Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   11 сарын 26, 2017

7 хоногийн тойм: 100 тэрбумын хөрөнгөтөн + 5 тэрбумын борлуулалт + 8000 долларын биткойн

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм 100 тэрбум долларын хөрөнгөтэй

Дэлхий дахинд

Египтийн хойд хэсгийн Синай мужийн лалын сүмд террорист халдлага болж, дор хаяж 300 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг тохиолоо. Баасан гарагийн уламжлалт мөргөлөө үйлдэж байхад хэд хэдэн удаагийн дэлбэрэлт болж, мөн зэвсэгт этгээдүүд муслим шашинтнууд руугаа гал нээснийг олон нийт ихэд жихүүцэн хүлээн авч байна. Тус улсын орчин цагийн түүхэн дэх хамгийн их хүн амиа алдсанд тооцогдох энэ хэргийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байгаа ч мэргэжилтнүүд Исламын улс бүлэглэлтэй холбоотой этгээдүүд үйлдсэн хэмээн үзэж байгаа. Египтийн ерөнхийлөгч Абдел Сиси гурван хоногийн гашуудал зарлаж, гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэхгүй хэмээн мэдэгджээ.

CNN: Египтийн халдлагын талаар бидний мэдэх бүх зүйлс

Индонезийн Бали аралд орших Агунг галт уул идэвхжиж, онц аюултай нөхцөл байдлыг үүсгээд байна. Өнгөрсөн 9-р сард галт уул мөн идэвхжиж, 145 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн ч удалгүй намжиж, хэвийн байдалдаа ороод байсан Агунг уулын орчимд асар их үнс цацагдаж, 4000 метр өндөрт агаар мандлыг бүрхээд байна. Үүний улмаас олон улсын нислэгүүд хойшлогдож, олон мянган хүн аяллаа цуцалсаар байгаа ажээ. Хамгийн сүүлд 1961 онд уг галт уул дэлбэрч, 1100 хүн өртөн амь насаа алдаж байв.

Зимбабве улс 37 жилийн дараа шинэ лидертэй боллоо. 93 настай Роберт Мугабе цэргийнхэн төв телевизийг хяналтандаа аван түүнийг гэрийн хорионд оруулснаас долоо хоногийн дараа өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн нь энэ юм. Олон нийт төв талбайдаа гарч, баярлалдан цэнгэж, шинэ үеийг итгэл төгс хүлээн авч байна. Экс дэд ерөнхийлөгч Эмерсон Мнангава эрх баригч намын хурлын дараа Зимбабве улсын түүхэн дэх 2 дахь ерөнхийлөгчөөр томилогдон, Харарегийн үндэсний цэнгэлдэхэд 60 мянган хүний өмнө тангаргаа өргөжээ. 75 настай Мнангава сүүлийн 40 орчим жил засгийн газарт ажиллаж байгаа бөгөөд Мугабегийн залгамжлагчаар сонгогдох хамгийн магадлалтай эрхэмд тооцогдож байсан билээ.

Индонези улсад нийт 120 идэвхтэй галт уул байдаг гэх тооцоо бий.

Дээд амжилт тогтоосон "Хар баасан гараг"

Онлайн худалдааны хамгийн оргил үед тооцогдох "Хар Баасан гараг" болон "Талархлын баярын пүрэв гараг"-ууд өнгөрч буй долоо хоногт тохиолоо. Америк даяар баярын өдөр тохиож, хэрэглэгчид өөртөө болон бусдад зориулан худалдан авалт ихээр хийдэг энэ үеэр олон брэнд, компаниуд томоохон хямдрал зарладаг уламжлалтай. Энэ жилийн тухайд баасан гарагт нийт 5,03 тэрбум долларын борлуулалт хийгдэж, энэ өдрийн түүхэн дэх дээд амжилтыг эвджээ. Өмнөх өдөр нь буюу пүрэв гарагт нийт 2,87 тэрбум долларын худалдан авалт хийгдсэн нь мөн л рекорд эвдсэн хэрэг болсон юм.

Adobe-ийн гаргасан тайланд дурдснаар нэг хэрэглэгчийн худалдан авалтын дундаж үнэ 135 доллар байсан бөгөөд 36,9 хувь нь гар утаснаас хийгджээ. Мөн хамгийн том 100 онлайн платформуудад нэвтэрсэн нийт хандалтын 55 хувь нь гар утаснаас хийгдсэн нь хэрэглэгчдийн зан төлөв ихээхэн өөрчлөгдөж байгааг харуулж байгаа гэсэн үг.

Энэ жилийн хамгийн эрэлттэй бараанууд нь Chromecast болон Roku байсан бөгөөд уламжлал ёсоор ухаалаг төхөрөөмжүүд жагсаалтыг тэргүүллээ. Тэрчлэн Sony Playstation VR, Apple-ийн AirPods, Nintendo Switch болон Xbox One X зэрэг бараанууд хамгийн ихээр зарагджээ.

Сонирхуулахад, Хятадад ганц биечүүдйин өдөр тохиосон 11-р сарын 11-нд Алибаба дангаараа 25 тэрбум долларын борлуулалтыг хийж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон билээ.

Techcrunch: Black Friday-ээр 5 тэрбум долларын борлуулалт хийгдэв
The Verge: Black Friday-ийн хамгийн сайн 24 санал

Black Friday удахгүй Cyber Monday-ээр үргэлжилнэ!

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Өнгөрсөн жилтэй харьцуулахад 18 хувийн өсөлт үзүүлсэн "Хар Баасан гараг"-ийн борлуулалтын дараа Амазоны үүсгэн байгуулагч Жефф Бэйзосийн хөрөнгийн хэмжээ 100 тэрбумыг давлаа. Bloomberg-ийн тооцоолсноор түүний хөрөнгө зөвхөн энэ жил л гэхэд 32,6 тэрбум доллараар нэмэгдсэн гэнэ. Өмнө нь 1999 онд Билл Гэйтс л ийм амжилтыг богинохон хугацаанд үзүүлж байсан аж.

Bloomberg: Жэфф Бэйзосын хөрөнгө 100 тэрбумыг давлаа

Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй захирлуудын нэг Мег Витман 2018 оны 2-р сард Hewlett Packard Enterprise-ийн CEO-ийн албан тушаалаа хүлээлгэн өгөх болсноо зарлалаа. The Walt Disney, P&G, Hasbro-д удирдах албан тушаал хашиж байсан тэрээр 1998-2008 оны хооронд eBay-г тэргүүлж, 30 ажилтан, 4 сая долларын борлуулалттай стартапыг 15 мянган ажилтан, 8 тэрбум долларын жилийн борлуулалттай онлайн зах зээлийн гигант болгон өргөжүүлснээрээ нэрд гарсан нэгэн. HP-ийн захирлаар 2011 оноос хойш ажиллаж буй түүний халааг компанийн ерөнхийлөгч Антонио Нери авах болно. Өнгөрсөн сард Uber-ийн CEO-ийн албан тушаалд өрсөлдөж, ярилцлаганд орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн Витман компанийн удирдах зөвлөлд суудлаа хадгалан үлдэх ажээ.

Элон Маск болон түүний тэргүүлж буй Тесла компани дэлхийн хамгийн том литиум баттерейн үйлдвэрийг Өмнөд Австралид 100 өдрийн дотор байгуулж чадлаа. Өнгөрсөн 7-р сард дэлхий даяар нээлттэй зарлагдаж, 91 компани өрсөлдсөн тендерт ялалт байгуулж, 100 өдрийн дотор хийж чадахгүй бол мөнгөө буцааж аваарай хэмээн мэдэгдэж байсан тэрээр хэлсэн амандаа хүрснийг Австралийн засгийн газар онцлон мэдэгдсэн байна. Энэ үйлдвэр нь сүүлийн үед ихээр тасалдаж, 1,7 сая иргэдэд хүндрэл учруулаад буй Өмнөд Австралийн эрчим хүчний хямралыг шийдэх учиртай юм.

50 жилийн түүхтэй алдарт сэтгүүл Rolling Stones-ийг Сингапурын 29 настай залуу худалдан авахыг хүсэж байна. Дэлхийн хамгийн том далдуу модны самрын тос үйлдвэрлэгч Wilmar-ийн үүсгэн байгуулагчийн хүү Куок Мен Ру өнгөрсөн жил тус сэтгүүлийн 49 хувийг худалдан авсан бөгөөд үүгээр дамжуулан дэлхийн хэмжээний хөгжмийн бизнесээ улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Сэтгүүлийг үүсгэн байгуулагч Ян Веннер 2 сарын өмнөөс өөрт буй 51 хувиа зарахад бэлэн байгаагаа мэдэгдсэний дараа хэд хэдэн боломжит худалдан авагчид тэдэнд хандаад байгаа гэнэ. Мен Ру өдгөө өөрийн үүсгэн байгуулсан, 2 сая хөгжимчдийг нэгтгэсэн сошиал платформ BandLab-ээ удирдаж байгаа юм.

Маскийн амлалтандаа хүрсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээв

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Энэ долоо хоногт цахим мөнгөн тэмдэгт Биткойны ханш 8000 долларыг анх удаа давлаа. 11-р сарын 2-нд 7000 долларын үнэлгээг давсан Биткойн 11-р сарын 17-нд 5500 доллар болтлоо унасан ч эргэн сэргэж байгаа нь энэ. Бямба гарагийн үдээс өмнө гэхэд Биткойн 8600 долларт хүрсэн нь дээд амжилт болжээ. Үүнд Япон, БНСУ-ын зах зээл дээрээс сонсогдсон эерэг мэдээ ихээхэн нөлөөлсөн байх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

CCN: Биткойн 8000 хүрсэн 3 шалтгаан

Такси дуудлагын үйлчилгээний зах зээлд Uber-ийн хамгийн гол өрсөлдөгчдийн нэг болоод буй Lyft өнгөрсөн сард Google-ийн толгой компани Alphabet-ээс босгосон 1 тэрбум доллар дээрээ нэмж 500 сая доллар татахаар зэхэж байгаа гэнэ. Зөвхөн энэ жил 100 шинэ хотод үйл ажиллагаагаа эхлүүлсэн Lyft энэ жилдээ багтаан анх удаа гадаадын зах зээлд буюу Канадад үйлчилгээгээ нэвтрүүлж байгаа юм. Ингэснээр тэдний зах зээлийн үнэлгээ 11,5 тэрбум доллартай тэнцэж байгаа ажээ.

BI: Lyft хэрхэн Uber-ийг давж гарахаар төлөвлөж байна вэ?

Apple 2005 онд үүсгэн байгуулагдсан, Канадын стартад Vrvana-г 30 сая доллараар худалдан авлаа. Vrvana нь AR болон VR технологийн хослуулан нэг дор ашиглах боломжтой төхөөрөмж болох Totem-ийг хөгжүүлэгч. Хэдийгээр шүүмжлэгчдээс ихээхэн өндөр үнэлгээ авсан ч Totem одоог хүртэл худалдаанд гараагүй л байсан юм. 2020 он гэхэд өөрсдийн нэрийн AR төхөөрөмжүүдээ худалдаанд гаргах зорилготой ажиллаж буй Apple энэ технологид ихээхэн найдлага тавьж байгаа билээ.

Хятадын зах зээлд хэвийн ажиллагаатай үлдсэн цөөхөн сошиал апп-уудын нэг Skype-ийн ирээдүй улам бүрхэг болсоор. Өнгөрч буй долоо хоногт Apple Store-оос Skype-ийн апп устгагдсан бөгөөд хэрэглэгч шинээр татах боломжгүй болсон гэсэн үг юм. Хэдий одоогоор өмнөх хэрэглэгчид апп-ийг ашиглаж болж байгаа ч хэдий хүртэл энэ нь нээлттэй байх нь тодорхойгүй хэвээр л байна.

Биткойны өсөлт хэд хүртэл үргэлжлэх бол?

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Pixar-ийг үүсгэн байгуулагчдын нэг Жон Лассетер эмэгтэй ажилчидтайгаа зүй бусаар харьцаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаатай чөлөө авч байгаагаа зарлалаа. Pixar-ийн эхэн үеийн гол бүтээлүүд болох Toy Story, A Bug's Life, Cars-ийг найруулж, компанийн сэргэн мандалтын гол түлхүүр тархинуудын нэг байсан тэрээр хэд хэдэн удаагийн уулзалтын эцэст, "өөрийн бурууг ухамсарлаж" энэхүү шийдвэрээ гаргаж байгаагаа ажилчдадаа илгээсэн захидалдаа дурджээ. Мөн тэрээр "хэзээ ч санаатай ийм үйлдэл гаргаагүй", "буруу ойлгуулсан үйлдэл бүрдээ хүлцэл өчиж" байгаагаа онцолсон байна. Тэрээр эмэгтэй ажилчдаа "тэврэх, үнсэх, биеийн галбирт нь сэтгэгдэл хэлэх" зэрэг үйлдэл тогтмол гаргадаг байсан бөгөөд эмэгтэй найруулагчдаасаа ихийг хүсэх, илүүг шаардах хандлага ажиглагдаж байсныг эх сурвалжууд онцолжээ. Pixar болон Walt Disney Animation-ий бүтээлч албыг тэргүүлж буй түүний энэ шийдвэр 2017 оны гол кинод нь тооцогдож буй Coco-ийн нээлттэй зэрэгцсэнээрээ мөн олны анхаарлыг татаж байна.

The Verge: Жон Лассетерийн асуудлын эргэн тойронд

Тэйлор Свифтийн бие даасан 4 дэх цомог Reputation худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1,2 сая ширхэг борлуулагдаж, улмаар 2017 оны хамгийн их зарагдсан цомог боллоо. Түүний 4 дэх цомог дебют долоо хоногтоо 1 саяас дээш борлуулагдсан нь 3 удаа ийм амжилт үзүүлж байсан Аделийг давж, түүхэн дэх дээд амжилт болж байгаа юм. Үүнээс гадна Reputation 2015 онд Аделийн 25 цомог 3 сая илүү хувь борлогдсноос хойшхи хамгийн өндөр амжилт үзүүлсэн цомог болжээ.

USA Today: Reputation цомог хэрхэн 2017 оны хамгийн борлуулалттай цомог болов?

Pokemon Go тоглоомоороо дэлхийг шууруулсан Niantic 200 сая долларын шинэ хөрөнгө оруулалтыг татлаа. Энэ нь ирэх жил нээлтээ хийхээр төлөвлөж буй Harry Potter: Wizards Unite тоглоомтой нь шууд холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Warner Bros-той хамтран гаргах AR технологид суурилсан энэхүү тоглоом нь Покемон, Супер Мариогийн үзүүлсэн амжилтыг үргэлжлүүлэх учиртай хэмээн бүтээгчид нь найдаж байгаа юм.

Өнгөрсөн зун HBO-ийн системд нэвтэрч, хүлээлт дүүрэн байсан Game of Thrones тэргүүтэй хэд хэдэн киноны цацагдаагүй ангиудыг хакердсан этгээдийг илрүүлсэн гэдгээ АНУ-ын хууль сахиулагчид мэдэгдлээ. Тэд Ираны иргэн Безад Месриг HBO-ийн сүлжээг хакердаж, улмаар 6 сая долларын өртөг бүхий биткойныг нэхэмжилсэн хэрэгт буруутгаж байгаа ажээ.

Жон Лассетерийн шийдвэр энтертэйнмент ертөнцийг цочроов

Алдалгүй унших арван мэдээ

DW: Канадын ерөнхий сайд Ж.Трудо уугуул иргэдээс уучлал хүсэв
Guardian: Мексик хамгийн том далайн хамгаалалттай бүсийг үүсгэв
Bloomberg: Мицубиши худлаа мэдээлэл өгдөг байсан нь илэрлээ
CNN: Мьянмарын хямралын эргэн тойронд
BBC: Непалын ард түмэн саналаа өгч байна
Techcrunch: Snapchat-ийг аврах гарц AR сурталчилгаа мөн үү?
Sportlife: 3х3 сагсан бөмбөгийн баг 10-р сарын шилдгээр тодорлоо
Unuudur: У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогдлоо
Japan Times: Хакухо 40 дэх түрүүгээ хүртэв
NYTimes: Ж.Кушнерын доройтол

11565   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.