Номын хэсгээс

Шалгах хуудасны ид шид буюу "The Checklist Manifesto" номын тухай

11 сарын 11, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


11604   1




Та бүхний зарим нь Том Хэнксийн тоглосон "Салли" хэмээх киног үзсэн байх. Энэ бол 2009 онд Нью Йорк хотоос дөнгөж хөөрөөд шувуун сүрэгтэй "мөргөлдөж", хөдөлгүүр рүү нь шувуу орсны улмаас хотын дээр унах шахсан онгоцны бодит түүхээс сэдэвлэсэн кино билээ. Энэ үед онгоцны нисгэгчид ослын үеэр авах ёстой арга хэмжээг авч, checklist буюу шалгах хуудсаа мөрдөн, улмаар Хадсон мөрөн дээр ослын буулт хийн зорчигчид, онгоцны багийнхнаас бүрдсэн 155 хүнийг эсэн мэнд газардуулж, гайхалтай түүхийг бүтээсэн юм. Энэ түүх бол нарийн түвэгтэй ажлыг гүйцэтгэх, хүндрэлтэй хэцүү нөхцөл байдлыг давахад ашиглах ёстой шалгах хуудасны ид шидийг харуулсан хамгийн гайхалтай жишээ байдаг. Өнөөдөр бид, шалгах хуудсыг яагаад ашиглах ёстой, ашигласнаар ямар үр нөлөөтэй байдаг талаар мэс засалч, зохиогч Др. Атул Гавандегийн бичсэн The Checklist Manifesto хэмээх номыг тоймлон танилцуулж байна.

Атул Гаванде бол Бостоны Бригхам Эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэс засалч, The New Yorker сэтгүүлийн нийтлэлч, Харвардын Анагаахын сургууль болон Харвардын Нийтийн Эрүүл Мэндийн Сургуулийн профессор билээ. Бичсэн номууд нь бүгд өндөр үнэлэгдэж байсан түүнийг Foreign Policy, TIME сэтгүүлүүдээс дэлхийн хамгийн нөлөө бүхий сэтгэгчдийн нэгээр нэрлэж байв. Өнөөдрийн танилцуулж буй энэ ном 2009 онд АНУ-ын "Үндэсний ном" шагналын сүүлийн шатанд шалгарч, Нью Йорк Таймсын онцлох номоор нэрлэгдсэн юм.

Хөлдүү цөөрөмд унасан, маш хүнд байдалтай байсан хүүхдийг шалгах хуудсанд ихээхэн найддаг эмч аварсан тухай түүхийг уншаад зохиогчид энэхүү номыг бичих сэдэл төрсөн гэдэг. Олон хүчин зүйлсийг тооцох ёстой, нарийн мэдлэг мэргэшил шаардсан, хийж гүйцэтгэхэд амаргүй ажлууд амьдрал дээр олон байдаг. Техник технологийн хөгжихийн хэрээр энэ байдал улам бүр л нэмэгдэж байна. Хөгжил бидэнд олон гайхалтай шийдлийг, нөү-хауг өгч байгаа ч засаж болохуйц алдаа эндлүүд биднийг эрүүл мэнд, засгийн газар, санхүү гээд ихэнх салбарт зовоосоор л байгаа билээ. Өөрөөр хэлбэл зохион байгуулалттай ажил бүхэнд төрөл бүрийн алдаа гарсаар л байдаг. Шалтгаан нь ч энгийн юм. Өнөө цагт хүн төрөлхтөний олсон, ашиглаж буй мэдлэгийн хэмжээ ба нарийвчлал нь хувь хүмүүсийн чадамжийг хэдийнэ даван гарчээ. Энэ их мэдлэгийг хүмүүс тасралтгүй, зөв, аюулгүй ашиглана гэдэг хэцүү байдаг. Хэдийгээр хүмүүс өөрсдийгөө сайжруулахын тулд илүү удаан хугацаанд суралцаж, илүү нарийн мэргэшиж, сүүлийн үеийн технологийг ашиглаж байгаа боловч алдаа эндлүүд гарсаар л байна.

Үүнийг үхэл амьдралыг дэнсэлдэг мэс засалч хамгийн сайн мэднэ. Мэс засал гэдэг бол өнөөх нарийн түвэгтэй үйл явц, ажлын сонгодог жишээ билээ. Тийм ч учраас Др. Гаванде энэ бүтээлээрээ орчин цагийн энэ нарийн түвэгтэй асуудлуудыг даван туулахад туслах нэгэн энгийн хэрнээ маш үр дүнтэй аргыг санал болгосон юм. Тэр бол checklist буюу шалгах хуудас. Жишээ нь шалгах хуудас өвчтөний хэвлийд багаж хэрэгсэл, хөвөн даавуу үлдээн оёхоос сэргийлэхээс эхлээд цус алдаж хүндэрсэн үед хэрхэх ёстойг сануулдаг. Хүн хэдий ухаантай ч машин биш хүн л байдаг шүү дээ.

ДЭМБ-аас дэлхийн улс орнуудад мэс заслын алдаа эндлийг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх ажлын хэсэгт орж ажилласан тэрээр энэ үүргээ гүйцэтгэх явцдаа шалгах хуудасны ач холбогдлыг цоо шинээр нээн илрүүлж, илүү гүнзгий судалж, улмаар нарийн боловсруулсан шалгах хуудсыг дэлхийн эмнэлгүүдэд практикт нэвтрүүлж, гайхалтай үр дүн гаргахад өөрийн хувь нэмрийг оруулжээ. Др. Гаванде номондоо шалгах хуудас юу хийж чаддаг чаддаггүйг өгүүлж, энэ энгийн аргыг ашиглах нь анагаах, нисэх, барилга, санхүү, бизнес зэрэг бүх л салбарт ямар гайхалтай ахиц дэвшил авчирдгийг олон сонирхолтой жишээгээр бичсэн байна лээ.

Түүнчлэн уншихад нэн сонирхолтой байдлаар бичсэн зохиогчийн ур чадварыг энд онцлон дурдах ёстой болов уу.

"Сонгодог бүтээл. Эмнэлгийн дөрвөн ханан дотор бий болсон энэ түүхүүд бидэнд гадаад ертөнцийн талаар мартагдашгүй зүйлийг өгүүлж байна."

Малколм Гладвелл

АШИГЛАЖ БОЛОХ ШАЛГАХ ХУУДАС:

Шалгах хуудас нь урт байж болохгүй.
Шалгах хуудсанд 5-9 зүйлийг бичих нь хамгийн зохистой.
Шалгах процесс 60-90 секундээс дээш хугацаанд үргэлжилбэл хүмүүс товчлох аргыг эрэлхийлж, зарим зүйлийг, шатыг орхигдуулдаг байна. Хэмжээний хувьд нэг хуудсанд л багтаах хэрэгтэй.

Шалгах хуудсыг бас буруугаар ойлгох нь түгээмэл. Энэ бол ажлыг хэрхэн хийх дэлгэрэнгүй хөтөч биш юм. Мэргэжилтэн хүмүүсийн ур чадварыг бүрэн гаргахад, хийх ёстой зүйлсийг сануулахад зориулагдсан хамгийн энгийн бөгөөд хурдан арга юм. Шалгах хуудсанд товч байдал, үр дүнтэй байдлын тэнцвэрийг олох нь чухал.

МУУ ШАЛГАХ ХУУДАС
... тодорхойгүй, бүдэг бадаг байдаг.
Хэт урт, хэрэглэхэд хэцүү, бодит байдлаас хол байдаг.
Ашиглах нөхцөл байдлыг нь сайн мэдэхгүй оффисын хүмүүсээр хийлгэсэн байдаг.
Хүмүүсийг тэнэг мэт бодож бүх зүйлийг хэт дэлгэрэнгүй заасан байдаг.
Хүмүүсийн тархинд сануулга өгч сэрээхээсээ илүү унтрааж орхидог.

САЙН ШАЛГАХ ХУУДАС
... товч тодорхой байдаг.
Үр дүнтэй, гол зүйлсийг орхигдуулаагүй, хамгийн хэцүү нөхцөлд ч хэрэглэхэд амар байдаг.
Бүх зүйлийг нэг бүрчлэн бичээгүй байдаг. Шалгах хуудас нь онгоц хөөргөж чадахгүй.
Хамгийн ур чадвартай мэргэжилтнүүд ч орхигдуулж, алдаж болох хамгийн чухал алхмуудыг сануулах зорилгоор үйлчилдэг.
Сайн шалгах хуудас нь хамгийн гол нь бодит байдалд хэрэглэж болохуйц байдаг.

Шалгах хуудасны хүч гэхдээ хязгаартай.
Тэд мэргэжилтнүүдэд ярвигтай үйл явцыг хэрхэн давах, нарийн техниктэй хэрхэн харьцах учиртайг сануулдаг.
Хамгийн гол зүйлсийг тодорхой болгож, хүмүүсийг багаараа сайн ажиллах боломжийг олгодог.
Гэхдээ шалгах хуудас өөрөө хэн нэгнийг дага гэж албадаж чадахгүй билээ.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.