Апп Тойм

Хиймэл оюуны тусламжтай таны амьдралыг хөнгөвчлөх 5 апп

11 сарын 14, 2017


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг
@Бүтэд


17982  




Өнөөдрийн нийтлэлээрээ бид таны өмнөөс шийдвэр гаргах, таны зан төлөвөөс суралцаж ирээдүйн үйлдлүүдийг тань таах, хиймэл оюун ашиглаж буй 5 апп-ийг танилцуулж байна. Хиймэл оюун гээчийн юу хийж чаддагийг өдөр тутмын амьдралдаа туршиж шалгая л даа.

1. SOCRATIC

Гэрийн даалгаврынхаа зургийг аваад л түүний хариу, хариунд хүрсэн үе шат болон тайлбар бичлэгийг хүртэл давхар авбал янзтай биш гэж үү? Socratic нь математик, хими, биологи, түүх гэх мэт олон хичээлийн хүрээнд энэ үйлдлийг санал болгодог, аль хэдийнэ оюутан, сурагчдын дунд эрэлттэй апп болоод байгаа юм.

Ямар нэгэн даалгаврын зургийг авч оруулснаар апп-ийн хиймэл оюун ухааны технологи ямар ойлголт, хичээлийг сурснаар тэрхүү даалгаврыг хийж сурахыг тодорхойлж танд тайлбарладаг байна. Ингэхдээ зурагнаас элдэв томьёо, бичгийг өөрөө таньж уншин интернэт дэх ижил төрлийн даалгавруудыг харьцуулж өөрсдийн болон бусад мэргэжлийн хүмүүсийн хариуг сонгон харуулдаг.

Үүгээр зогсохгүй апп-ийн хөгжүүлэгчид дүрсжүүлсэн контентийг түлхүү ашиглахыг зорьж байгаа бөгөөд Khan Academy, Crash Course зэрэг хамгийн сайн гэсэн контент үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар болж байгаа аж.

Апп-ийг ихэвчлэн математикийн бодлого, тэгшитгэл гэх мэтэд ашигладаг нь олон хүмүүсийн сэтгэгдлээс харагдаж байна. Тэгэхээр ахлах, дунд сургуулийн сурагчдад илүү тохиромжтой апп бололтой. Түүнчлэн 13-аас доош настай бол ямарваа нэгэн хүний хяналтан дор ашиглах ёстой юм билээ шүү. Олон хүмүүс гэрийн даалгавраа хэт амарчлах гэснээс үүдэлтэй байх.

Татах: iOS, Android

2. MICROSOFT PIX

Зураг янзалдаг хар мянган апп бий ч Microsoft Pix нь хиймэл оюун ухаан ашиглаж зураг янзалдгаараа онцлогтой. Хэд хэдэн зураг дараалан авсан бол "Live Shots" болгон хувиргах, зургийг тань автоматаар илүү гоё болгон янзлах гэх мэт олон үйлдэлтэй. Жишээ нь нартай өдөр зургаа авахад нүүр сүүдэртэж гардаг шүү дээ. Үүнийг апп автоматаар танин гэрэл, сүүдрийг тохируулдаг юм байна. Цаг хугацааны явцад таны хэр ашиглахаас шалтгаалан үйлдлүүд нь улам нэмэгдээд явах аж.

Түүнчлэн зөвхөн фото зураг гэлтгүй элдэв бичиг баримт, нэрийн хуудас зэргийг скан хийх шинэ нэмэлтийг өнгөрсөн 9 сард танилцуулжээ. Скан хийдэг бусад аппууд болох Photoscan, Evernote Scannable, Microsoft-ийн өөрсдийн гаргасан Office Lens зэрэг байхад хэрэггүй мэт санагдаж болох ч фото зураг, бичиг баримт гэх мэт камер ашиглан гүйцэтгэх ихэнх зүйлсийг нэг дор багтааж байгаа юм. Мөн Office Lens зэргийг ашиглахад та энэ бичиг баримтыг энд тэндээс нь хасаж, эсвэл тэгшхэн болгох комманд өгдөг бол Microsoft Pix нь автоматаар бичиг баримт гэдгийг танин энэ үйлдлийг хийж өгөх юм.

Мөн оны эхэн үеэр Prisma-тай төстэй фото зургийг уран зураг мэт болгодог янз бүрийн эффектүүд нэмжээ. Харамсалтай нь зөвхөн iOS дээр хувилбартай юм.

Татах: iOS

3. LIFETRACKER

Ухаалаг гар утастай байхын нэг сул тал бол олон аппаас ирдэг notification-ууд билээ. Мэдээж хэрэг болох үе зөндөө ч заримдаа notification-доо булагдчихсан, тэрийгээ ч шалгалгүй орхичихдог үе олон гардаг. Ялангуяа хийх ажлын жагсаалт, уулзалт гэх мэтийн notification их ирэх тусам үр дүнгүй болох нь бий. Тэгвэл яг энэ асуудлыг шийдэхээр LifeTracker бий болжээ. Энэ апп ажлаа төлөвлөхөд тань туслахын тулд хиймэл оюун ашиглан notification хүргэх тохиромжтой цаг, газрыг өөрөө тодорхойлж ирүүлдэг байна.

Та өөрийн хийх гэж буй ажлаа апп-д оруулан тэмдэглэвэл байршил, цаг хугацаа зэрэг мэдээллийг LifeTracker ой тойндоо хадгалан дараагийн удаа тэр газарт очиход өмнө нь хийж байсан ажлыг хийх үү гэх мэтээр санал болгодог. Хийх ажлын жагсаалтаа үүсгэхдээ ангилж хуваах, хийж дуусгаарай гэсэн сануулга зэргийг давхар оруулах боломжтой. Нэмж хэлэхэд, зөвхөн байршил, хугацаа гэлтгүй таны ажлаа хэр хурдан гүйцэтгэж байгаа зэрэг апп-ийг ашиглах үед гарч ирэх бүхий л мэдээллээс өөрөө суралцаад явдаг аж. Тиймээс ашиглах тусам л улам ухаантай болоод байх нь.

Татах: Android

4. RECENT NEWS

Recent News нь таны унших дадлаас суралцаж түүнд тохирсон мэдээг нэг дор цуглуулдаг апп юм. Өмнө нь уншиж байсан нийтлэлүүд, сонирхолд тань тулгуурлан хамгийн сүүлийн үеийн мэдээ болон бусад унших зүйлсийг санал болгодог тул аливаа сонирхдог салбар, сэдвийнхээ хойно хоцорч үлдэхгүй байх боломжтой.

Мөн таны хэрэглэдэг гар утас, комьютер, таблет хооронд мэдээллээ автоматаар солилцдог тул утсан дээр ямар нэг нийтлэл хадгалсан бол дараа нь комьютер дээрээ суугаад уншиж болно. Түүнчлэн таны сонирхон уншдаг сэдвүүдээс суралцаж, сонирхож магадгүй гэсэн сэдвүүдийг хүртэл санал болгодог юм байна лээ. Өөр нэг функц нь таны байршилд тулгуурлан эргэн тойронд болж буй мэдээг мөн харуулах боломжтой. Өөрөөр хэлбэл мэдээг арай ухаалгаар, арай хурдан авах нэг арга юм уу даа.

Татах: Android

5. FOCUSTER

Анхаарал нэг сарнивал дор хаяж 24 минутын дараа дахин анхаарлаа төвлөрүүлж чаддаг аж. 1 өдөрт л бодоод үзэхэд анхаарал хэр их сарнидаг билээ? Тэгэхээр бид тэр хэмжээгээр өөрсдийн цагийг алдаж байгаатай ялгаагүй юм. Энэ асуудлыг Focuster шийдэх зорилготой бөгөөд Google Calendar-тай холбогдож таны календарийг автоматаар өөрчилж, хамгийн чухал гэсэн ажлуудыг санал болгохоос гадна тохиромжтой үед ажлын сануулга хүртэл явуулдаг аж.

Дээд хэсэгтээ таны тухайн өдрийн процессийг харуулсан шугам байрлуулсан байх бөгөөд энэ нь аажимдаа өдөрт хэр их зүйлс амжуулдгаа мэдэхэд хэрэг болдог байна. Таны анхаарал төвлөрөх чадвар болон бүтээмжийг дээшлүүлэх энэ апп нь даанч төлбөртэй бөгөөд сарын 9.99$-оос эхэлдэг. Хэрвээ төлбөр төлөхдөө эргэлзэж байгаа бол 14 хоногийн үнэгүй хувилбарыг нь туршаад үзээрэй.

Татах: Вэб

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.