Онцлох Бизнес

Онцлох бүтээгдэхүүн: Traffic Channel 911 - Түгжрэлгүй Улаанбаатарын төлөө!

11 сарын 13, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


10590   2




Өнөөдрийн онцлох бүтээгдэхүүнээр бид хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийгээд буй Юнивишний 911-р сувгийг танилцуулж байна. Энэ бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зурагтаар 24/7 цагийн турш өндөр чанартайгаар харуулах Traffic Channel юм. Удирдлагаасаа хүссэн байршлаа сонгон харж, ямар замаар яаж явахаа шийдэх боломжийг олгох энэ шинэ суваг та бидний үнэт цагийг хэмнэж, илүү тав тухтай амьдралыг өгөх болно.

Бүтээгдэхүүн/үйлчилгээний нэр: Traffic Channel 911-р суваг
Бүтээгдэхүүн/үйлчилгээний чиглэл: Замын хөдөлгөөний дүрс дамжуулах
Үүсгэн байгуулагчид: Д.Гансүх, С.Мөнхбат
Нээлтээ хийсэн огноо: 2017 оны 10 сарын 15
Вэбсайт: www.amarvision.mn, Amar Vision (фэйсбүүк)

С.Мөнхбат

БҮТЭЭГДЭХҮҮН/ҮЙЛЧИЛГЭЭНИЙХЭЭ САНААГ АНХ ХЭРХЭН ОЛСОН БЭ?

Амар Вишн ХХК маань 2012 онд байгуулагдсан юм. Галын аюулгүй байдал, видео интеграцичлал, аудио визуал систем гэсэн үндсэн гурван чиглэлд ажилладаг. Анх санаа яаж төрсөн бэ гэвэл, зурагтаар Монголын талаар сонирхолтой видеонууд байдаггүй гэж хүн ярьж байхыг сонссон юм. Үнэхээр ч хайгаад үзэхэд хотын байдал, хүмүүс, машины урсгалын дүрс ховор юм билээ. Түүнээс үүдэн Монголын тухай сонирхолтой бичлэгүүд гаргая, шууд дамжуулалт буюу стриминг хийе гэж шийдсэн. Улмаар замын түгжрэлийг маш өндөр чанартайгаар замын хөдөлгөөнийг шууд цацах санаа гаргасан юм. IPTV-тэй хамтрах нь хамгийн оновчтой сонголт гэж үзээд Юнивишн компанид санал тавьж, шинэ суваг бий болгох талаар зөвшилцсөн. Хэдийгээр ихэнх айл өрх хараахан 4К зурагттай болоогүй ч, мөн Юнивишнийг ирээдүйд ийм өргөтгөлөөр гарна гэж итгэж буй учраас 4К камерууд сонгосон.

Ингэснээр Юнивишний 130 мянган хэрэглэгч хүссэн үедээ зурагтаасаа замын хөдөлгөөний мэдээллийг тав тухтай байдлаар харах боломж бүрдээд байна.

БҮТЭЭГДЭХҮҮН/ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХЭР ИХ ЗАРДАЛ ГАРСАН БЭ?

Ийм нарийн техник технологи шаардсан төсөлд мэдээж зардал их гарна. Бид өөрсдөө хөрөнгө гаргасан, хамтрагч байгууллагууд маань мөн хөрөнгө, тоног төхөөрөмж гаргасан. Жишээлбэл, бид техник, технологийнхоо хөгжүүлэлтийг хариуцсан бол Юнивишн компани биднийг дэд бүтэц, IPTV-ийн технологиороо дэмжин хамтарч байгаа юм.

БҮТЭЭГДЭХҮҮН/ҮЙЛЧИЛГЭЭН ДЭЭР АЖИЛЛАСАН, ХАРИУЦАЖ ЯВАХ БАГИЙН ТУХАЙД?

Бид хоёр нэг групп компанид хамт ажиллаж байсан. 2008, 2009 оноос хойш зарим төслүүд хамтран ажиллаж байсан юм. Хоёулаа мэдээллийн технологи, компьютерийн инженер хүмүүс. Одоо манай баг 5 хүнтэй. 3 нь инженер, бусад нь техникийн хүмүүс байгаа.

ТАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН/ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манайд замын хөдөлгөөн хардаг камерууд, үйлчилгээнүүд бий л дээ. Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвийн 30 камер байдаг. Сайт руу нь ороод, аппаар нь замын хөдөлгөөнийг харах боломжтой. Бид ч төрийн энэ агентлагтай өрсөлдөх гэж энэ үйлчилгээг нээгээгүй.

Манай үйлчилгээ хамгийн гол нь гэртээ зурагтаар замын хөдөлгөөний харах боломжтойгоороо онцлог. Хотын 11 цэгт байрласан өндөр чанартай камериуд хааш хаашаа 3 км замыг татаж, маш тод дамжуулдаг. Шөнө ч дүрсийг өнгөтөөр харуулах боломжтой гэсэн үг.

Зарим улсад ингэж замын хөдөлгөөнийг зурагтаар харуулдаг үйлчилгээнүүд бий ч камераа сонгож үзэх боломж байдаггүй юм билээ. Тэгэхээр бид ийм үйлчилгээг нэг шат ахиулсан гэсэн үг юм.

БҮТЭЭГДЭХҮҮН/ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ЦААШИД ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ ЯВАХ ВЭ? АЛСЫН ХАРАА?

Цаашдаа бүтээгдэхүүнээ улам сайн хөгжүүлээд явна даа. Гар утасны апп болгох талаар төлөвлөж байна. Мөн хүлээн авч буй дүрс дээр анализ хийх үйлчилгээнүүдийг боловсруулж байна. Тухайн байршил тодорхой хугацаанд машинуудын хурд болон тоог хэмжих, мөн илүү нарийвчлалтай таних үйлчилгээнүүд юм. Тухайн хэсэг газрын агаарын чанарын мэдээллийг ч нэмэх бололцоотой. Цаашдаа улам их дата хуримтлуулах боломж бүрдэнэ. Мөн камеруудынхаа тоог нэмээд явах юм.

Компанийн хувьд өөр сонирхолтой шинэ төслүүд бас бий.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Сая дурдсан нэмэлт үйлчилгээнүүдээ хөгжүүлж байгаа. Мөн сурталчилгаан дээрээ анхаарч байгаа. Манайх шинэ учраас Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвтэй андуурах нь их байдаг. Тэгэхээр энд өөр байгууллага, тусдаа камерууд шүү гэдгийг сайн тодотгож хэлэх хэрэгтэй болов уу.

Түүнчлэн бид дэлгэцэн дээр замын хөдөлгөөний хажуугаар нэмэлт хэрэгцээт мэдээлэл өгөх ямар боломжууд байж болохыг гээд судалж байна.

Д.Гансүх

ЭНЭ БҮТЭЭГДЭХҮҮН/ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ХҮРГЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Замын түгжрэл гэдэг дайсан монголчуудын маш их цагийг дэмий үрж байна. Тооцоолж баршгүй баялгийг бид сул алдаж байгаа юм. Тэгэхээр замын хөдөлгөөнийг ачааллыг бууруулахад тус дэм болно гэдэг бол мэдээж сэтгэлд таатай. Зөвхөн замын хөдөлгөөн харуулахаас гадна камерийн бичлэг нь гэмт хэрэг, осол аваарыг бичих, илрүүлэхэд ч тусална. Олон талын ач холбогдолтой байгаа юм.

Хүндрэл бэрхшээлтэй асуудал харьцангуй гайгүй. Холбогдох байгууллагууд биднийг дэмжсэнд баяртай байгаа. Яваандаа бид харин үйлчилгээгээ төлбөртэй болгох талаар төлөвлөж байна. Үүнийг харин ойлгохгүй хүмүүс нэлээд байгаа нь харагддаг. Бид чинь өртөг өндөртэй олон камер суурилуулж, тэдгээрийгээ байнга тордон бүрэн бүтэн байдлыг нь хангаж ажиллах ёстой. Хүн хүч, серверийн гэх мэт дагалдах зардлууд гарна. Манай орон чинь гадаа тавьдаг цахилгаан төхөөрөмжид тун халгаатай цаг агаартай. Тэгэхээр үйлчилгээгээ тогтвортой авч явах, сайжруулахын тулд бизнесийн ийм модельд орохоос өөр аргагүй. Төлбөртэй суваг болбол мэдээж сонголттой орж ирнэ. Тэрнээс үз гэж албадах нь зохисгүй.


Гэрэл зургийг Х.Хантүшиг (Instagram)

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.