Онцлох Бизнес   11 сарын 27, 2017

Онцлох бизнес: Horned Owl Food Symphony - Хюгге ертөнцөд тавтай морил

Завгүй хүмүүс холхих, хөл ихтэй хотын төвд алс хол аваачсан мэт "буйдхан", өвөрмөц ертөнцийг бий болгосон газрыг Horned Owl гэнэ. Эвэртэй шар шувуу хэмээн орчуулагдах нэрнээсээ л этгээд энэ газраас та даничуудын хюгге хэмээх амьдралын хэв маягийг мэдэрч болно. Энэ нь найз нөхөд, гэр бүлийнхэн гээд дотнын хүмүүстэйгээ тав тухтай орчинд байж, өөрийнхөөрөө, тайван, жаргалтай мэдрэмжийг авдаг амьдралын хэв маяг юм. Тус газрыг Э.Халиун хэмээх маш бүтээлч эмэгтэй эхлүүлжээ.

Бизнесийн нэр: Horned Owl
Хаяг: Их дэлгүүрийн зүүн хойно, Гандирс төвийн хойно
Үйл ажиллагааны чиглэл: Food Symphony
Үүсгэн байгуулагдсан: 2017 оны 7-р сар
Үүсгэн байгуулагчид: Э.Халиун
Ажилтны тоо: 11
Вэбсайт: Horned Owl Food Symphony

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХЭРХЭН ОЛСОН БЭ?

Би Данид 4 жил суралцсан. Тэнд даничуудын амьдралын хэв маягийг хараад үнэхээр шүтэх болсон доо. Найз нөхөд, гэр бүлийнхэн гээд хамгийн тааламжтай байх хүмүүстэйгээ тав тухтай орчинд байж, өөрийнхөөрөө, тайван, жаргалтай мэдрэмжийг авах амьдралын тэр хэв маягийг хюгге гэж нэрлэдэг. Тавлаг орчинд тухлан лаа асааж, магадгүй ил галын дэргэд сууж, кофе, вино уунгаа хоорондоо ярилцдаг. Нэг үгээр байгаа орчноосоо шал өөр орчин руу үсэрч орохтой төстэй. Түүнээс хойш ийм хэв маягийг Монголдоо бий болгох юм сан гэж хүсдэг болсон юм. Манай хот завгүй, стресс ихтэй болохоор бүр ч тохирох юм шиг санагдсан.

Ийм хэв маягийг бүрдүүлж болох газрууд нь кофе шоп, жижиг кафенууд л даа. Манайд кофе шопууд нэмэгдэж байгаа ч ихэнхдээ өөр хоорондоо төстэй. Тийм ч учраас хюгге амьдралын хэв маягийг бүрдүүлж болох кафе нээхээр шийдсэн. Гэхдээ би Horned Owl-оо кафе/ресторан гэхээс илүүтэй Food Symphony гэж нэрлэхийг илүүд үзээд байгаа. Хоол ундаар үйлчлэхийг урлаг болгохыг хичээнэ, хөгжим сонсохтой адил мэдрэмжийг өгнө гэсэн утгаар ингэж нэрлэсэн.

Хэрэглэгчид ер нь юу хүсээд байгаагаа өөрсдөө мэддэггүй талтай. Бизнес эрхлэгчид шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулахад үнэхээр гоё юм байна гээд хэрэглээ нь аяндаа бий болдог шүү дээ. Тийм болохоор хюгге хэв маягийг танилцуулъя мэдрүүлье, тэгвэл хүмүүс аяндаа хүсдэг болно гэж бодсон. Би бас энэ консептоо Indoor Wildness гэж нэрлэх дуртай. Хот дотор шал өөр, өвөрмөц ертөнцөд ороод амтат хоол идэхийг хүсвэл манайхыг зориорой.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Өөрийн компанийн хөрөнгөөр санхүүжилтээ шийдсэн. Ер нь санхүүгийн боломж гарвал заавал шинэ юм эхлүүлэх, шинэ санаа туршихыг эрмэлздэг.

Манайх IDART гэдэг интерьерийн компанитай хамтарч дотоод тохижилтоо хийсэн. Бид сэрээ, халбаганаас эхлээд бүх зүйлээ гараар хийсэн байгаа. Сандал гэхэд л өндөр, нам гэх мэтээр янз янз. Тийм болохоор цаг хугацаа, хөрөнгө мөнгө багагүй шаардсан шүү.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Хүн хоол унд хүртэхэд эхлээд үзэмжээс нь, дараа нь амтаас нь сэтгэл ханамж авдаг. Үүний өмнө бас тэр хүнд хэрхэн үйлчлэх вэ гэдэг юм бий. Энэ бүгдийг цогцоор нь шинэ хэв маягтай болгохыг хичээж Food Symphony гэж нэрлэсэн.

Манай онцлог давуу талууд гэвэл үйлчилгээ, тав тух гэж хэлнэ. Яахав амт чанарын хувьд бусдаас тэс өөр юм байхгүй ч бусад талаараа ялгарахыг хичээж байгаа.

Манай менюд монголчуудын идэж байгаагүй хоол, эсвэл идэж өссөн хэрнээ одоо тэр бүр идэхээ больчихсон, дурсамж сэдрээх зүйлс ч бий. Жишээ нь манай эмээгийн боорцог байна. Би багадаа боорцогны хүүхэд байлаа. Эмээ маань боорцог их хайрдаг, халуунаар нь иддэг байсан юм. Тийм болохоор халуун боорцог, өрөм, вареньтай боорцогны сет гаргасан. Варениа гэхэд л бид хөвсгөлийн жимсээр өөрсдөө хийдэг. Аль болох эко бөгөөд сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн гаргахыг хичээж байна.

Мөн Данийн хамгийн алдартай хоолны нэг smørrebrød байх жишээтэй. Нэг ёсондоо маслотой талх гэж болно. Даниуд үүнийгээ маш их иддэг. Бүр яг адилхан хийж арай чадахгүй байгаа ч манайд орж ирсэн дани хүмүүс үнэхээр гайхширч баярлаж байсан шүү.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Ямар ч байсан 2 жилдээ Horned Owl дээрээ төвлөрч, шинэ консептоо илүү олон хүнд таниулахад анхаарах болно. Шинэ брэнд бий болгоно гээд тун амаргүй шүү дээ. Анхнаасаа энэ салбарт байгаагүй болохоор сурах юм их бий. Түүний дараа магадгүй энэ консептоо барьсан, гэхдээ өөр нэртэй, өөр тохижилттой салбар нээж магадгүй. Иймэрхүү газар нээхэд том хэмжээтэй байх албагүй л дээ. Жижиг тусмаа зорилгод маань нийцнэ гэж боддог. Миний хувьд зүгээр сууж огт чаддаггүй болохоор өөр шинэ санаанууд гаргаад л явах байх.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Шинэлэг байдал, дэлгэрүүлэхийг хүсэж буй соёл маань манай гол үнэт зүйл. Мэдээж үйлчлүүлэгчид хамгийн түрүүнд тавигдана. Бас биднийг дэмждэг найз нөхөд, хамтрагчдаа дурдах ёстой болов уу.

Бид бүх юмыг л өөрөөр хийхийг хүсдэг. Жишээ нь нэрээ л ярья лдаа. Би өөрөө шар шувуунд их дуртай. Ухаалаг, зөн билэгтэй, хурц хараатай хүчирхэг амьтан. Бэлгэдэл ихтэй. Тийм болохоор шар шувууг эвэртэй болгож бүр хүчтэй амьтнаар бэлгэдсэн юм. Үүгээрээ ч бусдаас өвөрмөц, өөр байна гэдгээ, юм гэдэг яагаад заавал байгаагаараа байх ёстой гэж гэсэн асуултыг тавьсан хэрэг.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Манайд орж ирсэн үйлчлүүлэгчид тун сэтгэл хангалуун, хөөх ийм байдаг юм уу, ийм газар бас Монголд байдаг аа гэж гайхашрах үед маш урам, сэтгэл ханамжтай байдаг.

Гэхдээ бид одоо л дөнгөж эхэлж байна. Үйлчилгээний салбар амар байдаггүй юм байна. Нарийн деталь ажлууд ихтэй. Хамгийн гол сорилт бол хүний нөөц байдаг. Үйлчилгээндээ мэргэжлийн ажилтнууд авдаг ч би ер нь хүмүүсээс илүү ихийг хүсээд байдаг талтай. Хүний нөөц маань маш сайн байж л миний хүсээд байгаа бүх үйлчилгээ цогцоороо сайхан бий болно шүү дээ. Гэхдээ би бэрхшээл яриад суух дургүй хүн. Боломжоо л хүн илүү харах хэрэгтэй.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Одоо шинэ жилийн захиалгууд орж ирж байгаа. Харьцангуй цөөхүүлээ шинэ жил тэмдэглэх газрууд бас олдоц тааруу байдаг даа. Бид шинэ жилийг шинэлэг хийхээр өвлийн өвгөн, цасан охины оронд шинэ баатрууд гаргаж ирж байгаа. Ер нь төсөөлөөгүй зүйлс, сюрпризүүд нэлээд бий шүү.

Мөн манайд өглөөгүүр бизнес уулзалтууд нэлээд зохион байгуулагддаг болсон. Долоо хоногийн нэг өдөр тогтмол өглөө 7 цагаас хурлаа хийж байгаа банк ч байгаа. Иймэрхүү шинэлэг орчинд уулзалт хийх нь хүмүүст таалагддаг юм билээ. Бас долоо хоногийн нэг өдөр киноны санал авч үзүүлж байна.

ТАНАЙ АЛЬ БҮТЭЭГДЭХҮҮН ХАМГИЙН ИХ ЭРЭЛТТЭЙ БАЙДАГ ВЭ?

Манайд төрөл бүрийн л хүмүүс орж ирдэг. Бизнес эрхлэгчид, залуу уран бүтээлчид түлхүү орж ирдгийг анзаарсан. Оройдоо нэлээд бүүдгэр болдог учраас болзоо их болно. Бид тусдаа суухыг хүссэн хүмүүст хөшиг татаад өгчихдөг юм. Ер нь хүмүүс буланд шигдээд тайван суух дуртай юм шиг санагдсан.

Бүтээгдэхүүний хувьд Psycho Owl нэртэй наадмын дугуй хуушуур маань эрэлт ихтэй. Гоё амттай, чанартай ийм хуушуурыг идэх газар ховор болохоор тэр байх. Пиззануудад маань бас их ам сайтай. Мөн түрүүнд дурдсан эмээгийн боорцог маань, сүүтэй цай маань уйлуулна ш дээ (инээв).

Гэрэл зургийг Х.Хантүшиг

104678   7


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.