Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 24, 2017

Технологийн ертөнцийнхөн уулзах цэг буюу Web Summit-аас хийсэн тэмдэглэл

Unread бизнес, технологи, хувь хүний хөгжлийн чиглэлээр дэлхийд хамгийн томд тооцогдох арга хэмжээнүүд, эвентүүдээс тогтмол сурвалжлага бэлтгэн уншигчдадаа хүргэдэг уламжлалтай. Тэгвэл бид энэ удаад стартап орчны хамгийн том цугларалтуудын нэг Web Summit-ийг онцолж байна. Web Summit нь 2009 оноос жил бүр зохион байгуулагдах болсон Европд төдийгүй дэлхийд хамгийн томд тооцогдож буй ирээдүйд чиглэсэн технологийн конференц юм. Анх хөрөнгө оруулагчид, стартапууд, хөгжүүлэгчид, шийдвэр гаргагчдыг холбох зорилгоор Ирландын Дублин хотоос гараагаа эхэлсэн энэхүү арга хэмжээ нь энэ жил Португалийн нийслэл Лисбонд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд оролцсон цорын ганц монгол оролцогч Ч.Цэрэнтогтохын тэмдэглэлийг хүлээн авч уншина уу.

Өглөө "Web Summit"-ын оролцогчид бүртгүүлэх гэж хүлээж байгаа нь

ЭХЛЭЛ

Онгоц онгоцоороо газардах оролцогчид нисэх дээр буумагцаа бүртгэлээ хийлгэн үйл ажиллагаандаа оролцоход бэлэн болно. Утсан дээрх апп, энгэртээ зүүсэн QR код нь өөртөө тохирсон хөтөлбөр гаргах, хүмүүстэй танилцах, холбоо тогтоохыг тун амархан болгож байв. 60 мянга орчим оролцогч, 2000 гаруй стартап, 1200 илтгэгч, 2600 сэтгүүлч, дэлхийн шилдэг технологийн компаниудын удирдах ажилтнуудыг цуглуулж чадсан нүсэр үйл ажиллагааны ард ердөө 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж бүхнийг нарийн сайн зохион байгуулах аж. Олон улсын сайн дурын ажилтнуудаас (оюутнууд) бүрдсэн хүчирхэг баг арын албаны хамаг л аар саар ажлыг нугалж буй харагдав.Бүтэн 3 өдрийн турш томоохон их сургуулийн кампустай дүйцэхүйц орчинд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн стартапууд, олны танил компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулахтай зэрэгцэн илтгэл, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, семинар, бизнес уулзалтууд, менторшип хөтөлбөрүүд хаа сайгүй зэрэг өрнөнө.

Web Summit дээрх оролцогчид

Кампуст BMW компани өөрсдийн цахилгаан машинаа турших гэж буй нь

Цэгцтэй бөгөөд эмх замбараагүй, залуу, эрч хүчтэй, инээмсэглэл, хүсэл тэмүүлэл, хөгжим, хэмнэл, сониуч, эелдэг байдал, кофе, дарс, өнгөлөг, шуугиан, англи хэл, урт дарааллууд, цагдаа, хамгаалалт, цэнхэр пудволктой сайн дурынхан, энд тэндгүй байх хүмүүс... Кампус доторх уур амьсгалыг иймэрхүү үгсээр илэрхийлж болохоор байв. Танилцуулгыг үүгээр өндөрлөөд өөрийн оролцсон салбар хэлэлцүүлгүүд, сонирхсон сэдвүүдээсээ дараах хоёрыг сонгон хуваалцъя.

ХИЙМЭЛ ОЮУН

Энэ жилийн Web Summit-ийн хамгийн халуун сэдэв яах аргагүй хиймэл оюун ухаан байв. Өдгөө амжилттай яваа салбарууд болон компаниуд дунд хиймэл оюун ухааныг ямар нэг байдлаар ашигладаггүй газар гэж үгүй болсон илэрхий харагдана. Жишээ нь Booking.com-ийн CEO Жиллиан Танс хиймэл оюуныг зочид буудал захиалахад, мөн олон хэл дээр орчуулга хийхэд ашигладаг бөгөөд ирээдүйд аяллын төлөвлөгч болгон нэвтрүүлэх тухайгаа хуваалцав. Үзэсгэлэнд IBM Watson-оо, Amazon Alexa-гаа, харин Google өөрийн Assistant-ийг танилцуулан оролцогчдод туршиж үзэх боломжийг ч олгож байв. Их хэмжээний дата дээр ажилладаг салбар бүрт хиймэл оюуны гүйцэтгэх үүрэг их болж байна. Жишээ нь санхүүгийн салбарт хиймэл оюуныг гэмт хэргээс сэргийлэх, хөрөнгийг ухаалгаар удирдах зэрэгт, харин эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмийн нээлт, өвчтөнд зөвхөн өөрт нь тохирсон эмчилгээ хийх зэрэгт өргөн хэрэглэж байна. Авто машин үйлдвэрлэгчид хиймэл оюунаар автомат жолоодлоготой машин хийж, харин үйлдвэрлэлийн салбарт ухаалаг роботууд хүмүүсийн хийдэг ажлыг орлон ажиллаж байгаа ажээ.

IBM компанийн үзэсгэлэнгийн VR хэсэг

Алдарт физикч Стефен Хокин нээлтэн дээр хэлсэн үгэндээ өдгөө биологийн тархи болон компьютерийн хийж чадах зүйлсэд бодит ялгаа үгүй болж байгааг дурдан, хиймэл оюун нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн сайн эсвэл хамгийн харамсмаар нээлт ч байж болно, аль нь байх нь одоогийн эрдэмтэд, хөгжүүлэгчид, судлаачдын хамтын ажиллагаа, судалгаа, эрсдэлийн тооцоолол, төлөвлөлтөөс хамаарна гэдгийг сануулсан юм. Хүний тархи хиймэл оюунтай хосолсон үед хийж болох зүйлсийг таамаглан хэлэх аргагүй ч магадгүй бидэнд тулгамдаад буй хамгийн том асуудлууд болох цаг уурын дулаарал, ядуурал, аймшигт өвчнүүдийг үгүй болгох боломжтой ч байж болно хэмээн тэр үзэж байв.

Стефен Хокингийн видео илтгэлийн үеэр

Хэд хоногийн өмнө Саудын Арабын иргэн болсон Hanson Robotics компанийн Софиа болон түүний хамсаатан Эйнштейн зэрэг роботууд Web Summit дээр ирж биднийг бас баярлуулав. Асуултанд торохгүй сайн хариулахын зэрэгцээ инээх, гайхах, жигших зэрэг сэтгэл хөдлөлүүдийг ч дууриан хийж буйг харахад хүн роботыг ялгах аргагүй цаг ойрхон ирж дээ хэмээн бодогдоно.

Софиа, Эйнштэйн хоёр "Web Summit"-ын тайзнаа

MONEY CONFERENCE

Финтек, блокчайн, биткойн нь сүүлийн үед бараг хүн бүрийн амны уншлага болсон мэт. Сүүлийн нэг жилийн дотор үнэ нь огцом өссөн крипто мөнгөн тэмдэгт хүмүүсийн анхаарлыг өөртөө татах нь аргагүй.Бүтэн өдрийн турш болж өнгөрсөн мөнгөний конференс дээр Европын банкуудын холбооны ерөнхийлөгч Фредерик Оудеа, Ethereum-ийн үүсгэн байгуулагчдын нэг Жозеф Лубинаас эхлээд уламжлалт банкууд болон финтек компаниудын төлөөлөгчид нэг дор цуглаж банкны салбарын ирээдүй, санхүүгийн үйлчилгээний хүртээмжтэй байдал, мэдээллийн ардчилал, эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвүүдээр ярилцлаа. Тэдний гол санаануудыг өөрийн сэтгэгдэлтэй хавсран хүргэвэл:

Ethereum-ийн үүсгэн байгуулагчдын нэг Жозеф Лубин

1. Өдийг хүртэл уламжлалт банкууд финтек компаниудыг өөрсдийн өрсөлдөгч гэж хардаг байсан ч энэхүү хандлага өөрчлөгдөж харилцан ашигтай хамтрах чиглэлрүү орсныг илтгэгчид хэлж байлаа.

2. Олон тооны хэрэглэгчид, тэдний талаарх их хэмжээний мэдээлэл, урт хугацааны турш бий болгож ирсэн дотно харилцаа, итгэлцэл, хөрөнгийн нөөц болон хууль эрх зүйн орчны талаарх өргөн мэдлэг нь уламжлалт банкуудын давуу тал болж байна. Тэд энэхүү давуу талаа ашиглан хадгаламж, хөрөнгийн удирдлага дээр төвлөрөх нь чухал хэмээн Европын холбооны банкуудын зөвлөлийн тэргүүн үзэж байв. Харин нэвтрэх саад харьцангуй бага (capital requitement, regulation barrier) төлбөр тооцоо, олон улсын гуйвуулга зэрэг салбарт финтекүүд илүү оновчтой, хурдтай, уян хатан, хямд, мэдрэмжтэй бүтээгдэхүүн санал болгосоор байгаа аж.

3. Starling, Revolut тэргүүтэй UK финтек компаниуд миний төдийгүй олон хүмүүсийн сонирхлыг татав. Эдгээр шинэ банкууд нь зөвхөн онлайнаар банкны үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог бөгөөд технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн цөөхөн хүмүүсийг ажиллуулдаг байна. Ганц апп ашиглан уламжлалт банкны ихэнх үйлчилгээг хүргээд зогсохгүй хиймэл оюун дээр суурилан хэрэглэгчийн зарцуулалтын мэдээллийг хэрэглээний ангилал, байршил, цаг, ямар газар хийгдсэнээр тодорхой харуулдаг аж. Ирээдүйд тэд хадгаламж зээлийн үйлчилгээг үзүүлдэг албан ёсны банк болохоор ажиллаж байгаа бөгөөд Revolut гэхэд аль хэдийнэ Европын банкны лиценз авахаар өргөдлөө гаргасан аж. Би хувьдаа одоогийн банкнаасаа татгалзан Starling-ийн хэрэглэгч болмоор санагдсан.

Money Conference-ийн үеэрх панелистууд

4. Ирээдүйн банк, санхүүгийн салбарт Европ тэргүүлэгч байх нь гэдэг бодол энэхүү чуулганд оролцож байх үеэр төрж байв. Учир нь Lloyds, Deutsche, HSBC тэргүүтэй томоохон банкууд бүгд хажуудаа финтекийн судалгааны хүрээлэн ажиллуулж, шинэ содон финтекүүдэд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах боломжуудыг хайх аж. Гэвч үүнээс чухал нь Европын холбоо болон гишүүн улсууд хууль эрх зүйн орчноо шинэчилж финтек цэцэглэх, уламжлалт банкууд өөрчлөгдөхөөс өөр аргагүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм байна. Жишээ нь Европын холбоонд 2018 оноос хэрэгжиж эхлэх Revised Payment Service Directive нь банкууд хэрэглэгчийн дансны мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцах боломжийг олгож, энэ нь нээлттэй банкны эрэн үеийг эхлүүлэх юм. Харин Их Британийн Current Account Switch Service зохицуулалт нь хэрэглэгчдэд харилцах дансаа чөлөөтэй, ямар нэг төлбөргүйгээр дуртай банк эсвэл финтек компанируу шилжүүлэх боломжийг олгож байгаа юм.

5. Сүүлийн үед Монголын банкны салбар хүүлэлт хийдэг, хэрэглэгчдийн хүсэлт, хэрэгцээг үйл ажиллагаандаа тусгадаггүй, зах зээл дэх монополь байдлаа ашиглан нэг талт үйл ажиллагаа явуулдаг хэмээх шүүмжлэлүүдийг ихээр сонсох болсон. Зөвхөн нэг жишээ дурдахад тэд 20 жилийн 8 хувийн хүүтэй байрны зээл олгохдоо авсан зээлийн дүнд нийцэх нийт зээлийн хүүг урьчилан тооцож зээлийн эхний эргэн төлөлтөөс суутган авдаг аж. Энэ нь хугацаанаасаа өмнө зээлээ төлсөн ч, 20 жилдээ төлсөн ч яг адилхан хүү төлнө гэсэн үг юм. За тэгээд зээл олгоод олгосон зээлээсээ шимтгэл гээд нэлээд өндөр хувийг зүгээр л авчихдаг банк манайхаас өөр газар байдаггүй биз. Энэ мэтчилэн бухимдал төрүүлсэн бүдүүлэг банкны үйлчилгээг бодохоор манай санхүүгийн салбарт эдгээр банкуудыг сөрөхшинэлэг финтек үйлчилгээ үгүйлэгдэж байна. Нөгөөтэйгүүр хэрэглэгчдийн санхүүгийн мэдлэг хязгаардагдмал байгаа нь банкуудын эдгээр үйлдлийг улам өөгшүүлж байна уу даа хэмээн бодогдоно.

6. Биткойн, этэреум зэрэг крипто мөнгөн тэмдэгтүүдийн үнийн өсөлтийн тухайд илтгэгчид бүгд хөөс гэдэгтэй санал нэг байгаа ч хэзээ хүртэл энэхүү хөөсрөлт үргэлжлэхийг таахын аргагүй байгаа аж. Хадгаламж, тэтгэврийн сангаа золиослон эдгээрт хөрөнгө оруулах нь яавч ухаалаг хэрэг биш бөгөөд хэрвээ танд магадгүй сул $10.000 байгаа бол энэхүү дэнчингийн тоглоомд оролцоод үзвэл сонирхолтой байх болно гэж байв.

Эцэст нь сонирхуулахад Web Summit-ийн тасалбар хямд биш ч тус арга хэмжээнд үнэгүй оролцох хэд хэдэн боломж байдгийн нэг нь нээлттэй эх хөгжүүлэгчдэд (open source developers) олддог боломж юм. Хэрвээ та Github зэрэг хөгжүүлэгчдийн сүлжээнд байрлуулдаг бол хөгжүүлэгч бол үнэгүй тасалбар авах хүсэлт гаргаж болно. Таны танилцуулгыг шалгаж үзээд тохиромжтой бол танд болон таны нэг найзад үнэгүй оролцох эрх өгдөг. Би ч мөн хөгжүүлэгч найзынхаа буянаар ийн оролцсон юм. Нөгөө нэг арга нь сайн дурын ажилтнаар хүсэлт гарган тэнцвэл ажиллахаас бусад цагтаа бүх итгэл, танилцах арга хэмжээнд ямар нэг хязгаарлалтгүй оролцох боломжтой. Оюутан хүмүүст тун аятайхан боломж бөгөөд үйл ажиллагаанд оролцоод зогсохгүй дэлхийн өнцөг бүрээс ирсэн хүмүүстэй найз болох боломжтой.

Нийтлэлийг бичсэн: Ч.Цэрэнтогтох, Будапешт хот, Унгар улс

Unread-ийн эвент тэмдэглэлийн өмнөх дугаарууд

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ TED АРГА ХЭМЖЭЭ - TED2017-Д ОРОЛЦСОН ТЭМДЭГЛЭЛ

ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ БУЮУ ЭСТОНИ УЛСААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1

UNREAD @DAVOS17: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНЫ ТАЛААР + ЯАГААД БИД АНХААРЛАА ХАНДУУЛАХ ЁСТОЙ ВЭ?

STARTUP ISTANBUL: ОНЦЛОХ 10 СТАРТАП

22082   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.