Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   11 сарын 20, 2017

Онцлох бизнес: Highgarden Mongolia - Байгаа газартаа байгалийг мэдэр

Ургамлан хана, террариум (шилэн доторх бичил байгаль), эмийн ургамлын цай зэрэг үгс бол Highgarden Mongolia-г тодорхойлох үгс. Эдгээр нь бүгд байгаль, ногоон орчныг илэрхийлнэ. Ургамлыг дотоод орчны интерьертэй холбох, хүнийг байгальд илүү ойртуулах боломжийг тэд олгодог. Ялангуяа утааны улиралд агаар цэвэршүүлэгч ургамлуудаас нь гэртээ тавих буюу суурилуулж, дотооддоо үйлдвэрлэсэн, эрүүл мэндэд тустай эмийн ургамлын цайнуудаас нь хүртвэл үнэхээр сайхан мэдрэмжийг авах юм шиг санагдсан. Ингээд энэ сонирхолтой бөгөөд эко бизнестэй дэлгэрэнгүй танилцъя.

Бизнесийн нэр: Highgarden Mongolia
Үйл ажиллагааны чиглэл: Дотоод орчны цэцэрлэгжүүлэлт, эмийн ургамлын цай
Үүсгэн байгуулагдсан: 2017 оны 4-р сар
Үүсгэн байгуулагчид: А.Уранчимэг
Сошиал хуудас: Highgarden Mongolia

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХЭРХЭН ОЛСОН БЭ?

Би 3 жилийн өмнө ээж болсон юм. Түүнээс хойш агаарын бохирдлоос яаж хамгаалах вэ гэдэгт их анхаарах болсон. Ингээд гэрт тарьж болох агаар цэвэршүүлдэг ургамлууд болон ургамлан ханыг судалж, өөрөө хэсэг хэрэглээд бизнес болгож болохыг ойлгосон гэж болно. Ургамлыг гэрийн интерьертэй хослуулах Highgarden гэх консепт гаргасан. Ээж маань 30 гаруй жил эмийн ургамлын судалгаа хийсэн хүн байдаг болохоор илүү дөхөмтэй байлаа. Дотоод орчны цэцэрлэгжүүлэлт дээрээ нэмээд эмийн ургамлын цайнууд бас хийх нь хүнийг байгальтай ойртуулах илүү цогц санаа болохыг ойлгоод энэ хоёр чиглэлээ хооронд нь уялдуулан авч явж байна. Энэ цайны үйлчилгээгээ Tearoom гэж нэрлэж байгаа. Би өөрөө ургамлыг илүү сайн судлах үүднээс ХААИС-д магистрт сурч байгаа. Бакалавраа СЭЗИС-д бизнесийн удирлагаар авсан юм.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Эхний зардлыг гэр бүлээсээ босгосон. Анх кофе шоп шиг талбай хөлслөөд цайны өрөө болгон тохижуулах гээд нэлээд зардал гаргасан. Харин энэ моделио болиод одоо манай үйлчилгээг сонирхож буй хүмүүст зориулан байршил дээр нь очиж цайны парти, сургалт хийдэг болж байгаа.

Highgarden Mongolia Шарктанк нэвтрүүлэгт оролцож, шаркуудаас урмын үгс сонсжээ.

ХАМТРАГЧДЫНХАА ТУХАЙД?

Одоо нийт 8 хүн тал талаас ажиллаж байгаа. Манай хамтардаг хүмүүс гэж хэлж болно. Өвлийн хүлэмж дотор ургамал ургуулдаг хүмүүс, террарум буюу шилэн дотор байгаль урладаг хүмүүс, ургамал суурилуулсан тавилга хийдэг хүмүүс, цай бэлтгэдэг хүмүүс гээд.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай бизнес орчноо эрүүлжүүлэх, стрессийг бууруулж тайван амгалан байх боломжийг хүмүүст олгож байгаа. Өрөөн доторх ургамлууд агаар цэвэршүүлж, байгальд байгаа мэт мэдрэмжийг өгөх бол цайнууд маань дотоод эрхтэнүүдийг цэвэршүүлэх буюу дэмжиж, тайвшрах мэдрэмжийг төрүүлдэг.

Хүний амьдралынхаа 86 хувийг дотор өнгөрүүлдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэгэхээр амьдарч ажиллаж буй орчноо тохижуулж, эрүүлжүүлэх нь хүнд их ашигтай. Агаарын бохирдлыг байхгүй болгоно гэдэг асар хэцүү, цаг хугацаа шаардсан ажил. Харин тэр болтол бид дотоод орчиндоо анхаарч, жижиг цэцэрлэг үүсгэн өөрчлөлт хийх боломжтой.

Санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээсээ дурдвал, ургамлан хана буюу тавилга, шилэн доторх байгаль буюу террариумын худалдаа, террариум хийх сургалтууд, цайны парти, цайны худалдаа гэх мэт. Мөн дуудлагаар очиж ургамал тарих зөвлөгөө, ургамал янзлах үйлчилгээнүүдийг хийнэ.

Цайнууд маань өөр өөрийн гэсэн өвөрмөц органик амттай. Бүх төрлийн дотоод эрхтэнд сайн, эрхтэн системийг дэмжинэ. Ургамлыг дангаар уухад жаахан хэцүү байдаг бол бид амтан дээр анхаарч, амт тэнцвэржүүлэх ургамлуудыг шаардлагатай бол нэмж байгаа.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Илүү олон газруудыг ногооруулж, орчноо цэцэрлэгжүүлдэг, ургамлын цай уудаг соёл, дадлыг бий болгохын төлөө ажиллана. Хүмүүс одоо үед кофе их уудаг болж. Сэргэе гэсэн үедээ кофе уудаг бол амарч тайвширъя гэсэн үедээ бас цай уудаг болбол гоё шүү дээ. Сүүтэй цайгаа чанаж уухыг л зөвхөн цай уух гэж бас ойлгож болохгүй байх аа (инээв).

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Хүнийг байгальтай холбох нь хамгийн том үнэт зүйл гэж хэлж болох юм. Хүн болгонд байгальд тэр болгон гараад байж чадахгүй, хөдөө амьдрах боломжгүй. Ялангуяа өнөөдөр хотод маань төрөл бүрийн бохирдол их байгаа болохоор хийж байгаа ажил маань тун чухал болсон гэж бодож байна.

Мөн хүмүүст сайн зөвлөж, судалгаатай ажиллахыг эрмэлздэг. NASA-аас гаргасан судалгаагаар агаар цэвэршүүлэгч 10 ургамал байдаг юм билээ. Үүнээс манай улсад зургаа нь ургадаг. Гэхдээ эдгээр ургамал агаар цэвэршүүлэхээс гадна өөр ямар нэг эерэг сөрөг нөлөөтэй юу гэдгийг сайн судалж мэдэж байж хүмүүст зөвлөх шаардлагатай шүү дээ.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бүх л талаараа эерэг сайхан ажил даа. Өөрөө сэтгэл ханамж өндөр байж, гоё мэдрэмжийг авч чаддаг. Бас хийж байгаа ажил маань маш бүтээлч байх боломжийг олгодог, бас шаарддаг гэж хэлж болно. Дотоод орчинд ургамлыг яаж байршуулж, тавилга хэрэгсэлтэй хамтатгах вэ гэдгийг их бодно.

Үйл ажиллагаан дээр яахав жижиг сажиг хүндрэлүүд гарна аа. Гэхдээ тэрийг бэрхшээл гэж хэлэх нь хаашаа юм. Одоо бид дотоод бүтэц, зохион байгуулалтаа сайжруулах шаардлагатай байгаа.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Цайныхаа үйлчилгээ, брэндинг дээрээ төвлөрч ажиллаж байгаа. Цай худалдаж авъя гэсэн эрэлт нэлээд байгаа. Мөн удахгүй цайны бясалгал гэдэг зүйлийг эхлүүлэх санаатай байна. Цайны парти, террариум хийх сургалтууд маань тогтмол хийгдэж байгаа.

ТА МАНАЙ УНШИГЧДАД ДОТООД ОРЧНЫ ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨГӨӨ ХЭЛНЭ ҮҮ?

Нэг өрөөнд байх нэг хүн тутамд 3 ургамал байх хэрэгтэй гэж зөвлөдөг. Хэрвээ та компьютер дээр удаан суудаг бол хэсэг завсарлаад ногоон ургамал руу харахад нүд амардаг гэдэг. Мөн унтлагын өрөөнд ургамал тарихгүйг зөвлөдөг юм. Ургамал гэдэг амьд учраас шөнөдөө бас өөр бодис ялгаруулдаг юм байна л даа. Харин угаалгын өрөөнд ургамал байх зүгээр. Орчин цагт арчилгаа багатай хэрнээ үр ашиг ихтэй ургамлуудыг гэр, оффистоо тарихад харьцангуй хялбар болсон.

ТАНАЙ АЛЬ БҮТЭЭГДЭХҮҮН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БАЙДАГ ВЭ?

Цайнууд маань нэлээн эрэлттэй болж байна. Хотод 3, 4 газар байнга авч байгаа. Мөн 3, 4 аймгаас захиалж байна. Мөн шилэн доторх байгаль буюу террариум маань гоё бэлэг болдог. Хүмүүс бэлгэнд их авдаг юм. Тавилгуудаас ургамал суурилуулсан ширээ, сандал, ургамлан хана, мөн kitchen herbgarden буюу гал тогоонд нарийн ногоо ургуулдаг хэсэг зэргийг дурдъя.

Гэрэл зургийг Х.Хантүшиг

20202   8


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.