Онцлох Бизнес

Онцлох бизнес: Mayara - Үндэсний бахархлаа хэрэглээнд шингээе

11 сарын 06, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


46505   5




Үндэсний өв соёл, уламжлалаа танин мэдэх, хүндэтгэх, хадгалах нь чухал болохыг хүн бүр л мэднэ. Гэхдээ өнөөгийн хурдан хэмнэлтэй, даяаршсан нийгэмд энэ нь тийм ч амар биш. Тэгвэл өнөөдрийн танилцуулах Mayara брэнд өдөр тутмын, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээр дамжуулан үндэсний соёл урлаг, өв уламжлалаа танин мэдэх, дэлгэрүүлэх боломжийг олгож байгаа юм. Цүнх, ороолт, дэвтэр, тэр бүү хэл баллуур гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүнд үндэсний бахархлаа шингээж, Монголыг дэлхийд сурталчлах зорилготой энэ брэнд албан ёсны нээлтээ хэдхэн хоногийн дараа хийх гэж байна.

Бизнесийн нэр: Mayara
Үйл ажиллагааны чиглэл: Монгол соёл, уламжлал шингэсэн бүтээгдэхүүн, хөгжүүлэлт
Үүсгэн байгуулагдсан: 2017 оны 7-р сар
Үүсгэн байгуулагчид: Э.Азжаргал, Ч.Бүжинлхам, Г.Оюунгэрэл
Ажилтны тоо: 8
Вэбсайт: United Mongol Store

Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Азжаргал

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХЭРХЭН ОЛСОН БЭ?

Гадаад руу ажлаар явах үедээ эх орноо, монгол хүн гэдгээ өдөр тутмын хувцас ба бусад бүтээгдэхүүнээр сурталчлахыг хүсдэг юм. Бас хамтарч ажилладаг гадаад хүмүүс монголд ирээд танай орны бүтээгдэхүүнүүдтэй танилцъя гэхэд үзүүлэх юм тийм ч хангалттай их биш байдаг. Ийм болохоор би ерөөс хүсээд байгаа зүйлээ өөрөө хийе гэж шийдсэн хэрэг.

Монголд гарааны бизнес эрхлэх орчинг бүрдүүлэхийн төлөө хэдэн найзуудын хамт 6 жилийн өмнөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажилласаар ирсэн. Мөн Монгол брэнд хэмээх том төслийг хэдэн найзуудын хамт санаачлан, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гар бие оролцьё, гадаадынн зах зээлд үндэсний бүтээгдэхүүнээ экспортолъё гэсэн хүсэлтэй ажиллаж байсан болохоор энэ бизнесийг эхлүүлэхэд надад дөхөм байсан. Би Стартап Монгол ТББ-тай 6 жилийн нягт холбоотой ажиллаж, Монголын Энтрепренер Эмэгтэйчүүд ТББ-ыг найз охины хамт үүсгэн үүсгэн байгуулж, сүүлийн 2 жилийн хугацаанд Монголын олон эмэгтэйчүүдэд гарааны бизнесээ эхлэхэд нь тусладаг туслагч байя, эмэгтэйчүүд олуулаа болъё, эдийн засагтаа эерэг нөлөө бий болгоцгооё, хамгийн гол нь санхүүгийн хувьд хэнээс ч хараат биш байцгаая гэсэн зорилготой ажиллаж байна.
Түүнчлэн гарааны бизнесийн талаар дандаа ярих биш хийх нь чухал байсан.

Ийм ийм шалтгаанаар үндэсний соёл, бахархлаа хэрэглээнд оруулах, цаашлаад олон улсад гаргах боломжтой энэ брэндийг эхлүүлсэн. Сүүлийн үед манайхан гаднын тренд, соёлыг өөрсдөө ч мэдэлгүй түгээх тал ажиглагдаж байна. Гэтэл бидэнд өөрсдийгөө таниулах, хэн гэдгээ мэдрэх маш олон түүх соёл, өв бий. Өөрөөр хэлбэл манай бүтээгдэхүүнүүдэд Монголоороо гоёосой гэдэг хүсэл давхар дагалдаж байгаа.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Санхүүжилт бол гарааны бизнесийн хамгийн хэцүү хэсэг нь байдаг. Би Засгийн газрын худалдан авах ажиллагааны газар хэсэг ажиллаж байсан туршлагадаа үндэслэн тендерийн консалтинг үйлчилгээ үзүүлдэг болсон юм. Тэр ажлынхаа орлого болон гэр бүлийн хуримтлалаар энэ бизнесийг эхлүүлсэн. Бага зардлаар эхлүүлэх тал дээр сайн ажиллаж чадсан шүү. Ингэхийн тулд өөрсдөө бүгдийг хийхээс илүү үйлдвэрлэгч хүмүүстэй зөв байдлаар хамтрахыг хичээдэг. Одоо дараагийн шатандаа банкнаас зээл авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Гарааны бизнест хамтрагчид, баг нэн чухал. Тийм ч учраас би энэ төсөлдөө надад байхгүй ур чадвартай хүмүүсийг татаж оруулъя гэж бодсон. Ингээд насны зөрүүтэй, өөр өөр туршлагатай 3 эмэгтэй нэгдсэн. Бүжээ маань Хятадад саяхан сургуулиа төгссөн, хятад хэлтэй. Оюунгэрэл маань сүүлийн 5 жил гарааны бизнесийн сургалт, зөвлөгөөгөөр ажилласан туршлагатай. Үүнээс гадна миний ээж хамгийн идэвхтэй сайн дурын гишүүн. Оройтвол бидэн дээр хоол хийгээд аваад ирдэг. Бидэнд зөвлөж, хөөрсөн үед хөрсөн дээр буулгадаг, шантарсан үед урам зоригоор тэтгэдэг хүн.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Монголын соёл, урлаг, уламжлалыг шингээсэн өдөр тутам хэрэглэх боломжтой, шинэлэг бүтээгдэхүүнийг хийж байгаа гэдгээрээ онцлогтой. Хичээлийн цүнх, ороолт, дэвтэр, баллуур, гар цүнх зэрэг бүтээгдэхүүнүүд одоогоор гараад байна. Жишээ хэлье. Манайх шагайны хэлбэртэй баллуур үйлдвэрлэсэн. Шагайны соёл, хэрэглээ алдагдаж буй өнөө үед шагайн хэлбэртэй баллуур бий болсноор хүүхэд залуус шагайг эргээд ашиглах, магадгүй тоглох боломж бүрдэнэ. Нэг залуу хүүгийнхээ ангийнханд шагайн баллуур авч бэлэглэсэн тухайгаа ярьж байна лээ. Хичээлийн завсарлагаанаар хүүхдүүд морь уралдуулж тоглодог гэсэн. Энийг сонсоод манай багийхан маш их баярласан шүү. Мөн үндэсний сайхан уран зургууд байна. Голдуу л хананд өлгөөтэй байдаг. Тэгвэл тэр зургуудыг хувцас, цүнх зэрэгт шингээж өгснөөр илүү олон хүн үзэж харах боломж бүрдэнэ шүү дээ. Хэрэглээнээсээ монгол ахуй, уламжлал, соёл урлагаараа бахархах сайхан боломж гэж харж байна.

Мөн үнийн хувьд тун боломжийн. Бид зардлаа байж болох хамгийн бага байлгахаар хичээж байгаа. Анх үнээ багасгах гээд чанар дээр алдаж байсан бол одоо чанар дээрээ ч давхар сайн анхаарч байгаа.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Энэ төсөл маань нэлээн өргөн хүрээтэй, консепттой. Бид том зураглалаа хэдийнээ гаргачихсан. Lean startup зарчмаар зардлаа хэмнээд, хэмнэсэн зардлаараа бүтээгдэхүүнээ сайжруулаад явна. Борлуулалт онлайн захиалга дээр суурилна. Ирэх жилээс өөрийн нэрийн дэлгүүртэй болж, бүтээгдэхүүнүүдээ Хятадад гаргах зорилготой. Энэ ажлын маань суурь ч тавигдаж, бид чөлөөт бүс дээр павилион авчихаад байгаа шүү.

Манай хэтийн зорилго бол олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах. Манай бүтээгдэхүүнийг сонирхох олон сая монгол угсаатнууд бий шүү дээ. Монголд элэгтэй гадаад хүмүүс ч зөндөө бий.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Манайх social enterprise буюу нийгэмд ээлтэй бизнесийн чиг баримтлалаар ажилладаг. Бүтээгдэхүүнүүдийнхээ эсгүүрийг бид өөрсдөө гаргаад өрх толгойлсон, гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдээр оёулж байгаа. Цаашдаа энэ оёдолчдынхоо тоог нэмэх, илүү чадваржуулж мэргэшүүлэх тал дээр анхаарна.

Бид нэгэнт супер хүмүүс биш учраас бусадтай хамтарч, хамтдаа хөгжих гэсэн зарчмыг ихэд чухалчилж байгаа. 11 сарын дундуур л гэхэд бид Хятад руу Монголын хэд хэдэн жижиг бизнес эрхлэгчийг дагуулан явж, борлуулалтын сувгийг нь нэмэгдүүлэхэд тусална. Бүх зардлыг Хятад талаас нь хариуцуулахаар болсон.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эерэг талууд мэдээж олон. Яг л дутагдаж байсан орон зай дээр гарч ирсэн гэж боддог. Хэрэглэгчид маань ч урмын үгээр тэтгэж, хэрэгтэй санал зөвлөгөөнүүдийг хэлдэг. Гадаадын хүмүүс ч сонирхож эхэлж байна. Хамгийн авууштай нь монгол залуус маань сүүлийн үед монгол агуулга шингэсэн бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол ихтэй болчихжээ.

Хүндрэлтэй асуудлууд бол олон бий. Бизнесийн салбарт хамтын ажиллагааны соёл, сэтгэлгээ сайн хөгжиж төлөвшөөгүй байна. Төрөл бүрийн үйлдвэрлэгчид, уран бүтээлчидтэй хамтарч ажиллах гэж хичээж байгаа ч тэр болгон санаснаар болдоггүй. Монголчууд бид илүү өргөн хүрээтэй, хайрцагнаас гадуур сэтгэх хэрэгтэй, асуудлыг эергээр харж сурах хэрэгтэй гэдгийг анзаарч байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн салбар манайд сайн хөгжөөгүй учраас бүх л үйл явц нь хэцүү байдаг юм байна. Татвар, хууль эрхзүй, материалын нөөц, бэлтгэн нийлүүлэлт, ханшийн хэлбэлзэл гээд биднээс хамаарахгүй нөхцөл байдал ямар их байдаг юм бэ.

Би өнгөрсөн өвөл "Энтрепренершип, жижиг бизнесийн хөгжүүлэлт" програмаар АНУ руу явж, 21 хоногийн турш 20 орны залуустай АНУ-д яаж энтрепренершип соёлыг дэмжиж, ЖДБ-ийг хэрхэн хөгжүүлдэг туршлагыг судлаад ирсэн юм. Энд төрийн байгуулагад ажиллаж байсан болохоор бас жижиг дунд бизнесийг дэмжих бодлого ямархуу түвшинд байгааг мэднэ. Энэ бүхнээс бидэнд хийх юм, өөрчлөх зүйл ямар их байгааг харж байна.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Эмэгтэй хүний ур ухааныг харуулах "Хатан коллекц" маань удахгүй гарна. Storytelling буюу дагалдах түүх, өгүүлэмж дээр нь, бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээр ажиллаж байна. Бүтээгдэхүүний брэндинг маань саяхан гарсан.

Өөр олон шинэ санаанууд байгаа. Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг хэрхэн олшруулах вэ, ижил төрлийн бусад бизнес эрхлэгчидтэй хэрхэн хамтарч бүтээгдэхүүн гаргах вэ гэдэг дээр голлон анхаарч байна. Үндэсний онцлогтой бүтээгдэхүүн хийдэг олон хүн үндсэн нэг консепт, брэндийн доор хамтраад, бүтээгдэхүүнүүд гаргавал хавьгүй илүү амжилт гаргах байх гэж итгэдэг. Бидэнд эв нэгдэл чухал байна.

ОДООГООР ТАНАЙ АЛЬ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮМҮҮС ХАМГИЙН ИХ СОНИРХОЖ БАЙГАА ВЭ?

Амжилт гэдгийг яаж, юугаар хэмжихээ мэдэхгүй л байна. Анх хичээлийн цүнх гаргаад амжилт олох юм шиг санасан. Үнэндээ цөм шатсан. Одоо бодоод байхад тэгж алдаад, түүнээсээ сурсан нь амжилт юм шиг. Алдсан учраас дараа дараагийн бүтээгдэхүүн дээрээ ихэд анхааран ажиллаж байна. Энэ бүхнийг эхлүүлсэн, зориг гаргаж чадсан нь бидний хувьд том амжилт. Харин бүтээгдэхүүний хувьд бид хараахан болоогүй байгаа. Энэ салбараас сурах мэдэх, өөрсдийгөө хөгжүүлэх зүйлс маш их. Удахгүй гарах "Хатан коллекц" бидний алдааг засах, амжилт руу багахан ч гэсэн ойртох бүтээгдэхүүн байж чадах болов уу гэж найдаж байна.

Гэрэл зургийг Х.Хантүшиг

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.