7 Хоногийн Тойм

7 хоногийн тойм: 13.4 сая оффшор баримт + 44 тэрбум долларын борлуулалт + 1 тэрбумын үнэтэй апп

11 сарын 12, 2017


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


9970  




1.4 терабайт, 13 сая баримт, 120 мянган нэр

Оффшор дансны тухай мэдээлэл ахин алдагдав

13.4 сая нууц баримтыг өөртөө агуулсан Paradise Papers буюу Мөрөөдлийн баримтууд нэртэй оффшор мэдээллийг гартаа оруулснаа Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Эвлэлээс зарлалаа. Кайманы арлууд, Бермуда зэрэг хэд хэдэн оффшор бүст үйл ажиллагаа явуулдаг Appleby нэртэй фирмээс алдагдсан уг материалд нийт 120 мянган компани болон хувь хүний нэрс багтсан байгаа гэнэ. Хамгийн анх Германы Suddeutsche Zeitung-ийн редакц олж авсан уг материалыг эвлэлийн гишүүн 95 редакц хамтран олон нийтэд ил болгож байгаа юм. Одоогийн байдлаар Английн хатан хаан 2-р Элизабет болон түүний гэр бүл 2 ч оффшор компанид 10 сая фунтын хөрөнгө оруулалт хийсэн нь гол анхаарал татсан асуудал байв. Мөн Оросын засгийн газартай холбоотой байж болзошгүй мөнгө Фэйсбүүк, Твиттер зэрэг компаниудад хөрөнгө оруулалт хэлбэрээр орсон нь ил болжээ. Apple, Nike, Facebook, McDonalds тэргүүтэй топ компаниуд оффшор компаниудаар дамжуулан их хэмжээний татвараас зугатаадаг систем ч ил болсон хэмээн экспертүүд мэдээлж байна. Нобелийн шагналт Колумбын ерөнхийлөгч Х.Сантос, дуучин Шакира, Украйны ерөнхийлөгч П.Порошенко тэргүүтэй олон нөлөөтэй эрхмүүдийн нэрс уг жагсаалтанд багтсан гэнэ. Мэдээллүүд эхнээсээ задарч байгаа бөгөөд 1.4 терабайт мэдээлэл байгаа нь Панамын баримтуудын дараах оффшорын тухай хамгийн том материалд тооцогдоход хүргэж байна.

Хатан хаанаас гадна Канадын ерөнхий сайд Ж.Трудо, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нарын зөвлөхүүд, сайд нарын нэрс энэ жагсаалтанд бий

Дэлхий дахинд

АНУ-ын Техас мужийн Сазерлэнд Спрингс хотын Баптист сүмд үл таних этгээд гал нээж улмаар 26 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархдсан байна. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр хэрэг үйлдэгч 26 настай Девин Патрик сүмд халдлага үйлдсэнийхээ дараа хэргийн газраас машинтайгаа зугтаж, улмаар нас барсан олджээ. Халдлага болсон Техас мужийн Сан Антонио хотын дэргэдэх Сазерленд Спрингс нэртэй хот нь ердөө 400-аад хүн амтай тайван жижиг хот ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп халдлагаар амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ. Тус үеэр Трамп Азийн улс орнуудаар хийж байгаа албан ёсны айлчлалаа Япон улсад эхлүүлж, ерөнхий сайд Ш.Абетэй уулзлаа. Түүний Ази тивийн улс орнуудаар хийх айлчлал нийтдээ 13 хоног үргэлжилсэн ба энэ нь Америкийн төрийн тэргүүнүүдийн хувьд сүүлийн 25 жилд хийж байгаа хамгийн урт хугацаанд үргэлжилж байгаа айлчлал болж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадад хийж буй төрийн айлчлалын үеэр тус хоёр улсын компаниуд 250 тэрбум долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ. Түүнчлэн Трамп Вьетнамын Дананг хотод болж байгаа Ази–Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын (АПЕК) дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтэй уулзаж Сири дэх Исламын улс бүлэглэлтэй тэмцэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчид найрсаг уур амьсгал дор уулзав

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

БНХАУ-д жил бүрийн 11-р сарын 11-нд тэмдэглэдэг "Ганц биечүүдийн өдөр" уламжлал ёсоор борлуулалтын шуурга дэгдээсэн өдөр байлаа. Онлайн худалдааны гигант Алибаба эхний 2 минутанд л 1 тэрбум долларын борлуулалт хийгдсэн гэдгийг зарлаж, эхний 13 цагт л өнгөрсөн жилийн амжилтаа давуулав. 2009 оноос хойш огцом хямдралаараа шуугиан дэгдээж, олон нийтийн анхаарлын төвд орсон энэ өдөр Алибаба 25.3 тэрбум долларын борлуулалт хийсэн нь өнгөрсөн жилээс 40 хувиар буюу 8 тэрбум доллараар өссөн хэрэг байв. Энэ өдөр хямдрал зарласан нийт брэндүүдийн 40 хувь нь гадаад компаниуд байсныг мэргэжилтнүүд онцолж байна. Зүүн өмнөд азийн онлайн худалдааны платформууд болох Lazada, Zalore, Shopee нар мөн адил амжилттайгаар энэ өдрийг ашиглан борлуулалтаа нэмэгдүүлжээ.

Дубай хотноо агаарын тээврийн хамгийн том шоу болох Dubai Airshow нээлтээ хийлээ. Нийт 5 өдөр үргэлжлэх уг арга хэмжээний эхний өдөр Boeing компани 40 ширхэг Boeing 787 Dreamliner загварын онгоцоо Emirates-д нийлүүлэх гэрээ хийсэн нь онцлууштай. 2 талын мэдээлж байгаагаар уг гэрээний үнийн дүн 15 тэрбум доллартай тэнцэх аж. Сүүлийн жилүүдэд борлуулалтаараа Boeing гол өрсөлдөгчдөө хол орхиж, зөвхөн энэ жил л гэхэд нийт борлуулалтын 65 хувийг авснаар дээд амжилт тогтоогоод байгаа билээ.

Алибабагийн гол өрсөлдөгч JD.com ганц биечүүдийн өдрөөр 19 тэрбум долларын борлуулалт хийснээ мөн зарлалаа. Ингэснээр Хятадын зах зээлийн 2 том тоглогч нийлээд 44 тэрбум долларын худалдааг хийсэн гэсэн үг юм. Гэхдээ ганцхан өдөрт 25 тэрбумыг олсон Алибабагаас ялгаатай нь JD.com 11-р сарын 1-ээс эхлэн хямдралаа зарласан ажээ.


Жэк Ма энэ өдөр өөрийн гол дүрд тоглож, Асашёорюү Д.Дагвадоржийн оролцон тоглосон богино хэмжээний киноны нээлтээ хийв.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Голдуу өсвөр үеийнхний хэрэглэдэг, ам оруулсан дууны видеогоо хуваалцдаг апп Musical.ly 1 тэрбум орчим долларын үнэ хүрэн зарагдлаа. 3 жилийн өмнө байгуулагдсан уг апп-ийг Хятадын мэдээний аггрегатор апп Jinri Toutiao худалдаж авсан нь энэ юм. Шанхайд төвтэй Musical.ly 60 сая идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд Хятадаас гаралтай ч Америкт гол хэрэглэгчдээ бүрдүүлж чадсан цөөн аппуудын нэгт тооцогдож байсан юм. Jinri Toutiao саяхан Flipagram-ийг мөн худалдаж авсан билээ.

Францын Navya компанийн хөгжүүлсэн жолоочгүй автобус зам дээр гарсан эхний өдрөө осолд оржээ. Лас Вегас хотноо энэ оны эхнээс эхлэн туршигдаж, улмаар албан ёсоор замд гарсан автобус бага хурдтай явж байх үедээ жижиг ачааны машинтай мөргөлдсөн гэнэ. Уг ослын улмаас ямар нэгэн зорчигч гэмтэл аваагүй бөгөөд осол ачааны машины жолоочийн буруугаас болсон гэдгийг онцолжээ. Энэ автобус 45 км/цаг хүртэл хурдлах чадалтай бөгөөд Лондон хотноо мөн туршигдаж байгаа юм. Сонирхуулахад Google-ийн эзэмшдэг Waymo ч мөн ирэх жилээс Аризонад жолоочгүй таксигаа зах зээлд нэвтрүүлэх болсноо энэ долоо хоногт зарлажээ.

Snap-ийн нийт хувьцааны 12 хувийг Хятадын сошиал медиа гигант Tencent худалдан авлаа. 3-р сард хийгдсэн IPO-оосоо хойших хамгийн их арилжаа хийгдсэн өдөр Snap-ийн хувьцааны үнэлгээ 15 хувиар унасны дараа энэ мэдээлэл ил болсон юм. Ойролцоогоор 2 тэрбум доллартай тэнцэх хэмжээний арилжааг Хятадын компани "стратегийн" хэмээн тодорхойлжээ.

Uber 2023 он гэхэд нисдэг таксины үйлчилгээ нэвтрүүлэх төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэд Америкийн сансрын агентлаг NASA-тай хамтран хөгжүүлэх технологийнхоо хүрээнд 4 хүртэлх зорчигч тээвэрлэх чадалтай, 320 км/цаг хурдалдаг тээврийн хэрэгсэл гаргах аж. 2015 оноос эхлэн хэрэгжсэн уг төслийн сүүлийн үе шат буюу туршилтын шат 2019 оноос эхэлнэ гэнэ.

Энэ долоо хоногоос эхлэн Твиттер 280 тэмдэгт бичих эрхийг бүх хэрэглэгчдэдээ олгож эхэллээ. Нийт жиргээний 9 хувь нь 140 тэмдэгтийн хязгаарлалттай тулдаг байсныг 1 хувь болтол бууруулна хэмээн компани үзэж байгаа бөгөөд энэ нь жиргээг идэвхжүүлж, шинэ хэрэглэгчдийг татна хэмээн үзэж байгаа ажээ.


Musical.ly үйл ажиллагаагаа бие даасан компанийн хэлбэртэйгээр үргэлжлүүлнэ

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.