Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   10 сарын 23, 2017

Онцлох бизнес: NPC Mandal - Монгол ажилтны бүтээмжийг дэлхийн жишигт

Улс орны эдийн засгийн хөгжилд компаниудын үр ашигтай ажиллагаа хамгийн их нөлөөтэй. Тэгвэл компаниудын өсөлт ажилтнуудын бүтээмжээс ихээхэн хамааралтай байдаг. Тийм ч учраас бид өнөөдөр, компаниудад сайн ажилтан авахад, авсан ажилтнуудаа чадавхжуулахад, үр ашигтай ажиллахад тусалдаг хүний нөөц, сэтгэл зүйн зөвлөх компани NCP Mandal-ийг танилцуулж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд монгол ажилтны хандлага, үйлдлийг судалсан судалгааны дүгнэлтээ олон нийтэд энэ долоо хоногт танилцуулах гэж байгаа тэдний ярилцлага, тайлангаас та тун сонирхолтой үр дүнгүүдийг олж үзэх болно.

Бизнесийн нэр: NPC Mandal
Үйл ажиллагааны чиглэл: Хүний нөөцийн зөвлөх, сэтгэл зүйн консалтинг
Үүсгэн байгуулагдсан: 2013 он
Ажилтны тоо: 15
Томоохон харилцагчид: Голомт Банк, Эрдэнэс Монгол, Сүү ХК, E-Mart
Вэбсайт: NPCMandal.mn, NPC&Mandal (фэйсбүүк хуудас)

Гүйцэтгэх захирал Ц.Энхжаргал

Бизнесийн санаагаа анх хэрхэн олсон бэ?

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаачдын баг 2013 оноос компаниудад зориулсан хүний нөөцийн зөвлөх үйлчилгээг хүргэж эхэлсэн. Бизнесийн байгууллагууд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэн халамж, үйлчилгээний үйл ажиллагааг санаачлан явуулдаг бол бидний хувьд бизнесийн байгууллагуудын хөгжилд сэтгэл судлалын шинжлэх ухааны ололт амжилтыг тусгах зорилгоор энэхүү бизнесийг эхлүүлэн юм. Бизнесийн байгууллагуудаар дамжуулан илүү олон хүмүүст хүрч, нийгмийн өөрчлөлтийг бий болгон сэтгэл судлалын үйлчилгээг олон нийтийн хэрэглээ болгох бүрэн боломжтой гэдгийг олж харсан юм.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Мэргэжлийн бэлэн багтай, үйл ажиллагаа маань харьцангуй жигдэрсэн хойно компанийн зарчим руу шилжсэн учир анхны зардал бага байсан гэж хэлж болно. Бид 2013 оноос хойш UMC группийн охин компани болж, өдгөө 15 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Дан сэтгэл судлаачдаас бүрдсэн манайх шиг баг ховор байх. Бид хүний төлөө гэсэн зорилгоороо анх нэгдсэн гэж боддог. "Хүмүүний төлөө хүмүүс" гэсэн уриаг сонгоход ч багийн уур амьсгал, хамт олны нөлөөлөл өндөр байсан.

Компани болсноос хойш бид сэтгэл судлалыг мэдээллийн технологитой хослуулан илүү үр ашигтай ажиллах загвар уруу шилжиж байна. Тийм учраас манай багийн гишүүдийн тодорхой хувь нь технологийн мэргэжилтнүүд байдаг.

Танай онцлог, давуу талууд?

Сэтгэл судлалын салбарт судалгаа болон зөвлөгөөний үйл ажиллагаа хамгийн чухалд тооцогддог. Хүний бодол болон үйлдлийн хоорондын хамаарлыг судлан, түүний өөрчлөлтөнд чиглэсэн зөвлөгөөг боловсруулан гаргах нь манай шинжлэх ухааны бусад салбараас ялгарах онцлог. Шинжлэх ухааныхаа ялгарлыг бид байгууллагын үйл ажиллагаандаа тусган явуулдаг. Ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх гэсэн зорилгын хүрээнд бид байгууллагын ажилтны хандлага болон үйлдлийн загварыг тодорхойлох судалгааг 2013 оноос хойш судалгааны сан үүсгэн явуулж байна. Энэхүү судалгааны дүгнэлтийг жил болгон “Байгууллагын Сэтгэл Зүйн Удирдлага Форум”-аар олон нийтийн хүртээл болгон танилцуулдаг. Судалгааны үр дүнг бид ажилтан, удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд хөгжүүлэлтийн цогц хөтөлбөрөөр дамжуулан хүргэдэг.

Бид Монгол хүний сэтгэл зүйн онцлогт тохирсон цогц хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлдэг. Бусад зөвлөх компаниудаас гадны аргачлал, арга барилыг хуулбарладаггүй, орчуулж нутагшуулдаггүй гэдгээрээ ялгарна. Бид монгол хүний сэтгэл зүйн онцлогийг судалж, түүнд таарсан аргачлал хөгжүүлж, туршилт хийн цогц хөтөлбөрүүдээ гаргасан.

Манай хөгжүүлсэн байгууллагын сэтгэл зүйн удирдлагын технологи нь дээрх үндсэн 5 хүчин зүйлээс бүрддэг: “Эрч хүчийн удирдлага,” “Ур чадварын удирдлага” “Харилцааны удирдага” “Багийн дүрийн удирдлага” “Зорилгын удирдлага.” Бид эдгээр хүчин зүйлийг сургалт, гэрийн даалгавар, ганцаарчилсан уулзалтууд, багийн ажлуудаар дамжуулж тодорхойлж, оношилдог.

Цогц гэж байгаагийн шалтгаан нь түр зуурын үр дүнг бус урт хугацааны үйлдлийн болон хандлагын өөрчлөлт рүү чиглэсэн байдагтай холбоотой. Үүнд бид технологийн шийдлүүдийг ашиглаж эхэлсэн. Гэрийн даалгаврыг цахимаар шалгуулан, борлуулалтын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбон оноо өгөх зэргээр хөгжүүлэлтийн хөтөлбөрийг ухаалгаар шийдэж байгаа. Цаашдаа ажилтны хөгжүүлэлтийг уламжлалт аргаар бус ажилтанд ойрхон, үр дүнтэй байлгахаар зорин ажиллаж байна. Бидний бүтээгдэхүүн ажилтан, удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн, борлуулалтын баг, үйлчилгээний баг, шинэ ажилтан гэсэн тодорхой бүлгүүдэд зориулагдсан байдаг.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Бидний эрхэм зорилго бол байгууллагын сэтгэл зүйн удирдлагаар дамжуулан монгол ажилтны үнэлэмжийг дэлхийн хэмжээнд хүргэхэд хувь нэмэр оруулах. Энэхүү зорилгын хүрээнд Монгол ажилтны “бодол ба үйлдлийн алдаа”-г өөрчлөх, илүү олон дунд шатны удирдлагуудын удирдах аргачлалд нөлөөлөх хэрэгцээ байгаа. Жишээлбэл 2016 оны “Байгууллагын Сэтгэл Зүйн Удирдлага” судалгааны дүгнэлтэнд ажилтны зорилготой холбоотой “бодлын алдаа”-г танилцуулсан. Нийт ажилтны 49% нь 5 жилийн дотор удирдах ажилтан болно гэж боддог нь байгууллагын доторх албан тушаал нэмэгдэх бодит байдлаас огт өөр байдаг. Мөн өөрийн 5 жилийн төлөвлөгөөг асуухад 11% нь хэл сурах гэж хариулсан байгаа нь хэлний мэдлэгээ нэмэгдүүлснээр байгууллагынхаа төлөө өөртөө томоохон хөрөнгө оруулалт хийсэнтэй тэнцэнэ гэж боддогтой холбоотой. Мөн 5 жилийн хугацаанд биелүүлнэ гэж зориж байгаа нь биелэгдэшгүй зорилго болон өөрчлөгдсөн байх магадлалыг харуулж байна.


Энэ мэтчилэн бид монгол ажилтанд байгаа олон төрлийн алдаатай үйлдэл болон бодлыг “тодорхойлон судлах”, “өөрчлөн хөгжүүлэх”-ээр зорин ажилладаг. Үр дүнд нь ажилтан бүр сэтгэл ханамжтай, дэлхийн хэмжээнд үнэлэгдэх боломжийг бий болгоход тусална гэж зорьдог.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Бид аливаад таавраар биш шинжлэх ухаанчаар хандаж, мэргэжлийн хэм хэмжээг дээд зэргээр эрхэмлэн ажилладахыг зоридог. Манай уриа бол "Хүмүүний төлөө хүмүүс". Бид харилцагчдынхаа төлөө ажиллахаас гадна эргэн тойронд буй хамт олондоо, мөн өөрсдийгөө ч анхаарч, санаа тавьж ажиллаж байж илүү хүнлэг нийгэм бий болно гэж үздэг.

Одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Бид өөрсдийн санал болгож буй бүх бүтээгдэхүүн үйлчилгээгээ технологижуулах тал дээр ажиллаж байна.

Энэ жилийн тухайд бид сонгон шалгаруулалтын хөтөлбөр дээрээ илүү анхаарч байгаа гэж хэлж болно. Бид байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй хамтран ажил горилогчдын мэдээлэл дээр үндэслэсэн шийдвэр гаргалтуудыг санал болгодог юм. Ажил горилогчид эхлээд онлайнаар анкет бөглөнө, дараа нь онлайн сэтгэл зүйн тест өгч, улмаар эсээ бичиж, дараа нь ярилцлагандаа ордог. Бид эндээс цугларсан мэдээлэл дээр үндэслэн тухайн ажилтан ямар шинжтэй байна, ямар албан тушаалд хамгийн тохирох вэ, ямар байдлаар хандвал зүгээр вэ гэх мэт дүгнэлтүүдийг гаргадаг юм. 600 гаруй материалаас бид шүүлтүүр хийгээд 10-ыг нь л санал болгох жишээтэй. Байгууллагын одоо болон ирээдүйд зарцуулах цаг, зардлыг хэмнэж байгаа гэсэн үг л дээ.


Бид энэ долоо хоногт жил бүр зохион байгуулдаг "Байгууллагын сэтгэл зүйн удирдлага" форумаа зохион байгуулах гэж байна. Энэ форумыг бид өнгөрсөн 4 жилийн хугацаанд монгол ажилтны хандлага, үйлдлийг судалсан судалгааныхаа дүгнэлтийг танилцуулах, монгол хүмүүсээ судалж чаддаг боллоо гэдгийг харуулах баярын өдөр гэж ойлгож байгаа. Бид хүний нөөцийн салбарт хамгийн их зардал дагуулдаг сонгон шалгаруулалтын ажлыг сэтгэл зүйн технологитой хослуулан, хамгийн үр ашигтай байдлаар зохион байгуулах арга замуудыг хуваалцахаар төлөвлөж байна. Бизнесээ өргөжүүлэхэд анхаардаг шийдвэр гаргагч хүн бүрт зориулсан арга хэмжээ.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Төрөл бүрийн байгууллага дээр, өөр өөр судалгаан дээр ажиллахаар бүх хүмүүс хөгждөг. Манай баг нэг газраа гацдаггүй, байнга шинийг эрэлхийлж, давхар суралцаж байдгаараа давуу талтай. Бусдад зөвлөж, нэг алхам урд нь байхын тулд үргэлж 2 дахин хурдтай байхыг шаарддаг ажил. Нөгөө талаараа үр дүнг нь нүдээрээ харж болдог, хүнд хэрэгтэй, өгөөжтэй байгаа нь мэдрэгддэг, удирдлага нь алдаатай бодлогоо засаад, ажилтнууд нь хямралаас гараад, бүтээмж нь эрс өсөөд эхлэхийг анзаарч болдог эерэг ажил.

Хамгийн бэрхшээлтэй тал нь хүний нөөцийн хязгаарлагдмал байдал гэж хэлж болно. Энэ бол хүн дээр суурилсан бизнес. Бид аль болох хөтөлбөрүүдээ автоматчилж, технологитой хослуулж байгаа ч үргэлж мэргэжилтнүүдээ чадавхжуулж, сайжруулах хэрэгцээ гардаг.

Танай хамгийн амжилттай бүтээгдэхүүн юу вэ?

Өмнө дурдсан сонгон шалгаруулалтын хөтөлбөр ба борлуулалтын ажилтны хөтөлбөрөө онцолмоор байна. Нэг талд ажил хайсан, нөгөө талд ажилтан хайсан хүмүүс олон. Манай хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй гажуудал ч гэж хэлж болно. Хоёр биенээ голдог, хүлээлт зөрдөг асуудал манайд байгаа. Бид нарийн шүүлтүүрээр 2 талыг уулзуулж, чадварлаг ажилтнуудыг олж авахад нь байгууллагуудад тусалж байгаа.

Нөгөө талаар шалгаруулалтанд тэнцээгүй ч манай сорилоор дамжаад гарсан ажил горилогчид ихээхэн урам зориг, сэдэл авснаа бидэнд дуулгадаг. Илүү зорилготой, утга учиртай ажил хайх болсон, карьераа төлөвлөх болсон гэхийг нь сонсоход таатай байдаг даа.

Та бүхэн өөрсдийн хийсэн судалгааны үр дүнгээс зарим сонирхолтой үр дүнгээс хуваалцана уу?

Олон сонирхолтой үр дүн гарсан ч цөөн хэдийг нь онцолъё. Нийт ажилтнуудын 63 хувь нь байгууллагынхаа ирээдүйн төлөө бус өөр зүйлсийн төлөө ажилладаг. Тэд байгууллагын амжилт надад хамаагүй гэж боддог, ажилтнуудын 60 хувь нь байгууллагадаа өөрийнхөө ирээдүйг хардаггүй гэдэг нь анзаарагдсан. Ажилтнуудын 54 хувь нь багийн уур амьсгалд сэтгэл хангалуун бус байдаг, 57 хувь нь гурван жилийн дараа захирал болно гэж боддог гэх мэт сонирхолтой үр дүнгүүд бий.

Үйлчилгээний ажилтнуудын тал нь зөвхөн хувийн зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж байхад борлуулалтын ажилтнуудын 60 хувь нь зөвхөн өдөр тутмын ажлаа л хийдэг. Долоо хоног бүр ажиллаж буй 40 цагтаа яг ямар ажил хийж, амжуулснаа барим тавим мэддэг хүн байдаггүй, дунджаар 2 өдрийн ажлаа л нэрлэж чаддаг нь мөн сонирхолтой. Юу хийснээ мэдэхгүй хүн ирээдүйд юу хийхээ мэдэхгүй л гэсэн үг. Өдөр бүр өмнөх өдөр нь хийж амжаагүй зүйлсээ л гүйцээх гэж ажилладаг түгээмэл хандлага манайд байна.

Тэгэхээр бид бүтээмжээ дэлхийн хэмжээнд хүргэж, олон улсад өрсөлдөхийн тулд судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч арга барил хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хүсэж байгаа юм.

Гэрэл зургийг Л. Энхтэлмүүн

13583   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.