дундаа төрийн байгууллага, агентлагуудаас гаргасан аппуудыг тусгайлан хайсан бөгөөд энэ явцад зарим нэг апп-ийн бидэнд олгож буй боломжуудыг хараад үнэхээр гайхширлаа. Ингээд Цахилгаан Хэрэглэгч, UB Smart Bus, UB Traffic MN, Agaar O2 гэсэн 4 апптай танилцъя.

1. цахилгаан хэрэглэгч

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-аас гаргасан энэхүү апп нь цахилгаанаа хянахад туслах бөгөөд төлбөр төлөх, дуудлага өгөх, мэдээлэл авах зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг юм байна. Ялангуяа сар болгоны эцэст банкин дээр оочирлохын оронд хэдхэн товч дараад л төлбөрөө Visa, Mastercard-аар төлж болох нь. Сонирхуулж хэлэхэд, Candy ашиглан бас төлж болдог юм байна.

Апп-ийг нээхэд танаас хэрэглэгчийн код буюу цахилгаан хэрэглэгчийн гэрээний дэвтэрт байдаг долоон оронтой код болон нууц үгийг шаардана. Анх удаа ашиглаж байгаа бол утасны дугаар юм уу имэйл хаягаараа дамжуулан нууц үг авах юм байна. Гэхдээ апп-ийн бусад функцууд болох тооцоолуур зэргийг ашиглахад заавал нэвтэрсэн байх шаардлагагүй бөгөөд гэр хороолол, орон сууц гэсэн сонголтуудыг ашиглан өөрийн цахилгааны тооцоог таамаглаж болох аж.

Татах: iOS, Android

2. UB SMART BUS

Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд толгойны өвчин болсон нэг асуудал бол хэзээ ирэх нь мэдэгдэхгүй автобус хүлээх, мөн автобусны чиглэлийн талаар мэдээлэлгүй байх явдал байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдээд зогсохгүй автобустай холбоотой бүх л асуудлыг нэг дор шийдвэрлэх апп-ийг "Улаанбаатар Смарт Карт ХХК"-иас гаргажээ. Апп-ийг ашиглахын тулд та "Чиглэл хайх" гэсэн цэс рүү орж үйлчилгээ үзүүлж буй бүх чиглэлүүдийг харах боломжтой бөгөөд энэ дундаас өөрийн явах чиглэлийн автобусыг сонгон түүний хаана явж байгаа, мөн хэдээс хэдэн цагийн хооронд үйлчлэх, аль автобусны буудлууд дээр зогсох зэргийг харах боломжтой юм байна.

Ингээд зогсохгүй байнга явдаг чиглэлээ од даран хадгалж "Хялбар хэрэглээ" гэсэн цэсэнд нэмж ашиглаж болно. Ингэснээр нэг товч дараад л чиглэлийнхээ талаар мэдээллийг авах юм. Мөн U Money борлуулалтын цэгүүдийг харуулдаг газрын зурагтай.

Улаанбаатар хот дахь автобусны буудлуудыг нэг дор харж буудлын нэр дээр дарж ямар автобуснууд тухайн буудал дээр зогсдог болохыг харж болдог функц нь бас их таалагдсан шүү. Мэдэхгүй газар очоод ямар автобусанд суухаа мэдэхгүй будилах асуудал ахиж гарахгүй гэсэн үг.

Татах: iOS, Android

3. UBTRAFFICMN

Замын хөдөлгөөн, түгжрэлийг 24/7 цагийн турш өндөр чанартайгаар харуулах Univision-ий 911 суваг гарснаас хойш олон хүний талархлыг хүлээгээд байгаа билээ. Гэхдээ зурагт үзэх боломж гэрээс өөр газар гарахад хэцүү тул заримдаа өөр арга хайх шаардлагатай болдог. Үүний хариулт бол "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-өөс гаргасан UBTraffic.mn апп.

Энэхүү апп нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлыг газрын зургаар болон хяналтын камераар шууд дамжуулах ба ачааллыг хэвийн, удаашралтай, ачаалал ихтэй гэсэн гурван түвшинд ангилдаг.

Давхар хаалттай, осол ба саад гарсан зам, төлбөртэй зогсоолын байршлыг харж болдог нь мөн таалагдлаа. Түүнээс гадна хаана очих байршлаа оруулж тэр хүртэл хэр удаан цаг зарцуулах, мөн боломжит замын сонголтуудыг харуулдаг.

Татах: iOS, Android

4. AGAAR O2

Энэ удаагийн нийтлэлд сайтдаа өмнө нь танилцуулж байсан Agaar.mn апп-ийг дахин онцлохоор шийдэв. Хүйтний эрч чангарахын хэрээр агаарын бохирдол улам ихсэж буй энэ үед та бүхэн Agaar.mn-ийг утсандаа суулган маскаа зүүж явахыг уриалж байна.

Апп-ийн хувьд агаарын чанарын мэдээг авахаас гадна, агаарын бохирдолтой холбоотой мэдээ, зөвлөгөө унших, агаарын чанарын индекс ба агаар бохирдуулагч бодисын тайлбарыг үзэх боломжтой. Агаарын чанарын мэдээллийг та Улаанбаатарт байрласан 11 агаарын станцаас мэдэх боломжтой юм. Үүнд эдгээр цэгүүд багтаж буй:

Хан-Уул: Нисэх, Мишээл Экспо
Баянзүрх: Ургах наран, Амгалан, Бөхийн өргөө
Сонгинохайрхан: Толгойт, Монгол Газар
Баянгол: Баруун 4 зам, Баянхошуу,
Сүхбаатар, Чингэлтэй: Зурагт, 100 айл

Мөн та агаарын чанар сүүлийн 24 цагт тус цэгүүдэд хэрхэн өөрчлөгдөж байгааг харах боломжтой юм.

Татах: iOS, Android

Дараагийн "Хэрэгцээт монгол аппууд" дугаарт санал болгох апп байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

13493   2


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.