Апп Тойм

Апп тойм: Хэрэгцээт монгол аппууд #1

11 сарын 07, 2017


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг
@Бүтэд


20279   2




Гадаадын олон апп хэрэглэдэг бид хааяа хааяа аль нэг хэрэгцээг маань шийдсэн монгол апп төрөхөд жигтэйхэн их баярладаг билээ. Хэдийгээр монгол аппууд тийм цөөн биш ч шаардлага бүрэн хангасан, агуулга болоод хэлбэр талаасаа сэтгэл нийцсэн нь ховор. Өнөөдөр эхлүүлж буй цувралаараа бид сайн хийгдсэн, гар утсанд байхад хэрэг болох монгол аппуудыг багцлан танилцуулж явах юм. Ингээд Lawsmn, Smartcarmn, 1212mn, Монгол толь гэсэн 4 апптай танилцъя.

1. LAWSMN

Монгол Улсын Их Хурлын Тамгийн Газрын захиалгаар хийгдсэн, Монголын хууль эрх зүйн бүхий л актуудыг багтаасан энэхүү апп нь хайлтын систем, интернэтгүй орчинд унших боломжтой зэргээрээ нэлээн онцлогтой. Хайхдаа түлхүүр үгээ бичихээс гадна гарчиг, төрөл, агуулгаар нь шүүх, хаанаас гаргасан ямар хэлбэрээр гаргасан акт зэргээр нь тодорхойлох (жишээлбэл: сайдын тушаал, сангийн яам, Монгол Улсын хууль гэх мэт), түүнчлэн батлагдсан огноогоор нь нарийвчлан шүүх боломжтой юм.

Монгол аппуудын дунд ажиглагддаг нэг том сул тал бол дутуу юм уу алдаа ихтэй байдаг. Харин Lawsmn энэ тал дээр харьцангуй гайгүй бөгөөд хэрэглэх явцад гэнэт аппаас гарах, хуулиудыг татахад алдаа заах гэх мэт зүйлс гараагүй. Мөн дизайны хувьд ч цэгцтэй, цэвэрхэн.

Татах: iOS, Android

2. МОНГОЛ АПП

Монгол аппуудаа ашиглахыг хүссэн ч хаанаас, яаж хайвал зохистой болохыг мэдэхгүй байвал танд "Монгол апп"-ийг санал болгоё. Энэ нь нэг ёсондоо Google Play, App Store шиг хэдий ч зөвхөн монгол аппуудыг багтаасан гэдгээрээ онцлогтой. Нүүр хуудсанд шинэ, шилдэг гэх мэтээр ангилсан байх ба та илүү нарийвчлан бизнес, боловсрол, энтертайнмент, тоглоом гэх мэт чиглэлээр хайж болно.

Тэд сонирхолтой, шинэ аппуудыг тогтмол нэмж, жагсаалтаа баяжуулдаг юм билээ. Хэрвээ таны апп байхгүй бол мэдээллээ явуулаад нэмүүлэх боломжтой.

Татах: Android

3. 1212MN

Үндэсний Статистикийн Хорооноос өнгөрсөн 8-р сард гаргасан энэ аппаар дамжуулан та Монгол Улсын талаарх олон сонирхолтой статистик мэдээлэл, судалгааны үр дүн, тайланг график маягаар харах боломжтой. Апп-ийг татаж авсны дараагаар аккаунт нээхийг шаарддаг нь 1212mn-ийг ашиглан явуулдаг "Мэдлэгээ шалгая" хэмээх тоглоомтой холбоотой аж. Янз бүрийн мэдлэг сорих асуултуудад хариулж, улмаар хамгийн өндөр оноо цуглуулсан хүнийг сар бүрийн 11-нд шалгаруулж гарын бэлэг өгдөг юм байна лээ.

Хамгийн гол функц нь уншихад хэцүү статистикуудыг график болгодог функц. 3 төрлийн графикаар харуулдгаас гадна хүснэгтэн хэлбэрт бас оруулдаг. Сонирхож буй статистикаа ингэж харахдаа баруун дээд булан дахь icon дээр дарж хэдэн оных, аль бүс нутаг гэх мэт сонголтуудаас зааж өгдөг. Гэхдээ зарим тохиолдолд өгөгдөл хоосон байна гэж гарч ирж байсан.

Апп мөн англи хувилбартай бөгөөд зарим статистик мэдээллийг шууд англи хэл дээр авч болдог.

Татах: iOS, Android

4. МОНГОЛ ТОЛЬ

50,000+ таталттай "Монгол толь" апп нь Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн судлаачдын бүтээсэн 60,000 гаруй толгой үг, 80,000 гаруй холбоо үг бүхий цахим тайлбар толь юм.

Та сонирхсон үгийнхээ тайлбарыг хараад зогсохгүй нутгийн аялгууны жишээ, уламжлалт монгол бичгийн бичлэг зэргийг үзэх, мөн интернэт орчинд дуудлагыг нь сонсох боломжтой аж. Ихэнх үгийн доор хэрэглэсэн жишээг багтаасан нь Монгол хэлийг сурах гэж байгаа хүмүүст дөхөм болох юм болов уу гэж бодогдлоо. Түүнчлэн зарим үгсийг хадгалж авахыг хүсвэл онцолсон үг, онцлох үг гэсэн цэсийг ашиглаж болно.

Татах: iOS, Android

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.