Би хэрхэн ажилладаг вэ?   12 сарын 06, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? - ДДэш-ийн гүйцэтгэх захирал, Юнител группийн Контент хөгжил, төлөвлөлтийн газрын захирал Г.Барс

21-р зуунд Элон Маск, Марк Зукерберг зэрэг техник технологи, харилцаа холбооны салбарын залуу лидерүүд түүхийн хуудсыг өөрчилж байна. Тэгвэл Монгол улсын харилцаа холбооны салбарт тэргүүлэн яваа залуу удирдагчийг бид энэ удаа онцолж “Би хэрхэн ажилладаг вэ” буландаа урилаа. Тэр бол 350 мянган хэрэглэгчтэй ДДэш-ийн гүйцэтгэх захирал, Юнител группийн Контент хөгжил, төлөвлөлтийн газрын захирал Г.Барс юм. Тэрээр хуучнаар КТМС-ийг 2005 онд төгсөж, Интерактив компанид програмистаар ажлын гараагаа эхлүүлжээ. Үүний дараа Австралийн GRIFFITH их сургуульд суралцан, Монголдоо эргэн ирээд 2010 онд IPTV-г Монголд анхлан нэвтрүүлэх Юнивишнийн багт орж ажилласан байна. Үүнээс хойш Юнител группийн томоохон төслүүдийг хариуцан ажилласаар, өнгөрөгч 5-р сард ДДэш-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Ингээд нэг сарын өмнө ДДэш-ийн шинэ хиймэл дагуулыг АНУ-аас хөөргөөд ирсэн Г.Барс захирлын ажлын арга барилтай танилцацгаая.

Байршил: Монгол, Улаанбаатар
Албан тушаал: ДДэш ТВ-ийн гүйцэтгэх захирал, Юнител группийн Контент хөгжил, төлөвлөлтийн газрын захирал
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Тууштай, няхуур
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Lenovo ThinkPad X1
Сошиал хуудсууд: Bars Ganbold

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Аливааг хийхдээ сайн бодож, тал талаас нь судалдаг. Гэхдээ сүүлийн үед олон ажил руу анхаарал хандуулах шаардлагатай байгаа учраас хурдтай байхыг хичээж байна. Ер нь ажлын өдөр албан уулзалт, ажилтай холбоотойгоор утсаар ярьсаар байтал амархан өнгөрдөг.

Үндсэн хоёр том ажил албаас гадна “MIPPA” (Mongolian Intellectual Property Protection Association) буюу "Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо" хэмээх төрийн бус байгууллагыг удирддаг. Тоо баримт дээр тулгуурласан статистик судалгаатай, төлөвлөлттэй, бүх эрсдэлийг тооцон, бусдын саналыг сонсож аливаа зүйлийг олон талаас нь харж шийдвэрийг гаргадаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Ажил дээр Outlook, Office-ийн программууд ашигладаг. Манай дотоод харилцаа Facebook-ийн компаниудын хэрэгцээнд зориулсан хувилбар болох Workplace дээр явагддаг. Мөн EnGadget, Business Insider, TechCrunch зэрэг апп-уудыг ашигладаг.

LookTV-гээ үзнэ. Би LookTV төслийг анхнаас нь хөгжүүлсэн багт ажилласан. Ухаалаг төхөөрөмж, интернэт хэрэглээ өсөхийн хэрээр үзэгчдийн контент үзэх хэв маяг өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Тиймээс Юнител групп IPTV-ийн дараагийн үе болох интернэт ашиглан хаана ч, хэзээ ч кино, контентоо үзэх OTT үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн нь LookTV юм. Анх Монголд онлайн төлбөрийн систем сайн нэвтрээгүй, хүмүүс энэ үйлчилгээг хэрэглэж сураагүй байсан үед платформ маань нэлээд хүндрэл бэрхшээлийг туулсан ч одооноос амжилттай ажиллаж эхэлж байна. Юнител групп ч томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Өөр хаана ч гардаггүй exclusive буюу онцгой эрхтэй контентууд гардгаараа давуу талтай. Энэ жил жишээ нь NBA Talk зөвхөн LookTV-ээр гарч байгаа. Цаашид онцгой эрхтэй контентуудын сонголтыг өргөжүүлэх болно.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Төлөвлөлт гэж хэлнэ. Олон жил технологийн чиглэлээр ажилласан учраас байнга төлөвлөсөөр байгаад сурчихсан. Ер нь аливаа юмны логикийг харж, түүний ард ямар бизнес модель байгааг боддог. Нэг илтгэл тавих болсон ч гэсэн эхлээд цаасан дээр ярих гол зүйлсээ бичиж ноорог гаргах жишээтэй. Одоогийнх шиг олон юм хийж байгаа үед төлөвлөхгүй бол эмх замбараагүй байдал үүсэх магадлалтай.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Орчин үед хүмүүс тэмдэглэлийн дэвтэр ашиглах нь багассан харагддаг. Гэхдээ би онлайн, оффлайн хэрэглээг хослуулж дэвтэр дээр төлөвлөгөөгөө байнга буулгадаг. Мөн гар утсан дээр reminder буюу сануулга их тавина. Заримдаа бас самбар дээр бүх ажлаа бичээд том дүр зургаар нь харна.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Түрүүнд хэлсэнчлэн логикоор сэтгэх. Аливаа зүйлсийг тооцоо судалгаан дээр үндэслэн хийхийг хичээдэг. Эрсдэлээ тооцож цаг алдлаа гэж шүүмжлүүлэх нь ч бий. Манай ДДэш ч бүх л ажиллагаагаа тооцоо судалгаан дээр суурилж явуулдаг. Хүмүүс аль нэвтрүүлгийг хэзээ, яаж үзэж байна, үзэгчийн зан төлөв яаж өөрчлөгдөж байна гээд контент үзэлтийг олон талаас нь бүртгэж явдаг. Бид дата олборлолт (data mining), их өгөгдөл (big data) гэх мэт чиглэлүүд дээр Монголдоо хамгийн түрүүнд явж байгаа гэж боддог шүү. Дэлхийн хамгийн эрэлттэй 10 мэргэжлийн нэгт дата шинжээч (data scientist) багтаж байгаа нь зүгээр ч нэг хэрэг биш.

Мэдээж хэрэг үзэгчээ хэн гэдгийг нь, юунд дуртайг нь, эрэлт хэрэгцээг нь бүрэн мэдэж байж үзэгчдээ чанартай контентийг нийлүүлнэ. Түүнчлэн том зургаар харж, датанд суурилсан төлөвлөгөө боловсруулах, бас хэд хэдэн салбарын огтлолцол дээр ажилладаг болохоор салбаруудын уялдаа холбоог харах, урьдчилж таамаглахдаа сайн болсон болов уу. Салбарынхаа хэтийн хөгжлийн талаар таамаглаж байсан зүйлс маань яг л хэрэгжээд байдаг тохиолдлууд цөөнгүй байдаг.

Мөн фитнессдээ тууштай явахдаа сайн (инээв). Долоо хоногтоо 2-3 удаа явдаг болоод 5, 6 жил болж байна.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эерэг сайн талууд олон бий. Мобайл, Кабелийн телевиз гэхээс илүү телеком, медиа энтертэйнмент салбар гэж ярих дуртай. ДДэш өмнө нь зөвхөн телевизийн сувгуудыг дамжуулдаг байсан бол одоо илүү өргөн боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна. Жишээ нь: ДДэш кино театр, Live сувгууд гэх мэт.

Кино уран бүтээлчдийн орлого олох талбар нь зөвхөн кинотеатр байсан бол одоо IPTV-ийн Видео сан, ДДэш-ийн Кино сан, LookTV зэргээр зах зээлийг өрөгжүүлэхэд бид том алхам хийж чадсан. Үүнийг дагаад Монголын контентийн салбар хөгжиж байна.

Одоо хэрэглэгчид маань дэлхийн дахинаа хүмүүс юу үзэж байна тэр бүгдиийг дэлхийн нээлттэй нь зэрэгцэн цаг алдалгүй үзэх боломжийг бүрдүүллээ. Ер нь гадаад улсуудад очоод харьцуулаад харахад манай хэрэглэгчид илүү олон суваг үзэж байдаг шүү. Ингээд харахаар байгууллагынхаа бүтээн байгуулалтаар бахархдаг.

Бэрхшээлтэй зүйлс ч бас бий. Бидний хувьд оюуны өмчийн талаарх боловсролыг хэрэглэгчдэдээ олгох гэж сүүлийн 5 жил хичээнгүйлэн ажиллаж байна. Хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө заран байж хийсэн контентийг үнэлэхгүй бол дараа дараагийн уран бүтээл төрөхгүй. Чанартай контент үзье гэвэл үнэлэх хэрэгтэй. Юнител, ДДэш хоёр бол оюуны өмчийг 100 хувь дээдэлдэг компаниуд. Бид оюуны өмчийн хулгай, шударга бус өрсөлдөөнтэй хатуу тэмцэж байгаа.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

ДДэш-ийн шинэ хиймэл дагуул маань өнгөрөгч 10 дугаар сарын 30-нд АНУ-ын Space X компанийн зүүн эрэгт байрлах хөөрөх тавцангаас амжилттай хөөрлөө. Тун удахгүй 10 жилийн ойн босгон дээрээ шинэ хиймэл дагуулаараа анхны долгионоо цацаж хэрэглэгчдэдээ бэлэг барихаар ажиллаж байна. Хиймэл дагуулаа Солонгосын КОРЕА САТ компаниас түрээсэлсэн. Өдгөө гурав дөрвөн компанийн инженерүүд хамтраад бэлтгэл ажлаа хийж байна.

Сая хөөргөсөн хиймэл дагуулын асуудлаар хоёр жилийн өмнөөс гэрээ хэлцэл хийж, Монголд зориулсан цацрагийг хөөрөхөөс нь өмнө захиалсан. Зүүн уртрагийн 113 дугаар градусын уртраг дээрээс Монгол руу чанх дээрээс нь чиглэж долгионоо цацна. Энгийнээр тайлбарлавал яг одоо манайд үйлчилгээ үзүүлж байгаа хиймэл дагуул Япон хавиас дамжуулж байна гэж үзвэл шинэ хиймэл дагуул маань Сүхбаатар аймгийн дээрээс дамжуулж байна гэж ойлгож болно. Байршил сайжирснаар хиймэл дагуулаар дамжих хүчин чадал нь нэмэгдэж байна гэсэн үг. Хиймэл дагуулын технологи дээр байгалийн үзэгдэл, тодруулбал борооны, цасны нөлөө их байдаг. Энэ нөлөө багасна. Хэрэглэгчид илүү олон сувгийг хүлээж авахаас гадна илүү олон HD буюу өндөр нягтаршилтай сувгийг хүлээж авах боломжтой болж байгаа юм. Интернэтийн үйлчилгээг хиймэл дагуулаар дамжуулж хүлээж авах боломжтой болно. Түүнээс гадна хэрэглэгчдийн ашигладаг тавган антенны диаметр 75 см-ийн диаметртэй байсан бол 45 хүртэл багасах юм.

Мөн кино сангийн үйлчилгээ нээгээд бараг хоёр жил болсноо улам сайжруулж, кино багц гээд сувгаар нь авчихдаг, Монголын болон Холливуд, азийн уран бүтээлчдийн кино контентуудыг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлнэ. Хэрэглэгчдийнхээ хүсэлтээр он гараад HBO сувагтай хамтран ажиллахаар гэрээ хэлцлээ хийлээ.

Хиймэл дагуулын технологи нь Монгол орны өнцөг булан бүрт хүрч чаддагаараа онцлогтой. Өнөөдөр 11 аймгийн 19 сувгийг ДДэш-ээр дамжуулж байна. Үлдсэн 10 аймгийг шинэ хиймэл дагуул ажиллагаанд орж, багтаамж өсөхөөр холбоод өгчихнө. Аймгийн иргэд, удирдлага, онцгой байдлынхан маш талархалтай хүлээж авсан шүү. Шинэ хиймэл дагуул маань орбитод байршлаа олоод, техникийн бүрэн туршилтын дараа долгионы дамжуулалтыг 12 сарын дундуур бүх хэрэглэгчдэд хүргэж эхэлнэ. Энэ бол ДДэш компанийн хувьд төдийгүй Монголын харилцаа холбооны салбарын түүхэн үйл явдал юм.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Төрөл бүрийн л хөгжим сонсоно. Сүүлийн үед бөмбөр сонирхдог болсон болохоор амьд хөгжим түлхүү сонсоод байгаа. За тэгээд чихэнд сонсголонтой л байвал хип хоп ч, зохиолын дуу ч сонсоно.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Дөнгөж саяхан Buyer Personas гэдэг номыг уншиж дуусгасан. Хэрэглэгчийн зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байгаа, хэрэглэгчид юу хүсэж байгааг таниулах, танай байгууллагын стратеги хаашаа чиглэж байж бизнестээ амжилт гаргахыг өгүүлсэн ном л доо. Та бүхэнд ч бас энэ номыг уншихыг зөвлөж байна.

Мөн Tech Insider-ийн хялбарчилж тайлбарласан контентуудыг унших дуртай. Гадны судалгаа авдаг платформуудад бүртгүүлсэн байдаг, тэрнээс материал татаж уншина. Ажлын шугамаар кино зохиолуудыг их уншина. Үргээлэг, Lovers гэх мэт олон киног анх зохиол байхад нь уншиж байлаа.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Бизнес уулзалт дээр их нээлттэй. Өдөр бүр ажлын шугамаар олон хүмүүстэй уулзаж, цаашдын хамтын ажиллагаа, салбарын хөгжлийн талаар нээлттэй яриа өрнүүлдэг. Ажил дээрээ, хамт олон дундаа бас их нээлттэй. Бусад үед бол дуугүй талдаа.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

“The big difference between smart work and hard work” буюу ухаалаг ажиллах, их ажиллах хоёрыг ялгаж салгахыг хичээдэг. Аль болох амьдралын хэв маягийг хэрэгжүүлж эрт унтаж, эрт босохыг хичээдэг ч ажлын шаардлагаар сүүлийн үед биелүүлж амжихгүй л байна.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Фитнесст явна. Өөр орчинд ороод 2-3 цаг болоход сайхан байдаг. Бизнесийн түнш хамтрагчид ч нэлээн тааралдана, давхар ажлаа ярьчихна. Бөмбөр сонирхоод гурван жил болж байна. Үе үе бөмбөр нүддэг ажилтай (инээв). Ноотоор нь сурах гэж бас оролдоно.

Мөн сагс үзэх дуртай. Голден Стэйт Варриорсын улаан фэн. Алдартай болохоос нь өмнө олон жилийн турш дэмжиж ирсэн.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Би афоризм уншин урам зориг хайж, хурцлагдах гэж хүлээдэг төрлийн хүн биш юм шиг байгаа юм. Өдөр тутмын ажлаасаа, дуртай зүйлээсээ урам зориг авдаг. Амьдрахын төлөө л гэж ажлаа хийх биш, хүсэл мөрөөдлийнхөө ажлыг хийх нь хамгийн их аз жаргал, эрч хүчийг өгдөг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Анх програмист байх үедээ өөрийгөө програмаа бичээд л явна гэж төсөөлдөг байлаа. Харин явц дунд бизнесийн чиглэлээр суралцаж, мэргэжлээ сольсон нь хамгийн зөв алхам болсон гэж боддог. Технологийн суурьтай байж байгаад бизнес рүү орохоор давуу талууд үүсдэг юм билээ. 8 жил MCS группт ажиллахдаа алдаж онож байсан кейсүүдээсээ, төсөл бүрийн ард гарсан туршлагуудаасаа суралцаж байдаг. Өдөр бүр шинэ, өглөө бүхэн бэлэг гэдэг шиг хүн амьдрах, ажиллах явцдаа шинэ зүйлийг сурч, туршлага хуримтлуулж байдаг. Биеэрээ туулж үзэж байж хэзээ ч мартагдашгүй, сайн зөвлөгөөг олж авдаг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Хариуцсан ажилдаа тууштай, хариуцлагатай байх хэрэгтэй л гэж боддог. Би өөрөө азанд биш, бага багаар урагшлахад итгэдэг хүн. Сайн төлөвлөвөл ямар ч ажил хэцүү биш. Тухайлан захих зүйл гэвэл, орчин цагт дата анализийг маш сайн хийдэг болбол том давуу талтай болно. Дараагийн 10 жилд магадгүй хэн дата сайн боловсруулдаг, дата дээр үр дүнтэй ажилладаг нь өрсөлдөөнд тэсэж үлдэх байх.

Бас залуучууд эдийн засгийн суурь мэдлэгтэй байх ёстой. Эдийн засгийн мэдлэггүйгээсээ болоод Монголын эдийн засгийг нуруун дээрээ авч яваа хуруу дарам цөөн компаниудаа шүүмжлэхийг л урьтал болгодог тал бий. Аливааг үнэлнэ гэдэг нь тухайн салбарын ирээдүйд хөрөнгө оруулж байна гэсэн үг юм. Жишээ нь, талхыг худалдаж авч байгаа нь талхчинд дараагийн шинэхэн талх барих гурил, ус, хөрөнгө, хөдөлмөрийн хөлсийг төлж байна гэсэн үг. Контент үүнээс ямар ч ялгаагүй. Маргаашийн төлөө өнөөдөр шударга худалдан авалт хий гэж хэлмээр байна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

NTV –ийн захирлаар ажиллаж байсан Монголын Телевизүүдийн Форумын гүйцэтгэх захирал М.Уламбадрахыг санал болгож байна. Контент үйлдвэрлэл, контентийн үнэлэмжийн талаар маш сонирхолтой ярилцлага болно гэж бодож байна.



Гэрэл зургийг Х.Хантүшиг

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

64939   10


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.