Мэдүүштэй

30 наснаасаа хойш бизнесийн салбарт өндөр амжилтанд хүрсэн 8 хүн

11 сарын 09, 2017


НИЙТЭЛСЭН:

Unread Today
@Unread


23183   3




Бизнесийн салбарт амжилттай явж буй ихэнх хүн эрт эхэлсэн байдаг гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл. 30 нас хүрэхээсээ өмнө хангалттай мөнгөтэй болж чадаагүй бол цаашдаа хэцүү байдаг гэсэн зөвлөгөөнүүд ч олон байдаг нь өрөөсгөл. Магадгүй үүнтэй холбоотойгоор, сүүлийн үед залуус хэтэрхий яарч, юу юугүй л өөрийн бизнесийг эхлүүлэх гэдэг болсон нь зарим тохиолдолд тун оновчгүй сонголт болдог. Тэгвэл өнөөдөр, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж байж, дардан бус замыг туулж байж амжилттай бизнес эхлүүлдгийн жишээг харуулах бизнесийн 8 акулын бичил түүхийг хуваалцъя.

1. Хувцас дизайнер Вера Ванг

Хэрвээ та түүний бүтээгдэхүүний аль нэгийг эзэмшдэг бол Вера Ванг гэсэн нэрийг мэдэж магадгүй. Тэр бол өнөө цагийн хамгийн алдартай, ашигтай ажиллаж буй хувцас дизайнеруудын нэг. Гэхдээ тэр хориод наснаасаа хувцас дизайнерийн карьераа эхлүүлээгүй юм. Вера 8 наснаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. АНУ-ын аваргад оролцож, Sports Illustrated сэтгүүлд хүртэл гарч байв. Гэвч АНУ-ын олимпийн багт багтаж чадаагүй тул хувцас загвар руу анхаарал хандуулах болсон аж. Sarah Lawrence-ийг төгссөнийхөө дараа Vogue сэтгүүлд редактороор орж, 17 жил ажилласан бөгөөд 1987 онд Ralph Lauren-д орж, богино хугацаанд ажилласан нь хувцас загварын ертөнцийн гүнд орох хүслийг төрүүлжээ. 2 жилийн дараа 40 настайдаа тэр анхны даашинзаа зохион бүтээсэн байна. Түүнээс хойш, Ванг алдартай хүмүүсийн хувцасны загварыг гаргадаг болж, карьер нь мандсан юм. Өдгөө тэрээр 420 сая долларын хөрөнгөтэй.

2. Форд Мотор компанийг үүсгэн байгуулагч Хенри Форд

Хенри Фордыг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Автын салбарт хувьсгал хийсэн тэрээр орчин цагийн авто машины эцэг гэгддэг. Хэдийгээр тэр машин зохион бүтээгээгүй, үйлдвэрлэлийн дамжлагыг сэдэж олоогүй ч энэ хоёрыг нэгтгэж, дундаж орлоготой америк гэр бүлүүд худалдаж авч чадахуйц үнэтэй машин бий болгохыг зорьсон юм. Гэвч энэ бүхэн түүний карьерын эхэн үед тохиогоогүй билээ. Тэрээр чөлөөт цагаараа цуврал туршилт удаан хугацаанд хийсний эцэст 1898 онд буюу 35 настайдаа бүрэн ажиллагаатай машин гаргаж авсан байдаг. Улмаар Александер Малкомсонтой түншилж, ах дүү нарын Dodge Brothers компанитай гэрээ хийсэн аж. Ингээд 1903 онд 6 сарын 16-нд 28,000 долларын хөрөнгөтэйгээр Ford Motor Company мэндэлсэн юм. Таван жилийн дараа 1908 онд Ford Model T хэмээх загварын машин 825 долларын үнэтэйгээр (өнөөгийн ханшаар 22,000 доллар) худалдаанд гарсан нь тун боломжийнд тооцогдож байв. Ердөө 10 жилийн дараа Фордыг 55 настай байхад Америкийн бүх машины тал нь Model T байжээ. Компани ихээхэн амжилт олж, Форд цаашлаад өөрийн эзэнт гүрнийг байгуулж чадсан юм. Тэрээр 80 шахталаа компанийнхаа ерөнхийлөгчөөр ажиллаж 1947 онд 83-тайдаа өөд болсон билээ. Инфляцийг тооцон өнөөгийн ханшид шилжүүлэх юм бол тэрээр 200 тэрбум долларын хөрөнгөтэй байв. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн баян хүн байсан ажээ.

3. McDonald's-ийн Ерөнхийлөгч Рэй Крок

"Үүсгэн байгуулагч" хэмээх кинонд дүрээ мөнхөлсөн Рэй Крок бол та бидний өнөөдөр мэдэх McDonald's брэндийг үүсгэсэн гол хүмүүсийн билээ. Олон хүний хувьд карьерын төгсгөл хэсэг гэж тооцогддог 53 насандаа тэр сүүтэй шэйк айлын хаалга дамжин борлуулдаг байжээ. Энэ нь тийм ч сайн бизнес байсангүй. Ах дүү Ричард МкДоналд, Маурис МкДоналд нар бургерийн үйлдвэртээ зориулан түүний холигчоос 8 ширхгийг авах үед тэр рестораныг нь очиж үзжээ. Энэ явдал түүний амьдралыг өөрчилсөн юм. Крок ах дүү хоёрыг ресторанаа франчайз болго хэмээн ятгаж, улмаар түргэн хоолны аварга том хаант улсыг бүтээлцэн удирдаж байсан юм. Крон түргэн хоолны бизнест олон инноваци хийсэн бөгөөд 1984 онд нас барах үедээ 600 сая долларын хөрөнгөтэй байжээ.

4. Gap брэндийг үүсгэн байгуулагч Доналд Фишер

1928 онд Сан Франсискод төрсөн Доналд Фишер хувцас загварын салбарын алдартнуудтай адил замаар замнаагүй юм. Сургуулиа төгсөөд АНУ-ын Тэнгисийн цэрэгт офицерээр ажиллаж, дараа нь тавилга хийгчээр ажиллажээ. 1960 онд 32 настайдаа зочид буудлуудыг засаж шинэчилдэг өөрийн бизнесийг эхлүүлж, Сакраментод Капитол Парк зочид буудлыг худалдан авсан байна. Тэрээр зочид буудлынхаа үйлчилгээний талбайн нэг хэсгийг Levi Strauss & Co-д түрээслүүлжээ. Гэвч хос Levi's жинс буцааж буй хэрэглэгчийг хараад брэндийн загвар ба хэмжээний сонголт тааруу байгааг анзаарчээ. Улмаар Levi's-д илүү олон сонголттой болохыг зөвлөж байжээ. 1969 оны 8 сард 41 насандаа Доналд эхнэрийн хамт хамгийн анхны Gap дэлгүүрийг (generation gap гэсэн утгатай үг) нээж, Levi's жинс, хуурцаг, пянз зэргийг зарах болжээ. Энэ дэлгүүр амжилтанд хүрч, гуравхан жилийн дараа тэд өөрийн Gap нэрийн хувцаснуудыг үйлдвэрлэдэг болж, Banana Republic, Old Navy зэрэг брэндүүдийг худалдаж авчээ. Нас эцэслэх үедээ Доналд Фишер 3.3 тэрбум долларын хөрөнгөтэй байв.

5. Нетфликийн үүсгэн байгуулагч Рид Хастингс

Өнөө үед Netflix-гүйгээр амьдралыг төсөөлөхөд хэцүү болсон билээ. Хуруу товшоод л стриминг үйлчилгээ, гайхалтай оригинал цувралууд, киноны арвин сан. Үүний ард Рийд Хастингс хэмээх эрхэм бий. Тэр энэ санаагаа 37 нас хүртлээ олоогүй юм. Карьерын эхэн үедээ буюу 1983-1985 онд Рийд Швазиландад энх тайвны корпусын шугамаар ахлах сургуульд математик заадаг байжээ. АНУ-д буцаж ирээд Станфордод суралцаж, компьютерийн шинжлэх ухаанаар магистрын зэрэг хамгаалсан байна. Улмаар тэр Adaptive Technology компанидаа ур чадвараа гаргаж, софтвэйрийн алдааг олж засдаг хэрэгслийг зохион бүтээж байв. Удалгүй 1991 онд өөрийн Pure Software компанийг үүсгэн байгуулж 6 жилийн дараа компаниа 750 саяар зарсан юм. Энэ мөнгөөрөө тэр юу хийхээ мэдэж байлаа. Apollo 13 киноны DVD-ийг түрээсэлж оройтуулсныхаа төлөө 40 доллар төлсөн Хастингс DVD-г хожимдууллаа гэж торгууль төлдөггүй, сараар нь төлбөрөө хийчихвэл хэдэн ч кино авч үзэж болох санааг бодож олжээ. Улмаар энэ санаа Blockbuster, Hollywood Video зэрэг салбарын томчуулыг унагаж, телевиз болоод кино түрээсийн салбарыг эгнэгт өөрчилсөн үйлчилгээ болж хувирсан билээ. Хастингс одоо 2 тэрбум долларын хөрөнгөтэй.

6. Зохиолч, тогооч, бизнесвомен Марта Стюварт

Хэдийгээр хууль зөрчсөн хэмээн шийтгүүлж байсан ч Марта Стеварт бол Америкт хамгийн алдаршсан нэрсийн нэг. Загвар өмсөгчийн карьераа дуусгаад Стеварт хэсэг хугацаанд хувьцааны брокероор ажилласан юм. Арилжаа хийж байх үедээ тэр байшингийнхаа зоорийн давхарт найз Норма Коллиэрийн хамт хоол үйлчилгээний бизнес эхлүүлсэн юм. "The Secret Book of Gnomes" хэмээх номын нээлтийн үеэр хоолны үйлчилгээ үзүүлсний дараа тэрээр томоохон паблишинг компанийн захирал Алан Миркенг-тэй танилцсан байна. Стюварт түүнд гүн сэтгэгдэл үлдээж чадсан тул Алан түүнээс ном бичихийг хүсжээ. Улмаар тэр Элизабет Хавес бичээчийн тусламжтайгаар "Entertaining" гэсэн ном бичсэн нь алдаршиж, дахин нэлээн хэдэн ном цувралаар гаргажээ. Улмаар Опра Уинфригийн шоу, Ларри Кингийн ярилцлагад тогтмол зочноор оролцдог болжээ. 1990 онд "Марта Стюварт Ливин" хэмээх сэтгүүлээ гаргасан төдийгүй 3 жилийн дараа энэ сэтгүүл дээр тулгуурласан телевизийн шоуг хийж эхэлсэн байдаг. Одоо 300 сая долларын хөрөнгөтэй Марта тухайн үед 52 настай байжээ.

7. Бэлэн гоймонг зохион бүтээгч Момофуку Андо

Тайвань гэр бүлд өвөө, эмээгийн хамт өссөн Момофуку Андо 22 настайдаа нэхмэлийн бизнес эхлүүлж байсан ч тун удалгүй хоёрдугаар дайны дараа татвараас бултсан хэргээр 2 жил шоронд хоригдсон аж. Түүний бизнес ч дагаад дампуурсан байна. Тухайн үед дайнаас болж Японы ард түмэн асар их өлсгөлөнд нэрвэгдсэн байсан бөгөөд засгийн газрын зүгээс АНУ-аас оруулж ирсэн гурилаар талх хийж идэхийг уриалж байв. Харин Андод талхны оронд гоймон хийх нь хамаагүй энгийн шийдэл мэт санагдсан тул олон сарын турш оролдсоны эцэст 48 насандаа бэлэн гоймонг бүтээжээ. Улмаар 1971 онд буюу 61 настайдаа тэрээр цаасан аягатай гоймонг худалдаанд гаргасан юм. 96 насандаа нас барсан түүнийг өдөр бүр тахианы бэлэн гоймон иддэг байсан гэлцдэг. Түүний хөрөнгө ойролцоогоор 100 сая доллар байжээ.

8. Уолмартын үүсгэн байгуулагч Сэм Уолтон

Уолмартын агуулахыг яагаад "Сэмийн клуб" гэж нэрлэдгийг та мэдэх үү? Учир нь 44 настай Сэм Уолтон 20,000 долларын (одоогийн ханшаар 250,000 доллар) зээл авч 1945 онд одоогийн Уолмартын үндсийг тавьж байжээ. Энэ мөнгөөр Сэм "Бэн Франклин дэлгүүр"-ийн Аркансас дахь салбарыг худалдан авч, 3 жилийн дараа дахин нэг салбар нэмж авчээ. 1962 он гэхэд Сэм ахтайгаа хамт Аркансас, Миссури, Канзаст нийт 16 дэлгүүрийг эзэмшиж байв. Улмаар 1962 онд Уолмартын дэлгүүрээ анх нээж байжээ. Хачирхалтай нь дэлгүүртээ зөвхөн үнийг нь буулгах боломжтой АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг зарж гадаадын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж байв. Гэвч одоо Уолмарт голдуу гадаадад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдаалдаг болсон нь Сэмийн дургүйцлийг хүргэх л байсан болов уу. 1992 онд нас барсан түүний гэр бүлийн олон гишүүн АНУ-ын хамгийн их хөрөнгөтэй хүмүүсийн жагсаалтыг өнгөлдөг билээ.

Эх сурвалж: Business Insider

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.