Би хэрхэн ажилладаг вэ?   11 сарын 29, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? - Montgomery Fitch + Associates компанийн үүсгэн байгуулагч, энтрепренер, маркетер Луис Аркангел

Манай энэ удаагийн зочин бол технологи, маркетингийн чиглэлээр таван оронд үйл ажиллагаа явуулдаг, "Montgomery Fitch + Associates" олон улсын компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Луис Аркангел. Тэрээр олон улсын бизнес чуулган, "Fortune 500" компаниудад уригдан илтгэл тавьдаг, 2016 оны "Азийн шилдэг CEO" шагналд нэр дэвшиж байсан, ихээхэн амжилттай яваа залуу энтрепренер билээ. Бид түүнийг Монголд ирэх үед нь ажлын арга барил, бизнесийнх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Байршил: Филиппин, Манила
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Montgomary Fitch + Associates-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Таамаглашгүй
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Macbook air
Сошиал хуудсууд: @hellmra (Твиттер)

ТА АЖЛАА ХЭРХЭН ЯВУУЛДАГ ВЭ? ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ? 

Манай компанийн ажил хэрэг гадаад үйл ажиллагаан дээр суурилдаг. Ажилтнууд маань өөрсдийн хүссэн цагт ирцгээдэг ч бид ажлын гүйцэтгэл дээр маш хариуцлагатай байж чаддаг. Би бүхэл өдрийн турш юу ч хийхгүй байсан ч өдөрт 2 цагийг маш үр бүтээлтэй ашиглаж сая сая төгрөгийг олж чадна. Хамгийн үр бүтээмжтэй цаг маань тухайн өдрөөс шалтгаалан өөр өөр байдаг. Би ерөнхийдөө өглөөний хүн биш. Ажлуудаа ихэвчлэн үдээс хойшдоо амжуулах нь илүү амар байдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Өдөр тутмын харилцаандаа бол ихэвчлэн сошиал медиаг ашиглаж байна. Харин ажилд бол голдуу Apple-ийн програмуудыг ашигладаг. Хэрвээ би гар утсаа алдвал бүхнээ алдлаа л гэсэн үг. Би бүх зүйлийг энгийн байлгахыг хичээдэг. Note-ийг их ашигладаг. Юмыг энгийн байлгах нь илүү хялбар, үр дүнтэй санагддаг шүү.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би гэртээ хоёр chow chow нохой тэжээдэг. Тэд маань бага зэрэг саад болдог ч унтахаасаа өмнө нэг цагийг маргаашийн ажилдаа заавал зориулдаг. Энэ нь ихээхэн хэмнэж дараагийн ажлуудыг хөнгөвчилж өгдөг. Энэ нэг цагт би өндөр бүтээмжтэй байдаг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би жаахан сонин хүн л дээ. Заримдаа өөрийн гараар бичсэн бичгийг гаргадаггүй. Тиймээс би Notes-ийн жагсаалтыг ашигладаг. Юмыг хурдан мартчих гээд байдаг тул байнга тэмдэглэх ёстой болдог.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Ялангуяа ажил хэргийн тал дээр хүмүүсийг хооронд нь холбож, гүүр болохдоо сайн. Харин гэртээ бол нохойнууддаа гоё хоол хийж өгдөг. Манилагийн замын хөдөлгөөн маш аймшигтай, би өнөөдрийг хүртэл хэн нэгнийг гэмтээж, бэртээлгүйгээр жолоодож ирсэн нь намайг жолоо сайн барьдгийг харуулах байх. Бас би Монголд дажгүй жолоо барьчих байх (инээв).

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Сайн тал гэвэл би дэлхийгээр тойрон аялах боломжтой. Би Монголд 6 өдөр болоход хүн болгон намайг хайж байх болно. Би энэ компаниа 2 жил гаруйн өмнө эхлүүлсэн. Аливаа компани дотооддоо сайн хөгжиж байж л урагш алхана шүү дээ. Бид ч энэ үзэл санаандаа үнэнч байдаг тул хурдан хугацаанд өсөж, өргөжсөн гэж бодож байна. Би маш их завтай, бас маш завгүй хүн. Ирээдүйд компаниа өргөжүүлэхэд анхаарч байгаа болохоор би Монголд ирсэн. Ирсэндээ ч баяртай байна.

Бэрхшээлтэй тал гэвэл ажлынхантайгаа хүссэнээрээ хамт байж чаддаггүй. Заримдаа би хүмүүсээс санаанд ч оромгүй дуудлага хүлээж авдаг. "Луис энэ фонт юу болчихоо вэ? Энэ постер яачихсан юм бэ?" гэх мэт. Тэгэхэд нь би эргээд холбогдъё гэж хэлдэг. Манай багийнхан бүгд л гучаас доош насны залуучууд учраас алдаа гаргаж байгаа нь тэр. Би багтаа хамгийн хөгшин нь. Тэдний ихэнхийнх нь анхны ажил байдаг. Манай ажил анх таван хүнтэй эхэлж байсан. Одоо бол 85 хүнтэй ажиллаж байна. Хилийн чанад дахь хүмүүсээ оролцуулбал 200 шахам болно.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Шинэ санаа гарах тоолонд анхаарлаа хандуулдаг. Яг одоогоор компанийнхаа Улаанбаатар болон Шанхайд шинэ салбар нээх талаар хөөцөлдөж ажиллаж байна. Нэлээн цаг орох байх л даа. Бидний хувьд үргэлж л шинэ санаа, шинэ ажил ундарч байдаг. Мөн Лаос руу аялах аяллаа төлөвлөж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Манай оффис дээр хөгжим үргэлж эгшиглэж байдаг. Бас би рок хамтлагтай. Тэр хамтлагтаа дуучин хийдэг байсан. Бүр хөгжмийн уралдаанд ялж байсан удаатай. Мөн хуучны хөгжмүүдээс сонсох дуртай. Guns and Roses-ийн Patience дуунд үнэхээр дуртай.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Oren Klaff-ын “Pitch anything” гэдэг номыг уншиж байна. Энэ номонд нэн хэрэгтэй мэдээллүүд багтсан байна лээ. 15 доллараар худалдаж аваад л цаг үрсэн хэрэгцээгүй зүйлүүдээс хэрхэн зайлсхийх талаар олон зөвлөгөө унших боломжтой. Гэхдээ эхлүүлсэн ном бүрээ бас бүхэлд нь уншаад байдаггүй. 1Q84 бол миний хамгийн сүүлд уншсан бүтэн ном. Нэлээн зузаан байсан шүү.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Дотогшоо талдаа шүү. Гэхдээ би шинэ хүмүүстэй уулзаж танилцах дуртай. Тэдэнд сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Хэрвээ та хүнтэй хүн шиг харилцаж холбоо тогтоож чадвал ямар ч хүнтэй албаны уулзалт хийхэд хялбар болдог.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Хэрвээ би таван цаг унтвал хэвийндээ орно. Ихэвчлэн өглөө 7 цагт босоод хэдэн минутын турш ямар ч зүйл хийдэггүй. Дараа нь нохойнуудаа хооллодог. Мөн өглөөний цай уудаггүй. Хэрвээ би шөнийн нэг цагт унтвал энэ бол том амжилт.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Та нар бүгд л сагсан бөмбөгт сонирхолтой байх. Би дор хаяж долоо хоногт нэг удаа сагсан бөмбөг тоглодог. Нэг хэсэг тэмцээнд тоглодог байсан ч бизнестээ төвлөрөх хэрэгтэй болсон. Ер нь маш уйдамхай хүн л дээ, чөлөөт цагаараа HBO, Netflix үзэх дуртай. Бас хүмүүстэй ярилцаж суух дуртай. Гэхдээ уух дургүй юм байна.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Миний эргэн тойронд байгаа хүмүүс өсөж хөгжиж, амжилт үзүүлж байгаа нь надад урам зориг өгдөг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Миний нэг найз “Чи бол хамт олноо урамшуулж чиглүүлдэг хүн. Тийм болохоор ямар ч асуудалд орлоо гэсэн өөртөө итгэх итгэлээ алдаж болохгүй. Чи итгэлээ алдвал бусад чинь яах билээ” гэж хэлсэн. Жаахан сүртэй сонсогдож болох ч сэтгэлд үлдсэн шүү.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Хэрвээ та бизнес эхлүүлэхийг, бизнесээ тэлэхийг хүсэж байгаа бол юмыг хүн болгоноос өөрөөр харахыг оролдоорой. Хүн болгон хэлдэг ч хийж чаддаг нь цөөн байдаг. Хэрвээ чи хийж чадвал бусдаас ялгарна. Чи стандартыг өндөрсгөх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлд битгий хайрцаглагд. Үүнээс илүү зүйлс байгаа гэж бодох хэрэгтэй. Маш олон хүн надад танай компани олон туршлагагүй ажилтантай учраас удахгүй дампуурна гэж хэлдэг байсан. Гэтэл харин ч эсрэгээрээ бид маш хурдтай өсөж хөгжиж чадсан.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Neuroscience Marketing номын зохиогч Орен Клаффийг оруулж чадвал. Гарааны компаниудад тун хэрэгтэй мэдээллийг өгч чадна.


Гэрэл зургийг Ц.Нармандах

29507   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.