Апп Тойм   11 сарын 28, 2017

Ерөнхий мэдлэгээ нэмэгдүүлэхэд туслах 3 апп

Ерөнхий мэдлэг сайтай байх нь хүмүүстэй танилцах, ярилцахаас эхлээд олон зүйлд хэрэг болдог. Гэхдээ орчин үед нэг товшоод л интернэт хэмээх далай шиг арвин мэдээллийн санд нэвтрэх боломжтой болсон болохоор ерөнхий мэдлэгээ тэлнэ гээд хуучин шиг олон арван ном уншиж, бүх л зүйлийг цээжлэх бас шаардлагагүй болсон гэж болно. Харин хаанаас ямар мэдээллийг авч болохыг, ямар сурвалжууд найдвартай бөгөөд хялбар байдлаар мэдлэг түгээдгийг мэддэг байх нь чухал. Өнөөдөр сонирхолтой мэдээллийг хялбар байдлаар хүлээн авах 3 апп-ийг танилцуулж байна.

1. CURIOSITY

Та аливаа зүйлийг үргэлж “Энэ яагаад ингэдэг юм бол, тэгдэг юм бол?” гэж сониучирхдаг, үргэлж шинэ мэдээлэлтэй байхыг хүсдэг хүмүүсийн нэг мөн үү? Хэрвээ тийм бол энэ апп-ийг та заавал татах хэрэгтэй. Энэ апп нь интернет орчинд буй маш их мэдээллийг багцалж, сонирхол татахуйц цэгцтэй байдлаар танд хүргэх болно.

Энэхүү апп-д эрвээхэйний амьдралаас эхлэн сансар огторгуй хүртэлх бүх төрлийн мэдээлэл, баримтууд байдаг бөгөөд цагаан толгойн үсгийн дарааллаар бүх категори нь гарч ирнэ. Сонгосон төрөл дээрээ дарахад бичлэг ба нийтлэл гэсэн 2 сонголттой. Бичлэгийн хувьд нийтлэлийг хураангуйлж, гол санаануудыг харуулдаг. Өнгө үзэмжтэй зурагнууд, ойлгомжтой тайлбартай болохоор нийтлэлүүд нь ч уншихад сонирхолтой, уйдаамгүй. Таалагдсан баримт-нийтлэлийг дараа уншихаар хадгала буюу бусадтай хуваалцаж болно.

Өдөр бүр ордог 5 баримт-нийтлэлийг эргээд гарсан он сараар нь харж болдог нь энэхүү апп-ийн сонирхолтой шийдлүүдийн нэг. Өөрөөр хэлбэл та утсан дээр 63MB зайгаар л тал бүрийн мэдээлийг сонирхолтой байдлаар үнэ үзэх боломж бүрдэх юм. Анх нэвтрэхийн тулд фэйсбүүк юм уу твиттерээрээ дамжих шаардлагатай байдаг.

Татах: IOS, Android

2. CULTURE TRIP

Миний бодлоор хамгийн гоё аялал бол хэсэг хугацаанд ч гэсэн тухайн орны яг иргэн шиг байж, аялах явдал. Харин тэгэхийн тулд эхлээд тухайн газрыг гүн рүү нь орж, амьдралын хэв маяг, соёлыг нь сайн судлах хэрэгтэй санагддаг.

“Go beyond the obvious” уриатай энэхүү апп-ийг татсанаар та аливаа орны гүн дэх соёл, уламжлал, онцлогийн талаар мэдэх боломжтой юм. Бид аль нэг улс, газрын талаар Google-ээс хайхад ихэвчлэн хүн болгоны мэдэх, сонирхол татахаа байсан мэдээллүүд гарч ирдэг бол, энэ апп-аас хайхад “Вьетнамд мотоцикль унадаг 11 төрлийн хүмүүс”, “Токиод хийх хамгийн энгийн бус зүйлс”, “Yosemite парк-д фото зураг авах зөвөлгөө”, “Киотод 48 цагийг яаж өнгөрүүлэх вэ”, “Таны мэдвэл зохих 10 мексик бүжиг” гэх мэт хамгийн сонирхолтой, адал явдалтай, арай өөр өнцгөөс бичсэн нийтлэлүүд гарч ирэх болно.

Culture Trip танд тухайн орны иргэд, оршин суугчдын өгөх зөвлөгөө, сонирхолтой тэмдэглэлүүдийг унших боломжийг мөн олгох болно. Мөн та өөрөө ч контент үйлдвэрлэгч болж, өөрийн амьдардаг газрын талаар зөвлөмж, нийтлэл бичиж болох юм.

Татах: IOS, Android

3. TODAY IN HISTORY

"Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэдэг байх аа? Тийм болохгүйн тулд дэлхийн түүхээс суралцъя гэвэл заавал олон зуун хуудас унших шаардлагагүйгээр, хамгийн хялбар байдлаар мэдлэг олгох энэ апп-ийг татаарай гэж зөвлөе.

"Өнөөдөр түүхэнд” апп нь бүтцийн хувьд маш ойлгомжтой, “гарчиг, үйл явдал, төрсөн, нас барсан, тэмдэглэлт өдрүүд” гэсэн үндсэн тавхан цэснээс л бүрдсэн байдаг. Өдөр бүр авах түүхийн мэдээллүүдээ notification маягаар бас авах боломжтой. Энэ апп-аас таалагдсан гол зүйл бол маш товч байдал бөгөөд ихэвчлэн 2-3 өгүүлбэрт багтсан байдаг. Харин тэрнээс цааш гүнзгийрүүлж унших бол, мөн түлхүүр үгсийг харах бол доор нь холбоос байдаг. Энэ нь үйлдлийг улам хялбаршуулж, яг өдөр болгон ашиглахад хүндрэлгүй амар болгосон мэт санагдсан. Мөн бүртгэл үүсгэн таалагдсан зүйлсээ "favorites” цэсэнд хадгалж болно.

Татах: IOS


Hийтлэлийг Д.Ганзул

20463   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.