Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   11 сарын 18, 2017

Unlock Podcast #20: "Machine Platform Crowd" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Дээгий хоёр "Machine Platform Crowd" номын тухай ярилцлаа. Энэ бол хиймэл оюун ухаан хүн төрөлхтний тоглоомууд дундаас хамгийн түвэгтэй нь гэгддэг Го даамаар хүнийг ялж, гэнэт гарч ирсэн стартапууд Nokia зэрэг дийлдэшгүй мэт байсан "аваргуудыг" унагаж, олон нийтийн дундаас гарч ирсэн санаанууд томоохон судалгааны лабораториудаас илүү инновацилаг байдаг болсон сонин сонирхолтой энэ цаг үед хүмүүс хэрхэн бодож сэтгэж, бизнесүүд хэрхэн хөгжих ёстойг харуулсан даацтай бүтээл юм. Нэг ёсондоо дижитал технологийн эрин үе бидний амьдралд ямар өөрчлөлтүүдийг авчирч байна, бид тэдгээрийг хэрхэн хүлээн авч, технологитой хэрхэн зэрэгцэж амьдарбал зохилтойг харуулсан ном гэж хэлж болно.

НОМЫН ТУХАЙ

Андрю МакАфи, Эрик Бринжолфсон нар бол технологийн хамгийн алдартай их сургууль MIT-ийн "Дижитал эдийн засгийн санаачилга"-ын захирлууд юм. Эрикийн хувьд мөн МIT-ийн Слоан сургуулийн менежментийн профессор бөгөөд тэд менежментийн салбарт дэлхийн тэргүүлэх сэтгэгчид хэмээн үнэлэгддэг билээ.

Тэд 2014 онд "Машины 2-р үе" номыг хамтран гаргасан байдаг. Энэхүү номд шинэ дижитал технологиуд нь ажилгүйдлийг нэмэгдүүлж, цалинг бууруулж байгаа ч бүхэлдээ хөгжлийг хурдтай ахиулж байна хэмээн тэд дүгнэжээ. Тэгвэл “Machine Platform Crowd” хэмээх энэ шинэ бүтээлдээ эдгээр ахиц дэвшлүүдийн үр нөлөө нь бизнесийн салбарт хэрхэн тусаж байгааг тайлбарлахыг зорьсон байна.

Зохиогчид компьютер, интернэтийн хөгжил нь нийгэмд 3 том шилжилтийг үүсгэж байна гэжээ. Нэгдүгээрх нь хүнээс машин буюу хиймэл оюун руу хийж буй шилжилт. Хуучин цагт хүмүүс компьютер дээр ажиллаж, өөрсдийн хүчийг нэмэгдүүлдэг байв. Тэгвэл одоо компьютерийн хүчин чадал сайжирч, ухаалаг болж, илүү их хяналтыг авахын хэрээр энэ загвар алга болж байгаа аж. Жолоочгүй машин, онлайн орчуулгын үйлчилгээ, Амазоны кассчингүй дэлгүүр зэргээс энэ өөрчлөлт ямар түвшинд явааг харж болно. Дижитал технологиуд нь өнгөрсөнд тоо, текст, хөгжим, видео зэрэг мэдээллийн хэлбэрт хамаатай байсан бол одоо нийгэмд биетээр, бодитоор "ноёлох" болж байна.

Хоёр дахь шилжилт нь бүтээгдэхүүнээс платформ руу хийж буй шилжилт юм. Өнөө цагийн хамгийн том таксины үйлчилгээ (Uber) өөрийн гэсэн таксигүй, буудаллах сууцаар хангадаг хамгийн том компани (AirBnB) өөрийн гэсэн үл хөдлөхгүй, хамгийн то жижиглэнгийн дэлгүүр (Alibaba) өөрийн гэсэн бараагүй гээд энэ шилжилтийн жишээг бид өдөр бүр л харж байгаа. Apple-ийн аппликэйшний дэлгүүр болох Apple Store-д 2.2 сая апп байгаа ч компанийн өөрийн гаргасан апп гэж бараг байхгүй шахам. Энэ мэт платформууд нь компаниудад ч, худалдан авагчдад ч зах зээлийг үүсгэж байгаа юм. Гэхдээ эхлээд платформууд нь төрөл бүрийн стандарт бий болгох, олон тооны нийлүүлэгчдийг өөртөө татах учиртай. Том платформыг үүсгэх хэцүү ч амжилттай олоод эхэлбэл маш их үнэ цэнтэй болдог байна.

"Хиймэл оюун, платформууд, олон нийт (crowd) гурав бол асар том хүч. Эдгээр зүйлс нэгэн зэрэг хөгжиж байна гэдэг нь бүтээлч бөгөөд толгой эргэм өөрчлөлтүүд хэвийн үзэгдэл болох цоо шинэ эрин үеийг бид эхлүүлж байна гэсэн үг юм. Ийм шинэ ертөнцөд амжилттай явъя гэвэл иргэд, энтрепренерүүд, компаниуд, засгийн газрууд хамгийн түрүүнд найдвартай эх сурвалжийг олох хэрэгтэй. Андрю, Эрик хоёр бол тийм эх сурвалж гарцаагүй мөн."

LinkedIn-ийг хамтрагч байгуулагч, "Та өөрөө стартап компани" номын зохиогч Рэйд Хоффман

Харин гурав дахь шилжилт нь Core to Crowd буюу төв банк, Британника толь зэрэг төвлөрсөн бүтцээс бие даасан оролцогчид (олон нийт) руу чиглэж байгаа шилжилт юм. Wikipedia-д нийтлэл бичигчид бол үүний нэг жишээ. Интернэтээр гүйлгээ хийхэд банкаар дамжаад, гүйлгээний шимтгэл төлөөд байсан тул хоёр тал яагаад шууд хоорондоо гүйлгээ хийж болохгүй билээ гэсэн сэдлээс үүдсэн дижитал мөнгөн тэмдэгт биткойн бол үүний бас нэг тод жишээ. Тэгэхээр дижитал технологиуд нь харилцаа холбоо, гүйлгээний зардлыг бууруулах тусам олон нийт буюу бүлэг хүмүүс аливаа зүйлсийг төвлөрсөн уламжлалт системээр дамжилгүй өөрсдөө хийх нь ирээдүйд улам нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Энэ нь улмаар асар их туршилт, инновацийг дагуулах болно. Core буюу төвлөрсөн систем нь хэт томоосоо болж төрөл бүрийн сорилт хийгээд боломжуудыг олж хардаггүй бол олон нийт, бие даасан оролцогчдын хувьд энэ бүхэн эсрэгээрээ байдаг хэмээн зохиогчид бичжээ.

Ингээд олныг үл өгүүлэн, хоёр хөтлөгчийн сонирхолтой яриа бүхий подкастыг сонсоцгооё.

ПОДКАСТ СОНСОХ

Та бүхэн iTunes дээр манай подкастуудыг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой. Хоёр долоо хоногийн дараа шинэ дугаараар уулзъя.

23588   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.