Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   11 сарын 25, 2017

Номын тойм: Харри Поттер ба түүний хэзээ ч үл төгсөх аялал

Үе үеийн хүүхэд, залуусын хамгийн дуртай баатруудын нэг залуу шидтэн Харри Поттерийн түүх эхлээд аль хэдийнэ 20 жил ой өнгөрчээ. Уг түүхийг бүтээгч Ж.Роулинг 12 хэвлэлийн компаниас татгалзсан хариу авсны эцэст "Философийн чулуу" нэртэй эхний дэвтрээ ердөө 500 хувь хэвлүүлсэн нь дэлхийн уран зохиолын түүхэнд тодоор бичигдэх агуу аяллын эхлэл болсон юм. 7 цуврал нь дэлхий дахинд 500 сая гаруй хувь борлогдон рекорд тогтоож, 89 орны хэлээр орчуулагдсан "Харри Поттер" брэнд 25 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд одоог хүртэл цар хүрээгээ тэлсээр байгаад нь гайхах зүйлгүй юм. 20-р зууны сүүл, 21-р зууны эхэн үеийн утга зохиолын ертөнцөд "хувьсгал" хийж, үе үеийнхнийг байлдан дагуулсаар буй шидтэн хүүгийн түүхийн эхний хоёр дэвтрийг "Монсудар" компаниас албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ эрхлэн гаргаж байгаа сайхан мэдээг та бүхэнд дуулгаж байгаадаа таатай байна.

2 жилийн өмнө Осака хотын Universal Studios Japan-д нээгдээд удаагүй байсан Хогвартсын паркаар зочлохоор хоёр цаг гаруй оочерлох үедээ би өөрийгөө Харри Поттерын ямар том фен байснаа ойлгосон юм. Халуун нар шарж, хамаг тэвчээр барсан хэр нь л үргэлж зочлохын хүсдэг байсан тэр газраа бодитоор мэдрэхийн тулд ядарснаа үл тоон хүлээж зогссон минь саяхан. Ядаж байхад өмнөхөн нь хэрээ мэдэхгүй баахан "галзуу хулгана"-аар давхиад, дотор сайнгүй байсан ч өмнө минь бахдалтайгаар сүндэрлэх тэр шилтгээнийг сэтгэл догдлон ажиглан зогсож байлаа. Бүх зүйлс нь нэг л дотно, хуучны танил шиг, хэзээ нэгэн цагт зочилж байсан ч юм шиг сэтгэгдэл төрж байсан сан.

Хамгийн анх Харритай би киногоор нь танилцаж байлаа. Томдсон хувцастай, аядуу даруухан Харри хүүгийн түүх бол мөрөөдлийн гэмээр төсөөллүүд, бадрангуй хэрнээ адармаатай адал явдлууд, сэтгэл догдлуулсан мөчүүд, гунигт автуулсан дүрслэлүүдээр дүүрэн. Дараа нь видео тоглоомонд нь хэсэгтээ л донтож, баахан цагийг компьютерийнхоо өмнө өнгөрүүлж байлаа. Тоглоомыг нь зүгээр ч нэг дуусгаад зогсохгүй, очиж болох, хүрч болох бүх л газруудаар нь тэнэж, гарч ирсэн бүх түүхийг нь шимтэн сонирхож, цуглуулах боломжтой бүхнийг нь өөрийн болгохоор ихэд хичээдэг байв. Хөлбөмбөгөөс өөр ямар ч тоглоом миний сонирхлыг тэгж их татаж байгаагүй байх. Хязгаар гэж байхгүй мэт Хогвартс доторх аялал, гүйцээж үл барах мэт шидтэний ертөнцийн нууцлаг түүх, дээрээс нь Харри болон түүний нөхдийн адал явдал намайг ийн уядаг байсан биз. Тэгээд л интернетийн эхэнд үед хүн бүрийн цугладаг асан "Асуулт" форумд цувралаар тавигддаг монгол орчуулгыг нь хадгалж аваад, аминчлан уншиж байснаа саналаа. Сүүлд хүртэл файлаараа компьютерт минь хадгалагдаж байлаа.

Харри Поттертой учирсан хүн бүр түүний ертөнцийн нэгэн хэсэг болохыг мөрөөддөг байсан гэдэгт би эргэлздэггүй. Өөрийгөө аль тэнхимд хуваарилагдах байсан талаар төсөөлж байгаагүй уншигч-үзэгч лав байхгүй байх. Бараг бүгдээрээ л Гриффиндорт элсэхийг хүсэж, зарим нэгнийгээ Слитернд л таарна даа гэж боддог байсан биз. Ядаж зүүдэндээ ч атугай сэтгэл татам чимэглэлүүд, сүр хүч дүүрэн хоолны танхимд нь нэг ч удаа гэсэн ороод үзчихийг, ярьдаг-хөдөлдөг-амьдардаг уран зургийн баатруудтай нь учрахыг, байраа байн байн сольж сандаргадаг шатаар нь авирахыг хүсдэг л байсан байх. Би ч тийм л уншигчдын нэг. Шидэт үгсийг нь хэлж үзээд яах нь уу гэж харж байсан удаа ч бараг байж мэднэ.

Энэ нийтлэлээ бичиж, төлөвлөж суухдаа яагаад, ямар шалтгаанаар энэ зохиолыг уншаарай гэж санал болгох вэ гэж хэсэг бодлогошров. Нэлээн хэдэн жилийн дараа классик зохиолын жагсаалтанд багтах нь гарцаагүй энэ зохиол нэлээн түвэгтэй түүхийг дэндүү энгийнээр өгүүлнэ. Бас ямар ч насныхан уншиж болно. Хааяа жаахан хүүхдийн үлгэр мэт атлаа заримдаа айлгаж, цочоом өрнөлүүд ч тааралдана. Бүтэлгүй хайрын түүх, нүдний нулимс цийлэгнүүлэм харамсалт үйл явдлууд, уур уцаар хүргэм зарим нэгний үйлдлүүд, улам бүр гүн рүү нь шигдээмээр нууцууд энд бүгд бий. Бүх үйл явдлуудын өрнөл, учир шалтгаан, бас холбоос нь үнэндээ л ангайлгамаар. "Азкабаны хоригдол"-ын төгсгөлийн хэсгийг үзээд, холбоосыг нь ойлгоод яаж ингэж бодож, бичсэнийг нь хэсэг хугацаанд гайхсан сан. Сурагчдын амралт ч таарсан байсан, таарсан бараг хүн бүртээ л ярьж явсан байх.

Зөвхөн өрнөлөөс гадна дүрүүдийн хөгжил энэ зохиолын гол чимэг байх. Роны цайлган сэтгэл, цагаа олоогүй элэглэлүүд, Хэрмионигийн хичээнгүй чанар, хааяа хэтрүүлчихэв үү гэмээр идэвх нь бүгд бидэнд ямар нэг зүйлийг ойлгуулна. Жилээс жилд, ангиас анги ахих тусам дүрүүд нь дэндүү бодитоор өсөж хөгжих нь гайхалтай. Харригийн найзуудын гэнэн, томоогүй хөгжилдөөн яаж ч бухимдсан, стрессдсэн үед таныг сэргээх ч тэдний хэрхэн томоожиж, эрийн цээнд хүрч байгааг нь анзаарах танд өөр, огт өөр мэдрэмж өгөх нь гарцаагүй. Цаг үеэ дагаад, эргэн тойронд өрнөх үйл явдлууд хувь хүмүүст хэрхэн нөлөөлдгийг хамгийн ойлгомжтойгоор зааж буй мэт.

Орхиж явмааргүй найзууд. Дуусгаж хаамааргүй дурсамжууд. Өнгөрсөн үлдээмээргүй мөчүүд.

Хэзээ ч хуучрашгүй. Хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. Хэзээ ч гайхашруулж дуусахгүй.

"Улаан төгөлийн гудамжны дөрвөн тоотод оршин суудаг Дарслигийнхан "Манай бүх юм өөгүй хэвийн, танд баярлалаа" гэж бахдалтайгаар хэлэх дуртай хүмүүс байлаа. Тэд ямар нэг ер бусын, нууцлаг явдалд хутгалдана гэж бодсоны ч хэрэггүй, тийм хөгийн юмыг яагаад ч тэвчихгүй" гэж эхлэх энэ цувралын эхний дэвтрийн эхний мөрийг уншаад яагаад ч юм гуниг төрөв. "Харри Поттер ба Философийн чулуу" гэсэн товойсон хэвлэлт, өнгөлөг-зурмал хавтас бүхий будаг нь ханхалсан монгол хувилбарыг гартаа бариад цаг хугацаа ямар хурдан өнгөрснийг мэдэрсэндээ тэр.

Би бол Харри Поттертой, түүний түүхтэй, түүний ертөнцтэй хамт өссөн, хүүхэд насаа өнгөрөөсөн үеийн төлөөлөл. Нөхөрлөлийн тухай, эр зоригийн тухай, сэтгэл хөөрлийн тухай хамгийн тодорхой бас сонирхолтой хичээлийг чухам түүнээс олж авсан ч байж мэднэ. Харри Поттер хэмээх шидтэн хүүгийн түүхээс урам зориг авч, өмнөөс нь айж, бухимдаж, бас баясан догдолдог олон залуусын нэг. Харри Поттер анги дэвшиж, адал явдал нь улам бүр адармаатай болохын хэрээр би өөрөө ч илүү ухаан сууж, ганц нэг нарийн ширийн зүйлсийг нь анзаардаг болсон байх. Тиймдээ ч Харри Поттер монгол хэл дээр албан ёсоор орчуулагдаж, хэвлэгдэн гарч байгааг дуулаад ихэд баярласан хэрэг. Илүү олон хүнд, дараагийн үеийн дүү нарт, унших боломж олдоогүй олон залууст Харри Поттерийн түүх эергээр нөлөөлнө гэдэгт үл эргэлзэнэ.

Харри Поттерийн түүхээс одоог хүртэл дэлхийн залуус суралцсаар, улам илүүг, улам онцгойг, илүү сонирхолтойг, илүү адармаатайг олж нээсээр л...

ХУДАЛДАЖ АВАХ

Нэгдүгээр дэвтэр: "Харри Поттер ба Философийн чулуу"
Хоёрдугаар дэвтэр: "Харри Поттер ба Нууцат өрөө"

46197   5


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.