7 Хоногийн Тойм   12 сарын 03, 2017

7 хоногийн тойм: Илүү олуулаа #Unplug2017 + Илүү өнгөлөг #Grammy2018 + Илүү сонирхолтой #FIFAWorldCup2018

UNPLUG 2017 АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Шинэ үеийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт хэмээн тодорхойлогдсон Unplug by Unread арга хэмжээ 2 дахь жилдээ амжилттай явагдлаа. Нийт 800 гаруй залуус цугласан бүтэн өдрийн энэхүү арга хэмжээний үеэр монголын тэргүүлэх групп компаниудын гүйцэтгэх захирлууд, дэлхийн зах зээлд өрсөлдөж буй бизнесүүдийг үүсгэн байгуулагчид оролцсон хэлэлцүүлгүүд явагдаж, энэ жилийн онцлох 16 стартап үзэсгэлэнд оролцож, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм.

Мөн манай хамт олон өнгөрсөн жилийн тайлангаа тавьж, ирэх жилийн төлөвлөгөөгөө зарлав. Вебсайт болон гар утасны аппликэйшний дизайн хэрэглэгчдэд илүү таатай болон өөрчлөгдөж, Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газартай хамтран хэрэгжүүлж буй HUB Innovation Center-ийг анхлан танилцуулав. Үүнээс гадна бид Шинэ Монгол Технологийн Дээд сургуультай хамтран Монголд анх удаа инноваци, энтрепренерийн чиглэлийн магистрын зэрэг олгох хөтөлбөрөө зарласан юм.

Гарааны бизнес, стартап хөдөлгөөний экосистемд амжилтаараа түүчээлж буй шилдгүүдийг нэрлэдэг Unread Awards-ийн эзэд мөн энэ өдөр тодров. Бизнес, технологийн чиглэлийн мэдээгээр дагнан ажилладаг нийт 17 сэтгүүлчийн саналаар Lendmn шилдэг апп-аар, Woovoo шилдэг стартапаар, Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан шилдэг үүсгэн байгуулагчаар, TEDxUlaanbaatar шилдэг эвентээр тус тус нэрлэгджээ.

Бид өөрсдийн жил бүрийн төгсгөлд зохион байгуулж буй онцлох арга хэмжээ Unplug 2017-ийн дэлгэрэнгүй тоймыг тун удахгүй хүргэх болно.

Eagle: Unplug 2017 арга хэмжээнээс онцлох эшлэлүүд
Unread: Unplug 2017-г танилцуулах нь

ТЕХНОЛОГИЙН ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Америк даяар өрнөж буй худалдааны хямдралын шуурга Талархлын баяраар эхэлж, "хар баасан гараг"-аар үргэлжлэн, "Кибер даваа гараг"-аар өндөрлөлөө. Энэ жилийн "Cyber Monday"-ээр нийт худалдан авагчид 6.59 тэрбум доллар байсан нь түүхэн амжилт боллоо. Нийт худалдан авалтаас 2 тэрбум доллартай тэнцэх нь гар утсаар хийгдсэн нь мөн л рекорд тогтоожээ. iOS хэрэглэгчид дунджаар 123 долларын худалдаа хийж байсан нь Андройд хэрэглэгчдээс даруй 10 доллараар илүү байв. Сонирхуулахад, "Thanksgiving Thursday"-ээр 2.87 тэрбум доллар, "Black Friday"-ээр 5.03 тэрбум долларын худалдан авалт энэ жил бүртгэгджээ.

Techcrunch: Кибер даваа гараг рекорд тогтоов

Snapchat-ийн анхлан танилцуулсан "Stories" нэмэлтийг Youtube ч мөн хуулбарлаж, "Reels" нэртэй шинэ нэмэлтээ танилцууллаа. Youtube 10 мянга болон түүнээс дээш дагагчтай сувгуудад энэ боломжийг нээж байгаа бөгөөд видео бүтээгчдийг 30 секунд хүртэлх хугацаатай богино хугацааны видеог оруулж, хэрэглэгчидтэйгээ улам ойртох боломжийг нээж байна хэмээн танилцуулгадаа дурдсан байна.

Google: Видео бүтээгчдийн хүрээг улам тэлэх нь

Израйльд 15 тэрбум долларын хөрөнгө оруулалттай R&D төвөө байгуулахаа зарлаад буй Алибаба тус улсаас гаралтай шинэ үеийн QR код хөгжүүлэгч Visualead-ийг худалдан авлаа. 2013 онд үүсгэн байгуулагдсан тус компанид Алибаба 2015 онд анхлан хөрөнгө оруулж байсан бөгөөд өдгөө 500 мянга гаруй компанитай хамтран ажилладаг аж.

Microsoft-ийн домогт веб броузер Internet Explorer-ийн залгамжлагч Edge анх удаа iOS болон Андройд үйлдлийн системд зориулсан хувилбараа нээлттэй гаргалаа. Гар утасны зах зээл рүү ихээхэн анхаарал хандуулж буй тэд саяхан ухаалаг хөтөч Cortana-ийн гар утсанд зориулсан хувилбарыг танилцуулсан юм.

Инстаграм бизнесийн байгууллагуудын хөгжүүлж буй хуудас 50 саяд хүрснийг зарлалаа. Нийт 800 сая хэрэглэгчтэй болсон тэд жил хагасын өмнөө бизнест зориулсан хувилбараа танилцуулснаас хойш өндөр амжилттай ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 7-р сард энэ тоо 15 сая байсан бөгөөд одоо идэвхтэй байгаа хуудаснуудын 50 хувь нь зөвхөн инстаграмаар борлуулалт, танилцуулгаа хийж буй жижиг бизнесүүд байгааг мөн тэд онцолжээ.

Андройдыг бүтээгч Анди Рубин саяхан байгуулсан ухаалаг гар утас хөгжүүлэгч Essential-аа тодорхойгүй хугацаагаар орхиж байгаагаа зарлалаа. Түүнийг 2014 онд Гүүгл-д харьяалагдаж байхдаа эмэгтэй ажилтантайгаа зүй бусаар харьцсан хэргээс болж ийм шийдвэр гаргасан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа. Гэхдээ Essential-ийн зүгээс "хувийн шалтгааны улмаас" хэмээн түүний шийдвэрийг тайлбарласан юм.

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий сугалаа явагдлаа

2018 онд ОХУ-д явагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа Кремлийн ордонд явагдлаа. Тэмцээний нээлтийн тоглолтыг талбайн эзэд 12 жилийн дараа дэлхийн аваргад оролцох болсон Саудын Арабын багтай хийх болов. Тоглолт алдарт Лужники цэнгэлдэхэд 6-р сарын 14-нд явагдана. Дэлхийн аварга цолыг эзэмшигч Германы шигшээ F хэсэгт Мексик, Швед, БНСУ-ын багтай оноолт таарсан бол Европын аварга Португалын шигшээ баг 2010 оны дэлхийн аварга, хөрш орон Испанитай нэг хэсэгт оров.

ФИФА-ийн чансаанд үндэслэвэл тэмцээний хамгийн хүнд хэсэг нь Франц, Австрали, Перу, Данийн багууд багтсан С хэсэг байв. Дэлхийн 5 удаагийн аварга Бразилын шигшээ Швейцарь, Коста Рика, Сербийн багтай оноолт таарав. Харин Английн шигшээ Бельги, Панам, Тунисын багуудтай хамт G хэсэгт оржээ.

Yahoo: ДАШТ-ий сугалааны ялагчид ба ялагдагчид

ЭНТЕРТЭЙНМЕНТ ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадам "Грэмми 2018"-д нэр дэвшигчдийн нэрс тодорлоо. Алдарт Jay Z өөрийн 4:44 цомгоороо нийт 8 шагналд нэр дэвшснээр нийт уран бүтээлчдийг тэргүүллээ. Харин Кендрик Ламар 7, Бруно Марс 6 шагналд нэр дэвшжээ. Биллбордыг 16 долоо хоногийн турш тэргүүлж, маргаангүйгээр энэ жилийн хамгийн хит дуунд тооцогдож буй Despacito оны шилдэг бүтээл шагналд мөн нэр дэвшсэн байна. 60 дахь удаагийн Грэмми 2018 оны 1-р сарын 28-нд явагдах бөгөөд нийт 84 төрөлд ялагчдын нэрс тодорно.

Billboard: Грэмми наадмын онцлох нэр дэвшигчид

2018 оны 5-р сард нээлтээ хийх Marvel-ийн "Avengers: Infinity War" киноны албан ёсны трэйлэр цацагдлаа. Марвелийн ертөнцийн бараг бүх супер баатрууд нэг дор нэг дэлгэцнээ нэгдэх уг киноны трэйлэр цацагдсан даруйдаа хамгийн эрэлттэй видеонд тооцогдох болж, өдгөө 70 сая гаруй хэрэглэгч үзээд байгаа юм.

Vanity Fair: Марвелийн ертөнцийн нууц

Fox өөрсдийн хамгийн алдартай цувралуудын нэг X-Files-ийн гар утасны анхны тоглоомын хувилбарыг ирэх оны 2-р сард гаргах болсноо зарлалаа. X-Files: Deep State нэртэй уг тоглоомын үйл явдал 2010 онд өрнөх бөгөөд 9 болон 10-р улирлын хооронд өрнөсөн зарим үйл явдлын нууцыг тайлах учиртай гэнэ.

Netflix өөрийн платформ дахь хамгийн их үзэгчтэй цувралуудын нэг Stranger Things-ийн 3-р улирлыг хийх болсноо албан ёсоор зарлалаа. Тэд өөрсдийн твиттер хуудсаар дамжуулан хэрэглэгчдээс санал асуулга авсны дараагаар олон фенүүдийг баярлуулсан энэ мэдээгээ танилцуулсан нь энэ. Nielsen-ийн судалгаагаар тус цувралын 2-р улирал тавигдсан эхний 3 өдөрт дунджаар 15 сая хэрэглэгч киног үзсэн гэнэ.

АЛДАЛГҮЙ УНШИХ АРВАН МЭДЭЭ

Bloomberg: Softbank Uber-ийг 30 хувийн хямдралтай үнээр худалдах санал тавив
Techcrunch: Blue Apron-ий CEO ажлаа өглөө
The Verge: NYTimes сард үнэгүй унших нийтлэлийн тоогоо 5 болгон бууруулжээ
BBC: Сумогийн ертөнцийн скандалын эргэн тойронд
CNN: АНУ: БНАСАУ-тай дайн хийх магадлал нэмэгдсээр байна
Vox: Венесуэл улс дампуурч байна
Variety: Диснэй 21st Century Fox-ийг худалдан авахыг хүсэж байна
Ikon: С.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргана
Recode: Black Mirror-ийн шинэ трэйлэрийг үз
TNW: Анхны мессеж илгээгдсэнээс 25 жилийн дараа

8580   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.